С.УЯНГА
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт уран олборлож байгаа “Арева Монгол” компанийн буруутай үйл ажиллагаанаас болж ургийн гажигтай төл олон гарч байгаа талаар иргэний нийгмийн байгууллагууд өчигдөр мэдээллээ. “Гал үндэстэн холбоо”,“Гамшгийн эсрэг үндэсний төв” зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд Улаанбадрах суманд саяхан ажиллаад иржээ.
Тус суманд бодит байдал ямар байгаа талаар “Гамшгийн эсрэг үндэсний төв” төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Ганбаатар “ Дорноговь аймгийн хоёр суманд “Арева Монгол” компани ураны олборлолт явуулсан цагаас хойш малын генд өөрчлөлт орж, гажигтай төл төрж, хээрийн ан амьтан үхэх нь олширч гамшгийн хүрээ өдрөөс өдөрт тэлж байна. Тус нутагт сохор ботго, эрүүгүй ишиг, хоёр толгойтой, найман хөлтэй хурга, гурван хөлтэй унага, хүнтэй төстэй амьгүй төлүүд гарсаар байна. Сүүлдээ 500 гаруй ургийн гажигтай төл гарч малчид үхсэн малаа удирдлагууддаа тэмдэглүүлэхээс ичиж байна. Хог дээр нь малын сэг зэм хэдэн зуугаараа байна” гэсэн юм.
Энэ үеэр малчид “Арева Монгол” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэн аргаа барсандаа уйлж суугаа бичлэгийг ч олон нийтэд үзүүлсэн. Мөн хэд хоногийн өмнө Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багийнхан иргэдийн хурлаараа өөрийн нутаг дэвсгэр ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэр гаргажээ. Гэтэл “Арева Монгол” компани тус сумын удирдлагуудыг манай лицензийг цуцлах шийдвэр гаргах субьект биш хэмээн доромжилсон гэнэ.
Нөхцөл байдлын талаар Иргэний нийгмийн байгууллагууд “Арева Монгол” компанид удаа дараа шаардлага хүргүүлсний эцэст захидлаар хариу авчээ. “Арева Монгол” компаниас энэ сарын 15-нд ирүүлсэн захидалдаа “Иргэний нийгмийн байгууллагуудтай ярилцахад бэлэн”, “Орон нутгийн болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран тогтмол хяналт шалгалт хийдэг” гэжээ. Энэ талаар “Гал үндэстэн холбоо”-ны гишүүн Я.Хундаганай “Улаанбадрах, Зүүнбаян суманд “Арева Монгол” компанийн олборлолт хийж байгаа уурхайн ойролцоо амьдардаг малчдын мал олноор үхэж, гажиг төл гарч байгаагийн учрыг олоход тус компани огт оролцохгүй байна.” Тус компани нь олон улсын байгууллагуудаас 2008 онд байгаль орчин, ард түмний эсрэг хамгийн их нүгэл үйлдсэн “Түмний нүд”, бохир аргаар баяжих шунал ангиллаар “Далан худалч”, “Хар гариг” зэрэг шагналуудыг хүртэж байсан. Тиймээс уран олборлолтыг бүрмөсөн хориглохыг төр засгаас шаардаж байна” гэлээ.
Мөн энэ үеэр дээрх байгууллагуудын төлөөлөл Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах гэж байгааг эсэргүүцэж байгаагаа хэлсэн юм. “Их бага Баяншарга” төрийн бус байгууллагын тэргүүн Л.Бор “Гадаадын хөрөнгө оруулагчдад өгсөн 3000 орчим лицензийг хянадаг газар алга. Ашигт малмалын хуулийн нэмэлтээр хайгуулын лицензийг хязгаарлалтгүй болгож есөн жил байсныг 12 жил болголоо. Хамгийн ноцтой нь хайгуулын болон ашиглалтын зөвшөөрлийг гадаадынхан үнэгүй авч барьцаалан олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаас гаргаж хэдэн арван тэрбумыг олж байна. Хэрэв лицензийг цуцалсан тохиолдолд Монгол Улсыг өрөнд оруулж байна” гэв.