Б.УРАН

Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан Цагдан хорих 461 дүгээр ангид нас барлаа. Ийм мэдээ уржигдрын телевиз, сайт, өчигдрийн сонинуудаар цацагдав. Талийгаачийг АТГ-ынхан албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын хөрөнгөнөөс хувьдаа завшсан гээд баривчлаад байжээ.

Тодруулж хэлбэл, Монгол Улсын Засгийн газар, Хятадын “Петрочайна Дачин Тамсаг” компанийн хоорондын бүтээгдэхүүн хуваах гэрээгээр орж ирсэн мөнгөнөөс мөнгө “цохиж” байсан гэж буруутгаад байв.

Чухамдаа энэ бол Д.Амарсайханыг баривчилсан шалтгаан. Хуулийн хэлээр бол түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь энэ.

Д.Амарсайханд яагаад таслан сэргийлэх арга хэмжээ авав? Энэ бол маш тэнэг асуулт.

Учир нь АТГ-ын мөр­дөн байцаагч, уг хэрэгт хяналт тавьж байгаа про­курор, хэргийг эцэслэн шийдэх эрх мэдэл бүхий шүүгч нар түүнийг хэр­гийг шалгахад саад болж болзошгүй, эсвэл хил даваад зугтчихаж бол­зошгүй гээд л хорьчихсон байгаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58 дугаар зүйлд “Сэжигтэн оргон зугтахыг завдсан, эсхүл хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэрдэгдэх хан­галт­тай баримт байгаа бол түүнийг баривчилж болно...” гэжээ. Ийм уч­раас л АТГ түүнийг хорьсон.

 Гэхдээ таслан сэр­гийлэх арга хэмжээ авна гэдэг зөвхөн Монголын хууль хяналтынхны ойлгодог шиг хорих, цагдах, улмаар залхаан цээрлүүлэх байдлаар хэрэг хүлээлгэдэг арга хэмжээ биш ажээ. Гэмт хэрэгт холбогдсон хүнийг цагдан хорих нь төрийн хамгаалалтад авна гэсэн үг гэнэ. Өөрөөр хэлбэл, хохирогч, түүний ар гэрийнхний болзошгүй халдлагаас сэргийлж хамгаалах учиртай. Монгол Улсад ийм хууль ч байна. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль гэж байна. Энэ хууль 1999 онд батлагдаж байж. Хоригдож байгаа хүн амь нас эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй, хууль хүчний байгууллага өргөдөл гомдлыг хүлээн авч эмнэлгийн тусламж үзүүлэх учиртай гэх зэргийг нарийн тоочжээ.

Гэтэл Д.Амарсайханы өмгөөлөгчийн өгсөн мэдээллээр, тархины хүнд өвчтэй хүнийг тодорхой бус үндэслэлээр бариад хорьчихсон. Эмчилгээ хийлгэе гэхээр 461 дүгээр ангийн ерөнхий эмч нь “Энэ хүнийг битгий эмчил гэж дээрээс хэлсэн” гэсэн утгатай зүйл яриад зогсч байжээ. Мөн хэргийг хянаж байсан прокурор Сарангэрэл гэдэг хүн талийгчийн эрхийг ноцтой зөрчиж, дарамталж байсан талаар өмгөөлөгч нь ярьж байна.

Юутай ч ил “хараг­даж” байгаа нь ийм байдалтайгаар төрийн хамгаалалтад хоригдож байсан нэгэн хүн цаг бусаар нас барав.

“АТГ-ынхан Д.Амар­сайханыг Монголын Зас­гийн газар, Хятадын “Петрочайна Дачин Там­саг” компани хоорон­дын Бүтээгдэхүүн ху­ваах гэрээнээс орж ирэх мөнгөний нэг ху­вийг бусадтай хамтран завшиж байсан хэргээр баривчилжээ. Хохирлын хэмжээ 50 тэрбум төгрөг гэнэ” гэх мэдээлэл хэв­лэ­лүүдээр гарч байлаа. Гол нь түүнийг бусадтай бүлэглэн... гэсэн мэдээ­лэл их байдаг.

Бусад гэдэг нь хэн бэ? Яах аргагүй энэ асуулт гарч ирнэ. Д.Амарсайханыг 2007 онд Газрын тосны газрын даргаар томилж байжээ. Түүнийг С.Баярын хүн гэдэг байв. Мөн АМГ-ын дарга Д.Батхуягтай найз нөхдийн холбоотой гээд л бичдэг. Энэ утгаараа тэр С.Баяр, Сү.Батболд нарын фракц болж таарна. Мөн талийгаач МАН-ын Бага хурлын гишүүн байжээ.

Өөрөөр хэлбэл, Д.Амар­сайханы хэрэг гэг­дэх Монголын Зас­гийн газар, Хятадын “Петрочайна Дачин Там­саг” компани хоорондын Бүтээг­дэхүүн хуваах гэрээ хэзээ, хэний үед байгуулагдав, хэн гарын үсэг зурж байв гэдгийг хөөх нь зүйн хэрэг болж байгаа юм.

Монголд үйл ажил­ла­гаа явуулж эхэлснээсээ хойш анх удаа л сая­хан УИХ-ын дарга З.Энх­бол­дод “загнуулж” үз­сэн “Петрочайна” –гийн хятадууд тун их гайхаж, мэгдэж байгаа нь харагдаж байсан. Ёстой л, юу болоод өнгөрөв өө гэдэг шиг царай гаргаж байсныг монголчууд,  тэр тусмаа сэтгүүлчид маш сайн санаж байгаа. Тэгвэл Сү.Батболд Ерөн­хий сайд байхдаа ажлыг нь шалгах гэж очоод жинхэнэ утгаараа навс загнуулчихаад ирж байлаа. Эндээс ямар нэг учир харагдаж байгаа биз. Тиймээс АТГ-ынхан талийгаач Д.Амарсайханы “бусад...”-ыг Тусгаар тогт­нолын ордон хавиас хайвал  олох магад­лалтай ажээ. Нөгөө талаар Д.Амарсайханы гэнэтийн үхэл нарийндаа бол учир битүүлэг юм. Учир битүүлэг бүхэн асуулт босгож, хариулт нэхдэг. Өнөөдөр яг л тэгж байна. Яагаад гэнэт ухаан алдаад, тэгээд үхчихэв гэсэн асуулт хаа сайгүй. Хэрэв тэр амьд байгаад байвал хэн нэгний, эсвэл хэсэг бүлэг хүний эрх ашгийг хөндөж,бүр гай болох байсан ч юм билүү. Магадгүй, түүнийг үхүүлснээр олон хүн гэмт хэргээс ял зэмгүй мултарна гэж тооцоолсон биз. Ийм асуултууд “тэнээд” эхэллээ.

Учир нь тэр гэмт хэрэгт холбогдсон байж болно. Бүр гэмт хэрэг үйлдчихсэн ч байж болно. Гэхдээ түүнийг шүүхээр гэм бурууг нь тогтоохоос өмнө ийн “цаазалсан” нь яахын аргагүй хүний эрхийг, амьд явах баталгааг үгүй хийсэн үйлдэл болж байгаа юм.

Авлига, хээл хахуу­лийг таслан зогсоох зо­рил­готой байгуулагдсан АТГ болон прокурор, шүүхийнхэн энэ үйлд­лээрээ өнгөрсөн хуга­цаанд ардчилсан, энэ­рэнгүй улс гэдгээ гадаад ертөнцөд харуулахыг хичээж байгаа Монголын төрийн хөдөлмөрийг үгүй хийчихэж байгаа юм. Олон улсын гэрээ, конвенцид нэгдсэн улсынхаа байр сууриас ухарч, хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг орон болгож хувиргав. 

Чухамдаа энэ бол сэжигтэн хорих байранд нас барсан анхны тохиолдол ч биш. Угаас олны анхаарлын төвд байсан хүн, тэр тусмаа өмгөөлөгчийнхөө нүдэн дээр “ухаан алдаж” унасан учраас л олон нийтэд ийм хурдан мэдэгдсэн хэрэг. Хүмүүс мэдээгүй, бид хараагүй хэдэн хүний амь иймэрхүү байдлаар торны цаана таслагддагийг хэлж мэдэхгүй.

Эцэст нь, Д.Амар­сай­ханы үхэлд тэд буруутай. Тэд гэдэг нь “Бие муу байна, эмчлүүлье” гэхэд нь үл тоож, даажигнасан АТГ-ын мөрдөн байцаагч, хяналтын прокурор, “Эмчлэх шаардлагагүй гэж дээрээс үүрэг өгсөн” гээд зогсч байсан хорих ангийн ерөнхий эмч буруутай. Бас хууль хяналтынхныг ийм болтол нь “базсан” Д.Амарсайханы хамсаа­тан гэх “бусад” хүмүүс буруутай.

 

 

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИАС

 

3.1. Баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэхэд хууль дээдлэх, хүнлэг ёс, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчмыг баримтална.

3.2. Баривчлагдсан, цагдан хоригдсон этгээдэд эрүү шүүлт тулгах, эсхүл бусад арга хэрэглэн түүний бие махбодийг тарчлаан зовоох буюу сэтгэл санааны дарамтад оруулахыг хориглоно.

17.1. Хоригдсон этгээд дараахь эрх эдэлнэ:

17.1.2. өөрийн хувийн аюулгүй байдлыг хангуулах;

17.1.10. эмнэлгийн тусламжийг Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд1 заасан журмын дагуу авах;

20.1. Хоригдсон этгээдийн амь нас, эрүүл мэндэд аюул тулгарсан, хоригдсон бусад этгээдийн зүгээс түүнд заналхийлсэн, довтолсон тохиолдолд хорих байрны ажилтан хоригдсон этгээдийн хувийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ цаг алдалгүй авах үүрэгтэй.

22.7. Өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалуулахаар өргөдөл, санал, гомдол гаргасан хоригдож буй этгээдийг хавчин хяхах, мөрдөн мөшгөхийг хориглоно. Ийнхүү хавчин хяхсан, мөрдөн мөшгөсөн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.