Б.ЗАЯА

Дорноговь аймагт дахин ноцтой байдал үүсчээ. Францын “Арева” компанийн охин компани бо­лох “Кожеговь”-ийн ураны хайгуулын ажил­лагааны хор хөнөөл мал төллөлт төдийгүй нутгийн иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж эхэлжээ. Энэ талаар өчигдөр Үндэсний мэдээл­лийн төвд “Урангүй Монгол”, “Гал үндэстэн” холбоо зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл мэдээлэл хийв. Тэд өнгөрсөн долоо хоногт Дорноговь аймгийн иргэдийн хүсэлтээр орон нутагт ажиллаад иржээ.

Тэднийг очиход захын айлд 20 орчим тооны төл мал нь үхсэн, зарим айлын 80 төл үхсэн байхтай таарчээ. Улаанбадрах сум дөрвөн багийн 1400 гаруй иргэнтэй. Зарим айлд элэгний вирусаар халдварласан хүмүүс байгаа бөгөөд гэр бүлээрээ биеэр нь тууралттай хүмүүс ч угтсан гэнэ. “Кожеговь” компанийн үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэд төр засаг, нутгийн удирдлагууд анхаарал тавихгүй байгаад ихээхэн бухимдах болжээ. Газар шороогоо хамгаалахаар нэгдсэн төрийн бус байгууллагууд хамтарч “Кожеговь” компанийнханд албан шаардлага өгч чаджээ. Орон нутагт байдал ямар байгаа, “Кожеговь” компанийнхан хэрхэн угтсан талаар “Урангүй Монгол” хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Я.Хундаганай, Байгаль орчны зөвлөлийн Цөмийн ажлын хэсгийн гишүүн Ж.Ганбаатар нар ийн мэдээллээ.

 

Я.Хундаганай: “КОЖЕГОВЬ”-ИЙГ МОНГОЛООС ГАРТАЛ ТЭМЦЭНЭ

-Аргалант багийнхан “Орон нутагт байгаа гай гамшгийг зайлуулж өгөөч. Биднийг яагаад төр засаг, орон нутгийн удирдлагууд тоохгүй золиосолж байна вэ. Бид үеийн үед амьдарч ирсэн нутагтаа цаашид амьдрах боломжгүй боллоо” гэсээр биднийг угтсан. Бид “Кожеговь”-ийнхонд шаардлагаа өгөхөөр хээрийн ангид нь очиход үл тоож, оруулахыг хүсэхгүй байсан. Хэдэн цагийн турш хүлээсний эцэст гарч ирж бидний шаардлагыг авсан. Бид “Кожеговь” компанийг Монголын газар нутгаас гаргах, монголчуудад учруулсан гай гамшгийг нөхөн төлүүлэхийг шаардаж байгаа. Олон улсын тавцанд “Арева” группийн аюултай үйл ажиллагааг илчилж эх орноосоо Кожеговь компанийг хөөн гаргах болно. Тэдэнд Монгол бол Африк биш гэдгийг сануулсан.

Түүнчлэн Ж.Ган­баа­тар “Дорноговьд ганц нэг айлын мал үхэж, гажиг төл гарч байгаа юм биш. Захын айлд оро­ход л тав, арваар нь малаа үхүүлчихсэн бай­гаа нь харамсалтай. Тэд одоо хэлж ярихаас залхчихаж. Орон нутгийн удирдлагууд нь тэднийг үгийг сонсдоггүй, хай­хардаггүй болсноос тэр. Нэг айлын 80 орчим төл үхчихсэн байхад айм­гийн удирдлагууд үгүйс­гэж байна лээ. Улаанбадрахад 14 хоног ту­тамд мэргэжлийн ба­гийнхан устгал хийж байгаа гэсэн. Нэг айлын 80 төл үхчихээд байхад удирдлагууд нь үнэнийг гуйвуулж байсан” гэв. Хамгийн сүүлчийн мэдээллээр өнгөрсөн баасан гаригт Улаанбадрах сумын малчин н.Батсуурийн хоёр үхэр үхжээ. Үхрийн уушги харлаж, хордсон байсан байна. Мөн маргааш нь тус нутагт том толгойтой, үсгүй ботго төрснийг тэд дуулгалаа.