Т.БАТСАЙХАН
Энэ удаагийн амьдралын тойрогт соёлын гавьяат зүтгэлтэн, зураач С.Жүншийг урилаа. Түүнийг Архангайд танихгүй хүн үгүй. Өндөр өвгөн, зураач Жүнш учир мэдэхгүй нэг хэсэг нь зожиг хачин хүн гэсэн таамаглал дэвшүүлнэ. Нуулгүй хэлэхэд хоёр дахь хэсэг хүмүүсийнх шиг бодол тээж явсан үе ч надад бий. Гэхдээ л Архангай аймгийн сургууль, цэцэрлэг, музейг түүний бүтээлүүд чимдэг. Тэр л зургуудыг харах болгондоо өндөр өвгөнтэй уулзмаар санагддаг байсан ч нэг л халдаж өгөхгүй халгаад байсан он жил ч бий. Тэрээр бараг хоёр метр өндөртэй. Бор дээл сулхан бүслээд, нуруугаа үүрэн Архангайн төвөөр алхах нь хүмүүсийн нүдэнд содон тусна. Өндөр биеэс нь эмээж, тэгээд ч хурдан хурдан алхдаг түүнийг гүйцэж очоод юм ярина гэдэг тийм ч амархан ажил биш байсан. Харин Архангайд томилолтоор очихдоо заавал уулзах хүсэлтэй байгаагаа Аймгийн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвасүрэнд хэллээ. Өөрөө шууд яваад очиж болох байсан ч урьдынх шиг эмээсэн хэвээр. Тэгээд даргаар нь яриулж зөвшөөрөл аваад өвгөн С.Жүншийнхийг зорьсон юм. Очих замдаа “Танайх хэдэн давхарт билээ” хэмээн асуухаар өндөр өвөөгийн гар утас руу залгаж үзэв. Түүний сөөнгөдүү хоолой мөн байв. “Аан “Зууны мэдээ” сонингийнхон уу. Манайх хоёрдугаар давхарт нь. Өвөө нь хүлээж байна” гэх. Энэ үг миний эмээж байсан сэтгэлийг зөөллөх нь тэр. Гэрт нь орлоо. Хоёр гурван жилийн өмнө, тэр ч бүү хэл 10-аад жилийн өмнөх өндөр өвөө яг л хэвээрээ мэт санагдав. Хоймортоо соёлын гавьяат зүтгэлтэн цол авч байх үеийнхээ зургийг томоор угаалган хадсан байв. Тэрээр өнгөрсөн жил Архангай аймгийн 90 жилийн ойгоор энэ хүндтэй шагналаа хүртжээ. Олон жил тодорхойлолт явуулж олон ч жил хүлээлгэж байж ирсэн шагнал даа хэмээн түүний талаар мэдэх хүмүүс өгүүлж байсан санагдана. Тэрээр биднийг ихэд уриалгахан хүлээж аваад “Миний амьдрал тийм ч шулуун дардан байсангүй. Би та нарт амьдралынхаа тухай сонирхолтой түүх ярья” хэмээв.
АЙЛД ЗАРАГДАЖ БАЙСАН ОН ЖИЛҮҮД
Зураач С.Жүнш хуучнаар Заяын шавь Баян-Улаан сумын уугуул. Одоогийн Архангай аймгийн Батцэнгэл сумын хүн. Мухар хөндийн Хүүш гэдэг газар төржээ. 1949 онд ээж нь нас барж, 15 настай үлдсэн хүү 1952 он хүртэл айлын зарц явжээ. Бага насандаа өнчирсөн ч гэлээ тэрээр гуниж гутарсангүй. Харин ч хүсэл тэмүүллээр дүүрэн байж, шинэ бичиг, хуучин бичиг, латин үсэг зэргийг бие даан сурчээ. Энэ нь түүний агуу чанар гэлтэй. Айлд зарцлагдаж байх үедээ их ажлын хажуугаар хорхойсон шимтдэг зүйл нь ном л байсан гэдэг. Тэрээр “Зарц байх үед харгис хэрцгий нь ч энэрэнгүй сайхан сэтгэлтэн нь ч таарч байлаа. Заримд нь эрээн цаас ширтээд ажил хийхгүй гэж загнуулна. Аргаа барахдаа номоо нууцаар уншдаг байсан. Тэр үед ном олддоггүй ховор байв. Тэгээд нэг номоо уншсаар байгаад цээжилчихдэг байж билээ. Одоо бодоход би нэг ч минут, цаг алдалгүй ном уншиж байжээ. Энэ нь миний амьдралын гэрэл гэгээ байсан юм байна” хэмээв. Тухайн үед түүний хамгийн дуртай ажил нь хонь хариулах байсан аж. Хонинд явж байгаа болохоор эзэн айл нь хоол унд сайн өгнө. Хонины бэлчирт ном унших ч хамгийн сайхан орчин байсан гэнэ. С.Жүнш хүү хониныхоо хажууд номоо уншаадл хэвтдэг байж. Энэ нь түүнд тухайн үедээ хамгийн сайхан аз жаргал мэт санагддаг байсан гэдэг. Ер нь тэгээд С.Жүнш гуай энгийн илэн далангүй сайхан яриатай хүн юм. “За одоо би та нарт нэг сонин юм ярьж өгье” хэмээн яриан дундаа хүч оруулан өгүүлэх нь бидний сонирхлыг бүр ч их татаж байлаа.
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХҮРТЭЛ ЦЭЭЖИЛЖ ЯВЛАА
Сурсан сургууль заасан багшгүй ч гэлээ тэрээр бие даан сурсан бичиг үсгийнхээ ачаар ном уншсаар л байлаа. Нэг номоо дуусаад дахин шинэ ном олдохгүй бол дууссаныгаа дахиад л уншина. Тэгээд бүр заримыг нь цээжээр хэлээд явж байсан гэдэг. Нутгийнхан нь түүнийг хоёр янзаар дүгнэн харьцдаг байсан ажээ. Тэнэг, мунаг гэж нэг хэсэг нь дуудах. Цэцэн мэргэн ухаантай гэж үнэлдэг хэсэг ч байж. 1951 онд С.Жүнш хүү айлын сүү зөөдөг байлаа. Нэг завод дээр иртэл суртлын бригад ирсэн таарав. Дүүрэн ном өрчихсөн, орой нь кино гарна гээд хүмүүс шуугиж байна. Ном харсан түүний нүд сэргэж очоод үзтэл бүгдээрээ уншсан ном байлаа. Тэгээд тухайн номнуудыг хүмүүст цээжээр уншиж өгчээ. Мөнгөгүй ч гэлээ кино үзэх хүслээр тэр дүүрэн байв. Суртлын багийнхан бүх номнуудыг нь цээжээр унших хүүг биширч киноны тасалбар үнэгүй олгожээ. С.Жүнш “Тухайн үед тэрэн шиг баярласан зүйл байгаагүй. Хөвөн тарьдаг тухай “Зөвлөлт Казакстан” гэдэг кино тэнд үзэж билээ. Сонин хачин зүйл үзээгүй тухайн үеийнхэнд жигтэйхэн сонирхолтой байж билээ” хэмээв. Тэр явдлын дараахан С.Жүншийг “Намын үнэн” сонин дээр залуу уншигч гээд магтан бичсэн байжээ. Ингээд айлын зарц явсан үе нь өнгөрч түүнийг намын ухуулагч болгосон байна. Эртнээс аливаад үнэнч, тууштай хичээнгүй зан шинэ ажилд нь нэн тохирч байсан гэдэг. Сонгуулийн хуулийг цээжилчихсэн хүмүүст шууд л яриад өгчихнө. Түүний энэ байдал олон хүний гайхшралыг төрүүлжээ. Архангай аймгийн намын хорооны дарга нь “Агуу их ухуулагч хүн юм” хэмээн саашааж байж. Тэгээд “Ухуулагч С.Жүнш” гээд мөн л “Архангайн үнэн” сонинд бичсэн байжээ. Тэрээр хөдөлмөрч хичээнгүй, номч байдлынхаа ачаар айлын зарцын албаас “суллагдаж”, намын ухуулагч болон хүмүүсийн анхаарлыг татаж, сүүлдээ аймгийн төвд ирж ажиллахаар болов.
УНШИЖ ӨНГӨРҮҮЛСЭН ОН ЖИЛҮҮД
“Ер нь би их зөв амьдарч иржээ. Суусан сургууль үгүй ч гэлээ мэдлэгийг толгойдоо байнга хийж ирсэн байна. Миний амьдрал ном гэдэг ертөнц дээр тогтож ирсэн юм бус уу. Ном хүнд өглөг, мэдлэг өгдөг. Уншсан номоо дахиад уншихад хуучин танилтайгаа уулзсан мэт болдог. Шинэ ном уншихад шинэ танилтай уулзаж байгаа мэт сэтгэгдэл төрдөг” хэмээнэ. Аргагүй л ном их уншсан гэмээр түүний үг хэллэг цэгцтэй санагдаж байв. Тухайн үед дандаа улс төрийн утга агуулгатай ном байсан ч түүнд огтхон ч сонирхолгүй санагддаггүй байж. “Бурхан ном гаргаж, лам тэр номыг хүмүүс хүргэдэг учраас бурхан, ном, лам, гурвыг эрдэнэ мэт залж, хүндэтгэдэг байсан. Харин одоогийн хүүхдүүд ном гэхээсээ илүү наймаа панз сонирхдог болжээ. Биеийн өлсгөлөнгөөс илүү толгойны өлсгөлөн хэцүү байдаг. Би айлд зарагдаад явж байхад гэдэс өлсөх нэг их санаанд ордоггүй байлаа. Харин ном уншихгүй хэд хоноход их шаналдаг байсан даа” хэмээн өндөр өвөө дурсана. Тэрээр одоо ч номоо уншсаар. Нас 80 хол давсан ч нүдний хараа алхаа гишгээ хурц, чанга хэвээрээ. Сүүлийн үед ном уншихаас илүү бичдэг болжээ. “Зая бандид Лувсанпэрэнлэйн өлгий нутаг Арын сайхан хангай, “Урлах ухааны нууц”, “Архангайн дүрслэх урлагийн товчоон” гээд гурван ч номын ард гарчээ. “Урлах ухааны нууц” ном дээр нь 100 гаруй зураачийн урлалын нууц байна. Богд Хаант Монгол Ард Улсын үеийн арга барилыг ч номдоо өгүүлжээ. Тухайн үед уул гэдэг ургамлыг хонины тархитай холин элдээд цаас хүртэл үйлдвэрлэж байсан нь сонирхолтой санагдана.
ГАЛЧААС ЗУРААЧ ХҮРТЭЛ
Түүний урлагийн замд орсон түүх ч тун сонин. Өндөр өвөөгийн удамд уран н.Нацаг гэдэг хүн байжээ. Мөн Сү.Долгорсүрэн гэж мотоциклийн поршин хүртэл цутгачихдаг гайхалтай дархан хүн байсан гэдэг. Тэрээр “ Би тэднийгээ бодвол тэнэг мунаг хүн байгаа юм. Уран зургаар амьдарна гэж бодож байгаагүй” хэмээв. С.Жүнш аймгийн төвд орж ирээд Сү.Долгорсүрэн ахындаа амьдарчээ. Ахынхаа авдар хээлж байгааг харсаар байгаад сурчихсан гэдэг. Түүнээс хойш нэг авдрыг 30 төгрөгөөр хээлж, ашиг олон нэг хэсэг амьдарсан байна. Амьдрал нь овоо болж унадаг дугуйгаар хүртэл гангарах болов. Тэгээд нэг өдөр будаг горьдож аймгийнхаа дүрслэх урлагийн салбарын хаалгаар орсон гэдэг. Гэтэл зураач Д.Шагдар “Чи юу хийдэг вэ” гэж байна. Тэгэхээр нь залуу С.Жүнш “Юм юм л оролдоно. Одоо бол авдар хээлээд явж байна” гэчихжээ. Энэ явдлын дараахан түүнийг дуудаад галч цэвэрлэгчээр ажиллаач гэсэн санал хүргүүлсэн байна. Тэрээр зөвшөөрч, ийнхүү Архангай аймгийн Дүрслэх урлагийн музейд галчаар ажиллах болжээ. Өндөр өвөө “Тэр газар надад хийгээгүй зүйл байхгүй. Хүн юу хий гэнэ тэр бүхнийг нь л хийдэг байлаа. Алтны дэргэдэх гууль шарлана гэж үнэн юм билээ. Тэгж л миний уран бүтээл эхэлсэн дээ. Хүн ер нь аливаа зүйлийг хийж чадна гэвэл чадахгүй юм байхгүй гэдгийг ойлгосон. Аргагүй шүү дээ мал адгууст ч гэсэн цирк заагаад өгөхөөр сурчихсан байдаг биз дээ” хэмээв. Тэр л газар галч цэвэрлэгчээр ажилд орж, удалгүй дагалдан зураач болж, тэгээд хичээл зүтгэлийнхээ хүчинд бие даасан зураач болж чаджээ. Амьдрал түүний хөдөлмөрийг ингэж л шагнаж ирсэн байна.
С.Жүнш:БИ СОЦИАЛИСТ, РЕАЛИСТ ТӨРЛӨӨР ЗУРГАА ЗУРДАГ
1958 оноос С.Жүнш клубын эрхлэгч болов. Архангайдаа ганцхан байх клубыг хөл дээр нь босгосон гэдэг. Тэрээр эрхлэгч гээд хүн зааварлан зүгээр суусангүй. Хадаас алх барин тохижуулж, алчуур хувин барин цэвэрлэж байсан гэдэг. Түүний чин сэтгэл нь энэ. Гэр шиг дугуй хэлбэртэй, ханаараа дүүрэн зурагтай, дээвэр хэсэг нь угалз хээгээр чимэглэсэн нь тухайн үедээ хамгийн ганган барилга байсан юм. Одоо ч тохижуулсан клубын байшин хүмүүсийн дурсамжийг сэргээн Архангайн төвд “сүндэрлэж” байна. Тухайн үед клубтээ концерт тоглож, жүжиг хүртэл тоглож байсан гэдэг. Өөрөө ч хоорт дуулж, “Ээмэг” хэмээх жүжгийн гол дүрд нь тогложээ. “Клуб эрхлэгч С.Жүншийн дуу, хөгжим, жүжиг гайхалтай байв” хэмээн сонин дээр дахиад л гарав. Ингэж л хөдөөний бор хүү урлагийн замд эргэлт буцалтгүй орсон юм. Тэндээ одоогийнхоор од болон гялалзаж байсан гэдэг. 1960 онд түүний амьдралд бас нэгэн онцгой үйл явдал тохиов. Аймгийнхаа театрт тайз чимэглэлийн зураач болов. Нийслэл рүү Ардын зураач Л.Гаваагийн урланд гурван сар суралцаж гуравдугаар зэргийн зураач болжээ. Өндөр өвөө “Тэр үед хөл газар хүрэхгүй баярлаж билээ. Том театрын зураач болчихсон мандаж явлаа. Түүнээс хойш тоймгүй их зураг зурлаа. Ихэнх бүтээл маань Улсын театр урлагийн музейд бий. Аймгийн музейд ч цөөнгүй зураг байгаа” хэмээв. Тэрээр түүхэн болон хөрөг зураг голчлон зурдаг. Түүнтэй хэсэг хөөрөлдсөнөө хүргэе.
-Та “Урлах ухааны нууц” хэмээх ном гаргажээ. Олон уран бүтээлчийн урлах нууцыг бичсэн гэлээ. Таны урлах нууц юу вэ?
-Дүрслэх урлаг дотроо олон салбартай. Тэр нь өөр өөрийн өнгө аяс хэм хэмнэлтэй. Би социалист, реалист төрлөөр уран бүтээл хийдэг. Энэ нь үндэсний үзэл давамгайлдаг гэсэн үг. Ямар ч хүн нийгэм хаашаа байна. Түүнийг л дагаж уран бүтээл хийх хэрэгтэй юм билээ. Түүнээс зөрж, бурж хөдөлвөл сайн зүйлд хүрдэггүй. Би үүнийг биеэрээ мэдэрсэн хүн. Нэг удаа шоронд хүртэл орж явлаа.
-Тийм үү. Яагаад тэр билээ?
-Намайг ид мандаж байх үед Хятадын тагнуул гэж буруутгасан. Миний нэрийг хүртэл хятад гэдэг байгаа. Би “Энэ чинь тарни номыг нэр” гэж тайлбарлаад ойлгодоггүй. Нэлээд хэд хоног суугаад гарсан даа.
-Таны олон зураг хотод байгаа юм байна. Тэр бүтээл минь хаана яваа бол доо гэж санаж бодох үе бий юу?
-Одоо ч бүр мартжээ. Очсон газар бүртээ хүний нүд баясгаж, үүргээ гүйцэтгээд л явж байвал боллоо. Одоо өвгөн надад бодож санах юм алга. Тухайн үед зурсан зургийг маань тийм ч үзэсгэлэнд оруулна гээд аваад явдаг байлаа. Тэгээд зарагдсан гээд шагналын хэдэн төгрөг өгдөг байсан.
-Та өнгөрсөн жил соёлын гавьяат зүтгэлтэн болжээ. Олон жил хүлээсэн үү. Сэтгэгдэл ямар байв?
-Яахав дээ. Урлагийн төлөө явсан сэтгэлийг минь л үнэлсэн хэрэг. Түүнээс надад төгссөн сургууль, боловсрол алга. Би миний энгэрт ирнэ гэж нэг их бодоогүй. Миний гол зорилго минь л бүтээл. Намайг дурсан санах зүйл үлдэнэ гэдэг амьдралын утга учир юм даа.
ТҮҮНД 20 ГАРУЙ ШИНЭ САНААЧЛАГЫН ҮНЭМЛЭХ БИЙ
Архангайн төв орох замд янгиртай хясаа гэж бий. Тэр л замаар явж өнгөрсөн бүхэн хадан дээр байх янгирын хөшөөг харж, сэтгэлээ баясгаад өнгөрдөг. Тэгвэл энэхүү бүтээлийг С.Жүнш гуай урлажээ. Хэдэн жилийн өмнө зам засч байгаа нэрээр Янгирыг эвдээд хаячихсан байж. Нас өндөр болсон тэрээр дахин янгираа сүндэрлүүлсэн юм. Өндөр хясаан дээр ямар ч хамгаалалтгүй ажиллахад хэцүү байсан хэмээгээд эврийг нь жаахан гудайлгаад хийчихсэн хэмээн жаахан гэмшингүй байна лээ. Мөн Байгалийн түүхийн музейн баавгайн чихмэл, Бөх билэгтийн хөшөөний 12 жилийн баримал түүний томоохон бүтээлүүдийг нэрлээд байвал олон. Мөн С.Жүнш өвөөд оновчтой санал, шинэ бүтээлийн 20 гаруй үнэмлэх, гэрчилгээ байна. Хусны үйсээр хана, самбар өнгөлж наах, өнгө бүрийн өнгөт үнэт чулуугаар чимэглэл хийх, тортой зураг бүтээх, металлаар болон шилний үйрмэгээр баримал хийх, эвхэгддэг хана, элс, шар будаагаар ханын чимэг хийх, дуу гаргадаг үзмэр, бог малын шагайгаар урлал хийх гээд содон сонин санаачлага зөндөө бий.
С.Жүнш 1960 онд гэр бүлийн хүнтэйгээ танилцжээ. Түүний гэргийг Д.Цэрэнханд гэдэг бүсгүй байж. Тэднийх найман хүүхэдтэй. Одоо хүүхдүүд нь тус тусынхаа замаар сайхан амьдарч явна. Өндөр өвөө одоо хамгийн бага охин Ж.Амгалантайгаа амьдарч байгаа юм байна. Түүний өндөр нэг метр 96 см. Мөн тэрээр Монголдоо хамгийн анх өөртөө зориулан хөшөө босгосон эрхэм юм. Түүний хөшөө Булган уулын бэлд бий. Нуруутай нь адилхан хад байхыг хараад хөшөө босгох санаа төржээ. 2001 онд таван метр урт, гурван метр өргөн том хадан дээр өөрийгөө зурж. Өдөр нь зөвхөн биеийн хэсгээ зурна. Толгойгоо үлдээж, хамгийн сүүлд харанхуйгаар шахуу нүүр царайгаа товойлгожээ. Тэрээр “Шөнө л нүүрээ зурахгүй бол хүмүүс намайг гэж мэдээд янз бүрийн үйлдэл үзүүлж магадгүй гэж бодсон” хэмээнэ. Зургаа ч хаданд сийлж товойлгон, арилшгүй тусгай найрлагатай будгаар буджээ. Түүний хадны зурган дээр нь
“Эх болсон байгаль дэлхий
Эрдэнэ болсон ан амьтад
Эргэн олдошгүй үнэт баялгаа
Хайрлан хамгаалж нөхөн сэргээж
Өсгөн үржүүлж бишрэн шүтье” гэж бичсэн байна. Одоо тэр хадыг нь Архангайнхан Жүнш цохио гэж нэрлээд залуус очин сонирхож, зургаа хүртэл авахуулдаг болжээ. Энгийн эгэл жилийн нэгэн атлаа сонин содон үйл явдлаар дүүрэн Өндөр өвөө, зураач С.Жүншийн амьдралын түүхийг сөхөхөд ийм байлаа. Хичээл зүтгэл, хийсэн бүхнийнх нь төлөө амьдрал түүнийг алхам тутамд нь шагнаж байсан мэт санагдана. Тэрээр дурсах бүтээл, дуурсагдах алдраа нэгэнт бичин тунхагласан мэт амгалан байна.