Т.БАТСАЙХАН

Архангай аймгийнЗасаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд газар бүр олон ажил хийгдэж байна. Танай аймгийн хувьд ямар ажил хийж байна вэ?

-Ерөнхий сайд маань “Шинэчлэлийг сэтгэл гаргаж хийх ажил” хэмээн хэлсэн байдаг. Яах аргагүй үнэн юм. Бид үүнийг ажилдаа хандах хандлага арга барилыг өөрчлөх, сэтгэлгээнд нөлөөлөх асуудал хэмээн ойлгож байна. Гэхдээ хүмүүсийн сэтгэлгээ арга барилыг өөрчлөнө гэдэг тийм ажил биш юм. Хүмүүс тэр сэтгэлээ өөрчлөх их дургүй байна. Бид ажлаа аваад нэг жил боллоо. Алхам тутамдаа санаатай болоод санамсаргүй асуудалтай тулж байна. Шинэ зүйлийг хүсээд байдаг.  Хуучин хүмүүс хуучин арга барил сэтгэлгээгээрээ ажиллах гэж боддог. Үүнээс болоод ажлын эрч хүч саарч, зарим ажил хэрэгжихгүй өнгөрч байна. Тиймээс шинэчлэлийн ажил бүрэн утгаараа хэрэгжихэд нэлээд их цаг хугацаа шаардлагатай гэдэг нь харагддаг. Гэхдээ бид багаа бүрдүүлээд ажлаа хийгээд л  явж байна.

-Ер нь хүн рүү хандсан бодлого баримталж байгаа юм байна?

-Тийм ээ. Шинэ сэт­гэлгээтэй, шинэчлэлийн бодлого өөрөөс гарч төрж, түүндээ тэмүүлж байдаг хүн хэрэгтэй байна. Түүнээс биш хүний хийж байгааг буруутгадаг, унтраадаг хүн хэцүү л дээ. Тэд ажлыг байнга араас татаж, энэ юм хийчих вий гэсэн сэтгэлээр ханддаг.  Тиймээс сэтгэлгээний, арга барилын шинэч­лэлийн үрийг суулгаж, ургуулахаар зүтгэж бай­на.  Бид хүмүүсээ сургалт лекцэнд олон удаа суулгалаа.  Ажил хийсэн хүн дандаа буруудаж шүүмжлүүлдэг, юу ч хийдэггүй хүн шүүмжлүүлдэггүй. Гэ­тэл манай төрийн ал­бан хаагчид шүүмж­лүүл­дэггүйг нь сайн гэж боддог. Нийтийн ниймгийн эрх ашгийн төлөө нэг ч зүйл хийдэггүй.  Зүгээр л урдаа байгаа зүйлийг л хийх ёстой мэтээр харах юм. Бид энэ сэтгэлгээг эргүүлж, шинэчлэлийг ойлгуулах гээд байгаа юм. Тиймээс бид 2014 оныг бодит ажил, бодит үр дүнгийн жил болгон зарласан. Тийм болгохыг зорино гэдэг үгнээс татгалзаж, өвчлөлийг тэдэн хувь бууруулна, их дээд сургуульд суралцах хүүхдийн тоог тэдэд хүргэнэ, сумдад ахуйн үйлчилгээ байгуулна гэ­сэн бодит ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

-Ажлаа аваад жил га­руй болжээ. Энэ хуга­цаанд ямар ажил амжуулсан байна вэ?

-Жил бүр бидний аж­лыг Засгийн газар дүг­нэдэг. 2013 онд Архангай аймаг сайн гэсэн үнэлгээ авлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг манай аймагт өөрийн биеэр ирж ажиллаад үнэлээд явсан. Олон асуудлыг шинэ арга барилаар шийдсэн байна гэж үзсэн. Тиймээс бид хийж хэрэгжүүлж буй ажилдаа сэтгэл хангалуун байгаа.

-Ерөнхий сайд ингэж үнэлсэн байж. Гэтэл  эцсийн дүнг ард иргэд тавих болов уу. Тэдний хандлага ямар байна вэ?

-Иргэдийн масс би­дэнд сайн үнэлгээ өгдөг.  Ардчилсан нийгэм учраас шүүмжлэх, бидний ажлыг үгүйсгэх зүйл байлгүй яах вэ. Гэхдээ бид ажлаа сайн хийж байгаа гэж бодож байна. Архангай аймгийн хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр хандаж байгаа учраас биднийг иргэд маань ойлгон дэмждэг. 

-Архангай аймгийг мал аж ахуй, аялал жуучлал, эрдэмтэн мэргэд гэсэн гурван асуудалд тулгуурлан хөгжүүлнэ гэсэн. Ажил нь эхэлсэн байх?

-Тийм ээ.  Нэгдүгээрт аймгийн брэнд бол­сон цагаан идээгээ чанар­жуулан олон улсын стан­дартад нийцсэн хадгалалттай болгож, нэр төрлийг нь олон болгох хэрэгтэй байна. Сүүгээр зөвхөн цагаан идээ үйлдвэрлэх биш хуурай, хүүхдийн сүү үйлдвэрлэж, Улаанбаатар, цаашлаад экспортод гаргахаар тө­лөвлөсөн. 2014 онд ажлаа эхлүүлнэ. Мөн Хотонт суманд “Бэрэн” групп ноос боловсруулах үйлд­вэр барьж байна.  Цэвэрлэх байгууламжийн асуудал шийдэгдвэл аймгийнхаа бүх ноосыг авч боловсруулан бүтээгдэхүүн гаргана. Малчдын хоршоо өөрсдөө сарлагийн хөөврөө боловсруулан Франц улсад экспортод гаргаж байна. Мөн Хятад улстай хамтран малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэртэй болох ажил яригдсан. Мөн удахгүй бид Эрдэнэ­мандал суманд Үйлдвэр технологийн парктай болно. Одоо техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулж байгаа. Энэ мэтчилэн хамгийн олон малтай аймгийн хувьд мал аж ахуйд чиглэсэн бодлого, хийж хэрэгжүүлэх ажил олон байна.

-Аялал жуучлалын ту­хайд. Архангайд олон сайхан  байгалийн үзэс­гэлэнт газар бий. Түүнд түшиглэн ямар ажил хийх вэ?

-Энэ асуудалд дэд бүтэц хамгийн чухал юм. Хувийн хэвшлийн аялал жуучлалын компаниудтай ойлголцож хамтран ажиллах хэрэгтэй байна. Мөн аялал жуучлалын бүтээгдэхүүний тоог нэ­мэг­дүүлэх шаард­лагатай. Одоо ирсэн хүмүүс зүгээр нэг байгаль үзээд, майхандаа хоноод явж байна.  Түүнийг дагасан хөгжил алга. Манай аймаг Кидан, Түрэг, Уйгарын нийслэл байсан сайхан газар олонтой. Тиймээс бид зөвхөн түүх соёлын аялалыг зохион байгуулж болно. Мөн малчин түмний зан заншил, амьдрал ахуйтай танилцах аялал хийж болно. Яг хөдөөний айлд гурав хонуулаад, үнээ, гүү саалгаад, сүү хөөрүүлж, өрөм загсаалгаад, тогоог нь нэрүүлж, үхэр тэргээр нь түлээ ачаад, морь сарлаг унадаг ийм сонирхолтой аялал хийх боломж ч бий. Бид энэ бүхэн дээр тулгуурлан аялал жуучлалдаа энэ бүхнийг нэвтрүүлэх гэж байна.

-Монголын хамгийн олон эрдэмтэн мэргэдтэй аймаг бол Архангай. Айм­гаа шинжлэх ухааны үн­дэс­лэлтэй хөгжүүлэх талаар ярьж байсан. Энэ нь ямар учиртай ойлголт  юм бэ?

-Өнгөрсөн жил Архан­гай аймгийн Засаг дарга, ШУА-тай дөрвөн жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хүрээнд бид Газарзүйн хүрээлэнтэй хамтран 90 жилийнхээ ойгоор Архангай аймгийн түүх­чилсэн атлас гаргалаа. Мөн ШУА-ийн эрдэмтдийн багийг авчран аймгийнхаа нийгэм эдийн засгийн байдалд судалгаа хийлгэж байна. Тэдний дүгнэлтэд үндэслэн жил бүр хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг гаргана. Үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжих гээд байгаа юм.  Мөн Энковатар төвтэй хамтран М1 бэлдмэлийг туршиж үзлээ. Үнэхээр гайхалтай усалсан зүлэг нь 20 хоногт ургаж байна. Үүнийг бид аймгийнхаа төвийн тохижилтын ажилд хэрэглэж үзлээ. Энэ мэтчилэн хөрсний бохирдол, цэвэрлэх байгууламж, экосистем гээд олон асуудалд хамтран ажиллаж байна.

-Танай аймгийн төв хоггүй болжээ. Хог хаягдлын асуудлаа бүрэн шийдсэн гэсэн. Бусад аймгууд ч танай аргыг нэвтрүүлээд эхэлсэн гэж сонссон юм байна. Ямар шийдэл байв?

-Бид бүх хогоо газарт булсан. Тэгээд  дээр нь хашаа бариад хогоо ангилан боловсруулж байна. Тэгээд ашиглаж болох үгүйгээр нь ял­ган булахыг нь булж, да­хин боловруулахыг нь холбогдох газар нь нийлүүлж байна. Айм­гийн төв ийм хэмжээнд ажиллаж эхэлсэн нь саа­­шаалтай юм. Одоо бид сумдадаа энэ аргын хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн.