Б.ЗАЯА
Прокурорын албаны өдөр өчигдөр тохиов. Энэ өдөрт зориулж “Монгол Улсын төлөө” булангийнхаа энэудаагийн зочноор Сэлэнгэ аймгийн прокурор Ж.Мөнхжаргалыг урьж ярилцлаа. Монгол Улсын 21 аймгийнгурав нь л эмэгтэй прокурортой. Ж.Мөнхжаргал аймаг, нийслэл, тээвэр, Улсын ерөнхий прокурорынгазарт ур чадвараараа манлайлан 29 дэх жилдээ ажиллаж байна.
-Прокурорын албанд зүтгэж эхэлсэн түүхээсээ хуваалцаач?
-Би арван жилийн сургуульд байхдаа орос хэл, эсвэл хэл уран зохиолын багш болно гэж боддог байсан ч хүссэн сургуульдаа орж чадаагүй. Энэ хугацаанд ажил хийхээр болж, ээж маань Улсын ерөнхий прокурорын газарт ажил олж өгч оруулснаар ерөнхий газрын ажилтнуудад цай, сонин хэвлэл тараах, бичээч зэрэг ажил хийж байлаа. Тэр үеэс прокурорын албаны талаар ойлголттой болж, энэ албанд орохоор бэлдэж эхэлсэн. 1982 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн мөрдөн байцаагчийн ангид орж 1987 онд төгссөн. Төгсөөд Улсын прокурорын газрын зөвлөлийн хурлын шийдвэрээр Дархан хотын прокурорын газарт томилогдсон юм. Түүнээс хойш энэ албанд 30 орчим жил ажиллаж байна.
-Шинэ прокурорын анхны ажил хүндхэн байв уу?
-Сар гаруй дадлагажих ажилтнаар ажиллаад Дархан хотын Прокурорын газрын шүүхэд хяналт тавих туслах прокурорын албан тушаалд томилогдсон. Эхний үед бүх зүйл хэцүү байсан.
Шүүх хурлыг зарим үед нээлттэй хийнэ. Оролцогчид намайг саяхан сургуулиа төгссөн гэж бодохгүй. Азаар Пүрэв прокурор, Пунцаг шүүгч гээд сайн хүмүүсийн гар дээр очсон. Тэр хүмүүсээс их зүйл сурсан. Бас хамт ажилладаг Оюунцэцэг прокуророос хэрэгтэй зүйлээ асууна, шүүх хуралд нь суудаг байв. Тухайн үед Дарханд хэлэлцэж байсан шүүх хурлын 70-80 хувьд нь хяналт хариуцсан прокурор ганцаараа ордог байсан.
Дөнгөж сургууль төгссөн залуу хүн шүүхэд хяналт тавих ажил хариуцна гэдэг маш хэцүү. Дараа нь мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуророор ажилласан. Нийтдээ Дархан-Уул аймгийн Прокурорын газарт 13 жил ажилласан.
-Дарханы прокурорт багагүй хугацааг өнгөрүүлжээ. Тэгээд Улсын ерөнхий прокурорын газарт шилжижирдэг байх аа?
-Тэндээсээ 2000 онд Улсын ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст хяналтын прокуророор дэвшин ажиллаж эхэлсэн. Өөрийнхөө дээд шатны байгууллагад хяналт тавьж байсан хүмүүстэй зэрэгцээд ажиллахад бас маш хариуцлага шаардаж байсан. Дараа нь 2004 оноос Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах ажилд хяналт тавих хэлтсийн дарга, Тээврийн прокурорын орлогчоор ажиллаж байгаад Орхон аймгийн прокуророор дөрвөн жил ажилласан. Прокурорын байгууллагад аймаг, нийслэл, Тээвэр, Улсын ерөнхий прокурорын газарт тус тус ажилласан байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас Сэлэнгэ аймгийн прокуророор ажиллаж байна.
-Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорын ажил бусдаас онцлогтой.Ялангуяа ачааллын хувьд илүү биз?
-Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авахаас эхлээд эрүүгийн хэрэг үүсгэх, тэр хэргийг шийдвэрлэх хүртэл бүх шатанд прокурор оролцдог учраас ачаалал их. Ямар ч хэрэг хүний хувь заяаг шийдвэрлэх учраас хариуцлагатай байхыг шаарддаг. Нийгэмд шуугиан дэгдээсэн, ээдрээ төвөгтэй хэргийн мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавина гэдэг прокурорын ур чадвар, мэргэжилдээ хандах хандлага, үнэнч шударга байдлыг илүү шалгадаг. Хяналт хариуцсан прокуроруудыг хэдэн хэрэгт хяналт тавьж, хэдийг шүүхэд шилжүүлсэн гэх мэтээр ажлынх нь үзүүлэлтийг авч үздэг. Гэвч нэг хэрэг гэдгийн цаана олон хавтас байдаг, 100 хавтастай ч хэрэгт хяналт тавьдаг. Эдгээрийг прокурорууд нэг бүрчлэн хянахын тулд маш их цаг хугацаа зарцуулдаг, мөн маш олон хууль, журам судлах хэрэгтэй болдог. Зөвхөн Эрүүгийн хууль биш, олон улсын гэрээ, бусад журам, дүрмийг судална. Тухайлбал, эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт гэхэд гааль, хилтэй холбоотой бүх журам зааврыг унших жишээтэй. Хэргийн талаар нэг бүрчлэн мэддэг байж өмгөөлөгч нартай мэтгэлцэнэ. Өдөр нь хэрэг унших боломж, хугацаа бага байдаг, мөн шүүх хуралдаа бэлтгэнэ, оролцоно. Иймээс бусад хяналт хариуцсан прокуроруудаас ажлын ачаалал нь илүү байдаг.
-Таныг Нийслэлийн прокурорын газарт хэлтсийн дарга байхад олон шинэлэг санаачлага гаргаж ажил хэрэгболгосон гэлцдэг юм билээ. Энэ тухай дурсаач?
-Нийслэлийн прокурорын газарт тухайн үед жижүүрийн прокурор гэж дөрвөн хүн ажилладаг байлаа. Энэ нь прокуроруудын ачаалал жигд бус, залуу прокурорууд хэргийн газрын үзлэгт оролцох боломж бага байсан. Тиймээс Улсын прокурорын орлогч бөгөөд тухайн үед Нийслэлийн прокурорын ажлыг хариуцаж байсан Х.Жамъянсэнгээ прокурорт танилцуулснаар нийслэл дүүргийн бүх прокурорууд жижүүрийн прокуророор ажиллах журам батлагдсан. Энэ ажил одоо ч хэрэгжиж байгаа. Тэр үед манай хэлтэст одоогийн Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Ариунаа, Сургалтын төвийн прокурор, доктор Б.Өнөрмаа, Улсын Ерөнхий прокурорын туслах, ХБМБАХТ хэлтсийн дарга Ё.Сагсай, гавьяат хуульч Т.Жадамбаа нарын туршлагатай, сайн прокурорууд ажиллаж байсан. Дүүргийн прокурорын газрыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах ёстой учраас прокуроруудыг хэргийн төрлөөр мэргэшүүлэх бодлого барьж ажлаа зохион байгуулж байлаа. Тэд нараар тодорхой төрлийн хэргийг хянахад анхаарах асуудлын талаар зөвлөмж бэлтгүүлж дүүргийн Прокурорын газрууд болон шинэ залуу прокуроруудад хүргүүлж байв. Тэр ажил улам өргөжиж байна гэж боддог. Одоо прокурорын байгууллагын боловсон хүчин их залуу болсон. Тэдэнд зайлшгүй практик сургалт хэрэгтэй байдаг тул тэр талаас нь хамт ажиллаж байгаа прокурорууддаа сургахад анхаарч ажиллаж байна.
Прокурор эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг удирдаж, чиглүүлэх гол үүрэгтэй байгууллага. Иймд энэ байгууллагад ажиллаж байгаа прокурорууд ажилдаа эзэн байж шударга ажиллах ёстой. Бас хүн чанар гэж байх ёстой. Гэхдээ хуульдаа л захирагдаж санаачлагатай, зүтгэлтэй ажиллах хэрэгтэй. Прокурор хүн бусдын эрх ашгийг зөрчихгүй байхад хяналтын ажлаа чиглүүлж хууль ёсыг сахиулж шударга ёсны баталгаа болж ажиллах ёстой.
-Хэдий прокурор ч гэсэн эмэгтэй хүн болсон хойно сэтгэл эмзэглүүлсэн хэрэг, шүүх хуралтай нүүр тулгарчбайв уу?
-Байлгүй яахав. 1991 оны үед Дарханд коллежийн гурван охиныг нэг дор хөнөөсөн хэрэг гарсан. Тэр хурал хүндрэлтэй байсан. Бас долоо, есөн настай хоёр охиныг сэтгэцийн өвчтэй залуу хүчиндсэн хэрэг Дарханд гарч байлаа. Тэр хурлын шүүгч нь эмэгтэй, прокурор нь эмэгтэй. Өмгөөлөгч нь ч бас эмэгтэй байсан санагдана. Ялын дүгнэлт уншихад хоолой чичирнэ. Асуулт асуух гэхээр хоолой зангираад хэцүү. Ядаж байхад шүүгчдэгч сэтгэцийн өвчтэй. Асуултад хариулж чадахгүй. Тийм хүнд, хэцүү зүйл тохиолдно. Анх удаа, болгоомжгүйгээр, насанд хүрээгүй хүүхэд, тохиолдлын чанартай гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг яллахад ч хүнд. Тэр үед хуулиа бариад ажиллахаас аргагүй. Түүнийг л хүмүүс хатуу чанга, төр төмөр нүүртэй гэж боддог байх. Бид цаанаа асар хүнд дарамттай байдалтай байгаа шүү дээ.
-Төрийн өмнөөс хэргийг дэнсэлж ял төлөвлөдөг учраас прокурорт баярлалаа гэх хүн ховор болов уу. Энэалбаны бахархалтай тал нь юу вэ?
-2002 онд прокурорууд анх удаа тангараг өргөсөн. Тангараг өргөсөн өдөр би прокурорын хүндэт тэмдгээр шагнуулсан юм. Тэгэхэд сайхан байлаа. Төрийнхөө форм өмсөөд төрдөө үнэнч байна гээд тангараглана гэдэг бол хариуцлага юм. Бас ээдрээ төвөгтэй хэрэгт хяналт тавиад шүүхээр шийдэгдсэний дараа миний шийдвэр зөв байж дээ гэж бодогддог.
-Аймаг, нийслэл, тээврийн прокурор өөр өөрийн онцлогтой алба. Орон нутагт ажиллахдаа ямар бодлогобарьж ажиллаж байна вэ?
-Хуулийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд прокуррорын байгууллага идэвхтэй, тэргүүлж манлайлж оролцох ёстой гэсэн бодлого барьж ажилласан. Орхон аймгийн Засаг дарга, ИТХ прокурорын байгууллагыг маш сайн дэмжиж ажиллаж байсан.
Сэлэнгэ аймгийн прокурорын газар бол Сум дундын хоёр прокурорын газартай ганц аймаг. Хилтэй ойрхон. Ийм эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэх хэрэг бусад аймгийг бодвол их гардаг. Мөн архидан согтуурах, согтуугаар гэмт хэрэг үйлдэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, малын хулгайн гэмт хэрэг зонхилон гардаг. Иймд энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг бусад хуулийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах ажлыг орон нутагтаа зохион байгуулан ажиллаж байна. Мөн манай прокурорын газар 16 прокурортой, дийлэнх нь залуу прокурорууд. Тэднийг өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллахдаа тэг гээд орхичих биш, хийж байгаа ажлыг нь өөрөө үзэх, зааж зөвлөх тал дээр анхаардаг. Практик сургалтыг түлхүү хийдэг. Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрийг олон түмэнд хүргэх тал дээр анхаарч ажиллаж байна.
-Гэр бүлийнхэээ талаар танилцуулаач. Хүүхдүүд тань таны мэргэжлийг өвлөх нь үү?
-Нөхөр маань “Эрдэнэт үйлдвэр” компанид ажилладаг. Охин маань МУИС-ийн Хуульзүйн их сургуулийг энэ жил төгссөн. Ер нь прокурорын байгууллагад ажиллах сонирхолтой болов уу, миний ажлыг үргэлжлүүлээсэй гэж хүсдэг. Манай удамд хуулийн байгууллагад ажиллаж байсан хүн байхгүй. Охиноо ХБНГУ-д үргэлжлүүлж сургах гэж байгаа.
-Прокурорын албаны өдөр өчигдөр тохиосон. Алба нэгт нөхдүүддээ хандаж юу хэлэх вэ?
-Өмнө нь ингэж боддог байлаа. Яагаад манайд прокурорын өдөр гэж байдаггүй юм бол гэж. Харин одоо прокуроруудын өдөртэй болсонд баярлаж байна. Энэ өдрөөр прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх ёстой. Прокурорын өдрийг тохиолдуулан энэ байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа прокурор ажилтнууд, Орхон, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хамт олон, гэр бүлд нь баярын мэнд хүргэе. Хариуцлагатай хүндтэй энэ албанд мөр зэрэгцэн зүтгэж байгаа прокуроруудад цаашдын шударга ёсыг тогтоох үйл хэрэгт нь өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин