Ч.ҮЛ-ОЛДОХ

“Амьдралын тойрог” булангийн энэ удаагийн зочноор Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Н.Даваадаш гуайг урьсан юм. Яруу найрагч, хоржоонтой өгүүллэгээрээ уншигчдын  дотнын нөхөр болсон, шог зохиолч-сэтгүүлч, нөхөрсөг элэглэл болоод дууны шүлгийн мастер,  “Эрхи”, “Төв цэг” зэрэг  анхны хувийн сонин, Өвөрхангай аймгийн “Уянга” сонины эрхлэгч,  1990-ээд онд сумын сургуулийн захирал, аймгийн Соёлын ордны даргаар ажиллаж  чөлөөт болон үндэсний  бөхөөр шаггүй барилдаж явсан гээд зочин маань олон талын авьяас, эрдэмтэй нэгэн.

Гэхдээ ямар ч цаг үед үзгээ тавиагүй. Хаана  ч явсан хар малгай, бичгийн  цүнх,  үзэг гурваас  салдаггүй тэрээр одоо ч  зохиолч нөхдийнхөө дунд бужигнаж, бичсээр, туурвисаар, шоглож бас  цагаан инээд цалгиасан нөхөрсөг шогийг хэн нэгэнд илгээсээр  явна. Биднийг очиход ч  шинэ номын эх, тэр бүү хэл 30 боть бичих зузаан төлөвлөгөө  бүхий ачаатай тэмээ шиг ширээнийхээ ард тун ч завгүй сууж таарсан юм. Яагаад зүгээр суудаггүй юм бэ, юуны тулд, яагаад бичдэг вэ гэдэг  нь ч бас сонин. Түүний ертөнцөд түр ч болов  саатаж, амьдрал, уран бүтээлийнх нь алтан дурсамжуудыг хамтдаа сөхсөн бяцхан тэмдэглэлийг уншигч танаа хүргэе.

 

Н.ДАВААДАШ ГУАЙН УРАН БҮТЭЭЛИЙН ӨДРҮҮД  УДАХГҮЙ БОЛНО

Н.Даваадаш гуайн болоод утга зохиол, урлагийн  хүрээний сүүлийн үеийн шинэ мэдээллийг дуулгахад  тэрээр   гурван ч дуурийн цомнол бичсэн байна. Тэр дотроос хүүхдүүдэд зориулсан  “Царцаа Намжил” дуурь нь өнгөрсөн намар үзэгчдийн хүртээл  болсон. Саяхан  “Арвайн домог” түүхт хурдан хүлгийн тухай дууриа  хөгжмийн  зохиолчдод хүлээлгэж өгчээ. “Цэнхэр дурдан алчуур” дуунаас сэдэвлэсэн 1938-1939 оны хэлмэгдүүлэлт, дайны хүнд жилүүдэд  хийдэд шавилж байсан лам залуугийн амьдралыг өгүүлсэн түүхэн  дуурь нь харин   хараахан дуусаагүй  гэнэ. Бас нэг зузаан номын эх анхаарал татсан нь  Өвөрхангай  нутгаас төрсөн уран, дархчуулын тухай юм. Өндөр гэгээн Занабазар, Богд хаант Монгол Улсын нэрт уран зураач Цагаан Жамба нараас  эхлээд өнөөгийн залуу   уран бүтээлчид, тэр дотроо сийлбэрээр алдартай энэ нутгийн  үе үеийн   уран дархцуулын бүтээл, уран чадварыг  харуулсан дүрслэх урлагийн нэвтэрхий толь, нөгөөтэйгүүр томоохон судалгааны бүтээл болох   ажээ. Үүний өмнө “Өвөрхангайн аман билгийн  хураангуй” нэг боть, зохиолч, яруу найрагчдын бүтээлээр  хоёр ч ботийг эмхтгэж  хэвлүүлжээ. Цаашид  нутгийнхаа хөгжмийн зохиолчид, сэтгүүлчдийн шилдэг бүтээлийн дээжис, хутагт хувилгаадын тухай   зэрэг  40 хэвлэлийн хуудас бүхий нийт 30 боть  ном бичихээр төлөвлөөд байгаа гэнэ. Нэг аймагт л  гэхэд ард түмний дунд түгэн дэлгэрсэн  уламжлалт мэдлэг, билэг чанар арвин байгаа  юм чинь, аймаг бүрт байгаа  тэрхүү  соёл уламжлал, туршлагыг  эмхтгэж ном гаргавал монголчуудын  үнэт өв, соён гэгээрүүлэх үйлсэд том  хөрөнгө оруулалт болно  хэмээн Н.Даваадаш гуай ярьж сууна. Тун удахгүй түүний уран бүтээлийн өдрүүд Өвөрхангай аймгийн төвд болох тул ном, бүтээлүүдээ аваачиж дэлгэхээр том цаасан хайрцагуудад хийн аян замд бэлтгэжээ.  Энэ үеэр түүний нийтийн дууны уран бүтээлийн тоглолт, хүүхдэд зориулсан зохиолын “Яруу зохист”  уран уншлагын наадам, уншигч-зохиолчийн уулзалт  гээд үйл явдлаар дүүрэн байх ажээ.

 

“ХАРАНГА”-ИЙН ЛХАГВААГИЙН “ХАЙР” ДУУНЫ ШҮЛЭГ ТҮҮНИЙХ 

“Амьдралын тойрог”-ийн  маань зочин  дууны шүлгийн мастер. Тэгвэл түүний хүү ч бас сайхан шүлэгтэй, түүнээс дуу болж тэр ч бүү хэл хит болсон нь бий. Тухайлбал, Н.Даваадаш гуайн  “Сайхан бүсгүй” дууг “Хурд” хамтлаг дуулдаг.  Тэгвэл “Хурд”-ын  хит болсон   “Ээждээ”   дууны үгийг  Н.Даваадаш гуайн хүү Д.Болд бичсэн юм.

Ийнхүү дууны тухай яриа ундарсан тул энэ сэдвээр түүнтэй  хөөрөлдлөө.  Тэрээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Баттөмөр, Найданжав, гавьяат жүжигчин Тэрбиш, хөгжмийн зохиолч Алтангэрэл, Бямбабаяр нартай хамтран цөөнгүй  дуу хийж түмэнд хүргэсэн. Сүүлийн үед дуу хийхэд мөнгө их ордог болсон гэнэ.  Хөгжмийн зохиолч мөнгө нэхнэ. Понограмм хийлгэхэд бас л багагүй мөнгө орно. Хоолойн бичлэгт бас л мөнгө. Клип хийлгэх юм бол ярих ч юм биш, ер нь 10-аад сая төгрөгөөр ганц дуу бүтэж, олонд хүрдэг жишээтэй байгааг түүний амнаас сонслоо.  Гэтэл тийм хэмжээний мөнгө цацчихаад нөгөө дуу нь  хит болох эсэх нь  бас бүрхэг. FM-үүдээр сайтар цацаж олон нийтэд хүргэхийн тулд дахиад л мөнгө хэрэгтэй болно. Мөнгөтэй хүн бол муухан дууг ч сайн болгож болох хандлага бий болдог. Яагаад гэвэл, олон удаа давтуулаад байхаар хүний аманд  хэвшил болж  наад зах нь ухамсаргүйгээр  дагаад аялах, мөн сайн дуу болж гэх жишээтэй. Ийм маягаар зарим дуу олонд түгж байгааг тэрээр шүүмжилж байлаа.

Харин “Хурд”  хамтлагийн дуулдаг “Сайхан бүсгүй” дууныхаа тухайд  анх  залууст  зориулсан  шинэ хандлагатай сайхан  дуу хийе гэж зориод   “Хайрын цагаан сондор” нэртэй шүлэг бичсэн юм. 1994 онд. Б.Ишхүү гэж авьяаслаг ая зохиогч байлаа. “Хурд” хамтлагийн  нэлээд олон дууг хийсэн. Даанч богинохон насалсан.   Намайг Өвөрхангай аймгийн Соёлын ордны дарга байхад хөгжимчнөөр ажиллаж “Шинэ урсгал” хамтлагийг байгуулж байсан. Сүүлд “Хурд” хамтлагт  хөгжимчнөөр очсон. Б.Ишхүү маань миний тухай  “Хурд” хамтлагийнханд их ярьдаг байсан юм билээ. Би ямар тэдэнтэй уулзах биш. Өнгөрсөн жил нэг уулзаж, уран бүтээлийн  тайлан тоглолтдоо дуулуулсан. Анх бол миний дууг тэд дуулж, би сонсоод л явсан. Дүү нар маань намайг Даваа ах л гэдэг юм хэмээн хуучилж байна. Харин сүүлийн үед  “Харанга” хамтлагийн  Х.Лхагвасүрэнгийн дуулж, хит болсон   “Хайр”  дууны шүлгийг Н.Даваадаш гуай бичжээ. Өөрөө ч мэдэлгүй явтал түүний шүлэг дуу болж, Х.Лхагвасүрэн дуулаад зогсохгүй  клип хүртэл хийчихсэн байсан гэнэ.  Аяыг нь том Жагаа хийжээ.

 

ЗОХИОЛЧ БҮХЭНД ХОШИН ШОГИЙН  СЭТГЭЛГЭЭ БИЙ

Бидний яриа түүний уран бүтээлийн төрөл жанрыг дагаж,  тэр дагуу өрнөсөөр шог зохиолын сэдвээр өрнөхөд  Н.Даваадаш гуай   хааяа  фельетон бичиж “Нийслэл таймс” сонинд өгдөг байснаа дурсч байна.  Түүнээс гадна хошин элэглэл бичиж, заримдаа  шог зураач А.Бат-Эрдэнэтэй   хамтран бусдыг шоглож явснаа хуучлав.  Тоолох юм  бол А.Бат-Эрдэнэ тэр хоёр  600   гаруй  хүнийг шоглож,  шог хөрөг хийсэн ажээ. Тэр дотор А.Бат-Эрдэнэ нь Н.Даваадашийгаа    “матар”-лаж, мань хүн ч хариуг нь барьсан юм   зөндөө бий гэнэ.

Нөхөрсөг элэглэлийг  яаж бичдэг, тунг нь хэрхэн тааруулдаг тухайд асуувал хамаагүй хурц тусгаж,  тухайн хүнийхээ нэр хүндийг унагахаар хийж болохгүй. Тэнгэрт тултал магтах  ч бас биш. Цагаан инээд  дунд  хавчуулж донжийг нь олох л чухал. Хамаагүй шоглочихвол, цаад хүн маань шүүхэд хандана шүү дээ. Дөрвөн мөр бичсэний төлөө  дөрвөн сар шүүхэд   байцаагдвал дэмий гэв.

Та яагаад хошин шогч болчихсон юм бэ гэвэл, хошин шогийн  сэтгэлгээ  бүх зохиолчид бий. Тэр үүднээсээ  би залуу байхын шог шүлэг бичиж байлаа. Бас түүнээс болж  буруудахад хүрч явсан гэж байна.  Социализмын үед мань хүн аймгийнхаа  сонинд “Тэр хэд”  гэсэн нэртэй шүлэг бичиж түүнээсээ болж багагүй юм болсон гэнэ.   Тэр шүлэг нь туршлага судлахаар  хот  руу явсан  хүмүүсээс өвгөн Балдан гуай өвөр дэх мөнгөө  алдаж ирээд “Үзээгүйгээ үзэх гэж...” гээд уйлдаг тухай аж. Тэр үед аймгуудын  сонин Төв хорооны үзэл суртлын хэлтэст  хоёр хувь очдог  байжээ. Ингээд  социалист Монголын нийслэл Азийн цагаан дагина болсон хотод хулгайч байхгүй, тэгж бичдэг ямар сэхээтэн бэ, хөрөнгөтний үзэл суртал хийсэн байна  гээд бөөн юм болжээ. Тухайн үед аймгийн сонины эрхлэгчээр ажиллаж байсан Самдан  гэдэг хүн ийм юм бий шүү дээ гэж хэлсэн нь бүр ч болохоо байж хоёулаа буруутахад хүрсэн удаатай гэнэ.  Харин аймгийн үзэл суртлын эрхлэгчээр ажиллаж байсан Дорж  гэдэг хүн  бид очоод засъя, тэр нөхөрт арга хэмжээ авна гэж байж  намжаасан гэнэ. Түүнээс хойш Н.Даваадаш гуай  шог хошин юм бичихээ болъё гэж хүртэл  шийдэж байжээ. Гэтэл шоглох юм зөндөө байгаад байдаг. Тэр үеийн  үзэл суртлаас болоод  хадлан дээр унтсан малчин, манаан дээр унтсан манаач гэхчлэн тиймэрхүү юмыг шоглодог. Эсвэл хөрөнгөтний нийгэм гээд л  Америкийг доншууч, яргачин гэхчлэн хамар амыг нь томоор зурж, суганд нь пуужин хавчуулж дүрсэлдэг, тэрийг нь сайн болж гэдэг байжээ. Монголын дарга нарын муу явдал, үзэл суртлын доройтлыг шоглох юм бол “мааниа уншуулдаг” хэцүү цаг үе байснаас  уран бүтээлчид тийм байдлаар  аргаа олж явсан түүхтэй ажээ.

 

АРАВДУГААР АНГИАСАА ЦААС ЦООХОРЛОХ “ӨВЧИН” ТУСЧЭЭ

Түүний  төрсөн нутаг   Өвөрхангай аймгийн Уянга сум.  Тэрээр 1972 онд 19 настайдаа  цэрэгт явж гурван жилийн алба хаасан гэнэ. Тухайн үед аравдугаар анги төгссөнөөс өөр боловсролгүй, шүлэг бичдэг өвчтэй, түрүүлгээ харж хэвтээд цаас цоохорлох хоббитой байсан аж. Гэтэл нэг өдөр дунд ангийнх нь  багш Чойхүү гэдэг хүн “Миний хүү багшил. Чи чадна” гээд боловсролын хэлтэс рүү дагуулж очоод бага ангийн багш болгожээ. Ингээд удалгүй  конкурс өгч Багшийн дээд сургуулийн монгол хэлний багшийн ангид орсон байна. Төгсөөд аймагтаа очиход  нь Богд сумын найман жилийн сургуулийн захирлаар томилчихож. Зах хязгаар сум, багш нар нь ч ёс суртахууны ялзралд автчихсан, архинд толгойгоо мэдүүлж ажилдаа алгуур ханддаг хүн олонтой, сургуулийн хувьд нэлээд томд тооцогддог, дотуур байранд л гэхэд 400 хүүхэд авдаг  сургуульд захирлаар очсон түүх ийм. Хүүхдүүдийн  хоол унд, өмсөх зүүх нь барагдахгүй. Санхүүгийнхэн  нь мөнгө өгөхгүй, гар нүүрийн саван гэхэд л 400 ширхэг хэрэгтэй болно. Үүрэгт ажлынхаа төлөө чамгүй  үзэж тарсан бол тэндээсээ Бат-Өлзий сумын сургуульд захирлаар  ажил сайжруулах үүрэгтэй  очиж байжээ.

Тэнд  ажиллаж байтал аймгийн намын хорооноос  гэнэт дуудаж намын гишүүнээр  элсүүлэн аймгийн  “Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг”-ийн дарга буюу   ахлах лекторын албан тушаалд тавьсан нь нэг ёсондоо албан тушаалын шатаар ахисан хэрэг байж.  Ингэж тэрээр   тухайн  үеийн социализмын ололт, ялалт, коммунизмын цаашдын хөгжлийн төлөв, дэлхийн чиг хандлага, олон улсын байдал, МАХН-ын өөрчлөлт, шинэчлэлийн бодлого гэхчлэн сэдвүүдээр лекц уншдаг болжээ. Энэ тухайгаа “ Одоо бодоход нүдэнд үзэгдэхгүй тэр зүйлүүдийг магтаж баахан явсан даа. Ухуулгын тэрэг унана. Аймгийн театрын жүжигчид, ахуй үйлчилгээний оёдолчин, үсчин, зурагчин нийлсэн иж бүрэн бригад ахлан хөдөө явна. Тэр маягаар сурталдаж явлаа” гэж байна.

 Ийнхүү тэрээр дарга, захирал  гээд олон алба  хашсан ч  ч шүлгээ ер орхиогүй. Чухам л ажлын цагаасаа хумсалж, амралтын өдрөө зүгээр суухгүй бичиж иржээ. Үүнийгээ  “Хүний дур сонирхол гэдэг хэцүү юм даа. Шүлэг, зохиолоос урваж чадаагүй. Хий гэж хэн ч хэлээгүй. Зүрх сэтгэлийнхээ зарлигаар бүтээж туурвихын төлөө явлаа. 1984 онд Монголын Зохиолчдын эвлэлээс зарласан  анхны номын уралдаанд  “Зүрхний шившлэг” номоо явуулж, долоон ном хэвлэхэд миний бүтээл  багтсан. Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, яруу найрагч Д.Пүрэвдорж гуайгаас   надад “Номоо явуул, би редакторлана”  гэсэн захидал ирсэн. Тэр үед Засгийн газрын хүндэт жуухаар шагнуулсан юм шиг сэтгэгдэл төрж сумын төвд над шиг баяртай хүн байгаагүй санагдана. Ингэж миний анхны номыг Д.Пүрэвдорж гуай эх барьж авсан. Тэр хүнд би номоор шавь орсон юм” хэмээн дурсч сууна.

 

НАМТАЙГАА ТЭРСЭЛДЭЖ, АРДЧИЛЛЫГ ДЭМЖСЭН НЬ

 Н.Даваадаш гуайг аймгийн намын хорооны лектороор ажиллаж байтал 1989 онд Залуу уран бүтээлчдийн анхдугаар зөвлөгөөн хотод болжээ. Тэр зөвлөгөөнд аймгаасаа гурвуул очсон гэнэ. Хуучин тогтолцоог шүүмжилсэн тэр зөвлөгөөнийг залуучууд ээлжлэн удирдаж, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж байснаас  хүнд суртал гээч юм хөдөөд байгаа нь юу ч биш юм байна, хот суурин газар бүр нарийн юм байдгийг мэдэрчээ. Тэр үед Л.Түдэв гуай тэргүүтэй томчуудын  “Намын үнэн” сонинд бичсэн  нийтлэлүүдийг  их ч уншдаг байж. Улс төрийн товчоог анх зоригтой шүүмжилсэн хүн бол Л.Түдэв гуай байсан  бол түүний бүтээлүүдийг   уншиж, нийгмийн ардчиллын тухай ойлголттой  болжээ. Түүнээс биш  эхэндээ   ардчилал гараад социализмыг засварлах юм шиг боддог байснаа  нэлээд хожуу  орвонгоор нь эргүүлэх ёстойг ухаарсан гэнэ. Ингээд 1990 оноос хойш МАХН-ын гишүүний батлахаа буцааж  өгчихөөд аймгийнхаа дарга нарыг шүүмжилж, мал ярихаас хүний тухай ярьдаггүй  аймгийн дарга Ухнаагийн тухай “Та нүхэн байр, хашаалсан бэлчээр,  гунжин үхэр, дамжин төллүүлэх бааз гэх мэтээр малд мөнгө зарж байгаагаас хүнд хандаж юу ч хийсэнгүй. Хүүхдүүд, эхчүүд ямар байгааг хар. Хүний талаар, хүний нийгмийн асуудлыг шийдэх чиглэлд юу ч хийсэнгүй” гээд л  зад авдаг эсэргүү болжээ. Энэ үед аймгийнхаа дарга нарт  ил захидал бичсэнээс  болж  олон хүн өөрийг нь үзэж чадахгүй  “Нүдэнд орсон буг, шүдэнд орсон мах”  гээч нь болж сүүлдээ дарга нар нь түүнийг зайлуулахын түүс болж, Уянга сумын намын хорооны даргаар  нэг ёсондоо “цөлсөн” гэнэ.  Тэр ажлыг нь хэдэн сар хийгээд сургууль руу мэргэжлийн ажилдаа орсон бол  аймгийн уран бүтээлчдийн хүсэлтээр  тун удалгүй Хөгжимт драмын театрын дарга болжээ.  Хүн нь цөөрсөн, хөлдүү театр хүлээж аваад таван жилийн дотор хөл дээр нь босгосон бол тэгсхийгээд хүүхдүүд  нь ч  өсч, түрүүч нь хот руу сургууль соёлын мөр хөөсөн учраас тэднийгээ дагаад төв бараадсанаар Улаанбаатарт төвхнөжээ. Хотод орж ирээд  Хэл зохиолын хүрээлэнд Х.Сампилдэндэв гуайг бараадаж хэдэн жил  болсноо  2004-2008 онд  “Тоншуул” сэтгүүлийн парламентын сэтгүүлч, дараа нь “Их барилга” сэтгүүлд нэлээд  хэдэн жил ажиллажээ. Тэндээс үндсэндээ  гавьяаны амралтаа авсан бол өдгөө чөлөөт уран бүтээлчийн зам хөөж, уран бүтээлээ туурвиж  өгүүллэг, шүлэг, яруу найраг, түүх, уран зохиол, соёлын  сэдвээр 30 гаруй ном хэвлүүлжээ. Энэ дотроос  парламентын  сэтгүүлчээр ажилласан он жилүүд  нь ихээхэн өвөрмөц. Учир нь “Тоншуул”-ын парламентын сэтгүүлч байна гэдэг бусдаас өөр.  Бусад сэтгүүлч протокол байдлаар бичдэг бол тэрээр улстөрчдийн хийж байгаа ажил, хэлж буй үгнээс шүүлт хийж тэр нь буруу шийдвэр гарахаар байна уу, эсвэл  шог зүйл болж байна уу гэдгээс өлгөж авч хошин хэлбэрээр илэрхийлдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл,  76 гишүүн маргалдлаа гэхэд түүнээс сэдэвлэж хошин тойм бэлдэнэ гэсэн үг.  Протокол бичихдээ хүртэл зөгийн бал, инээдний ханд шингээж бичнэ.  Тухайн үед Д.Пүрэвдорж  гуайн найраглалын маягаар  хөдөөгийн тэмээчин бүсгүйгээс   Их хурлын  гишүүнд бичсэн захидал маягийн хошин тэмдэглэл бичсэн нь ихээхэн шуугиан тарьж байсан удаатай.  Түүнд хүүхдүүд нь сургуулиас гарч, амьдрал нь доошилж, түлээ болсон загийг нь энд тэндээс очсон  хүмүүс хядчихсан, ноолуур сурсан наймаачин, доллар барьсан гаднын хүн хааяа ирдэг боллоо. Сонгуулийн үеэр та ирэхдээ барьж харах нь холгүй байсан атлаа одоо яагаад чимээгүй болчихов гэсэн маягтай шүлэглэсэн нь бий.   Сүүлд нь түүнийхээ  хариу болгож Их хурлын гишүүн захидал бичсэн маягтай хошин тэмдэглэл бичсэн нь ч хүмүүст хүрсэн. Сонгуулийн үеэр яаж явсан, амлалт нь яагаад будаа болсон тухай, одоо тийм юм гарвал тэг, ийм юм болвол ингэ гэсэн  утгатай нэг ёсондоо Их хурлын гишүүний өчил маягтай. Мөн “Хуучинхүү”-гийн маягаар “Шинэ гишүүн” –ий байдлыг бичиж  хүмүүсийн элгийг хөшөөсөн удаатай. Шинэ гишүүн шинэхэн жийпээрээ  хэрхэн давхиж ирсэн тухайгаас эхлээд ярьж хөөрсөн нь, алхаж гишгэсэн нь гээд бичсэн нь өнөө  ч санаа авахаар зүйлүүд олонтой билээ.

 

ЗУЗААНЫХАН

Н.Даваадаш гуайн гэргий, зургаан хүүхдийнх нь ээж  Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул,  Ю.Чимэддагва гэдэг. Тэднийх ганц хүүтэй, бусад нь охин. Их төлөв  эдийн засаг, санхүүгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, нэг охин нь сэтгүүлчээр ажиллаж байсан ч сүүлийн үед боловсролын чиглэлээр суралцаж байгаа гэнэ. Харин нэг охин нь телевизийн зураглаачаар сургууль төгсч,  мэргэжлээрээ ажиллаж байгаа бол бага охин нь ХААИС-ийн оюутан юм.  Түүний удам судрыг хөөвөл зузаан овгийн хүн. Өндөр өвөг нь зузаан Бандан гэж нэршсэн  лагс  том биетэй, бяр чадалтай   хүн байжээ.  Түүнээс үүдэн олон түмний дунд Зузааныхан гэж алдаршжээ. Өдгөө Зузааныхан 3000 орчим хүн, 600 орчим өрх айл   байгаа гэнэ. Тэдэн дотроос Хөдөлмөрийн баатар нэг, Соёлыг гавьяат зүтгэлтэн нэг төрсөн бол анагаах ухаан, хөдөө аж ахуй, боловсролын  салбарын эрдэмтэд олонтой юм. Мөн шүлэг, зохиол бичдэг хүн олонтойн дотроос  өөрийн хоббиг бүтээл болгож, олон түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, олны танил болсон нь Н.Даваадаш гуай юм байна.

 

“БҮХНИЙ ЭХЛЭЛ БОЛ СЭТГЭЛЭЭ БОЛОВСРУУЛАХ”

Сурвалжлагынхаа төгсгөлд бид гол баатрынхаа  сэтгэлийг эмзэглүүлдэг, хүмүүст хүргэхсэн гэж бодож явдаг үгээр “Амьдралын тойрог” булангийнхаа энэ удаагийн дугаарыг  жаргаахыг зорьсон юм. Энэ асуултад Н.Даваадаш гуай  “Одоо нийгэмд хүн хүмүүжүүлдэг, хүний дотоод ертөнцийг төлөвшүүлдэг систем алдагдаад байна. Сургууль хэлтэй бол гээд англи хэл заадаг, тоо бодох чухал гээд  математикаар нүдэж байна. Гэтэл хүн гэдэг ийм юм, хүний ёс жудаг ийм байх ёстой, хүний эрмэлзэх 10 зүйл гэдэг шиг Монголын нийгмийн гишүүн болгон ийм байх ёстой гэсэн ёс суртахууны ном алга. Дур зоргоороо явж байна. Хөрөнгө чинээтэй нэгний хувьд хүүхдүүд нь хаана юу хийж яваа нь мэдэгдэхгүй. Аав ээжийн буянаар тонгочиж байна. Хүн алж хүрээ талахаас наахнуур байна. Ёс суртахууны дархлаа алдагдчихлаа. Сүүлийн үед хүмүүс шашин руу их орж байна. Барууныхан Далай ламыг шүтэж,  буддын шашин руу  орж байгаа нь сэтгэлийн боловсрол олох гэж  тэмүүлж байгаагийн илрэл. Тэдний бүхий л амьдрал хангалуун байна. Ганцхан юмаар дутаж байгаа нь ёс суртахуун, хүний  эрхэм нандин чанар, ариун сэтгэл юм.  Тэгэхээр хүн хэл үзэж, математик бодож, инженер  болохоосоо гадна өөрийгөө боловсруулах ёстой. Ёс суртахуунаа, дотоод ертөнцөө гэгээн сайхан болгох учиртай. Санаа сайхан бол заяа сайхан гэдэг үг утга учиртай. Сэтгэл сайтай бол санаа нь сайхан, санаа нь сайхан бол бодол нь  уужирдаг, бодол уужрахаар ухаан цэгцэрдэг, ухаан цэгцрэхээр сэтгэхүй төгөлдөрждөг. Энэ таван шатлал, зарчим  бол  хүн гээч амьтан байгаа цагт хэзээ ч алдагдахгүй. Хүн сэтгэлээ засах талаар бодож байх ёстой. Шуналаа хязгаарлаж байх чухал. Гэтэл өнөөдөр идэж уухаа хүртэл хязгаарлаж чадахгүй байна шүү дээ. Архинд толгойгоо мэдүүлж, хоол ундаа ч гэсэн үндэсний зүйлүүдээ хэрэглэхгүй дандаа гадаадын нөөшилсөн, бакеталсан бүтээгдэхүүн хэрэглээд байхаар үндсэндээ өвчин болж байна. Гадаадынх л гэхээр сайхан юм байдаггүй, дотор нь мансууруулах юм уу,  хүний дуршлыг төрүүлэх  бодис  шингээж байна гэсэн мэдээлэл  бий. Тэгэхээр нөгөө бүтээгдэхүнийг идэхгүй бол болохгүй, тэр лүү  улам шунан дурлаад байдаг.  Эцэст нь мөнгө төгрөгөө дуусгаж,  өвчин эмгэгтэй болж шаналаад  үлдэж байна. Хүн төрөлхтөн мөнгө олохын тулд маш муухай аргуудыг хэрэглэж байгаа мэдээлэл ч бас бий. Зарим том орон өвчин үүсгэж байгаа тухай мэдээлэл байдаг. Эмийн үйлдвэрлэлээ эргэлтэд  оруулахын тулд   өвчин үүсгэдэг, түүний дүнд  эмээ борлуулдаг. Хүнийг бодох нинжин сэтгэл тэнд алга. Хүний зовлон дээр дөрөөлж таван цаас олж байгаа аймшигтай зүйлүүд байна. Ийм сэтгэл, үзэл бодол төлөвшиж байна гэхээр аймшигтай. Тэгэхээр хүмүүс, ялангуяа манай залуус сэтгэлээ маш сайн засч байх ёстой. Ариун гэгээлэг явах хэрэгтэй. Дан мөнгө бодож зүтгэх юм бол хүн адгуус шиг болно. Сэтгэлийн боловсрол олохын тулд номтой нөхөрлө, сонгодог урлагийн бүтээлүүдийг үз,  ядаж долоо хоногт ганц  удаа бясалга. Ингэхэд хүний сэтгэл аяндаа зөөлөрч, аливааг эргэцүүлэн бодож, ариун үнэний тухай бага ч гэсэн өнгөр сууж,  шүншиг  тогтож байдаг. Үүнийг их бодож баймаар байгаа юм “ хэмээн хариуллаа. Уншигч та ч бас түүний үгийг эргэцүүлж, нэгийг бодож, хоёрыг тунгаана биз ээ.