Б.ЗАЯА

2012 онд нефть импортлогч компаниуд шатахууны хомсдол үүсгэж, зохиомлоор үнэ нэмсэн асуудал гарч ШӨХТГ-аас тэдэнд торгуулийн арга хэмжээ авч байсан. 4.9, 17 тэрбумын торгуулиар эхэлсэн энэ асуудал одоо ч нэгмөр шийдэгдээгүй, зохиомол хомсдол үүсгэсэн компаниуд хариуцлагаа хүлээгээгүй байна. Энэ тухай ШӨХТГ-ын улсын байцаагч Ж.Очирхуягаас тодрууллаа.

 

-Үгсэн хуйвалдаж, зохиомлоор үнэ нэмлээ гэж танай газраас нефтийн компаниудыг торгож байсан. 4.9 тэрбумын торгуультай хэрэг нь шийдэгдэж байсныг санаж байна. Бусад хэргүүд нь замхарчихав уу?

-Манай газар хэд хэдэн хуулийн хэрэгжилтийг хангуулж ажилладаг. Үүний нэг нь Өрсөлдөөний тухай хууль. Энэ хууль зах зээлд оролцож байгаа талууд шударгаар өрсөлдөж байгаа эсэхийг зохицуулдаг.

Гол зохицуулалт нь давамгай болон монополь аж ахуй нэгж, үгсэн хуйвалдах, том жижгээс хамаараад аж ахуйн нэгжүүд ямар тохиолдолд өрсөлдөөнийг хязгаарлах үйл ажиллагаа явуулахад чиглэсэн. Эдгээрээс шүүхийн шатанд хүртэл маргаан дагуулж байгаа нь эхний хоёр асуудал юм. Монополь буюу давамгай эрх мэдэл, үгсэн хуйвалдах зэрэг харьцангуй шинэ ойлголт байгаа юм. Аж ахуйн нэгжүүд бидний гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, “Яагаад ингэж болдоггүй юм” гэсэн хандлагатайгаар шүүхэд ханддаг болж.  Гэтэл шүүх дээр зарим хэрэг унаж, бидний гаргасан шийдвэр хүчингүй болох тохиолдол байна. Тэд Өрсөлдөөний тухай хуулийг дутуу хэрэглэх, эсвэл юуг зохицуулах гээд байгаа утга санааг ойлгохгүй байна гэж бид үзэж байгаа.

-Шүүх байгууллага Өрсөлдөөний тухай хуу­лийг бүрэн хэрэглэж ча­дахгүй байна гэсэн үг үү?

-Өрсөлдөөн бол бүх салбарт гарч ирж байгаа шинэ асуудал. Тиймээс хүн бүр ойлгохгүй, сайн судалж үзээгүй бай­на. Нэгдүгээрт аж ахуйн нэгжүүд, хоёр­дугаарт бидний шийдвэрийг хянадаг шүүх, төрийн захиргааны бусад байгууллагууд Өрсөлдөөний хуулийг сайн ойлгох ёстой. Төрийн захиргааны байгууллагаас зах зээлийг хязгаарласан шийдвэрийг гаргачихдаг. Энэ нь нөгөө л Өрсөлдөөний тухай хууль тогтоомж, өрсөлдөөн гэж юуг хэлээд байгааг дутуу ойлгодгоос үүсч байна. Үүнтэй адил шүүх ч ингэж хандаад байх шиг байна.

-Нефтийн компа­ниу­дын хэргийн шийдвэр­лэлтийг хэлээд байна уу?

-Тухайлбал, “Ник” тэргүүтэй компанийн 4.9 тэрбумийн асуудал байна. “НИК” компани 2012 оны арванхоёрдугаар сард шатахууны хомсдол зохиомлоор үүсгэсэн. Зөвхөн “НИК” ч биш “Сод монгол”, “Шунхлай трейдинг” байсан. Тиймээс бид энэ гурван компанид хариуцлага тооцсон. “Сод монгол” хариуцлагаа хүлээсэн. Нөгөө хоёр нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үеийн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “НИК”-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй, ШӨХТГ-ын шийдвэр буруу байна гэсэн. Яагаад ингэв гэхээр миний дээр ярьсан хууль тогтоомжийн утга санаа, зорилгыг шүүгчид ойлгохгүй байна гэж бидний зүгээс дүгнэж байгаа юм. Бид ч тэр асуудалд давж заалдах гомдол гаргаад сүүлийн хоёр шатны шүүх манай шийдвэрийг үндэслэлтэй гэдгийг нотолж, “НИК”-д хариуцлага хүлээлгэхээр болж хэрэг дууссан.

-4.9 тэрбум нь ингэж шийдэгдэж. Харин 17 тэрбумын асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байгаа?

-2012 оны нэгдүгээр сард нефть импортлогч найман компани үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмсэн бас нэг үйлдэл бий. Түүнийг нь манай газраас шалгаж торгуулийн акт тавихад, “үгсэн хуйвалдаагүй” гэж эргэж гомдол гаргасан. Түүнийг нь тухайн үеийн ШӨХТГ-ын газрын хуралдаанаар хэлэлцээд улсын байцаагчийн актыг хүчингүй болгосон. Тэр нь өөрөөр хууль бус үйлдэл байсан. Түүний дараагаар газрын шинэ бүтэц бий болоод дахин хуралдаж өмнөх удирдлагуудын шийдвэрийг хүчингүй болгосныг та бүхэн санаж байгаа байх. Өөрөөр хэлбэл, нефтийн компаниудын торгуулийн актыг сэргээсэн. Гэтэл компаниуд шүүхэд хандсан. Шүүх бас л тэднийг үгсэн хуй­вал­­даагүй гэсэн. Тэд “Өрсөлдөөний хязгаарлалтад чиглэгдсэн гэрээ хэлэлцээр буюу үгсэн хуйвалдах гэдэг нь ил тод биш нууц далд хэлбэрээр хийгддэг бөгөөд гол төлөв тухайн салбарын эсвэл үйлдвэрийн газрын үнэ, борлуулалтын болон зах зээлийн үйлдвэрлэлийн тоо хэмжээ, патентын солилцоо гэх зэрэг үйл ажиллагааны талаар томоохон аж ахуйн нэгжүүдийн хооронд хийгдсэн байхыг ойлгоно” гэж тайлбарласан. Харин Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Аж ахуй нэгжид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ хэлцэл байгуулахыг хориглоно. Үүнд бараа бүтээгдэхүүний үнийг тогтоох...” гэж байгаа. Шүүхийн тогтоолыг шүүмжлэх үндэслэл нь “нууц далд хэлбэрээр хийх” гэж ямар ч хуульд заагаагүй. Тэгээд тодорхой төрлийн зах зээлийг тоочдоггүй, бүх төрлийн зах зээл орно гэж заасан байдаг. Гэтэл шүүхийн тогтоолд “...гол төлөв үйлдвэр, салбар, борлуулалт болон зах зээлийн үйлдвэрийн тоо хэмжээ, патьентын солилцоо...” гэж байгаа. Зах зээлд зөвхөн үйлдвэрийн газраас гадна сүлжээ дэлгүүр, мухлаг ч үнэ тохиролцохыг хо­риглодог. Мөн “томоохон аж ахуй нэгжүүдийн хооронд” гэсэн байсан.  Өрсөлдөөний тухай хуулиар жижиг ч бай, том ч бай бүх аж ахуй нэгжийг авч үздэг. Шүүхийн тогтоолд “томоохон” гэж нэрлэсэн нь Өрсөлдөөний тухай хуулиас гадна Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн тохиолдол бол­сон. Зах зээлд оролцож байгаа аж ахуйн нэгжийг том жижгээр нь ялгаварлан гадуурхсан. Тэгээд нийт найман ком­панийн эхний гуравт нь гурван шат­ны шүүхээс үгсэн хуйвалдаагүй гээд тогтоол гаргачихсан. Одоо үлдсэн таван компанийн асуудал шүүхийн шатанд явж байна.