Д.ЦЭРЭННАДМИД

Дэрэн сумын Засаг дарга Н.Мядагмаатай цаг үеийн ажлын талаар ярилцлаа.

-Сайхан хаваржиж байна уу?

-Сайхан. Сайхан хаваржиж байна. Өвөлгүй юм шиг цаг сайхан болохоор мал минь, малчид маань гэж санаа зовох юмгүй сэтгэл тэнэгэр байна. Харин толгой дээр буусан ажил тун их.

-Их ажлынхаа заримаас тодруулж ярина уу?

-Хамгийн гол нь сумын 90 жилийн ой энэ онд тохиож байгаа. 1924 онд байгуулагдсан 90 жилийн түүхтэй сумын нэг нь манай Дэрэн юм. Одоо манайх 596 өрхтэй, 133 мянган малтай 2020 гаруйхан хүнтэй томыг бодвол авсаархан сум. Сумын 90 жилийн ойд байгууллага, хүн бүрийн анхаарлыг чиглүүлж байна. Ойн өмнө ерэн бүтээлч ажил төлөвлөсөн. Одоо 60-аад хувьтай байгаа.

Онцгой бүтээн байгуулалтад орон нутгийн хөгжлийн сангаас 320 гаруй сая төгрөг зарцуулах юм. Хамгийн томоохон ажил гэвэл сумын төвийн цахилгааны 10.04-ийн өргөтгөлийн ажил байгаа. Бас наадмын талбайг иж бүрэн шинэчлэх ажил эхлэх гэж байна. Мөн сумын төвийн гудамж, талбайг гэрэлтүүлэгтэй болгох ажлыг хийж байгаа. Сумын  төвдөө байгуулсан цэцэрлэгт талбайг өргөтгөх, тохижуулах ажлыг амжуулна гээд ярьвал нэлээдийг хэлж болно л доо.

Хөдөө аж ахуйн хувьд өнгөрсөн оноос эхэлсэн нэг барьцтай ажил бол 600 сая төгрөгийн төсөвтэй тэжээлийн үйлдвэр бий. Сумын төвөөс найман км-т Урсага гэдэг газарт барилгыг барьчихсан. Үйлдвэрийг удахгүй ашиглалтад авна.

-Тэжээлийн үйлдвэртэй болдог юм байж. Түүхий эд бэлэн үү?

-Манайхан гурван жилийн өмнөөс нэг наст болон тэжээлийг ургамал зохих хэмжээгээр тарьж байгаа. ОХУ-ын эрдэмтэд оролцсон эрдэмтдийн бүлэг ажиллаж тариалснаа бүтээгдэхүүн болгож гаргах үйлдвэртэй болохыг зөвлөсөн. Энэ дагуу тэжээлийн үйлдвэр баригдаж байгаа. Бас нэгийг хэлэхэд сумын төвд төмс, хүнсний ногоо тарьж багагүй үр дүнд хүрсэн. Иймээс энэ ажлыг дэмжиж услалтын жижгэвтэр системтэй болох юм.

-Сумын хэмжээнд малын тоо толгой олон уу?

-Одоо манай сум 133 мянган толгой малтай. Гурван жилийн өмнөх зуднаар 143 мянган толгойд хүрч байсан мал маань 68 мянгад буурсан. Тэгвэл сүүлийн 2-3 жилд цаг сайхан байснаар зудын хохирлыг бараг нөхөж чадлаа. Энэ жил бүр өмнөх тоондоо хүрэх боломж бий. Яагаад гэхээр энэ жил төл маш сайн байна. Энэ жил сумын хэмжээнд 55 мянган мал төллүүлэхээс одоо 15 мянга гаруй төллөж төлийн  10-аад хувь нь ихэр байна.

-Дэрэн сум мянгат малчин олонтой гэдэг байхаа?

-Тийм уламжлал бий. Нэг үе буюу 1990-ээд оны дунд аймагтаа хамгийн олон мянгаттай сум болж байлаа. Тиймээс мянгат малчдын улсын анхдугаар зөвлөлгөөн Улаанбаатарт болоход манай сумын мянгат малчин Г.Данзан анх индэрт гарч үг хэлж, уриалга гаргаж байсан. Ийм уламжлал бий. Одоо мянгат малчин 20 байна. Бас 1000 дөхсөн тооны малтай өрх олон байгаа. Мянгат малчид ч сүрхий залуужлаа.

-Та суманд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх мод, бут тарих ажил ахицтай тухай ярьлаа. Энэний хэтийн зорилго нь юу юм бэ?

-Ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ гэдэг аятай тавлаг орчинг бий болгох чиглэлтэй. Энэ талаар аймагтаа түшиц гэх юм уу үлгэр жишээ ч сум болох ч зорилго байгаа юм л даа. Одоо сумын төвийн хоёр га-д байгуулсан ногоон байгууламж, цэцэрлэгт талбай нэлээд зүгширсэн өнгө төрхтэй болсон. Энд 3000-аад улиас, хайлаас бусад төрлийн мод, бут тарьсан. Үүний гадна нэг га талбайд чацарганы бут 900-гаадыг суулгасан. Ноднингоос жимсээ өгч эхэлсэн шүү.

-Модон эдлэлийн жишиг цех ажиллуулдаг хэвээр үү?

-Тиймээ. Ажиллаж байгаа. Энэ талаар нэлээд туршлагажсан гэж болно. Гэрийн модон эдлэлийг унинаас бусдыг хийдэг. Хаалга, тооно зэрэг бүтээгдэхүүн орон нутагтаа нэмэртэй болсон. Брэнд ч гэж болохоор доо. Сүүлийн үед эдэлгээ урттай бургасан хана хийж байна. Үүнийг сумаас дэмжих бодлоготой байгаа. Хамгийн гол нь эх материалын олдоцыг зохицуулж өгөх зүйтэй юм шиг байгаа юм.

-Цагаан идээний үйлдвэрлэлд хэр анхаарч байна вэ?

-Манай сумын идээ цагаа сайны жишээнд орж байдаг. Нэг нь бол айраг. Ер нь Дэрэнгийн айраг нэртэй. Хэдэн жилийн өмнө улсын хөмжээний сайхан айраг шалгаруулах уралдаанд манай айраг Булганы Сайхан, Могодын айргийг ардаа хийж хамгийн сайхан айргаар шалгарч байсан. Сүүлийн үед ямааны ааруул нэлээд нэрд гарч банйа. Аймагт болсон үзэсгэлэнгээс брэнд бүтээгдэхүүнээр шалгарсан. 2010 оноос хойш “Дэрэн түншлэл” арга хэмжээ зохиож ирсэн нь малчдын орлогыг нэмэгдүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүнийг сурталчлахад мэдэгдэхүйц үр дүн өгсөн. Оролцогчдын эгнээ ч өргөжиж байна.

-Та Засаг дарга болоод өөрөө сэдэж хийсэн ажил гэвэл юуг цохож хэлэх вэ?

-Би Засаг дарга болоод төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг сайжруулахад голлон анхаарсан. Миний эхний захирамж ч энд чиглэсэн байгаа. Ямартай ч энэ талаар алхам урагшлах зорилго тавьсан. Биелэлээ гайгүй олж байгаа ажил энэ.

Бас сумын төвийн үйлчилгээний газрын гадна, дотно тохижолтыг нэлээд анхаарсан. Ахиц ч гарсан. ХАА-н хувьд бол малгүй өрхийг малжуулах, үхэр сүргийг онцгойлон өсгөх, үржүүлэхэд зориулж орон нутгийн хөгжлийн сангаас зохих хэмжээний хөрөнгө зарцуулсан.

-Захирамждаа хариуцлага, сахилгыг сайжруулах ямар тодорхой заалт оруулсан бэ?

-Ажлын цагийн ашиглалтыг нягтруулах. Мөн ажлын байранд байдаг архидах явдлыг таслан зогсоох тодорхой заалт бий. Энэ талаар тодорхой үр дүн гарч байна.

-Мөнгө хөрөнгө гаргаад тэр нь тодорхой үр дүн муутай ажил байна уу. Яагаад ингэж асуув гэвэл хөдөөд бага биш бэлчээр хашсан, мод сөөг тарьсан нь мөнгө хөрөнгө гарзадсан юм шиг санагдсан тохиолдол байна л даа...?

-Та Тохой хэрэмийн урьд ард байгаа хашаалсан газар чацарганы талбайг үзлээ гэлүү. Тэрний тухайд үр дүн муутай нь үнэн. Бид ч тийм дүгнэлт хийж байгаа. Харин малчид өвөлжөө, хаваржааныхаа ойр орчинд бэлчээрийг нэлээд хашсан. Энэ бол их ашигтай юм. Сайн ажил гэж малчид ч хэлдэг. Сумын хэмжээнд 130 гаруй га талбайн бэлчээрийг хашиж хамгаалаад байна.