
С.УЯНГА
“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг угтсан сарын аяны нээлт өчигдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төвд боллоо. “Эрүүл аюулгүй ажлын байрны төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулж байгаа энэхүү аянд Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн хэлтсүүд хамтран зохион байгуулж байгаа юм. Нээлтийн үеэр Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажлын туршлага, хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгсэл, хөдөлмөрийн нөхцлийн хэмжих хэрэгсэл, хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг 50 гаруй байгууллага үзэсгэлэн гаргаж, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулсан юм. Энэ үеэр МХЕГ-ын дарга Д.Батмөнх “Сүүлийн жилүүдэд нийгмийн үйлчилгээний салбар буюу эрүүл мэнд, боловсролын салбарт осол их гарах болсон. Иймээс бүхий л салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.Энэ сарын аяны хүрээнд ажил олгогч болон ажилчин өөрийнхөө ажлын байранд бодитой дүгнэлт хийж, ямар эрсдэл байна, яаж сайжруулбал аюулгүй ажиллах боломжтой талаар ажил хэрэгчээр сарын аянд хамтран ажиллах хэрэгтэй” гэлээ.
Энэхүү арга хэмжээ нь хөдөлмөр аюулгүй байдлын талаарх арга туршлагаа харилцан солилцох, бие биенээсээ суралцах цаашдаа энэ чиглэлээр хамтран ажиллах боломжийг бизнес эрхлэгчдэд олгож байгаагаараа онцлогтой юм. Үзэсгэлэнд оролцогчдын хувьд хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас багаж хэрэгслийг иргэдэд тайлбарлан, үнийн дүнгээ санал болгож хамтран ажиллах байгууллагуудтай санал солилцож, худалдаа хийлээ. Жишээлбэл ажлын гутал 45-140 мянган төгрөгийн үнэтэй, ажлын хүрэмний хувьд зуных нь 45 мянган төгрөг, өвлийнх нь 95 мянган төгрөг байлаа. Хадаас, төмрийн хамгаалалттай, нэмэлт ултай цахилгаан дамжуулдаггүй, агаар чөлөөтэй нэвтрүүлэх Италид үйлдвэрлэсэн ажлын гутал 140 мянган төгрөгөөр зарагдаж байна. Иргэд ажлын хувцаснаас гадна хөдөлмөрийн багаж хэрэгслийг ихээхэн сонирхож байгаа харагдлаа.
Сарын аяны нээлтийг ойрын өдрүүдэд нийслэлд төдийгүй бүх аймгуудад өргөн хэмжээнд зохион байгуулж байгаа юм. Жишээлбэл Баянхонгор аймагт барилгын салбарт ажиллагчдын зөвлөгөөн хийх, Сэлэнгэд аж ахуйн нэгж байгууллагууд нэг зэрэг томоохон ажил эхлүүлэх гээд аймаг бүрт онцлог хэлбэрээр зохион байгуулж байгаа юм. Хөдөлмөрийн аюулгүй байдлын сарын аяны нэг зорилго нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад энэ төрлийн ойлголтыг ажлын байран дээр гарахаас нь өмнө өгөх зорилгоор хөдөлмөр хамгааллын ажлын хувцасны талаар мэдээлэл өгч зөвлөгөөнд хамруулах юм. Судалгаагаар хөдөлмөр эрүүл ахуй аюулгүй байдлын мэргэшсэн ажилтан зайлшгүй шаардлагатай байгаа учраас байгууллага бүр мэргэшсэн ажилтантай болох, Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг тодорхой ажлуудыг хийж байгаа гэнэ. Мөн энэхүү аяныг сарын хугацаанд бүтэн жилийн турш үргэжилнэ гэдгийг албаны хүн хэллээ. Сүүлийн жилүүдэд барилгын салбарт үйлдвэрлэлийн осол их гарч байгаа нь 2005-2013 онд 581 удаа үйлдвэрлэлийн осол гарч 246 хүн нас барсан, 130 хүн тахир дутуу болж 272 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан нь тоо баримтаас харагдаж байгаа юм.