Э.СОЛОНГО

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан өнгөрсөн жилээс 200  амины орон сууцны эко хорооллын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн билээ. Хороолол Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр буюу Эрдэнэтийн төв хэсэгт босч буй юм. Хорооллыг аймгийн санхүүжилтээр “Атмор” компани гүйцэтгэж байна. Зөв төлөвлөлт, ногоон байгууламж бүхий 200 орон сууц нь дотроо гурван төрлөөр босох ажээ. Одоогоор хорооллын ажлын эхлэл болж 25 барилга босоод байна. Орон нутагт анх удаа босч буй тус хороололд ирэх сараас захиалга авахаар төлөвлөж буй гэнэ. Орон нутгийн удирдлагууд энэхүү бүтээн байгуулалтад ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд орон сууцны үнээр хувийн газар, хаустай болж буйгаараа онцлог ажээ. Эко хорооллын байрнууд 50, 65, 100 ам.метр талбайтай байх бөгөөд ам.метр ньдунджаар 1.3 сая төгрөгөөр худалдаалах юм. Иргэд тус хорооллын байшинг ипотекийн зээлээр захиалах боломжтой аж. Аймгийн удирдлагуудын онцолж буйгаар эко хорооллын инженерийн шугам сүлжээ, зам талбай, орчны тохижолт, гудамжны гэрэлтүүлэг зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдсэнээр шинэ суурин газар бий болж байна. Түүнчлэн  “Иргэд эзэмшил газартаа орчин үеийн загвар бүхий амины орон сууцтай болж, хогоо ангилан ялгаж хаях нөхцөлийг бүрдүүлэн бохир усыг зайлуулах систем суурилуулсан. Ус хангамж, цахилгаан, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийг шийдсэн” хэмээн барилга угсралт, дэд бүтцийн ажлыг гүйцэтгэж буй компанийнхан хэллээ. Зах зээлийн өнөө үед орон сууцны үнээр хувийн хаустай болох боломжтой болсонд эрдэнэтчүүд ам сайтай байна.