
Р.ОЮУН
Дархан-Уулыг Монгол Улсын хоёр дахь том хот болгохоор Засаг даргын Тамгын газар нь ажиллаж байна. Энэ талаар тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ерөнхий архитектор Д.Элдэвсайхантай ярилцлаа.
-Дархан-Уул аймгийн бүтээн байгуулалт ямар байна вэ. Сүүлийн 20 гаруй жил зогсонги байсан гэж хүмүүс ярьдаг?
-Дархан-Уул аймгийн ерөнхий төлөвлөгөө 2020 он хүртэл хийгдсэн байдаг. Энэ төлөвлөгөөний дагуу 2-3 хороололд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдсэн ч хэрэгжээгүй. Учир нь газар олголт төлөвлөлтөөсөө түрүүлээд явчихсан учраас хэрэгжээгүй. Харин өнгөрсөн онд хот байгуулалтын алба өөрийн дотоодын нөөц бололцоондоо тулгуурлаад найман хороололд барилгажилтын төсөл хийсэн. 2013 онд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд аймаг, орон нутгийн зүгээс болон улсын төсвөөс хөрөнгө мөнгө суулгаж чадаагүй. Тиймээс өөрсдийн дотоодын нөөц бололцоонд тулгуурлан мэргэжлийн зургийн байгууллагатай хамтраад найман хорооллын 200 га талбайд найман байршилд 10500 айлын орон сууц болон нийтийн хороолол барихаар төлөвлөсөн.
-Орон сууц болон нийтийн хорооллыг барьснаар өмнөхөөсөө юугаараа ялгаатай юм бэ?
-Хуучин газар олгохдоо ямар нэгэн төлөвлөгөөгүй олгож байсан. Найман хорооллын төлөвлөлтийг хийснээр төлөвлөлтийн дагуу газраа олгож эхэлсэн. Тухайн байршилд олгогдсон газруудыг төлөвлөлттэйгөө уялдуулж архитектур төлөвлөлтийн даалгавар өгч хот байгуулалтын бодлого баримтлан ажиллаж байгаа. Найман хорооллын хоёрыг нь дэд бүтцэд холбох боломжтой. Бусад нь төлөвлөгөөний дагуу үе шаттай хэрэгжихээр төлөвлөсөн. Найман хорооллын инженерийн шугам сүлжээний ажлын зургийг манайх нэг зургийн байгууллагатай хамтраад хийж байна. Зураг бэлэн болоход түүнийхээ дагуу хөрөнгө оруулалтаа хөөцөлдөх боломжийг бүрдүүлж байгаа.

-Найман хорооллын хоёр нь амины орон сууцны хороолол байна гэж сонссон юм байна?
-Амины орон сууц төлөвлөж байгаа газрын хувьд хуучин хот дотор олгогдсон байсан амины орон сууцнуудын газрыг нэгдсэн нэг төлөвлөлтөд оруулж 25, 31 дүгээр хороолол гэж амины орон сууцны хороолол бий болгож байгаа. Энэ хороололдоо хот дотор байсан олгосон газруудаа шилжүүлээд яг төлөвлөлтийн дагуу амины орон сууцны хороолол төлөвлөсөн. Үүний инженерийн шугам сүлжээний зураг нь бэлэн болж байгаа. Зургийн дагуу угсралтаа хийнэ. Тэгээд энэ зунаас амины орон сууцны хороолол цогц утгаараа босно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бүх инженерийн шугам сүлжээндээ холбогдож байгаа. 2013 оноос бидний баримталж байгаа гол зорилго бол амины болон нийтийн орон сууц нь хаанаа байх, нийтийн орон сууц нь дотроо ямар барилга байгууламж агуулж байх ёстой юм, тухайлбал, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний байгууллага өөр юу юу байдаг юм бэ. Тэр болгоныг бид цогцоор нь шийдэх бодлого баримталж байна.
-Бүтээн байгуулалтын онцлог давуу тал нь юу вэ?
-Дархан-Уул аймагт гурван төрлийн том бүтээн байгуулалт болох гэж байна. Нэгдүгээрт, нефть боловсруулах үйлдвэр барина. Хоёрдугаарт, малын удмын сан, гуравдугаарт, арьс ширний цогцолбор үйлдвэрийг Дарханд төвлөрүүлэх Засгийн газрын бодлого байгаа. Үүнийг дагаад хүн амын төвлөрөл нэмэгдэнэ. Хүн ам, барилгажилт нэмэгдэхийн хэрээр Дарханы хөгжил тэр хэмжээгээр урагшилна.
-Цаашид хийхээр төлөвлөсөн ямар ажил байна. Энэ талаар товч танилцуулахгүй юу?
-Эхний ээлжинд төлөвлөсөн ажлаас Дархан хот доторхи газрыг цэгцлэх ажил байгаа. Яагаад үүнийг нэн тэргүүнд тавьж байна гэхээр хуучин олгосон газарт төлөвлөгөө, хоорондын уялдаа холбоо байхгүй. Одоо олгогдсон газруудад дүн шинжилгээ хийгээд байлгах газруудыг нь байлгана. Шилжүүлэх шаардлагатай газруудыг нь шилжүүлнэ. Байлгах газруудад манай хот байгуулалтын зүгээс ямар шаардлага тавих ёстой юм тэр бүгдийг тавиад тэр дагуудаа барилгажуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Шаардлага хангасан, хангаагүй газрынхаа талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-Газрын хөдөлгөөн хотын дотроо холбогдсон, нэг байршилд гурван газар олгосон байх жишээтэй. Нэг газарт байгаа гурван байршлын аль газар дээр нь барилга төлөвлөвөл ойр орчиндоо нөлөөлөх нөлөөлөл нь бага байна. Орчны барилга байгууламж сүүдэрлэх сүүдэр ямар байгааг тооцоолж байгаад боломжтой газарт нь барилга төлөвлөлт үлдээгээд нөгөө хоёр газарт нь өөр боломжтой газар хаана байна. Тухайлбал, шинэ төлөвлөсөн хорооллууддаа “Та нар энэ газраа ийшээ шилжүүлээч” гэсэн санал тавьж байгаа. Үүнийг манай бодлогын төвшинд шилжүүлнэ. Шилжихгүй гэсэн асуудал байхгүй. Ерөнхийдөө зөвшилцөх маягаар ярина. Болохгүй бол аймгийн бодлогын төвшинд л ярина.
-Өмнө нь яагаад төлөвлөлтгүй байсан юм бэ?
-Өмнө нь яагаад ийм төлөвлөлтгүй, хотын дотор 1-2 давхар барилга барьдаг байсан бэ гэхээр Монголын эдийн засаг саяхнаас сэргэж эхэлсэн. Хуучин үүнийг төлөвлөж байх, танайх тэдэн давхар барилга барь гэж архитектур төлөвлөлтийн даалгавар өгөх боломжгүй байсан. Яагаад гэвэл барилга барих гэж байгаа мөнгөтэй ганц нэг хүмүүсийн боломж нь 1-2 давхар байсан. Одоо манай эдийн засаг нэг үеэ бодвол сэргэсэн. Үүний дагуу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын зүгээс архитектур төлөвлөлтийн даалгаврыг газар эзэмшигчид өгч байгаа. Энэ нь тухайн байршилд ямар барилга барихыг манай албаны зүгээс хот байгуулалтын бодлогын дагуу гаргаж өгч байгаа юм. Түүнээс хуучин ямар барилга барих нь тухайн газар эзэмшигчийн дур сонирхол байсныг бодлогоор нэгдсэн журмаар зохицуулж байгаа.