Б.УРАН

“Улсын голдуу цэцэрлэгүүдэд явдаг хүүхдүүд нь шатнаас унаж хөлөө бэртээсэн, хурц өнцөг мөргөж духаа шалбалсан, нүд нь хавдсан, нүүрээ маажуулж шархлуулсан тухай хэдэн зуун бичил захидал байдгийг дурдаад хэргийн эзэн нь хүүхэд байх ч учир мэдэхгүй тэдэнд буруу өгөх арга бас байхгүй. Хүний үрийг хариуцан үлдэж, түүнийхээ төлөө цалин авдаг цэцэрлэгийн багшийг л зэмлэж байна. Зоддог, нүддэг, загнадаг, зовоодог, хүүхэд ихтэй, өвчин тасардаггүй, хоол унд муутай цэцэрлэгт аав, ээжүүд ажлаа таслахгүй гэсэндээ арга буюу тэвчээр заан хүүхдээ явуулж байна”  гэсэн нийтлэл саяхны нэгэн хэвлэлд гарсан юм. Тэгвэл хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа ил тод байж, багш, цэцэрлэг л буруутай гэсэн сэтгэлгээг өөрчлөх боломж байгааг “Монгол Улсад Засаглал, Ил тод байдлыг дэмжих төсөл”-ийн хүрээнд “Үйлчилгээгээ өөрсдөө хяная” нэртэй бичил төслийнхөн харуулж байгаа юм. Тус төслийн зөвлөх, чөлөөт судлаач В.Удвалтай ярилцлаа.

 

-“Үйлчилгээгээ өөрсдөө хяная” бичил төсөл хэрэгжиж эхлээд нэг жил болсон гэлээ. Төслийнхөө талаар танилцуулахгүй юу?

-Өнөөдрөөс  яг нэг жилийн өмнө “Монгол Улсад Засаглал, Ил тод байдлыг дэмжих төсөл”-ийн хүрээнд “Үйлчилгээгээ өөрсдөө хяная” нэртэй бичил төслийг Азийн сангийн тэтгэлэгтэйгээр дөрвөн дүүргийн дөрвөн цэцэрлэг дээр эхлүүлж билээ.

Төсөл  маань нээлттэй, ил тод байдлыг тухайн цэцэрлэг дээр хэвшүүлж, эцэг эхчүүдийн хяналт болох иргэдийн онооны картын тусламжтайгаар төрийн үйлчилгээнд хяналт шинжилгээ үнэлгээ хийж, цэцэрлэгийн талаарх иргэдийн сэтгэлгээ хандлагыг өөрчлөх төдийгүй “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийг төрийн үйлчилгээний анхдагч байгууллага цэцэрлэг дээр хэвшүүлж, хэрэгжилтийг нь хангахад туслалцаа, дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Энэхүү төслийг Монголын эмэгтэйчүүдийн сан ба Эмэгтэй удирдагч сан ТББ-ууд хамтран хэрэгжүүлж байна. Тус байгууллагууд төрийн үйлчилгээний нээлттэй, ил тод байдлыг хангахад төсөлд хамрагдсан цэцэрлэгийн хамт олон, эцэг эхийн төлөөлөлтэй нэг баг болон ажиллаж, сайн засаглал, мэдээллийн ил тод байдлын талаарх ойлголт чадавхийг бэхжүүлж, цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн бодит оролцоог ханган, цэцэрлэгийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, төсвийн төлөвлөлт, зарцуулалтад  санал бодлоо тусгах, хяналт тавих эрхийн талаарх ойлголт мэдлэгийг түгээх ажлыг  зохион байгуулж байна.

-Төсөлд хамрагдсан цэцэрлэгүүдийг хэрхэн сонгосон бэ. Гэр, хороолол, хотын төвийн гээд цэцэрлэгүүдийн хооронд ялгаа их бий?

-Бид үүнийг мэдээж бодолцсон. Эдгээр цэцэрлэгүүд адил биш, ялгаатай төдийгүй өөр өөрийн онцлогтой  байсан юм. Тухайлбал, хотын захын гэр хорооллын гэгдэх Хан-Уул дүүргийн Яармагийн 189 дүгээр цэцэрлэг өмнөх жил нь байгуулагдаж бүх зүйлийг шинээр эхлэж буй онцлогтой байв. Баянгол дүүргийн 76 дугаар цэцэрлэг өдрийн болон ....бүлэгтэй, гэр хорооллын, байрны хүүхдүүд хамтдаа явдаг гурав, дөрөвдүгээр хороололд социализмын үед баригдсан олон цэцэрлэгийн нэг. Баянзүрх дүүргийн 22 дугаар цэцэрлэг байшин хороололд байрлалтай, бусад гурван цэцэрлэгээ бодоход Олон улсын төсөлд өмнө нь хамрагдаж, “Шилэн түрийвч”-ний талаар туршлага хуримтлуулсан, өөрийн цахим хуудастай орчин үетэй хөл нийлж яваа өвөрмөц цэцэрлэг. Сүхбаатар дүүргийн хоёрдугаар цэцэрлэг хотын төвд байрлалтай 70, 80-аад оны  барилгатай цөөн ангитайгаараа  бусдаасаа ялгагдах онцлогтой байсан.

-Тэгэхээр эдгээр цэцэрлэгүүдэд сайн засаглал, ил тод байдлыг хэрхэн нэвтрүүлэв?

-“Монгол Улсад Засаглал, ил тод байдлыг дэмжих төсөл”-ийн хүрээнд цэцэрлэгийн сайн засаглалыг бэхжүүлэх үйл ажиллагаанд манай төслийн баг дэмжлэг үзүүлж байна. Сайн засаглалаар дамжин төрийн үйлчилгээ хэрэглэгчдэд  хүртээмжтэй, чанартай хүрэх учиртайг багш ажилчид, эцэг эхчүүдэд олон удаагийн сургалтаар зааж сурган, туршлага судлуулах, үзүүлэх сургалт хийх, нээлттэй ил тод байдлыг хангах уралдаан зохион байгуулах, нүүр тулсан уулзалт хийх гэх мэт маш олон хэлбэрээр ажилласан.

-Ямар үр дүн гарсан бэ?

-Төсөлд хамрагдсан цэцэрлэгүүдэд сайн засаглалтай болох эрмэлзлэл хэвшсэн төдийгүй өөрийн үйл ажиллагаа, хүний нөөц, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийг ил тод болгохын зэрэгцээ төсөв санхүүгийн төлөвлөлт, хэрэгжилтэд эцэг эхчүүдийн оролцоог хангах  ажлуудыг хийх эрмэлзлэлтэй болж хууль хэрэгжүүлэх сэтгэлгээ хандлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, өөрсдийн арга туршлагаа сургалтаар дамжуулан бусдад түгээх их аяныг эхлүүлээд байна.

-Цэцэрлэгийн үйл ажиллагааг ил тод болгохын тулд бодитой ямар ажлууд хийсэн бэ. Өөрөөр хэлбэл, цаашид туршлага болгож болох ямар санаанууд төрөв?

-Цэцэрлэгийн сайн засаглалын бүрэлдэхүүн хэсэг болох нээлттэй ил тод байдлыг бий болгохын тулд 22 дугаар цэцэрлэгийн цахим хуудсыг шинэчилж, бусад гурван цэцэрлэгт шинээр цахим хуудас төслийн хүрээнд хийж өгч  тогтмол ажиллагаатай болгон, мэдээллийн самбарын агуулга, хэлбэрийг шинэчлэх уралдаан, нэг сарын аян зохион байгуулж, цэцэрлэгүүдийг идэвхижүүлснээс гадна багш ажилтнууд болон эцэг эхчүүдийн оролцоог цэцэрлэгийн үйл ажиллагаанд хангах дараагийн бүрэлдэхүүн хэсэгт нүүр тулсан уулзалт, сургалтуудыг зохион байгуулж, цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдтэй хамтран хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, асуудал дэвшүүлж хамтран шийдвэрлэх, иргэдийн онооны картаар үнэлгээ хийсэн нь үр дүнтэй болсон. Цэцэрлэгийн хоолны амт чанарыг сайжруулах, хоол хүнсний хангалтад эцэг эхчүүдийн анхаарлыг хандуулах ажлыг зохион байгууллаа.    Сайн засаглалын бас нэг бүрэлдэхүүн хэсэг болох хууль, эрх зүйн хүрээнд тус цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа явуулах ажлыг хэвшил болгохын тулд үйл ажиллагаанд суурилсан сургалт явуулж, холбогдох хууль эрх зүйн актаар гарын авлага бэлтгэн өгч хуулийн хэрэгжилтээр дүрийн тоглолт хийх, нүүр тулсан уулзалтаар мэдээлэл хүргэх, энгийн ойлгомжтой байдлаар төсвийн хуулийг мэдээллийн самбараар дамжуулан сурталчлах гэх мэт ажлуудыг хийсэн нь эцэг эхчүүд болон багш ажилтнууд хуулийг хэрэгжүүлэхэд оролцоотой байх ёстойгоо ойлгоход чухал алхам болсон юм.

-Тэгэхээр бүх хариуцлагыг багш, эрхлэгчид даатгах биш эцэг эхчүүд ч гэсэн сайн засаглалыг хэрэгжүүлэхэд оролцох боломжтой болсон гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Эдгээр цэцэрлэгүүдэд эцэг эхчүүд нь ажилтай байхын тулд цэцэрлэгт хүүхдээ өгөөд дуугүй явах ёстой биш өөрсдийн оролцоо, идэвхи санаачилгаар цэцэрлэг дээр олон зүйлийг өөрчилж болно гэдэг итгэл үнэмшилтэй болж эхлэж байна. Намар цэцэрлэг эхлэх үеэр шөнөжин дараалалд зогсож хүүхдээ цэцэрлэгт оруулсан бол би хүлцэнгүй байх ёстой гэдэг сэтгэлгээг өөрчлөх зорилт бидний өмнө тулгарсныг хэлэх ёстой болов уу. Цэцэрлэг дээр байх ёстой олон стандарт, норм зөрчигдөж байдагт ч эцэг эхчүүд санаа зовох болсон. 25 хүүхэдтэй байх нэг ангид хотын төвд ч хотын захад ч   35-50 хүүхэд багшийн, орон зайн,  агаарын гачигдалд орсоор байгаа нь энгийн үзэгдэл болсоныг хэрхэн яаж шийдэх шийдлийг хамтдаа эрж хайж эхэллээ.

-Үнэхээр цэцэрлэгүүдийн ачаалал тийм байгаа шүү дээ. Та бүхнийг төсөл хэрэгжүүлэх үеэр энэ байдлыг шийдвэрлэх гарц харагдсан уу?

-Цэцэрлэгүүд дотоод нөөц бололцоо, нийтийн эрх ашгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрийн хүчин чадлаас дандаа хэтэрсэн ачаалалтай ажиллаж байна. Ийм үед нэмж цэцэрлэг барьж чадахгүй байна гэж гомдоллохоос илүү одоо байгаа хүчин чадал, орон тоог нэмж ээлжийн багштай болгох хэрэгтэй юм. Мөн Үндэсний телевизийн “Цагийн хүрд” нэвтрүүлгээр зөвхөн нийслэлд цэцэрлэгийн зориулалтаар баригдсан 30 гаруй барилга өөр зориулалтаар хувийн өмчид шилжин ашиглагдаж байгааг мэдээлснийг шинэ барилга барих төсөвгүй байгаа шийдвэр гаргагчид маань лав анзаарсан байх. Маш олон шалтгааны улмаас Монгол Улсад төрөлт цаашдаа багасаж байгаа гэх судалгааг ярих судлаачид цөөнгүй байна. Хэрэв тийм бол нэмж олон цэцэрлэг барихаас илүү, байгаагаа сайжруулах нь ухаалаг болно. Дахиад цэцэрлэгийн сайн засаглалын нэг хэсэг нь төлөвлөлт гэдгийг энд дурдахыг хүсч байна. Төлөвлөлтийг судалгаа тооцоогүйгээр хийдэггүй гэдэгт манай төслийн багийнхан суралцаж, 10-15 жилийн дараа түүнээс цааш ямар байхаа, асуудлаа яаж шийдэхээ боддог болж эхэллээ. Сайн засаглалтай цэцэрлэгийн эрх мэдлийн хүрээнд хүний эрхийг хэрхэн хангах, зөрчигдөж буй эрхийг нь хэрхэн засаж залруулахаа төлөвлөж, эцэг эхчүүдийн хэрэгцээ сонирхолд соргог, мэдрэмжтэй байхыг эрмэлздэг болж эхлэж байна

-Та цэцэрлэгийн үйл ажиллагааг төрийн анхдагч үйлчилгээ гэж нэрлэжээ. Учир нь юу вэ?

-Бид цэцэрлэгийн үйл ажиллагааг төрийн анхдагч үйлчилгээний нэг гэж үзсэн юм.  Ардчилсан нийгэмд зарим төрлийн тодорхой үйлчилгээг иргэдийн орлогоос үл хамааран хүн бүр хүртэх ёстойг нийгмийн зөвшлийг бий болгох хуулиар тогтоодог. Тэгэхээр Монгол Улсын иргэн тэгш, шударга хүртэх үйлчилгээний нэг нь цэцэрлэгийн үйлчилгээ байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцана” гэжээ. Төрийн үүргийг Монгол улсын Үндсэн хуульд ийнхүү хуульчилсан нь төрийн анхдагч үйлчилгээг үзүүлж буй цэцэрлэгийн үйл ажиллагаанд хамааралтай гэдгийг төсөлд хамрагдсан дөрвөн цэцэрлэгийн удирдлагууд, багш ажилчид, эцэг эхчүүд, төслийн багийнхан бүгд ойлгохыг хичээж байгаа нь сэтгэлгээний өөрчлөлт гарч байгааг харуулж  байна.

Төрийн үйлчилгээ шуурхай, чанартай, хүртээмжтэй байхад юу хамгийн чухал  вэ гэдгийг тэд маш сайн ойлгодог болсон. Энэ чухал зүйл нь мэдээллийн тод байдал гэдгийг ч  бусдад таниулахын төлөө тэд ажиллаж байна. Төрийн үйлчилгээний байгууллага болох цэцэрлэг мэдээллээр иргэдийг хангах нь өөрийн үйл ажиллагааг үнэлэх, хаана алдаа доголдол амжилт байгааг харж, ингэснээр төрийн үйлчилгээг сайжруулах боломжтой болно гэдгийг анзаардаг боллоо. Түүнчлэн цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны мөнгө 1650 төгрөг буюу нэг доллар ч хүрэхгүй мөнгө төсөвлөдөг бөгөөд орон нутгийн өмчийн газрын зардал шингэсэн хүнсний зүйлийг нийлүүлдэг нь ажиглагдсан. 

-Тэгэхээр төслийнхний гол зорилго болох нээлттэй цэцэрлэг яг ямар байх вэ? 

-Нээлттэй цэцэрлэг дээр ямар шийдвэр гарсныг мэддэг ил тод байдал, хууль ёсны үйлчилгээ авдаг хүртээмж, багш ажилчид, эцэг эхчүүд санал бодлоо илэрхийлэх оролцох боломжтой болдгийг төслийн багийнхан маань харуулахыг хичээж байна. Ийнхүү бид хамтдаа ардчилсан ёсонд суралцаж, цэцэрлэгийн үйлчилгээг чанартай болгон, хууль, дүрэм журам, стандартын дагуу хүргэхэд анхаарч байна. Үндсэн хуулийн оршил хэсэгт “...эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх” эрхэм зорилгыг тодорхойлсон байгаа. Энэхүү эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд хүн бүрийн оролцоо тэр тусмаа энхрий бяцхан үрсийн эцэг эх, багш ажилтнуудын оролцоо чухал гэдгийг  ухамсарлах боломж бий болж байна. 

-Төрийн үйлчилгээний ТҮЦ машин , цахим хуудас зэргээр өнөөгийн нийгэмд ил тод байдал харьцангуй сайжирч байна. Тэгэхээр одоо цэцэрлэгийн үйл ажиллагааг ийм болгож эхэллээ. Та бүхний хэрэгжүүлж буй төслийг олон нийт хэрхэн хүлээж авч байна?

-Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг 2011 онд баталж төрийн байгууллагын мэдээлэл ил тод байх эрх зүйн үндэс бүрдсэн. Төсөлд хамрагдсан цэцэрлэгүүд хуулийн дагуу  үйл ажиллагааны,  хүний нөөцийн, төсөв санхүүгийн, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,  үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлаа цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулан иргэдийг хүлээн авч мэдээлэл өгөх бусад арга хэлбэрээр хүргэж байна.  Төсвийн холбогдолтой хууль тогтоомжийн шинэчлэлийг 2010 оноос эхлэн дэс дараатай хэрэгжүүлж ирснээр дагалдах дүрэм, журмууд өөрчлөгдөж, ил тод, нээлттэй байдал, иргэдийн оролцоог хангах эрх зүйн орчин бүрдэж байна. “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-ыг Засгийн газар 2012 оны 17 дугаар тогтоолоор баталж, Ерөнхийлөгчийн 2013 оны 88 дугаар зарлигаар “Шилэн данс”-ны тогтолцоонд шилжиж төсвийн бүхий л харилцаа ил тод болох боломж бүрдэж байна. 

“Иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ” төслийн хүрээнд ТҮЦ машинаас иргэд өөрийн амьдарч буй хамгийн ойрхон үйлчилгээний төв, байгууллагаас үйлчилгээг түргэн шуурхай авах, яам, агентлаг, төрийн байгууллагад өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо илгээх боломж бүрдэв. Энэ бүх эрх зүйн шинэ орчинд ажиллах боломж төсөлд хамрагдсан цэцэрлэгүүдэд бүрдсэн гэдэгт итгэлтэй байна.  Хамгийн наад зах нь цэцэрлэгийн хамт олон  legalinfo сайтаас хуулиудын талаарх мэдээлэл авах мэдлэгтэй болсон. Хуулиа мөрдөж ажиллавал нийгэм тогтвортой хөгжинө гэдгийг ч тэд ухаарах боллоо. “Монгол Улсад Засаглал, Ил тод байдлыг дэмжих төсөл”-ийн хүрээнд “Үйлчилгээгээ өөрсдөө хяная” төслийн ач холбогдол багагүй байгаа юм. Энэхүү төслийн үзэл санаа, үйл ажиллагааг бусад бүх цэцэрлэгүүдэд түгээн дэлгэрүүлж, бяцхан үрсээ айх аюулгүй, тайван орчинд Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх төрийн үйлчилгээнд ахиц гаргахад бүх нийтээр анхаарал хандуулах нь чухал байна.