
Б.ЗАЯА
“Номин тав” компанийн нэхэмжлэлтэй ШӨХТГ-т холбогдох хэргийг өчигдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд шийдвэрлэлээ. Өнгөрсөн жил тус компанийн сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэд ШӨХТГ-т хандсан юм.
Ингээд тус газраас дээрх компанийн сүлжээ дэлгүүрүүдийг шалгахад бараа, бүтээгдэхүүнийнхээ үнийг хямдруулж “...99” төгрөг болгодог ч үйлчлүүлэгчид задгай нэг төгрөгийг буцаадаггүй байсныг тогтоожээ. Тиймээс улсын байцаагчид хуулийн дагуу “Номин”-д захиргааны арга хэмжээ авч 10 сая төгрөгийн торгууль тавьснаар уг асуудал үүссэн байна. “Номин тав” компани ШӨХТГ-ын торгуулийн арга хэмжээг эсэргүүцэж, хүчингүй болгуулахаар шүүхэд хандаад байсан юм.
Шүүх хурал гурван цаг орчим үргэлжилж, ШӨХТГ-аас ногдуулсан захиргааны актыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн юм. Ингэхдээ торгуулийн дүнг багасгаж, нэхэмжлэгч талын үйлдэлд тэнцэхүйц арга хэмжээ авахыг даалгажээ. Учир нь “Номин”-гийн хохирсон гэх дөрвөн иргэн ШӨХТГ-т хандсан бүх хүнийг төлөөлж чадахгүй гэж үзжээ.