Т.БАТСАЙХАН

Улсын филармонийн Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхантай ярилцлаа. Түүний “Шим ертөнц” нэртэй нэгэн өвөрмөц тоглолт ирэх ням гаригт эгшиглэх гэж байна. 

 

-Байгаль дэлхийгээ хамгаалахыг уриалан дуудсан дан хөгжмийн тоглолт өмнө нь болж байгаагүй санагдана.  Их өвөрмөц содон санаа байна?

-Энэ сарын 22-нд дэлхийн усны өдөр тохионо. Олон оронд усны талаар олон үйл ажиллагаа болох байх. Бидний зүгээс чадах зүйлээрээ дуугарах хэрэгтэй гэж бодсон.  Байгаль дэлхийгээ хайрлах ёстой гэдгийг хөгжмийн хэлээр үзэгчдэд хүргэх гэж байна.  Сайхан хүлээн авч, бүхнийг ухаарч, нэгийг бодно байх хэмээн сэтгэл өндөр тоглолтдоо бэлтгэж байна. 

-Бид усаа хайрлах, эх дэлхийгээ хамгаалах гэдгийг ухаарч чадахгүй л яваад байна. Тийм ээ?

-Хүн төрөлхтөний оршин тогтнохын үндэс суурь нь ус. Тэгэхээр усаа л хайрлацгаая. Нийгмээ дагаад хөгжил явагддаг учраас уул уурхай байх ёстой. Гэхдээ тэд байгаль орчинд ээлтэйгээр үйл ажиллагаагаа явуулмаар байна. Усны судал руу өрөмдлөгө хийдэг, газар шороог сэндийччихээд  нөхөн сэргээлт хийхдээ хойрго гээд л.  Одоо нэг нь ч тэгж ажиллаж чаддаггүй. Үүнээс болж бидний эрх ашиг маш ихээр зөрчигдөж байна. Хүний амгалан тайван амьдрах гол хүчин зүйл нь байгаль орчин юм шүү дээ.

-Байгаль дэлхийг  илэр­хийлсэн дан хөгжмийн бүтээл эгшиглэнэ гэхээр сайхан юм. Ямар нэртэй уран бүтээлүүд багтаж байна вэ?

-11 ангитай дан хөгжмийн бүтээл байх юм.  Зохиолын эхэнд цөлийн амьдрал, элсэн шуурга гэсэн хэсэг гарна. Тайванийн монголч эрдэмтний хүүг Тайваньд очиход нь “Миний хүү цагаан хэрэмнээс цаашхи нутаг чинийх шүү” гэж хэлсэн байдаг.  Тэгэхээр Монголд элэгтэй хүмүүс Монголыг  яаж өгүүлж, сэтгэл гаргаж байна вэ. Гэтэл бид эх орондоо байж хайрлаж чадахгүй байна. Энэ утга санааг эхний хэсгүүд харуулах юм. Газар шороо, зу­ны цас, тал сар гээд өөр өөрийн гэсэн утга агуул­гатай зохиолууд эгшиглэнэ. 

-Ер нь та урлаг, уран сайхан гэхээсээ илүү байгаль дэлхийдээ ихэд сэтгэл эмзэглэж явдаг бололтой?

-Би үнэн байх, аливаад сэт­гэлээсээ хандаж, утга учиртай амьдрахыг хүсдэг. Уран бүтээлээ ч иймээр төсөөлж туурвидаг. Энэ эмзэглэл бодол сэтгэлээс минь урган гарсан бүтээлүүд эгшиглэнэ.  Мөн одоо хэвлэл мэдээллээр шар тал руугаа мэдээлэл их гарах юм. Эерэг зөв энерги гэж ярьдаг болсон энэ үед ийм мэдээллээр булаад байх нь хэр оновчтой юм бол. Энэ талаасаа нэг оройг ч гэсэн бодол ухаарал, өнгөрснөө санаж сэрсэн орчин дунд, ямар сайхан эх оронд амьдарч байгаагаа мэдэрч өнгөрөөвөл зүгээр юм болов уу. Миний тоглолт яг л тийм болно. 

-Ер нь таны энэ бүх эмзэглэл тоглолт хийхэд хүргэсэн байх нь. Хүмүүс хэрхэн хүлээн авч байна вэ?

-Тийм ээ. Говь маань ямар байдалтай болчихов оо. Тэмээний нутаг, өв соёлын сайн сайхан бүхнийг өөртөө шингээсэн газар байлаа. Бид хөгжил ярьж болно гэхдээ ирээдүйд ямар асуудал тулгарч болох вэ гэдгийг мөн анхаарч харах шаардлагатай байна. Одооноос анхаарч сэргийлье гэж уриалмаар байна.  Улсын филармони нийгмийн хариуцлагаа ухамсарлах үүднээс ми­ний тоглолтыг ихэд дэм­жиж байгаа. Шоу хэлбэрийн биш хүнд нэ­гийг бодогдуулж, сайн сайхан руу уриалан дууд­сан уран бүтээл хийх нь мөн уран бүтээлч бидний үүрэг юм.

-Тоглолт тань 11 ангитай гэсэн. Аль ангийг нь та онцломоор байна вэ?

-Ер нь тоглолтын цөм хэсэг нь тавдугаар анги нь юм. Хөндлөн цэнхэр уулс нэртэй зохиол. Уул бол хөрс ус. Түүнийг эргүүлэхээр хөрс гарна.  Ерөнхийдөө энэ дэлхийн бүтэцийг харуулсан хэсэг юм.

-Та хэзээнээс байгаль орчны тал дээр сэтгэл эмзэглэх болов?

-Энэ талаар хоёр гурван жилийн өмнөөс сэтгэл зовниж эхэлсэн.  Устай холбоотой олон арга хэмжээ болдог ч голдуу шоу хэлбэрийн өнгөцхөн болоод л өнгөрнө.  Одоо сэтгэлийнх нь гүн рүү хийж өгөх цаг нь болсон юм болов уу. Мөн сүүлийн хэдэн жил Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг их ярих болсон. Энэ ч гэсэн устай холбоотой. Гол горхи ширгэж байна. Энэ нь эргээд л нөгөө хүний хүчин зүйлтэй холбоотой асуудал юм. Тэгэхээр хамгийн чухал зүйл нь ус юм шүү дээ. Бид ирээдүйдээ ус агаар, байгаль дэлхийг нь эрүүл хүлээлгэн өгье. Энэ нь юу юунаас илүү үнэт эрдэнэ юм. Үүнийг миний тоглолтоос ойлгоод гараасай гэж хүсэж байна. Байгаль дэлхийгээ онгон дагшнаар нь үлдээвэл ямар сайхан бэ.  Тэгвэл ирээдүйнхээ өмнө нүүр бардам зогсож байх нь.

-Та байгаль дэлхийтэй их ойр хүн шиг санагдлаа. Хөдөө өсч төрсөнтэй тань холбоотой байх?

-Би Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн. Одоо очихоор багадаа тоглодог байсан гол горхи минь ширгэсэн байна.  Эмээ маань “10-аад жилийн өмнө байсан эмийн ургамлууд харагдахаа болилоо. Одоо шарилж ургадаг болжээ” гэж ярьж байна.  Үнэхээр тийм болсон. Байгаль дэлхий маань маш богинохон хугацаанд аймшигтай хувирч байна. 

-Таны байгаль дэлхийн сэдэвтэй уран бүтээл, тоглолт үүгээр дуусахгүй гэж бодож байна. Цаашид хэрхэн үргэлжлэх вэ?

-Миний энэ үзэл санаа өөрчлөгдөөгүй цагт энэ талын уран бүтээл минь зогсохгүй.  Байгаль дэлхий өнгөө олоогүй цагт тэднийгээ хамгаалах уран бүтээлээ эгшиглүүлсээр байна.  Үүний дараа агаар мандлын тухай бүтээл хийх санаа бий.  Энэ бол дэлхий дахинд хамаатай асуудал. Тэгэхээр маш их бодож, тунгааж хийх нь зүйтэй байх.

-Урлагаар дамжуулан хүмүүсийн сэтгэлгээнд нөлөөлөх нь зүйтэй санаа юм болов уу. Таны уран бүтээлүүд биеллээ олох байх аа?

-Морин хуур тоглон, хөөмийлж байгаа хүнийг л мэргэжлийн хөгжимчин гэж ойлгох нь түгээмэл байдаг. Гэтэл үнэндээ хөгжимчин гэдэг нарийн мэргэжил. Ноотыг хөгжим болгон эгшиглүүлнэ гэдэг мэргэжлийн ур чадвар шаардсан ажил. Театрт хэзээ ч олшруулсан бичлэг тавьж, үзэгчдийг хуурдаггүй. Үзэгчид нь ч сэтгэл зүйгээ, хувцсаа бэлдээд, тэр сонгодог орчинд нь бүтээлүүдийг үзэж, сонсож, зургаан мэдрэхүйгээ цогцоор нь ажиллуулдаг. Бидний бүтээл үзэгчдийн сэтгэл рүү орно. Тэгэхээр бү­тээлүү­дийн минь санаа биеллээ олох биз ээ.

-Сүүлийн үед үндэсний болон сонгодог урлагийг хослуулсан уран бүтээл олон гаргах болжээ. Энэ нь үндэсний урлагийн жинхэнэ мөн чанарт хэрхэн нөлөөлөх бол?

-“Дэлхийн ололтыг эзэмшиж чадвал үндэсний хэв шинж товойно. Дэл­хийн ололтыг дуу­райвал үндэсний хэв шинж баларна” гэж Төрийн хошой шагналт Н.Жанцанноров гуай хэлсэн байдаг. Тэгэхээр бид хуураа бариад захын бааранд сэгсэгнээд байвал хэн ч тоохгүй харин ч шоолно. Мэдээж ардын урлагийг хөгжүүлэх үүднээс орчин үеийн урлагтай холбож болно. Ингэхдээ үндэсний хэв шинжээ алдаж болохгүй. Монгол урлаг гэхээр яалт ч үгүй морин хуур, уртын дуу төсөөлөгддөг. Үзэгчид анзаарсан бол манайхны хөгжимчид их даруухан байдгийн учир нь тэр. Гадаадын хөгжимчид инээгээд л хөгжимдөөд байдаг. Гэтэл уртын дуу дуулж байхад хажууд нь байдгаараа инээчихсэн морин хуурч сууж байвал яах вэ. Доромжилж байгаа юм шиг санагдана биз дээ. Үүнд л нөгөө үндэсний хэв шинж гэдэг зүйл харагдаад байгаа юм.