
Индианагийн их сургуулийн зочин судлаач, профессор
П.УВШ
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл өнгөрсөн долоо хоногт Индианагийн их сургуульд ажлын айлчлал хийлээ. Тэрээр тус сургуулийн удирдлагуудтай уулзаж, сургуулийн туршлага, материаллаг баазад суурилсан монгол судлалыг цаашид хөгжүүлэх талаар саналаа солилцож, зарим хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, арга замын талаар урьдчилан тохиролцлоо. Мөн тэрээр тус улсын Блүүмингтон хотод ажиллаж, сурч байгаа монголчууд, Индианагийн их сургуулийн монгол судлаачидтай уулзаж, “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил: өнгөрсөн ба одоо” сэдвээр лекц уншсан юм. Энэ үеэр Элчин сайд Б.Алтангэрэлтэй ярилцлаа.
-Монголын төр гадаадад ажиллаж, сурч байгаа монгол иргэдтэйгээ харилцахад ямар бодлого баримталж байгаа вэ?
-Энэ Засгийн газар төрийн гадаад бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлохдоо гадаадад байгаа монгол иргэдэд анхаарах, тэдэнтэй хамтарч ажиллах бодлогыг түлхүү оруулж өгсөн. Манай гадаад бодлогын үндсэн чиглэл олон жил гадаад эдийн засгийн харилцаа руу чиглэж ирсэн. Харин одоо эсрэгээрээ гадаадад байгаа 140 мянга гаруй иргэдээ анхаарах, тэдэнтэй ажиллах, Монголын уламжлалт хэл, соёл, боловсролыг дараа үед нь эзэмшүүлэх, гадаадад боловсрол эзэмшсэн монголчуудыг эх оронд нь эргүүлэн ажиллуулах зорилтыг тавиад байна. Энэ зорилт эхнээсээ хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл, гадаад бодлогодоо эдийн засгийн бодлогоос хүнийхээ асуудлыг чухалчилж байгаа юм. Энэ бол бидний амьдралын хөрсөнд буулгаж буй шинэ бодлого. Монголын бүх Элчин сайдын яам энэ чиглэлээр ажиллаж байна. Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд эх нутаг руугаа буцаж байгаа иргэдийг дэмжиж, материаллаг туслалцаа үзүүлж чадахгүй байгаа зэрэг бэрхшээл бий.
-Гадны өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж амьдарч байсан монгол иргэд эх орондоо очоод орчиндоо дасахгүй буцаад гадны орныг зорих тохиолдол их байдаг?
-Гадаадад амьдарч байсан миний танилууд, найз нөхөд, хамаатан садан ийм бэрхшээл байгааг надтай хуваалцаж байсан. Гэхдээ тэр бэрхшээж байгаа хүн нь эх орондоо байгаа гэдгээ мартах ёсгүй. Эх оронд тулгарч байгаа бэрхшээл түр зуурынх л байдаг.
-Индианагийн их сургуулийн удирдлагуудтай хийсэн уулзалт хэр үр дүнтэй байв?
-Монгол хэл соёлын хичээл зааж, монгол судлалаар судалгаа хийж байгаа сургалт, боловсролын байгууллага Европ, Англи, Америк зэрэг олон орнуудад байна. Эдгээрээс Индианагийн их сургууль 1961 оноос хойш монгол хэл, соёл, монгол судлалаар хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ганц сургууль. Энэ сургууль бакалавр, магистр, докторын зэрэг бүх шатны сургалт явуулж, монгол судлалын талаар дорвитой судалгаанууд хийж байна. Тэгэхээр монгол судлалын талаар хамтарч ажиллах хамгийн өргөн боломж энэ сургууль байна. Үүнийг бид ашиглах учиртай. Индианагийн их сургуулийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэнхим, нэгжийн эрхлэгч, багш, оюутнуудтай уулзаж ярилцлаа. Судлаачидтай ч саналаа солилцлоо. Бид энэ сургуультай оюутан, багш, судлаач солилцох, хамтарч эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл туурвих, хэвлүүлэх бүх ажлыг хийх боломж байна. Өнгөрсөн жилүүдэд энэ ажил түр орхигдсон байна. Монголын төрөөс энэ талаар онцгой анхаарч байгаа. Монгол судлалын санг бий болгож, хөрөнгийн эх үүсвэрийг нь шийдвэрлэж өгсөн.Тэгэхлээр монгол судлалын гадаад дахь төвийг хаана байршуулах вэ гэхээр гарцаагүй Индианагийн их сургуульд байрлуулж таарж байгаа юм. Уулзалтын үеэр Индианагийн их сургуулийн Ерөнхийлөгч Michael A.McRobbie-г Монголд айлчлахыг урьсан. Урилгыг баяртайгаар хүлээж авсан. Энэ зун айлчлах боломжтойгоо хэллээ. Айлчлалын талаар бид Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухааны академи зэрэг байгууллагууд ярилцаж байгаа. Айлчлалыг үр дүнтэй болгохын тулд манай талаас Индианагийн их сургуультай хамтран хийж байгаа, цаашид хэрэгжүүлэх сургалт, судалгааны ажлыг эрх зүйн үндэстэй болгох хэрэгтэй. Олон жилийн өмнө байгуулсан протокол, санамж бичгүүд хуучирсан байна. Эрх зүйн баталгаа, хангамж бүхий шинэ бичиг баримт батламжлах, хэрэгжүүлэх үндсийг бид бий болгоно. Элчин сайдын яам энд онцгой анхаарна.
-Энд сурч байгаа залуус, ажиллаж байгаа эрдэмтэддээ хандаж юу хэлэв вэ?
-Монгол Улс ардчилал, зах зээлд шилжсэний дараа Монголын олон иргэд өрнөдийн орнууд руу гарсан. Америк руу гарсан хүмүүсийн тоо 25-30 мянга гэж үздэг. Энэ статистик Казахстан, Солонгос улсын энэ чиглэлийн үзүүлэлтийн дараа орж байна. Америкт монголын олон гэр бүл амьдарч, олон хүүхэд суралцаж, их дээд сургууль төгсч байна. Энэ хүмүүс Монголыг хөгжүүлэх нэг хэсэг чадавхи нь юм. Энд суралцаж, олсон эрдэм боловсрол, туршлагаа Монголдоо очиж ашиглаж, хэрэгжүүлээч гэж хүсмээрбайна. Монголд та нарын сурч, мэдсэнийг ашиглах ажлын байр их байна. Манайд уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжиж байна. Үүнд ажиллах хүчин үнэхээр хэрэгтэй байна. Монголчууд Америкт ирж эхэлснээс хойш хориод жил өнгөрч байна. Тэр үед ирсэн хүүхэд одоо сургуулиа төгсөж байгаа, хэдийгээр энд төрж, өссөн ч гэсэн Монголд очиж ажиллах учиртай. Эх нутагтаа очиж ажиллах, олсон мэдлэгээ турших өргөн талбар тэнд байна.Түүнийг ашиглах, өөрийгөө сорих хэрэгтэй. Улс эх орныхоо хөгжилд сурсан мэдсэнээ зориулаарай, залуусаа.