Б.УРАНЧИМЭГ

Монгол цэргийн баяр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойг монголчууд өчигдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр батлан хамгаалах салбарынхны хувьд шагналын хур буусан өдөр байв. Эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан офицер, ахлагч, алба хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа. Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор БХИС-ийн Цэргийн командын сургуулийн артиллер, зэвсгийн тэнхимийн багш, хурандаа Д.Батболд, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагч, хурандаа С.Түвшинбаяр нарын долоон хүнийг, Цэргийн гавьяаны одонгоор Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр, БХЯ-ны ГХАГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа М.Мөнхбаяр нарын арав гаруй алба хаагчийг шагнасан бол БХИС-ийн гадаад хэлний сургалтын төвийн багш Ж.Энхтал нарын гурван хүнийг  Алтангадас одонгоор шагнажээ. Мөн Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Эх орны төлөө” Батлан хамгаалахын дээд шагналаар Цэрэг-эх орны сэдэвтэй олон арван дуу бүтээж, олны хүртээл болгон Зэвсэгт хүчнийг сурталчлах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын гавьяат жүжигчин, бэлтгэл хурандаа Нанзадын Чулуунхүүг шагнан, хүндэтгэл үзүүлж, энгэрийн тэмдэг, цом, өргөмжлөл гардууллаа. Энэ өдөр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Ц.Бямбажав болон цэрэг, хүчний байгууллагын төлөөллүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Түүнчлэн эх орныхоо төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэж байсан жанжин Ж.Лхагвасүрэн, Л.Дандар нарын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Уг хүндэтгэлийн ёслолын дараа сайд Д.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажав нийт монгол эрчүүддээ баярын мэнд хүргэсэн юм. Дашрамд дуулгахад анх 1946 онд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн хурлаар Монгол ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 18-нд тэмдэглэж байхаар тогтсон ажээ.