Б.ЭНХЗАЯА

Авилга гэдэг үг “corrumpere” гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд ялзарч муудах, өнгө зүсээ алдах, ёс суртахууны доройтолд орох гэсэн утгатай. Эртний Египэтээс үүсэлтэй улмаар Ромын эзэнт гүрнийг мөхлийн ангал руу түлхсэн авилга гэгч нь түүхийн бүхий л цаг үед хаад ноёд, эрхтэн дархтнуудад тал засах, тэдгээрийн эрх мэдлээ хадгалж үлдэхийн төлөөх ил далд тэмцлэлд гол үүрэг гүйцэтгэж иржээ. Тэгвэл энэхүү хэллэг Монголын хөрсөнд бууж, бүр төлжиж үр үндэс нь улам сагсайсаар байна.

Авлига гэхээр өгсөн, авсныг нэрлэдэг цаг манайд аль хэдийнэ үеэ өнгөрөөж эрхтэн дархтан, өндөр албан тушаалтай томчуудын үйлдэл, тэдний үйлдлээс урган гарсан үр дагавар залуу хойч үед “халдварлах” янзтай. Үүний нэгэн жишээг илтгэх судалгааг саяхан АТГ-аас хийсэн байна.

Тус газрынхан нийслэл, орон нутгийн дунд болон ахлах ангийн сурагчдын дунд авлига, шударга байдлын талаар судалжээ. Энэ удаагийнх зургаа дахь нь. Өмнөх жилүүдэд ч энэ төрлийн судлагааг явуулж байсан ч энэ жилийнх өргөн хүрээтэй болж, тэр хэрээр үр дүн нь ч сэтгэл зовнимоор гарчээ.

Мэдээж хүүхдүүдийн дунд авлига, албан тушаалын асуудал гэж юу байх вэ. Гэхдээ үүний эх суурь болох шударга байдал ямар төвшинд байдаг талаар 21 аймаг, есэн дүүргийн 7-11 дүгээр ангийн төлөөлөл болсон 1929 хүүхдийг хамруулан судалжээ. Тухайн насны хүүхдүүдийн шударга байдал, зан чанарын төлөвшилтийн байдал, тэдний ёс зүйн төлөвшилд гэр бүл, найз нөхөд нь хэр нөлөөтэй болох, мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэтийн нөлөөлөл ямар төвшинд байдаг зэрэг нөхцөл байдлыг тодорхойлжээ. Үр дүнгийн талаар “Тэдний өдөр тутмын амьдралд тохиолддог жишээн дээр тулгуурлан, нас, сэтгэхүйн онцлогт нь тохируулах тал дээр анхаарч мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг авсан. Судалгааны үр дүнд хэд хэдэн нөхцөл байдал тодорхой болсон. Жишээлбэл, хүүхдийн анги ахих тусам шударга байдлын төвшин буурч байгаа. Мөн эрэгтэй хүүхдийн шударга байдлын түвшин эмэгтэй хүүхдүүдийнхээс дундаж дүнгээрээ бага байгаа. Хүүхдүүдийн авлигын талаарх ойлголт сул байна. Эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч нартайгаа зөв, буруу, шударга болон шударга бусын талаар ярилцдаг байх тусмаа хүүхдүүдийн шударга байдал өндөр, энэ талаар ярилцдаггүй, бодол санаагаа хуваалцдаггүй бол шударга байдлын төвшин нь доогуур байх жишээтэй” гэж АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Шинэбаяр ярилаа.

Хүүхдүүдийн шударга байдлын төвшин анги ахих тусам буурч байна гэдэг бол эмзэглэмээр асуудал. Насанд хүрч, нийгмийн амьдралд оролцож эхлэх үед аливаа асуудалд шударгаар хандах нь алсарч, танил талын нөлөө, бүр цаашлаад авлигын тухай ойлголттой нөхөр болж “өсч бойжих нь” тэд.

Тэднийг ийм байдалд хүргэсэн нь томчуудын буруу. Гуравхан сая хүн амтай Монгол Улс сүүлийн жилүүдэд авлига, албан тушаал, ашиг сонирхлын тухай ойлголт энгийн мэт болж, төрийн өндөр албан тушаалтан энэ төрлийн хэрэгт олноор холбогдох болсон. ХБНГУ-ын нэгэн мужийн прокурор Монголын тухай судалж үзээд “Манай Берлиний хүн амтай тэнцэх Монгол Улсад авлигын гэмт хэргийн гаралт өндөр байдаг юм байна” гэж толгой сэгсэрч байсныг саяхан нэгэн судлаач дуулгаадхав. Гадныханд ингэж харагдаж байгаа манай улс авлигын асуудал ямар төвшинд байгаа нь ойлгомжтой. Олон улсын жил бүрийн авлигын төвшний судалгаанд Монгол байр урагшилдаг ч хөрсөн дээрээ тэр нь худлаа гэдгийг хуульзүйн салбарынхан ярьдаг юм билээ.

Гэтэл авлига гээч нь зөвхөн томчуудад хамаатай гэж ойлготол сүүдэр нь Монголын ирээдүй рүү хэдийнэ тусчээ. Мөдхөн салбар бүрт алхаад орж ирэх залуус аливаад шударга бус хандаж болдог гэж, тэр ойлголт нь жил ирэх тусам анги ахих бүр нэмэгдэж байгаа нь харамсалтай. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөснөөр эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгч нар хүүхдүүдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж байх нь чухал. Сайн муу, зөв буруугийн талаар тэдэнд ойлгомжтой байдлаар ярилцаж байх, үйл хөдлөлөөрөө үлгэрлэх хэрэгтэй.

Интернэтийн мэдээлэл, ялангуяа нийгмийн сүлжээний сөрөг нөлөөнөөс хүүхдийг хамгаалах шаардлагатайг хэлж байна. Үүний тулд номтой нөхөрлүүлэх, ёс суртахууны зөв хандлагатай болгоход туслах уран зохиолыг бодлоготойгоор судлуулах шаардлагатайг ч нэмж зөвлөж байна. Тэгээд зогсохгүй  хүүхдүүдийн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, бусадтай харилцах эрх чөлөөг нь чөлөөтэй тавьж, үйл хөдлөлийг нь сайн хянах ёстойг энэ дашрамд сануулъя. Харин авлигыг “дэлгэрүүлэгч” томчууд дор бүрнээ нэгийг бодож, нөгөөг тунгаах нь зүйтэй биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин