
Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
Манай сонин гоц авьяас, чадвартай хүүхдүүдийг дэмжиж үе тэнгийнхэнд нь үлгэр дууриал болгох зорилгоор “Wonder Kid” буланг гаргаж байгаа юм. Энэ удаад Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн 10в ангийн сурагч Ц.Бат-Эрдэнийг онцолж байна. Тэрээр өнгөрсөн жилээс эхлэн ой тогтоолтын спортоор хичээллэж эхэлсэн ч олон улсын уралдаан тэмцээнд олон амжилт гаргасан байна. Богино хугацаанд хичээллэсэн ч хэрхэн амжилттай байж болох, ой тогтоолтын спортоор хичээллэхийн давуу тал юу байдаг талаар түүнтэй ярилцлаа.
-Ой тогтоолтын ямар тэмцээнүүдэд оролцож байсан бэ?
-Монголдоо зохион байгуулагддаг олон тэмцээнд оролцдог. Харин олон улсын хэмжээнд бол өнгөрсөн онд Турк улсад зохиосон олон улсын нээлттэй тэмцээнд оролцсон. Оюуны олимп болох энэ тэмцээн нь цээж бодолт, ой тогтоолт, хурдан уншилтын төрлөөр явагддаг. Би ой тогтоолтын төрөлд нь оролцсон. Үүнээс харааны ой тогтоолтыг шалгах буюу секунд тутамд анивчих цифрүүдийг цээжлэх төрлөөс алтан медаль хүртсэн. Мөн өнгөрсөн жил Хонконг улсад болсон ой тогтоолтын тэмцээнд оролцож байсан. Энэ тэмцээн нь 10 төрлөөр явагддаг. Тэмцээний бүх төрөлд нь оролцож найман алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.
-Хонконгд зохиосон тэмцээн нь олон улсын ой тогтоолтын аваргуудын чансааг тогтоодог. Энэ тэмцээнээс шалгарсан дэлхийн ой тогтоолтын шилдэг 16-гийн нэг нь чамайг болсон гэж сонссон юм байна?
-Тийм ээ. Энэ олон улсын тэмцээнд оролцсон тамирчдаас дэлхийн шилдэг ой тогтоолтын 16 тамирчинг тодруулсан. Үүний нэг болж чадсандаа баяртай байна.
-Дэлхийн ой тогтоолтын 22 дахь удаагийн ой тогтоолтын тэмцээнд ч амжилттай оролцсон гэсэн?
-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Лондон хотод зохион байгуулагдсан дэлхийн ой тогтоолтын тэмцээнд манай улсаас зургаан тамирчин оролцсон. Монголын гурван тамирчин ой тогтоолтын их мастерын болзол хангасан. Дэлхийн аваргын тэмцээнд 32 орон оролцсоноос манайх багаараа гуравдугаар байрт орсон. Харин би өсвөрийн насны ангилалд дэд байр эзэлсэн.
-Удахгүй АНУ-д болох ой тогтоолтын тэмцээнд оролцох болсон талаараа ярихгүй юу?
-Юуны өмнө нь энэ төрлийн тэмцээнийг зохиож байгаагүй. Учир нь дэлхийн ой тогтоолтын шилдэг 16 тамирчныг урилгаар оролцуулж байгаагаараа онцлог. Тэмцээнд оролцож байгаа тамирчдын хамгийн залуу нь би. Бусад нь 20-30 насны тамирчид байгаа. Харин хамгийн өндөр настай нь 50 гаруй настай тамирчин оролцоно. Тэмцээн хэд хэдэн зүйлээрээ онцлог. Тухайлбал, тэмцээн цахим хэлбэрээр явагдана. Тоо, цифр цээжлэх хугацаа нь богино буюу нэг минутад хэр их мэдээ, мэдээлэл цээжилж байгаагаар нь шалгаруулна. Ирэх сард болох тэмцээнд Хатанбаатар багштайгаа хамт явахаар бэлтгэлээ хангаж байна.
-Чиний хувьд нэг минутад хэр их тоо эсвэл үг цээжилж чадах вэ?
-Тооны хувьд 0-9 хүртэл замбараагүй өгөгдсөн цифрүүдийг нэг минутын хугацаанд 100-гаас дээш цифр цээжилдэг. Таван минутын хугацаанд 360, 15 минутад 700, нэг цагт хоёр мянгаас дээш цифр цээжилдэг. Хэрэв хугацаа заахгүй бол хоёр мянгаас илүү хэдийг л бол хэдийг цээжлэх боломжтой. Тухайлбал, дэлгэцэн дээр 25 багана байлаа гэж бодвол нэг баганад 0-9 хоорондох 40 цифр замбараагүй байрлуулдаг. Үүнийг цээжлээд буцаад алдахгүй хэлэх ёстой гэж ойлгож болно. Сонирхуулахад 60 мянган цифр цээжилж дэлхийн дээд амжилтыг тогтоосон хятад хүн байдаг. Тэрээр үүнийг цээжлэхийн тулд бүтэн өдөр зарцуулсан гэдэг. Тиймээс хугацаа заахгүй бол хэдэн ч цифр цээжилж болдог.
-Ой тогтоолтын дасгалыг өдөр бүр ямар хугацаанд хийдэг вэ?
-Хичээлийнхээ заваар өдөрт 2-3 цаг хичээллэдэг. Харин хичээлээ амарсан үед өдрийн найман цаг дасгал, сургуулилт хийдэг.
-Ой тогтоолтын спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд олон бий. Тэдэнд юу гэж зөвлөх вэ?
-Миний ашиглаж байгаа зүйл бол авьяас гэхээсээ илүүтэй арга техник юм. Хамгийн гол нь тэр аргыг сурч өөрийн болгож эзэмших нь чухал. Мэдээж үүний тулд их хөдөлмөрлөх хэрэгтэй. Ой тогтоолтын олон аргачлал байдаг. Түүнээс өөртөө ойр, хялбар аргыг эзэмших нь үр дүнтэй. Ой тогтоолт гэдэг өөрөө төсөөлөл. Ямар нэг зүйл санахын тулд төсөөлөл буюу зураглалын хэлбэрээр санадаг гэж ойлгож болно. Олон мэдээлэл цээжилж, дарааллыг нь алдахгүйн тулд адилтгах, төсөөлөн бодох, орчны зэрэг аргачлалыг хэрэглэдэг. Үүнээс төсөөллийн арга нь ямар нэг зүйлийг санах дохио болдог юм.
-Олон улсын тэмцээнүүдэд оролцож байхад ямар улсын тамирчид илүү байх шиг санагдсан бэ?
-Герман болон БНХАУ-ын тамирчид ой тогтоолт төдийгүй оюун ухаанаараа дэлхийд тэргүүлж байна. Ялангуяа, германчуудын оюуны хөгжил маш сайн. Тэднийг улс нь багаас нь хөгжүүлэхэд их анхаардаг гэсэн. Үүний дараа монголчууд ордог гэж би бодож байна.
-Ой тогтоолтын спортоор хичээллэхийн зэрэгцээ түүнийгээ өөр зүйл сурахад ашиглаж болох уу?
-Болно. Ой тогтоолтын аргачлалыг хүссэн хэлээ сурахад ашиглаж болдог. Гадаад хэл сурахад үгийн баялаг чухал үүрэгтэй. Тиймээс гадаад үг цээжлэхдээ үг цээжлэх аргачлалыг ашиглах бүрэн боломжтой. Миний хувьд зуны амралтаараа англи хэлний толь бичгээс 80 мянган үг цээжлэх зорилго тавьсан байгаа. Энэ аргачлалаа физик, математикийн хичээлд ашиглаж болдог. Үүнээс гадна ой тогтоолтын спортоор хичээллэхэд хүүхэд бүрийн уран сэтгэх чадвар сайжирч, сэтгэлгээ нь тэлдэг.
-Ой тогтоолтын спортын онцлог нь юу вэ?
-Ой тогтоолтын спортын нэг онцлог нь нас харгалздаггүй. Тухайлбал, тэмцээнд 16 настай хүүхэд 30 настай тамирчинтай өрсөлдөж болно. Өөрөө чадаж л байвал насны ангилал хамаарахгүй өрсөлдөж болдог.