
Т.БАТСАЙХАН
“Далд хүн” хүний эрхийг хамгаалах ТББ-ынхан Туул голын өнөөгийн байдалтай танилцаад иржээ. Энэ асуудлаар тус байгууллагын тэргүүн Б.Жагартай ярилцлаа.
-Туул голын байдал ямар байна вэ. Бохирдлын хэмжээ багасаж уу?
-Үгүй дээ. Тэнд байдал үнэхээр гамшгийн хэмжээнд хүрсэн. Биокомбинатын эрэг дагуу зүгээр л ялгадас урсаж байна. Гол гэсэх болоогүй ч гэлээ цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бохир урсаж үнэхээр эмгэнэлт байдалд хүрлээ. Голын ойр орчимд амьтан хүн байх арга алга. Энэ байдал үргэлжилбэл аюулт өвчин дэгдэх магадлал өндөр байна. Голын эх хэсэгт нөгөө ялгадас нь овоорчээ. Тэгээд гүн бохирдол нь Лүн сум хүртэл үргэлжилж цаашаа жаахан саарсан янзтай л байна. Байдал энэ хэмжээнд хүрсэн байгаад харамсаж байна.
-Нөлөөлж байгаа хүчин зүйл олон байгаа байх. Гэхдээ цэвэрлэх байгууламж хэвийн хэмжээнд ажиллаж чадаж байгаа болов уу?
-Чадахгүй байна. Цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хүрэхгүй байгаагаас бохир шууд усанд орж байна. Зарим хүн бид ямар хэрэглэж, ууж хажууд нь байх биш хамааралгүй гэж хэлж магадгүй. Гэхдээ бид голдуу баруун аймгаас орж ирж байгаа мах сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэж байна. Тэгэхээр эргээд бидний хүнсний аюулгүй байдалд нөлөөлж байгаа юм.
-Та уснаас нь дээж авсан байсан. Шинжилгээнд өгч амжив уу?
-Биокомбинат, Шувуун фабрик, цаашлаад Төв аймгийн Лүн, Алтанбулаг сум дахь Туул голыг даган амьдарч байгаа олон мянган мал, иргэд өвчлөх магадлалтай байна. Яагаад гэвэл энэ зүгээр нэг бохир, саарал ус биш маш их ялгадастай. Мөн дэлхийн нийтэд хориглосон ч Хятадын арьс ширний үйлдвэрүүд хром гэдэг бодисыг ашиглаж байна. Энэ бодис нь хүний удмын санд нөлөөлж хорт хавдар үүсгэдэг гэдэг нь тогтоогдсон. Хром туулын усанд явж байх магадлал тун өндөр байна. Хятадын арьс ширний үйлдвэрүүд хром ашигласан бохир усаа шууд голд нийлүүлж байна.
-Бид туул голоо аврах талаар олон жил ярилаа. Яагаад ямар ч үр дүнд хүрэхгүй байна. Энэ талаарх таны бодол?
-Манай улсын усны бодлогод учир дутагдал их байна. Олон хүн байгаль орчны төлөө дуугарч үгээ хэлж байна. Гэтэл тэр бүхнийг хүлээн авч бодлого шийдвэрт тусгахдаа тааруу байгаа юм. Хэрвээ тэр бүхнийг сонсоод хамтраад ажиллавал усны салбарт томоохон дэвшил гарна гэдэгт итгэдэг. Усны асуудал бол хамгийн нэгдүгээрт байх хэрэгтэй. Олон мянган хүний амьд явах баталгаа байгаа юм. Төрийн бодлогын төвшинд цогц арга хэмжээ авбал шийдвэрлэхэд хэцүү асуудал биш гэж бодож байна. Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд усны асуудал хурцаар тавигдаж байна. Түүний нөөц цаг минут, секундээр тооцогдох боллоо. Тэгэхээр бид санал бодлоо нэгтгэж, ажиллах нь чухал.

-Тэгвэл Туул голын энэ эмгэнэлт байдалд цэг тавих хамгийн эхний алхам нь юу байна вэ?
-Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлмээр байна. Мөн Туул голын ойролцоо байгаа арьс ширний үйлдвэрүүдийг нэн яаралтай гаргая.
-Танай байгууллагаас аян эхлүүлсэн гэсэн. Ямар учиртай юм бэ?
-Туул голоо хамгаалах аяныг энэ сарын 3-наас эхлүүлсэн. Ажлын хэсэг байгуулагдаж, гарын үсэг цуглуулах ажлаа эхлээд байна. 1500 хүний гарын үсэг цугларлаа. Тодорхой хугацааны дараа төрийн өндөрлөгүүдэд хүсэлтэй нотлох баримттай нь хүргүүлнэ. Цаашлаад үүнийг үндэсний хэмжээний хөдөлгөөн болгон өрнүүлэхээр болсон. Загас нь үхээд дууслаа. Одоо хүнд ирэх аюул занал нь ойртсон байна гэдгийг сануулмаар байна.
-Олон жил ярьж, олон ч хөдөлгөөн байгуулагдсан. Үр дүнд хүрэхгүй байгаа нь харамсалтай юм?
-Нэг хэсэг их хүчтэй дуугарсан. Сүүлийн хоёр жил дуугарч байгаа хүмүүс хүрээллийн тоо ч цөөхөн боллоо. Янз бүрийн хөдөлгөөн гарч ирээд л ганц хоёр төсөл аваад алга болчихдог. Манайх бол тэгэхгүй. Монгол хүний эрхийг хамгаалах, эрүүл орчинд амьдарч ажиллах нөхцлийг нь бүрдүүлэхийн төлөө ажиллах болно.