
Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
Монголчууд цай кофе, цаасан уут, нэг удаагийн аяга, ширээ, сандал, бэлэн хувцас, тоног төхөөрөмж гээд олон зүйлийг эх орондоо үйлдвэрлэж байна. Мэдээж Монголд өөрсдийн түүхий эд болон технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг учир дутагдалтай. Гэвч үндэсний үйлдвэрлэгчид маань боломжтой түүхий эдээ эх орноосоо, боломжгүйг нь гаднаас авч, монгол хүний хөлс хүч, ур ухаан шингэсэн бүтээгдэхүүнийг тасралтгүй үйлдвэрлэсээр байна. Тэдний нэг нь М.Зандан гуай юм. Тэрээр 2011 оноос хойш халдаг дэвсгэр гэрээрээ үйлдвэрлэж байгаа ажээ. Хүү О.Өлзийсайхан нь БНСУ-д суралцаж байх хугацаандаа халдаг гудасны үйлдвэрт ажилладаг байсан нь Монголд анх халдаг гудас үйлдвэрлэх санааг өгчээ. Манайд халдаг гудас үйлдвэрлэх технологи, түүхий эд төдийлөн байдаггүй учир гол түүхий эд болох нано технологиор бүтээгдсэн ширдэгний аравч, хулдаас болон магни исэлтэй бичил тогоор халдаг утас зэргийг солонгосоос авчирдаг байна. Солонгосын халдаг дэвсгэрийн үйлдвэрүүдэд дэвсгэр эсгэх, тог дамжуулагч утсыг суурилуулах, тогоо шалгах, наах, оёх зэрэг бүгдийг машинаар хийдэг байна. Харин манайд бүгдийг гараар хийдэг гэж болно. М.Зандан гуай нэг охин, есөн хүүтэй гэнэ. Тэрээр арван хүүхдийнхээ хамтаар халдаг дэвсгэрээ гараар хийдгээ тайлбарласан юм. Тухайлбал, дэвсгэрээ эсгэх, тог дамжуулагч утас суурилуулах, аппаратанд гагнаж холбох, тогоо аюулгүй байгаа эсэхийг шалгах, дэвсгэрийн ирмэгийг оёх, наах ажилд хүүхэд тус бүр нь мэргэшчээ. Халдаг дэвсгэрийг хэмжээний хувьд хэрэглэгчийн хүсэлтээр сонголттой хийж болдог гэнэ. Зарим хүмүүс газар дэвсч унтах зориулалттай хийлгэж байхад нөгөө хэсэг нь хүүхдийнхээ өрөөг дулаан байлгахын тулд том хэмжээтэйгээр захиалдаг байна. Сүүлийн үед гэрт амьдардаг иргэд гэрийнхээ шалны хэмжээгээр дугуй хэлбэртэй хийлгэх болсон гэнэ. Халдаг дэвсгэр нь 220 вольтын цахилгаанд холбох зориулалттай бөгөөд өдөрт 8-10 цаг хэрэглэх боломжтой аж. Дэвсгэрийг цахилгаанд залгахад хоёр талаасаа халдаг учир ойр орчмоо богино хугацаанд дулаахан болгодог байна. Мөн нэг хүн унтахад зориулсан бага хэмжээтэй, нэг талаасаа халдаг маягаар ч хийлгэж болдог байна.
“Цахилгаан зарцуулалт бага учир сардаа 5000-8000 төгрөгийн зардалтай, дээрээс нь аюулгүй” хэмээн М.Зандан гуай халдаг дэвсгэрээ тайлбарласан юм. Дэвсгэрийн аравч болох доод хэсгийн материал нь хаш чулууны хольцтой учир солонгосчууд нуруу, бөөрөө эмчлэх зориулалтаар эрт үеэс хэрэглэж иржээ. Үүний зэрэгцээ халдаг дэвсгэр нь бага зэрэг хатуу учир газар дэвсч унтахад нурууг эмчлэх, өсвөр насны хүүхдийн нурууг зөв цэх болоход ч нөлөөлдөг гэнэ. Мөн дулаанаа өөрөө тохируулдаг, аюулгүй, зөөвөрлөхөд хялбар, тоос шороо татахгүй гээд давуу тал олонтой аж. Солонгос халдаг дэвсгэр нь үнийн хувьд 2х2.20 хэмжээтэй нь хоёр зуу гаруй мянган төгрөгөөр худалдаалагддаг бол монголд үйлдвэрлэж буй дэвсгэр нь 150 мянган төгрөгийн өртөгтэй гэнэ. Анх М.Зандан гуай Солонгос үйлдвэрийн ажилчидтай цахим хэлбэрээр холбогдож видео хичээл заалгаж байсан бол өдгөө арван хүүхэд нь бүгд дэвсгэр хийх технологийг бүрэн эзэмшсэн байна. Одоогийн байдлаар дэвсгэрээ гэртээ үйлдвэрлэж байгаа ч үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр үйлдвэрийн байраа хүүхдүүд нь барьж дуусгажээ. Цаашид солонгос технологийг Монголд нутагшуулж малчид, хөдөөгийнхөнд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ажиллаж байгаа аж.