Б.ЗАЯА

Гучаад онд хэдэн залуу сэхээтэн их зохиолч Д.Нацагдоржийнд цуглаж шинэ жил тэмдэглэх үеэ­рээ хоорондоо ярь­сан яриаг нь хэн нэг нь До яамынханд дэвэр­гэж мэдээлснээр Мон­голын урлагийн сэ­хээт­нүүдийн цуст хэл­мэгдүүлэлт эхэлсэн ту­хай түүх бий. Гэтэл яг үүн шиг нэгэн явдал энэ үеийн ардчилсан ний­гэмд тохиосон нь кино зохиолч, найруулагч Г.Бадамрагчаагийн хэрэг гэж ярих хүмүүс байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тагнуулдуулсан түүний хэргийг дэнслэх шүүх хурал товлогджээ. Шүүхийн алх буухаас өмнө төрд тэрслэгч хэмээгчийн хэрэг чухам ямархан үйлэнд өрнөснийг ухахыг оролдъё. Г.Бадамрагчаа үнэхээр төрд тэрслэгч мөн үү.

Манай хууль, цагдаагийн байгууллага Г.Бадамрагчааг төрийн эргэлт хийхийг завдсан хэмээн буруутгаж хэдэн сарын турш байцааж хэцүү нэртэд саатуулсан. Хууль хүчнийхэн, ялангуяа тагнуулынхан баривчилгааг гүйцэтгэсэн болохоор түүнийг ямар нэгэн үйлдэл хийхийг завджээ гэх хар яахын аргагүй төрж, Г.Бадамрагчаа төрийн эргэлт хийхийг завдав уу, түүнд тийм хүсэл эрмэлзэл төрөв үү гэх олон асуулт гарч ирнэ. Гэтэл яг үнэндээ Монголынхоо цусыг цэврээр нь үлдээх агуулгатай уран бүтээл байсныг нэгэн ярилцлагадаа онцолжээ. Эр цэрэг адил уран бүтээлч бүр эх орныхоо төлөөх зүрхтэй байдаг нь тэдний нэг онцлог. Тэрээр ийм хэрэгт сэжиглэгдэх үндэслэл болсон түүхээсээ “...Нэг удаа  телевизээ  үзээд  сууж  байтал ахын  маань  арваад  настай  хүү надаас “Ах аа,  энэ  киноны  Ким  Ду  Хан   манай  Чингис  хаан  хоёр  зодолдвол  хэн  нь  дийлэх  вэ?” гэж  асуудаг  юм. Тийм  жаахан  хүүхэд хүртэл харийн  киноны  баатрыг   шүтэж,  их  хаантайгаа  харьцуулж  байна. Тэгээд  л  толгойд  ер  нь  яагаад  бидэнд  өөрийн  бахархал,  шүтээн  хэн  нэгэн  Дорж,  Батууд  байхгүй  байна  вэ  гэдгийг  бодлоо...”. Түүний бүтээлийн сэдэл ийм. Харин тагнуулдуулахад хүргэсэн нь “...Монгол хүүхдүүдийн бахархал, шүтээн болсон хэн нэгэн дүрийг бий болгох гэж  кино  хийхээр  шийдэж “Даяар Монгол”, “Хөх  Монгол”  бүлгэмийнхэнтэй  уулзаж  тэднээс  сэдэвлэсэн  кино  хийе  гэж  найзуудтайгаа ярилцсан. Гансүрэн  нар ч  өөрсдийнхөө  тухай  үлгэр, домог  шиг  түүх  яриад , эцэст  нь  киноныхоо  зохиолын  төгсгөл  дээр  жаахан  маргалдаад  нөгөө  зохиолын  гол  дүрийн  залуус  авилгажсан, харийнхантай  хуйвалдсан  төрийн  эсрэг  нэгдэн  эргэлт  хийхээр  шийдэж  байгаагаар  төгсгөе  гэж  тохиролцсон  юм...” гэжээ.  “БНМАУ-ын  төлөө  зүтгэе”, “Үнсэлт”, “Муушгийг  заавал таван гар  тоглох  албагүй” гэх түүний бүтээлүүдээс нь этгээд санаа үнэртдэг. Тэр энэ удаад ч өөрийн өнцгөөр бүтээлээ хийж, залуу үеийг хүмүүжүүлэхийг зорьсон бололтой. Гэвч түүний энэ зорилго түүний эргэн тойрон дахь хүмүүст хэрхэн гай тарихыг мэдээгүйг ч онцолсон байдаг. Учир нь түүнийг баривчлагдсаны дараа ойр тойрныхныг нь нэг бүрчлэн дуудаж байцаасан гэлцдэг юм. Мэдээж хууль цагдаагийнхны ажиллах зарчим онцгой байх. Хэрэгтнийг хэрэг хийснийг нь хүлээлгэхийн тулд айлгаж, сүрдүүлж, хийсэн мэтээр ярьж жүжиглэх гэх мэт. “Энэ  чинь  миний  киноны  санаа  гээд  тайлбарлаад  ярих  гэхээр  байцаагч   шууд  таслаад   “Энэ  чинь  хэрэгт  огт  хамаагүй.  Чи  зүгээр  үйлдсэн  хэргээ  л  яр. Чи  муу  эсэргүү  хэргээ  хүлээ” гэдэг  байсан...” гэх кино зохиолчийн ярианаас харвал дээрх жүжиглэлт хэтэрсэн биш үү. Тэр уран бүтээл хийх санаа гаргасныхаа төлөө байцаалтын ширээний урд Монгол Улсын төрийг аль эрт эргүүлчихсэн тэрслэгч болж хувирав уу. Бас түүнийг үйлдлээ хүлээхгүй бол “....” гэж их хэлмэгдүүлэлтийн үе шиг айлгаж сүрдүүлсэн гэж байгаа. “...Чиний  эхнэр  чинь  бие  давхар  юм  билээ. Хэргээ  хүлээхгүй  бол  эхнэрийг  чинь  хорино.  Шалгаж  байна  гээд  та хоёрыг  хоёр  жил  хорих  эрх  нь  байна.  Амьдрал  чинь  сүйрнэ” гэж байцаагч хэлсэн.  Хоёр  жил  байтугай гурван  сар  хоригдоход  л  хүний  амьдрал  орвонгоороо  эргэдэг. Эхнэрийг  минь  бас  төрийн  эсрэг  хэрэгт  чинь  хамаатуулж  хорино гэхээр  нь  өөрийнхөө  эсрэг  мэдүүлэг  өгөхөөс  аргагүй  болсон доо. Үгүй  гэвэл  тэд  үгэндээ хүрч  эхнэрийг  минь  хорих  байсан. Тэд  үүнийг  үнэхээр  чадна.  Огтхон  ч  эргэлзэхгүйгээр  амьд­ралыг  минь  сүрдүүлсэн  шигээ  орвонгоор  нь  эргүүлэх  юм  билээ...”, “Тийм  ээ, би тэр гучаад  оны  хэлмэгдүүлэлт яг хэвээрээ байгааг биеэр туулсан. Яруу найрагч  Д.Энхболдбаатартай  хам­тарч  2007  онд  хэлмэгдүүлэлтийн  тухай “БНМАУ-ынхаа  төлөө  зүтгэе” киног хийсэн. Тэр  хэлмэгдүүлэлт  гэж  чухам  юу  байсныг  биеэрээ  үзлээ...”  хэмээн цагдан хоригдож байсан үеэ дурсчээ.

Уран бүтээлийн тухай яриа өрнөсөн тэр үдшийн явдал тагнуулын сонорт “чимэгтэйгээр” хүрсэн нь 1930-аад онд их зохиолч Д.Нацагдоржийнд болсонтой дүйцэхүйц гэж тэр өөрөө ч бас онцолжээ. Энэ тухай “Бидний  хоорондоо  кино  зохиолынхоо  үйл  явдлыг  ярьж  байсныг  хэн  нэгэн  этгээд  нэлээд  дэвэргэж тагнуулынханд  мэдэгдсэн шиг  байгаа юм. Түүнийг  нь  нэг солиотой  нөхөр  шүүрч  аваад, мэдээллийн  үнэн  эсэхийг  магадлахын оронд  нэр  хүнд,  алдар  гавьяанд  хүрэх  гарц  болгон,  дарга  нартаа  сүр  бадруулан  илтгэж, баахан  зардал, чирэгдэл  болгон  тагнаж  мөрдөж  байгаад  нөгөөх  нь  зүгээр  л  кино  зохиолын  үйл  явдлын  тухай  яриа  болох  нь  тодорхой  болмогц  бантсандаа  хүчээр  зохиомол  хэрэг  үүсгэн , хүлээлгэх  гэж  намайг   барьж  хорьсон  байдаг  юм” гэжээ. Түүний ярьснаар бол хэрэг ингэж л өрнөж.