
Т.БАТСАЙХАН
Энэ онд нийслэлийн байгаль орчны газраас дөрвөн том цэцэрлэгт хүрээлэн нээхээр төлөвлөжээ. Тасганы овоо, Ногоон нуур, Сэлбэ, Туул голыг түшиглэсэн ногоон байгууламж зэрэг үүнд багтаж байгаа юм.
ТАСГАНЫ ОВОО ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛНО
Олон жил ярьсан Тасганы овоог цэцэрлэгт хүрээлэн болгох ажил дуусч энэ жил нээлтээ хийнэ. Ингэснээр нийслэлчүүд төв хэсэгтээ амарч зугаалах, байгалийн сайхныг бишрэх боломжтой болж байгаа юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажилд улсаас 400 сая төгрөг төсөвлөсөн билээ. Өмнө нь энэ газар хогийн цэг гэмээр байсан бол тохижилтын ажлын хүрээнд бохирдсон хөрсийг хуулж, 280 гаруй тонн хог зайлуулж, найман мянга гаруй метр талбайг зүлэгжүүлсэн байна. Тасганы овоо чулуулаг хөрстэй учраас ургахад тохиромжтойг нь бодолцож голдуу улиас тарьжээ. Огцом налуу уг уулын нүүрэн талд зүлэг тарихад бороонд урсчих магадлалтай учраас эко хавтан ашиглахаар болж. Энэхүү хавтан нь өдөр нарны гэрэлд эрчим хүч хурааж, шөнө түүгээрээ гэрэлтдэг юм байна.
ГЭР ХОРООЛОЛ ДУНДАХ АНХНЫ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол дунд “Ногоон нуур” хэмээх тогтоц газар бий. Энэхүү нуурыг түшиглэн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэжээ. Зураг төсөл хийгдэж байгаа бөгөөд ирэх долдугаар сард ашиглалтад оруулах юм байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь гэр хороололд барьж буй анхны ногоон байгууламжийн төсөл юм. Төрөл бүрийн мод бут тарьж, усан оргилуур, биеийн тамирын дасгал хийх талбай, явган хүн болон дугуйн зам байгуулах юм. Уг газар нь өөрөө байгалийн төрхөө бага ч гэсэн хадгалж үлдсэн учраас цэцэрлэгт хүрээлэн байгуулахад тохиромжтой гэжээ. Цэцэрлэгт хүрээлэнтэй болсноор гэр хорооллын иргэдэд, ахмадууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой хэмээн үзжээ. Мөн орчныг нь тохижуулаад ирэхээр тэнд амьдарч байгаа иргэдийн сэтгэлгээ, соёл ч өөрчлөгдөнө хэмээн үзэж байгаа юм. Ийнхүү гэр хороолол дундах анхны цэцэрлэгт хүрээлэн энэ жил үүдээ нээх нь.
СЭЛБЭ, ТУУЛ ГОЛЫН ХӨВӨӨГӨӨР ЗУГААЛГЫН БҮС БАЙГУУЛНА
Сэлбэ голын тохижилтын ажил хэдэн жил үргэлжилж, араасаа олон асуудлыг дагуулж буй билээ. Тэгвэл үүнийг Нийслэлийн удирдах зөвлөлийн хурлаар удахгүй хэлэлцэх юм байна. Сэлбэ голыг гурав хувааж тохижуулах болсон бөгөөд эхний хоёр хэсэг нь энэ онд ашиглалтад орох юм байна. Сэлбэ голын дээд талд усан цөөрөм байгуулж, урсацыг нь тохируулахаар төлөвлөсөн гэнэ. Мөн Сэлбэ, Дунд, Туул голын хөвөөгөөр олон нийтийн архигүй зугаалгын бүс байгуулна гэжээ. Дугуйн зам, гүйлтийн зам байгуулж хувийн хэвшлийнхэнд түрээслүүлэхээр болсон байна. Сэлбэ голын эхэнд Зуун мод зуслан, XIII, XIV хорооны ойролцоо мод үржүүлгийн талбай байгуулж иргэд, албан байгууллагууд мод тарьж эхэлжээ. Ямартай ч энэ зун тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийгдэж буй гэх Сэлбийн төслийн ажлын эхний үр дүнг нийслэлчүүд бид харах юм. Мөн Туул голын сав газрыг түшиглэн Усан парк, амьтны хүрээлэн байгуулах ажил энэ жил эхлэх гэнэ.
ХАН-УУЛ ДҮҮРЭГ НОГООН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Энэ жил дүүрэг бүр ногоон байгууламжтай болно. Хан-Уул дүүрэг 120-ын автобусны буудлын хажууд цэцэрлэгт хүрээлэнгээ барина. Одоогоор тэнд хоёр га газар төлөвлөж, зураг төслийн ажлаа хийж байна. Энэ нь мөн л нийслэлийн төв олны хөлийн газар учраас ногоон байгууламж байгуулахад тохиромжтой газар хэмээн үзэж байгаа юм. Хиймэл нуур, усан оргилуур, олон төрөл зүйлийн модлог ургамлаар баян байна. Удахгүй цэцэрлэгт хүрээлэнгийн шавийг тавьж газар шорооны ажлыг эхлүүлэх гэнэ.
ЭХИЙН ХӨШӨӨТЭЙ НОГООН БАЙГУУЛАМЖ ҮҮДЭЭ НЭЭНЭ
Мөн энэ жил хотын төв цэгт дахин нэг цэцэрлэгт хүрээлэн үүдээ нээнэ. Энэ нь арслантай гүүрний баруун талд байх аж. Одоогоор газрыг чөлөөлж хашаалсан байна. Усан оргилуур, явган хүний болон дугуйн замтай байхаас гадна тэнд өмнө нь байсан эхийн хөшөөг буцааж залах. Тэгэхээр эхчүүдэд зориулсан анхны цэцэрлэгт хүрээлэн энд сүндэрлэх гэнэ. Мөн энэ жил Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд хоёр га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ. 2020 он хүртэл нийслэлийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл 21 цэцэрлэгт хүрээлэнтэй болохоор заасан билээ. Энэхүү ажлын эхний үр дүнг бид энэ оноос эхлэх “амсах” юм байна.