
М.ГАНЦЭЦЭГ
Цэцэг бүр өөрийн гэсэн зан ааштай. Хүн бүр өөрийн гэсэн өнгө төрх, ааш авиртай байдагтай яг адил. Түүнд ааш гаргаж, муу хэлбэл урдаас хор цацна. Эзнээ эзгүйд жигтэйхэн санана, өвдвөл дагаж урвайна, даарвал өвчилнө, баярлаж эрхэлнэ. Ийм л амьд байгальтай өдөр бүр ярьдаг хүмүүсийн нэг өдрийн ажлыг “Амьдралын тойрог” буландаа сурвалжиллаа. Ажил бол хүний амьдралын нэг хэсэг билээ.
Манай сурвалжлагын баатрууд Төрийн ордныг бүхэлд нь олон төрлийн цэцгээр гоёдог хүмүүс. УИХ-ын гишүүд, сайд, зөвлөх, туслах гээд ордонд ажилладаг хүмүүсийн өрөө, чуулган, байнгын хороод, нам, эвслийн бүлгийн хуралддаг танхим, ордны хонгилууд гээд бүхий л газар амьд цэцэгтэй. Энэ бүхнийг дөрөвхөн хүн хариуцаж ажилладаг байна.
Төрийн ордны Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын Цэцэг, ногоон байгууламжийн хэсэг нэг агрономич, гурван цэцэгчинтэй. Агрономич Д.Байгалмаагийн ажил өглөөний 06:00 цагт эхэлдэг гэнэ. Түүний нэг өдөрт амжуулдаг ажлыг нь сонирхлоо. “Цэцэгтэй харьцана гэдэг нэг төрлийн урлаг” гэж тэр онцлов.
ДЭЛХИЙН ТОП 10 ОРДОНД БИЙ
Төрийн ордон хүлэмжийн аж ахуйтай юм байна. Ордонд байдаг бүх цэцгийг хүлэмжээсээ авчирч тавьдаг гэнэ. Хүлэмжид тарьж ургуулсан цэцгийг жижиг байх үед нь өрөө тасалгаанд, харин томроод ирэхээр нь нэг, хоёр, гурав, дөрвөн давхарын хонгилд байрлуулдаг. Ордны хаана нь байгалийн гэрэлтүүлэг тусах боломжтой цонх байна, тэр хэсэгт цэцэг байрлуулдаг аж. Агрономич Д.Байгалмаа ордны цэцгээ эргэж тойрч, аль нь ургаж, аль нь гундаж байгааг байнга анзаарч, өдөр бүр цэцэгтэй ярина. Мөн хэний өрөөнд ямар цэцэг тавьбал ургах, үгүйг судалж тохирсон цэцгийг байрлуулдаг гэнэ. Учир нь хойш харсан нарны тусгалгүй өрөөнд цэцэг амархан мууддаг юм байна.
Түүний тайлбарласнаар ордны цэцэгс 90 гаруй нэр төрөлтэй. Дэлхийд топ 10-т ордог тасалгааны цэцэг энд бий. Тухайлбал, Төрийн ордны А, Б танхимын хонгилд л гэхэд тэмээн тавхай, махлай, хятад сарнай, ойм, алаг цэцэг гэсэн таван төрлийн цэцэг байна. Мөн пальма гэдэг дал модыг тавьжээ. Халуун орны ойг санагдуулам энэ цэцэг таван настай. Төрийн ордны хонгилын хивсийг цэвэрлэхээр их чийгтэй болдог. Тэгэхээр чийг, үнэр дарах цэцэгнүүдийг энд байрлуулжээ. Энд шинэ жилийн орой улайдаг цэцэг байв. Одоо ч гэсэн улаавтар өнгөтэй юм. Гадаадынхан зул сарын баяраар нэг нэгэндээ бэлэглэдэг зул сарын мод. Энэ нь ховрын цэцэгт тооцогддог байна.
Харин УИХ-ын чуулганы хуралдааны танхимын голд хоёр жил дараалан арц тавьжээ. Хүлэмжиндээ арц үржүүлж энд авчирдаг байна. Дараа нь тасалгааны топ 10 цэцэгт ордог махлай, таваргана, удамбор гээд харьцангуй амь бөхтэй, том танхимд амьдарч чадахуйц цэцэг сонгож тавьжээ. Харин цэцэгтэй цэцэг тавьж үзсэн ч байгалийн гэрэлтүүлэг бага учир амархан муудсан гэнэ.
Д.Байгалмаа агрономич ийн тайлбарлаж явтал цэцэгний навч, дэлбээнд усны дусал тогтсон байхыг анзаарав. Тэрээр “Цэцэгчин саяхан энүүгээр явжээ. Дөнгөж усалгаа авсан цэцэг байна” гэх. Харахад хувин барьсан хүн цэцэг услаад явдаг ч мэргэжлийн нарийн арчилгаа шаарддаг. Нэг цэцэгний тоос шороог нэгбүрчлэн цэвэрлэхэд л бүтэн цаг болно. Долоо хоноод тойроод ирэхэд л тоос шороонд дарагдчихна. Хүний хөл хөдөлгөөний тоос шороог цэцэг өөртөө шингээж авдаг гэнэ. Байнга шүршинэ, тордоно, хөрс шороог нь сийрүүлнэ гээд их арчилгаатай. Яг л хүүхэд шиг үргэлж хайр, халамж, арчилгаа шаарддаг амьд зүйл юм. Цэцэг ургах хамгийн аятай нөхцөл бол байгалийн гэрэлтүүлэг аж.
ЦЭЦЭГТЭЙ ЦЭЦЭГ ҮРЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ
Албан тасалгааны дэлхийн топ 10 цэцгийг судалж олж мэдээд таван жилийн өмнөөс тарьж ургуулах болжээ. Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор дотор топ 10 бий. Пальма, махлай, саваргана, удамбор, зуунмод, ойм, нөмөргөнө зэрэг хүчилтөрөгч маш их ялгаруулдаг цэцэгс юм. Албан тасалгаанд хүчил төрөгч ялгаруулдаг цэцэг илүү чухал. Цэцэглэдэг нарийн чамин цэцэг байгалийн гэрэлтүүлэг их шаарддаг байна.
Төрийн ордонд суугчдын хүсэлтээр цэцэг тарьж өгдөг гэнэ. Гэхдээ тухайн өрөөний нөхцөл байдалд тохирсон цэцэг тавьдаг. Хойшоо харсан нар тусдаггүй өрөөнд суудаг хүн цэцэг авъя гэхээр тэнд тавьсан цэцэг ургадаггүй. Энэ байдлыг суугч нь сайн ойлгодог байна. Сүүлийн үед техник тоног төхөөрөмж хөгжсөн учир тасалгаанд янз бүрийн аппарат, принтерийн хор их болсон. Энэ бүгдийг цэвэршүүлдэг, хүчилтөрөгч нэлээд ялгаруулдаг цэцэг түлхүү ургуулж өгдөг гэнэ.
Ордны суугчид хувийн цэцгээ оруулж ирэхийг хүсдэг ч зан араншинг нь мэдэхгүй, орчиндоо тохирохгүй ,тэгээд ч гаднаас орж ирсэн цэцэг өвчлөмтгий, ая даахдаа тааруу байдаг аж. Цэцэг, ногоон байгууламжийн хамт олон сүүлийн үед цэцэгтэй цэцэг түлхүү үржүүлэхээр төлөвлөжээ. Гэхдээ ордны нөхцөлд тохирох тийм цэцэг ховор байгаа гэнэ.
Ордны бас нэгэн хонгилд цэцэгчинтэй таарлаа. Ордонд ажилладаг ганц цэцэгчин бол Х.Цэцэгмаа. Тэрээр ордны бүх цэцгийг өдөр тутам арчилна, дээрээс нь гаднах ногоон байгууламжийг хариуцдаг. Х.Цэцэгмаа цэцэгчин болоод удаагүй ч цэцэгний намтар түүхээс эхлээд ваарны онцлог гээд бүхий л зүйлийг эртнээс уншиж судалж мэджээ. Төр засгийн үйлчилгээг эрхлэх газарт өмнө нь ажиллаж байсан тэргүүний ажилтан юм байна.
Х.Цэцэгмаагийн ажил бас л өдөржингөө цэцэгтэй ярих. Үдээс өмнө бүх цэцгээ усална, хог хаягдлыг нь түүж бүтэн нэг тойрно. Үдээс хойшдоо шүршилт, хөрс сийрэгжилтээ хийж бас нэг тойрно. Биднийг ийн ордны цэцэгтэй танилцаж явахад навчин дээр нь шар будаг цацсан мэт нэгэн цэцэг байв. Үүнийг зарим хүн өвчилсөн, үхэжсэн цэцэг гэж андуурдаг гэнэ. Харин цэцэг хэдий чинээ алаг байна төдий чинээ ховрын цэцэгт ордог гэж мэргэжилтнүүд тайлбарлалаа.
ЭХНЭРЭЭСЭЭ УРВАЖ ЦЭЦЭГТ ТАТАГДСАН НЬ
Цэцэгчин Х.Цэцэгмаа ном зохиолоос уншсан цэцэгтэй холбоотой олон сайхан түүхээс бидэнд сонирхуулав. Нэгэн гэр бүлийн эзэн янз бүрийн цэцэг тарьдаг болжээ. Гэтэл эхнэр, нөхөр хоёр хөндий хүйтэн харьцаатай болж. Эхнэр нь ихэд гайхан сэтгэлд нь сэв сууж мэргэн түргэн хүнд очжээ. Гэтэл мэргэч “Танайд олон төрлийн эмэгтэй хүн байна. Нөхрийг чинь тойроод нэлээд хэдэн эмэгтэй байна” гэжээ. Гэтэл эхнэр нь бодоод олсонгүй. Хожим учир нь тайлагдахад эрэгтэй хүний сэтгэлийг татдаг цэцгийг гэртээ тарьсан учир нөхөр нь эхнэрээ анзаарахаа больж, цэцэг рүүгээ сэтгэл татагддаг болсон байж.
Бас нэгэн ваарны түүхийг сонирхууллаа. Нэгэн залхуу, ядуу хүн байж гэнэ. Нэг өдөр мэргэн хүн дээр очиж залхуу зангаасаа хэрхэн гарч сайхан амьдрах талаар асуутал мэргэн юу ч хэлсэнгүй, харин сайхан ваар өгчээ. Түүнийгээ гэртээ тавьсан чинь ваар нь гоё харагдаж гэрийнх нь бүх зүйл муухай харагддаг болсноор өдөр бүр гэрээ цэвэрлэдэг болжээ. Ингээд гэр орон нь сайхан болж, хүн амьтан тэднийхээр орж гардаг болж гэнэ. Тэгэхээр цэцэгний ваар хүртэл ийм учиртайг энэ түүхээс мэдэж болно гэдгийг ордны цэцэгчийн хэллээ. Цэцэг хэдий чинээ тансаг гоё ганган байна төдий чинээ нарийн арчилгаа шаарддаг байна.
Сүүлийн үед цэцгийг олон ангилдаг болсон. Хүүхдэд, эрэгтэй, эмэгтэй хүнд ээлтэй цэцэг гэж ярьдаг. Айлд сайн энерги өгдөг топ 10 цэцгийн жагсаалтын нэгдүгээрт зуун наст байдаг гэнэ. Хүүхдэд ээлтэй унаган хэл гэдэг цэцэглэдэг хөөрхөн цэцэг бий. Мөн агаарыг сайн цэвэршүүлдэг гээд олон янзаар ялгадаг байна.
Д.БАЙГАЛМААГИЙН ДУРТАЙ ЦЭЦЭГ НЬ НӨМӨРГӨНӨ
Агрономич Д.Байгалмаа Төв шуудангийн баруун урдхан байдаг хүлэмжээ эргэхээр явах болов. Түүнийг дагаад алхчихлаа. Энэ зуур түүний ажлын намтраас сонирхов. Тэрээр Цэцэг, ногоон байгууламжийн хэсэгт 22 жил тасралтгүй ажиллаж байгаа мэргэжлийн агрономич. Чехийн Прага хотын Хөдөө аж ахуйн их сургуулийг ургамлын инженер мэргэжлээр 1984 онд төгссөн. Улаанбаатар хотыг нийтэд нь хариуцдаг хот тохижуулах цэцгийн аж ахуйд лаборант, агротехникч, Олон наст үрийн аж ахуйд агрономичоор ажиллаж байгаад Цэцгийн аж ахуйдаа буцаж очоод агротехникч, агрономичоор 1992 он хүртэл ажиллажээ. Түүнээс хойш Төрийн ордны Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын Цэцэг, ногоон байгууламж хариуцсан агрономичоор ажиллаж байгаа юм.
Д.Байгалмаа гэртээ олон цэцэгтэй. Янз бүрийн цэцэг үржүүлдэг байсан нь их том ургажээ. Одоо бол цэцэглэдэг жижиг цэцэгнүүд тарьдаг болжээ. Өөрийнхөө, гэр бүлийнхнийхээ ордны ээлтэй цэцгийг тарьж ургуулдаг болжээ. Түүний хайртай цэцэг нь нөмөргөнө. Дэлхийн топ 10-ын нэг. Их гоё цагаан цэцэг гардаг гэнэ. Тэрээр сүүлийн үед хортой цэцгэнд их анхаардаг болж. Өөрөөсөө шүүс гаргадаг цэцэг хүнд хортой, харшил өгдөг. Түүнтэй ажиллахдаа болгоомжтой байх хэрэгтэйг сануулсан юм. Цэцэг хүний зан авирыг андахгүй мэддэг ч тухайн хүн сайн арчилж ургуулж чадвал ургахгүй цэцэг гэж байдаггүй гэлээ.
БОДЬ МОДЫГ Э.НЯМЦЭЦЭГ ШИНЭЭР ҮРЖҮҮЛЖЭЭ
Ингээд бид цэцгийн хүлэмжид очлоо. Ордонд байсан бүх цэцэг тэнд байх аж. Хүлэмжийн цэцэгчин Э.Нямцэцэг, Ч.Ганбат нар энд ажилладаг. Э.Нямцэцэгийн шинээр үржүүлсэн онцлох зүйл бол бодь мод. Бурхан багш дор нь орж гэгээрлийг олсон бодь мод Монголд байгаа нь энэ. Үүнийг ордны тохижилтод нийлүүлэхээр бэлтгэж байна. Ордонд байж байгаад муудсан цэцэгнүүд энд байв. Навч нь нэлээд унажээ. Харин энэ хүлэмжинд авчирч сайхан ургуулаад буцааж ордон руу хүргэнэ. Энэ хүлэмжид үр, мөчир гээд цэцэг ургуулах юу л байна тэр бүгдийг тарьдаг байна. Сонирхуулахад энэ хүлэмжийг 1985 онд Цэдэнбал-Филатова бариулсан гэдэг. Өдөр бүр нарны тусгал авдаг сайхан газарт Төрийн ордны цэцгийн хүлэмж байрладаг аж. Монгол орны цаг агаарын нөхцөлд дассан цэцгийг өөрийн хүлэмжиндээ өөрийн гараар тарьж ургуулж, үржүүлдэг нь энэ хамт олны бахархал аж.
Цэцэгчин Э.Нямцэцэг ордны цэцгийн хүлэмжинд 20 гаруй жил ажиллаж байгаа байгууллагынхаа аварга ажилтан нь. Түүний ажил өдөр бүр үргэлжилнэ. Их халуун хүлэмж учир цэцгээ өдөрт 2-3 удаа усалж чийгшүүлнэ, агааржуулна, бордоно, үржүүлнэ, тарина. Амралтын өдөр ч ажилладаг. Хүүхдээ хаяад явчихсан юм шиг хэдэн цэцгэндээ санаа зовоод амарч чаддаггүй гэнэ. Түүнийг нэг өдөр амарчихаад ирвэл цэцэгнүүд нь саначихсан байдаг аж. Э.Нямцэцэг өөрт нь ийм хайртай цэцэгнүүдээ бүгдийг нь хайрладаг. Бас өөрөө олсон ховор цэцгэндээ илүү хайртай гэнэ. Цэцэг эзнээ өвдвөл урвайна, бас санана, эзнийхээ дохио зангааг ойлгоно, муу хүн орж ирвэл үхнэ гээд маш мэдрэмтгий зан авиртай амьд байгальтай Э.Нямцэцэг жилийн дөрвөн улиралд ярьдаг бүсгүй. Харин цэцэгчин Ч.Ганбат хөрс шороогоо бэлтгэнэ, цэцгээ зөөнө гээд мөн л их ажил нугалдаг залуу юм.
Энэ хүлэмжид цэцэг тарих хөрс шороогоо өөрсдөө бэлтгэдэг. Бүтээгдэхүүнээ бүгд өөрсдийн гараар хийнэ. Малчид малаа онд мэнд яаж оруулах вэ гэдэг шиг тэд цэцэгнүүдээ дааруулахгүй, өвтгөхгүй, үхүүлэхгүй онд мэнд оруулна гэдэг тэдний санааг цаг үргэлж чилээдэг байна.
Хүн өдөр бүр амьд байгальтай ойр амьдарна гэдэг ихээхэн онцлогтой. Хэн бүхний ойлгодог ажил, мэргэжил ч биш юм. Цэцэг тарьж ургуулах, сайхан арчилахад хамгийн үнэтэй зүйл бол хүний сэтгэл гэдгийг агрономич Д.Байгалмаа болон цэцэгчид байнга онцолсоор байлаа.
Манайд цэцгийн мэргэжилтнүүд олон биш. Иймд сайн цэцэгчид бэлтгэхэд туслах зорилгоор энэ чиглэлээр сурч буй оюутнуудаас 1-2-ыг хүлэмжиндээ дадлага хийлгэдэг байна. Мөн Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын хамт олон үйлчлэгч нараа мэргэжлийн сургалтад хамруулдаг байна. Үүгээр цэцэг, ногоон байгууламжийн арчилгааны онол зааж, дадлага хийлгэдэг ажээ. Сургалтын тодорхой хөтөлбөртэй ч юм байна.
Хүлэмж дээр тэдний ажлын бас нэгэн хэсгийг олж мэдлээ. Цэцэг, ногоон байгууламжийн хамт олны ажил зөвхөн Төрийн ордны цэцэг, хүлэмж гээд дуусахгүй. Тэд Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд хэрэглэх цэцгийг захиалгаар бэлтгэдэг байна. Монголд ирж буй гадаадын зочдыг угтахаас үдэх хүртэлх ёслолд ашиглах цэцгийг тэд бэлтгэдэг. Гэхдээ энэ үйлчилгээнд бол тохирсон цэцгийг худалдан авдаг байна. Гадаадын зочны өмнө бяцхан хүүхдүүд цэцэг бариад угтдаг шүү дээ. Тэр цэцгийг тэдний хамт олон бэлтгэдэг юм.
Мөн хөшөө бунханд өргөх цэцэг, янз бүрийн зоогны ширээний цэцэг, баярын хүндэтгэлийн концертын цэцэг зэргийг бэлтгэдэг. Нам, төрд олон жил ажилласан тэргүүнүүний оршуулгын ёслолын цэцгийг бэлтгэж Алтан-Өлгийд хүртэл байршуулдаг байна. Мөн эмэгтэйчүүдийн баярын өдөр Ерөнхийлөгчийн 21 дарь эхэд өгөх цэцгийг бэлтгэнэ.
Ийм том ажлыг нугалдаг мэргэжлийн чадварлаг хамт олноороо Д.Байгалмаа бахархдаг. Байгууллагынх нь удирдлага ч хөрөнгө оруулалт хийж, ажлыг нь нэлээд дэмждэг байна. Ингээд агрономич Д.Байгалмаа хүлэмжээ эргэчихээд ордон руу буцах болов. Түүний ажлын бас нэгэн хэсэг болсон амьд байгаль тэнд хүлээж буй.