Э.СОЛОНГО

Хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон импортын кофенд манай улс жилд дунджаар 350 гаруй ам.долларыг гадагшаа “урсгадаг” байна. 2012 онд гэхэд импортын энэ бүтээгдэхүүнд Монгол Улс 639 сая төгрөг зарцуулсан байх юм. Харин кофены дотоодын хэрэгцээний 50 орчим хувийг хангах үйлдвэр босгоход 300 гаруй сая төгрөг шаардлагатай аж. Хүмүүсийн байнгын хэрэглээ болсон кофе, байхуу  цайг дотооддоо үйлдвэрлэх ямар боломж, гарц байгаа талаар “Монголд кофе үйлдвэрлэх” төслийг  санаачлагч “Мандах газар” компанийн захирал А.Агиймаатай ярилцлаа.

 

-Танай компанийг Монголд кофены үйлдвэр байгуулах төсөл боловсруулсан сонслоо.  “Мандах газар” компани болон төслийнхөө талаар товч танилцуулаач?

-Манай компани Солонгос улсаас кофе, төрөл бүрийн ургамлын болон жимстэй цай импортлодог. Солонгосын бүтээгдэхүүн сонгох болсон нь тус улс хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтээрээ дэлхийд нэлээд дээгүүрт ордог. Импортын кофе өнөөдөр манай зах зээлд өргөн хэрэглээний бүтээгдэхүүний тоонд багтаж байна. Энэ хэрээр инфляц өсөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа судалгаа бий. Тиймээс кофены хэрэгцээний тодорхой хувийг дотооддоо шийдэх гарцыг манай хамт олон хайж, энэ төслийг боловсруулсан. Манайд одоогоор энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг компани байхгүй. Төслийн гол үр өгөөж кофены хэрэгцээ жил ирэх тусам өсч байгаа энэ зах зээлийг тодорхой хувиар хангах, гадагшаа гарч байгаа валютын урсгалыг бууруулах, инфляцид эерэгээр нөлөөлөх юм. Мөн төсөл хэрэгжсэнээр тогтвортой ажлын байр бий болно. Төслийн зорилгын хувьд Солонгосын технологиор Монголын зах зээлд хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн, амт чанар сайн импортыг орлох бүтээгдэхүүнийг нийлүүлэх юм.  

-Дэлхийд танигдсан брэндийг Монголд үйлдвэрлэхэд техник технологи, туршлага гээд олон зүйл шаардлагатай болох байх. Үүнийг яаж шийдэх вэ?

-Манай компани Солонгосын кофе, савласан цай үйлдвэрлэдэг хэд хэдэн компанитай хамтарч ажилладаг. Тоног төхөөрөмжөө БНСУ-ын “HS PACK” компаниас авч мөн боловсон хүчний туршлага солилцоно. Бидний оруулж ирэх тоног төхөөрөмж хоногт 50 мянган ширхэг бүтээгдэхүүн савлах хүчин чадалтай. Манайх 2012 оноос хойш тус улсын “JNFood” компанийн үйлдвэрлэсэн органик цай, кофе импортлох хугацаандаа үйлдвэрлэх аргаас нь туршлага солилцож байсан. 

-Кофены үйлдвэр байгууллаа гэхэд эрэлт, зах зээл хэр хангалттай байгаа вэ?

-Манай улс кофены хэрэгцээнийхээ 70 хувийг гаднаас хангадаг. Судалгаагаар энэ бүтээгдэхүүний хэрэглээ жилээс жилд өсөх хандлагатай байгаа нь ажиглагдсан. Нийслэлийн нийт өрхийн 40 орчим хувь нь кофе, байхуу цай хэрэглэдэг. Түүнчлэн бүх албан байгууллага энэ төрлийн бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэж байна. Үүнээс гадна манайд ургамлын болон жимстэй цайг дотооддоо үйлдвэрлэх гол боломж нь бий. Манай улс янз янзын жимсний савласан бэлэн цай, жимстэй байхуу цайны хэрэгцээгээ мөн л гадны орнуудаас хангаж байгаа. Гэтэл Монгол орон эмчилгээний ургамал, төрөл бүрийн жимсээр баялаг орон. Үүнийгээ байхуу цай, савласан цайны түүхий эдэд ашиглах асар их нөөц байна.  

-Монголд үйлдвэрлэсэн кофе хэрэглэгчдэд ямар үнээр очих бол?

-Бүтээгдэхүүнийхээ үнийг түүхий эдийн ханш, бүтээгдэхүүний чанарыг харгалзаж тогтоох юм. Мэдээж импортын бүтээгдэхүүнээс хямд байх боломж бий.