
Ц.Заяа
БНСУ-д эмчлүүлэхээр явсан Н.Энхбилэг охины аав болон охинд туслаж байгаа хүмүүс өчигдөр мэдээлэл хийлээ. Долоон настай Н.Энхбилэг охин энэ сарын 11-нд ээжтэйгээ БНСУ-ыг зорьсон байна. Одоогоор охины биеийн байдал муудсаар байгаа бөгөөд гарын хоёр хуруу, хэлний тодорхой хэсгийг тайруулжээ. Мөн хөлийн хуруундаа үхжилт өгч эхэлсэн байна. Энэ үеэр охины аав “Эмч нарын хариуцлагагүйгээс болж миний охин тахир дутуу болсон. Онош нь тодорхойгүй байсаар биеийн байдал нь муудсаар байна. Эмчилгээний зардал нь шийдэгдэх юм бол бүрэн эмчлэх боломжтой” гэсэн юм. Уг хэргийг Баянхонгор аймгийн эрүүгийн хэлтэст шалгагдаж байгаа гэнэ. Одоогоор охины эмчилгээний зардалд 80 орчим сая төгрөг шаардлагатай байгаа юм. Н.Энхбилэг охиныг аврахаар олон хүмүүс туслаж байгаагийн дотор УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат болон “Ялгуун нигүүлсэл” ТББ, “Лайв гэйм” салон хувь хүмүүс байгаа аж. Бяцхан охинд туслахыг хүссэн хувь хүн албан байгууллага Хаан банкны 5232045577, төрийн банкны 23210006490 гэсэн дансруу хандиваа хийх боломжтой юм. Сайхан сэтгэлт ард түмэн тусламжийн гараа сунгахыг хүсье.