
Б.ЭНХ
Орон сууцныхаа талбайг санаатайгаар дутаасан компаниудын иргэдэд учруулсан хохирол 2.5 тэрбум төгрөгт хүрснийг ШӨХТГ-ын дарга О.Магнай өчигдөр мэдээлэв. Өнгөрсөн оны сүүлчээс барилгын компаниудад ашиглуулсан иргэд тус газарт хандсанаар уг асуудал эхэлсэн. Манайд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 150 гаруй барилгын компани бий. Тэдний гуравны нэг нь орон сууцныхаа талбайг дутааж мөнгө завшдаг байсан нь илрээд байна. Цаашид ч уг тоо өсөх хандлагатай байгаа гэсэн. Өнгөрсөн хугацаанд ШӨХТГ-аас цөөнгүй компаниас 300 гаруй сая төгрөгийн нөхөн төлбөрийг иргэдэд олгуулсан ч хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа том толгойтнууд байсаар байна. Үүний тэргүүн эгнээнд “Алтай” хотхоноор овоглогч “Тайгам алтай” компани явна.
Нэлээд хэдэн жилийн өмнө зах зээлийн хамгийн боломжит ханшаар ашиглалтад өгч байсан “Алтай” хотхоны 60 гаруй оршин суугч дутуу талбайтай байр авчээ. Тэдний олонхи нь 3-8 метр кв талбайгаар дутуу байртай бөгөөд одоогоор 360 сая төгрөгийн хохирлын дүн гарсан байна. Энэхүү мөнгөн дүнг тухайн үеийнх нь худалдааны ханшаар тооцвол 10 байрны үнэ хүрэх аж. Оршин суугчид энэ хохирлоо нөхөн төлүүлэхээр хөл хүрэх бүх газраар явж буй ч нэг ч төгрөг гар дээрээ аваагүй юм. Энэ дагуу ШӨХТГ-аас “Тайгам алтай” компанид удаа дараагийн хүсэлт, шаардлага тавьсан. Бүр сүүлдээ 10, 10 саяар торгож үзэв. Тусыг бас л олоогүй. Хамгийн сүүлд Барилга хот байгуулалтын яаманд зөвшөөрлийг нь хүчингүй болгох санал хүргүүлсэн. Одоогоор хариу ирээгүй байгаа аж. Цаашид хохирогч бүрээр нь улсын байцаагчийн дүгнэлт үйлдүүлж, айл тус бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль бодуулахаар төлөвлөж буйгаа албаныхан дуулгав. Ингэхээр анхны торгуулиа төлөөгүй тохиолдолд 60 орчим айлд тус бүрээр нь бодвол дахин 12 сая төгрөгөөр торгуулах болох нь. Гэхдээ “Тайгам алтай” компани энэ асуудлыг зүгээр ч нэг хойш нь тавьдаггүй, болж өгвөл хариуцлагаас мултрах санаатай тайлбар өгдөг гэнэ лээ.
Тухайлбал, 2010 оны долдугаар сард ашиглалтад орсон 12 дугаар байрны оршин суугч Н.Ханд анх 60.6 м.кв талбайгаар гэрээ байгуулж мөнгөө төлсөн байдаг. Гурван сарын дараа байрных нь ордер гартал 57 м.кв болж өөрчдлөгдсөн байжээ. Компанийнхан үүнийг тухайн үедээ өөр аргачлалаар хэмжсэн хэмээн асуудлыг булзааруулсан гэдэг. Тэдний хувьд хамгийн ихээр тоглож, мөнгө сааж сурсан нь хэмжилтийн стандарт. ШӨХТГ-т болсон барилгын компаниудын удирдлагуудын уулзалтын үеэр “Тайгам алтай” компанийн захирал дөрвөн жилийн өмнө шинээр мөрдөгдөж эхэлсэн барилгын тухай стандартыг дуулаагүй хэмээн будилсан. Одоо бол уг стандарт нь амьдрал дээр хэрэгжүүлэхэд барилгын компаниудад эрсдэлтэй гэж тас зөрж буй сурагтай. Хэдэн арван хохирогч гарч ирж, багагүй цаг хугацаа өнгөрсний дараа сая л нэг хөндлөнгийн хэмжигч байгууллагаар хэмжилт хийлгэнэ. Гурван талаас нь хэмжээд хохирол гарсан тохиолдолд төлнө хэмээн том толгойлж буй аж. Яаж ч бодсон мэргэжлийн хэмжигч байгууллага нь хууль бус үйлдлийг нь тогтоож 360 сая төгрөгийн тоог гаргаж ирчихээд байхад ийн аяглах нь цаашдынх нь үйл ажиллагаанд л халтай баймаар. Хэрэв талбайгаа үнэн зөвөөр хуваарилсан бол 60 гаруй айл сэтгэл санаа, эдийн засгаар хохирч үгийн муугаар чичлүүлэхгүй байлаа, “Тайгам алтай”. Бас дахин 10 айлыг хямдхан байранд оруулж буян болох байжээ. Бид энэ тухай цаашид дахин мэдээлэх болно.