С.УЯНГА

Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ сумдад шүлхий өвчин гарсан нь өчигдөр өглөө тогтоогджээ.

Дэлгэрэх сумын Бумбат багийн нутаг дэвсгэрт гурван үхэр халдвар авсан байна. Мөн Алтанширээ, Өргөн сумын заагт орших Магнай гэдэг газар таван үхэр шүлхийгээр өвчилжээ. Алтанширээ сумын баруун урд орших Хаяа багийн хоёр үхрээс шүлхий болон галзуу өвчин хавсарсан шинж илэрч шинжилгээ авахаас өмнө үхсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр холбогдох хүмүүс өвчилсөн үхрүүдийг устгахаар очсон байна. Шүлхий гарсан гурван голомтод хяналтын пост ажиллуулан хөл хөдөлгөөнийг нь бүрэн хорьжээ. Тус сумдтай хил залгаа оршдог Айраг, Сайншанд, Өргөн суманд мөн хяналтын пост ажиллуулж эхэлсэн байна. Өвчний голомтод зээр маш олноороо бэлчиж байгааг албаны хүн хэллээ.