
А.ОТГОНЧИМЭГ
Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.
-Өнгөрсөн онд “Төрийн үйлчилгээ-иргэдийн оролцоог нэмэгдүүлэх” жил болгон зарлаж ажилласан, энэ хүрээнд хэр үр дүнтэй ажил хийлээ гэж үзэж байна вэ?
-2013 онд төрийн үйлчилгээны шинэчлэл иргэдийн оролцооны жил болгосон. Ингэх ямар шаардлага байсан юм бэ гэхээр манай иргэдийн зүгээс тавьсан нэг том шаардлага нь төрийн албан хаагчдын үйлчилгээ муу, олон шат дамжлагатай, тавьсан гомдол шаардлагыг шийдвэрлэдэггүй гэх зэргээр шүүмжилдэг байсан. Иймд төрийн албан хаагчаа чадавхжуулах зайлшгүй хэрэгцээ гарч ирсэн. Эдгээр ажил үйлчилгээний шаардлагаас “Төрийн үйлчилгээг шинэчлэх” жил болгон зарласан. Энэ хүрээнд олон ажлууд хийснээс бодитой зарим нэгээс нь дурдвал, мэдээллэл шуурхай удирдлагын төвтэй болж, иргэдээс өдөр бүр мэдээллийг хүлээн авдаг 70321111 утсыг ажиллуулж байна. Хоёр дахь нь 19 сумандаа иргэний танхимтай болж, тухайн суманд тулгамдаж байгаа асуудлыг олноороо хэлэлцэж шийддэг болсон. Гурав дахь том ажил нь албан хаагчдынхаа сэтгэлгээ хандлагыг өөрчлөх шаардлагын үүднээс сургалт зохион байгуулж, төрөл бүрийн арга хэмжээнд оролцууллаа. Мөн төсөвт байгууллагуудыг камержуулсан нь төрийн албан хаагчдыг хариуцлагатай болгосноос гадна иргэн хүний хариуцлагыг сайжруулж байгаа зүйл гэдгийг хэлье. Дөрөвт нь Арвайхээр хотыг бүхэлд нь камержуулжснаар гэмт хэрэг зөрчлийг бууруулах, иргэний үүргийн биелэлт, авто осолтой холбогдолтой хэргүүдийг хянах системтэй боллоо гэх мэтчилэн “Төрийн албан хаагчдын төрийн үйлчилгээны шинэчлэл-иргэдийн оролцоог нэмэгдүүлэх” жилийн хүрээнд хийсэн томоохон ажлуудыг дурдаж болох юм.
-Тэгвэл энэ оныг “Хөдөлмөр эрхлэлтыг нэмэгдүүлэх жил” болгон зарлалаа. Энэ хүрээнд ямар ажлууд хийх вэ?
-Аймгийн иргэдийн хурлаас 2014 оныг “Хөдөлмөр эрхлэлтыг дэмжих жил” болгон зарласан. Үндсэндээ манай аймгийн анхаарал татаж байгаа нь хөдөлмөр эрхлэлтын асуудал юм. Аймгийн хэмжээнд албан бусаар 7000 орчим хүн ажилгүй байна. Тиймээс ажилгүй хүмүүсээ яаж ажилтай болгох, ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт онцгой анхаарлаа хандуулна. Энэ хүрээнд хэд хэдэн ажлыг зохион байгуулахаар батлан даалтын сан гаргаж барьцааны зээл өгөх, нийтийг хамарсан түр ажлын байрт түлхүү хамруулах, ажлын байр бий болгож байгаа бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдийг дэмжих, иргэдийнхээ ажил, хөдөлмөр эрхлэх гэсэн сэтгэлгээ, санаачлагыг дэмжихээр ажлаа эхлээд байна. Ер нь яагаад ажил эрхлэхгүй байна гэхээр архины хамааралтай болсон хүмүүс ажил хийхгүй байгаа нь харагдаж байна. Иймд эдгээр хүмүүсийг ажил хийх хүсэлтэй болгох гэсэн таван ажлыг хэрэгжүүлнэ. 2014 оны Хөдөлмөр эрхлэлтыг дэмжих ажлын төлөвлөгөөгөө батлаад сумд руу чиглэл өгчихөөд байна. Бид ажлын байр нэмэгдсэн ажилтай болох хандлага сэтгэлгээг нэмэгдүүлсэн жил болно гэдэгт итгэж байна.
-Саяхан яамдтай гэрээ байгуулсан. Биелэх боломжгүй гэсэн заалт байна уу?
-2014 оныг эдийн засаг санхүүгийн хувьд хүндрэлтэй жил гэж үзэж байгаа. Яагаад гэвэл дэлхий нийтээрээ санхүү эдийн засгийн хямралтай, дээр нь манай экспортын гол бүтээгдхүүн болох алт, зэсний үйлдвэрлэлийн үнэ бага зэрэг уналттай, долларын ханш өсөлттэй гээд эдийн засагт муугаар нөлөөлөх зүйл ажиглагдсан он гэж үзэж байгаа. Тиймээс орон нутагт тэвчиж болох зардлуудыг хэмнэж, орлогоо нэмэгдүүлэхэд дорвитой арга хэмжээ авч ажиллах талаар Засгийн газраас тодорхой чиглэл өгсөн. 17 сайдтай гэрээ байгуулж , 2014 онд хийх ажлынхаа чигийг авч ажиллахаар тогтсон. Хөрөнгө оруулалтын хувьд буурсан тал бий. Гэхдээ ерөнхий суурь үзүүлэлтын хувьд өөрчлөлт ороогүй. Сайдуудтай хийсэн гэрээний хувьд хоёр талаасаа хамтран ажиллах учраас боломжтой гэрээ батлах учиртай.
-Өнгөрсөн онд бүтээн байгуулалтын олон ажил хийж, шилдэг аймгаар шалгарч байсан. Харин энэ онд ажил дүгнэхэд эхний тавд ч байхгүй байгаад юу нөлөөлөв?
-Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хяналт шинжилгээ үнэлгээ хийж жил бүр аймгуудын ажлыг дүгнэдэг. Өмнө нь ч шалгадаг тодорхой үзүүлэлтүүд бий. Үүний дагуу шалгасан гэж ойлгож, боломжийн хэмжээнд дүгнэсэн гэж үзэж байгаа. Харин манай хувьд үндсэн зорилтуудаа биелүүлж ажилласан гэж бодож байна. 2013 онд Өвөрхангайчууд хөрөнгө оруулалт, эдийн засгийн чадавх гайгүй байж ажлаа сайн хийж ирлээ.
-Төсвийн тухай хуулийг орон нутгийн удирдлагууд хэрэгжүүлэх чиг үүргээс гадна, шинэчлэлийн Засгийн газарт хамгийн ойр ажилладаг Засаг дарга нартаа ямар үүрэг хариуцлага тусгасан бэ?
-Төсвийн тухай асуудалд голчлон орон нутгийн сангийн тухай хууль байдаг. Өнгөрсөн онд 9.7 тэрбум төгрөгний санхүүжилт хийгдэх ёстойгоос одоогоор нэг тэрбум 250 сая төгрөгийн санхүүжилт байхгүй л байгаа. Үүнийг хэрхэн яаж эхний ээлжинд авах вэ гэсэн асуудлыг нэлээд сайн ярилцсан. Нөгөө талаар энэ жил долоо орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх ёстой. Сар бүр жигд орлого бүрдэж байж төсөв бүрдэнэ. Үүн дээр анхаарлаа хандуулах ёстой. Орон нутгийн төсвийн орлогыг сайн бүрдүүлж байж орон нутгийн хөгжлийн сангийн ажил урагшлана. Орлого бүрдүүлнэ гэдэг зөвхөн татварын асуудал биш нийт төрийн албан хаагчдынх гэж бид ойлгож байх хэрэгтэй.
-Таны ажлын тулгуур болох, сумдын Засаг дарга нарын ихэнх нь залуу хүмүүс. Тэд ажилдаа хэр дадаж байна вэ?
-2012 оны Сонгуулийн үр дүнгээр сумдын дарга нарын 80 хувь нь шинэчлэгдсэн. Шинэ дарга нарын хувьд 2013 он туршлага, сургамж олж авсан жил байсан байх. Мэдээж шинэ хүмүүст алдах, онох аль аль нь байгаа. Өнөөдөр дүгнэлт хийхэд эрт байна. Ер нь сумдын дарга нар санаачлагатай, идэвхтэй аливаа асуудлыг олон нийтийнхээ оролцоон дээр тулгуурлаж шийдвэрлэх гэсэн эрмэлзэлтэй, шуурхай ажиллаж байгаа гэж боддог.
-Энэ жилийн өвөл, хаврыг хэрхэн даван туулж байна вэ. Харьцангуй цас зуд хүйтний эрч гайгүй байлаа шүү?
-Энэ жил сайхан өвөл болж өнгөрлөө. Аймгийн хэмжээнд эдийн засгийн гол үзүүлэлт болсон мал сүрэг маань таван төрөл дээрээ 510 мянган толгойгоор өссөн. Малчдын маань мал сүрэг гурван сая 480 мянган мал тоологдож улсын хэмжээнд IV байрт яваа. Өвөрхангайчууд бидний хувьд гол эдийн засаг болсон мал аж ахуйн өсөлт сайтай сайхан жилээ үдлээ. Энэ нь манай малчин түмэн, малчин бизнэс эрхлэгчдын маань ажил хөдөлмөрийн үр дүн гэж үнэлж байгаа.
-Энэ онд төрийн байгуулага, иргэний нийгэм, бизнес эрхлэгч, иргэдтэйгээ хамтарч ажиллах шинэ ажлуудын талаараа ярихгүй юу?
-Ерөнхийлөгчийн зүгээс 2014 оныг Том төрөөс-ухаалаг төр рүү гэсэн зарчим дэвшүүлснийг зүйтэй санал гэж бодож хүлээж авсан. 2014 онд хийх нэг гол ажил нь ухаалаг төрийн хүрээнд юу хийх хэрэгтэй байгааг бид төрийн зарим үйл ажиллагаа, байшин, барилгыг, төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх, хувийн хэвшлийг төрийн байгууллагын зүгээс хэрхэн дэмжих вэ гэдэгт ажиллана. Тийм учраас 2014 он Өвөрхангайчуудын хувьд хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, ухаалаг төрийн талаар ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжсэн, архидалтай тэмцэх талаар ахиц, дэвшил гаргасан, санхүү, эдийн засгийн чадавхыг сайжруулсан, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлсэн он болно гэж төсөөлж байна даа.