
Т.БАТСАЙХАН
МУИС-ийн Биологи, биотехнологийн сургуулийн доктор, профессор Р.Самъяатай ан агнуурын талаар ярилцлаа.
-Сүүлийн үед галт зэвсэг хийгээд хууль бус ан агнуурын талаар олон асуудал яригдаж байна. Энэ тал дээр ямар бодол, байр суурьтай байна вэ?
-Юуны өмнө хэн ан хийх эрхтэй болохыг тодорхойлох ёстой. Би эрх чөлөөтэй иргэн хэмээн цээжээ дэлдэн, дураараа дургих хандлага нэг үеэ бодвол гайгүй болжээ. Дундын баялгийг эзэнгүй, хяналт багатай байлгах, овсгоотой нэгэнд нь дураараа дургих боломжийг нээлттэй байлгах сонирхол сүүлийн жилүүдэд давамгайлсаар ирснээс энэ бүхэн үүдэлтэй. Тэгэхээр анчин гэж ямар хүн байх, түүнийг хэрхэн баталгаажуулах, тэдний үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ гэдэгт анхаарах нь чухал. Ан хийх сонирхолтой хүн бүр анчны үнэмлэхтэй байдаг жишиг бүх оронд бий. Европын орнуудад ан амьтны талаарх онолын болон практик мэдлэг, ангийн буу эзэмших дадал зэргээр шалгалт өгч тэнцсэн тохиолдолд анчны үнэмлэх авах эрх нээгддэг. Мөн үнэмлэхийг насаар нь ялгавартай олгох, ан агнах зөвшөөрлийн хураамж хугацаанаасаа хамаарч ялгавартай байх зэрэг зохицуулалт байдаг юм билээ.
-Манайд байдал эсрэгээрээ байна уу. Анчин гэж ямар хүнийг хэлээд байна вэ?
-Манайд ан агнуурын зохицуулалтыг дэлхийн олон оронд байдаг түгээмэл чиг хандлагад нийцүүлэхэд чиглэсэн зарим шинэ хандлага бий болж байна. Үүнийг үгүйсгэх аргагүй. Ангийн нийгэмлэгийн гишүүн байх, агнуурын эдэлбэр нутагтай байх, тэндээ агнуур зохион байгуулалт хийх, түүндээ тулгуурлан ан агнуурын менежментийн төлөвлөгөө гаргаж орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага баталгаажуулах гэх мэт. Гагцхүү энэ бүх заалтыг амьдралд хэрэгжүүлэх, үйлчлэх чадвартай “амьд механизм” хараахан бүрдээгүй байна. Австри улс газар нутаг багатай. Гэтэл энэ орны хувьд туулай агнуурын гол амьтан болох бөгөөд туулайн агналт эрхэлдэг эрчимжсэн аж ахуйн нэгж ч олон бий. Нэг га талбайгаас жилд 400 хүртэл туулай агнаж ашиглана. Анчид хувийн хөрөнгөө гаргаж ангийн эдэлбэр нутагт тордолт, арчилгаа, хамгаалалтын арга хэмжээ авна. Мэргэжлийн байгууллагын оролцоотой агнах амьтны тоо хэмжээг тогтоосны дараа эдэлбэр нутагтаа ашиглалт явуулна. Африкийн орнууд ч ангийн эдэлбэр нутагтаа гадаадын анчдаас олсон орлогыг ангийн нөхөрлөл, орон нутгийн захиргааны байгууллага тодорхой хувиар хуваадаг байна.
-Тэгэхээр бид ан агнуурын тал дээр иймэрхүү бодлого баримталж ажиллавал зүгээр гэдгийг ойлголоо. Нөгөө нэг чухал асуудал бол хамгаалах юм?
-Тийм шүү. Ардчилал, шинэчлэлийн шинэ давалгаа хамгийн түрүүнд ан хийх эрх чөлөөг тунхагласан. Насанд хүрсэн, сэтгэцийн хувьд эрүүл хүн бүр ангийн буу эзэмших эрхтэй боллоо. Анчдын нийгэмлэгийн гишүүн мөн, эсэхээс үл хамааран ангийн буу эзэмших эрх чөлөөг тунхаглаж, эрх мэдэлтэй, мөнгөтэй “шинэ монголчуудын” дунд агнасан олзвороороо уралдах өвөрмөц маягийн өрсөлдөөний шинэ хэлбэр бий боллоо. Нэр хүндтэй хүмүүсийн гайхуулах дуртай сэдвийн нэг нь ан ав болов. Цусанд будагдсан үнэтэй машин дээрээ хөлдүү чоно, чонын арьс ачин хотын гудамжаар гайхуулан давхих хүмүүс ч мэр сэр байв. Хэн хамгийн том чоно агнав, хэн хамгийн том тул барив гэдгээрээ өрсөлдөх нь тодорхой хүрээнийхэнд нэг өвөрмөц чамирхал болжээ. Хуулинд заасан ёс журмаар ан ав эрхэлж байгаа хүмүүс хэр олон байгаа бол гэдэг нь эргэлзээтэй. Ер нь ийм журам улс орон даяар мартагдсан гэхэд хилсдэхгүй. Хөрөнгө, эрх мэдлийн хувьд боломжтой хэн бүхэн хаа дуртай газраа, хүссэн ангаа хийсээр л байна. Ийм байдал өнөөдөр арай багассан ч хандлага нь хэвээр үргэлжилсээр байна. Ан хийнэ гэдэг аллага биш нарийн ярьвал шинжлэх ухаан юм шүү дээ.
-Байгалийн нөөц, ан хийх сонирхол, эдийн засгийн ач холбогдол гээд энэ бүгдийг хэрхэн зохицуулах ёстой вэ. Манайд байдал ямар байгаа бол?
-Манай оронд жилд ямар төрлийн ан амьтанг хичнээн тоогоор агнаж байгаа тухай ямар ч судалгаа мэдээлэл алга. Ямар амьтан, хаана хичнээн тоо толгой байдаг тухай мэдээ, баримжаа бүр ч сураггүй. Ан амьтны нөөцөө анхаардаггүй орон дэлхий дээр манайхаас өөр байдаг гэдэгт би лав итгэхгүй байна. Гагцхүү энд тэндэхийн гааль дээр шалгалтад өртөж тохиолдлоор илэрсэн үед л өч төчнөөн амьтны арьс, амьтны гаралтай бүтээгдэхүүн хураасан тухай цацагдаад өнгөрнө. Зүй бус үйлдэл агуулсан бүх тохиолдол хил дээр илэрдэг, илэрсэн бүхнийг зарладаг нь бас юу л бол. Нэн ховор, ховорт тооцогдох, аль эсвэл гадаадад экспортолдог, гадаадын анчдаар агнуулдаг цөөхөн зүйлийн амьтны талаар яамны зүгээс үе үе анхаарч богино хугацаанд тооллого хийсэн төдийгөөр санаа амардаг. Зэрлэг амьтан тоолох гэдэг бол богинохон хугацаанд бага хүчээр амархан хийчихдэг ч ажил бас биш. Улс орон даяар түүнийг байнга харж, хянаж байдаг тогтолцоо орон нутагт бий болж, тогтвортой ажиллаж байж энэ үнэ цэнтэй баялагийн талаар үнэн зөв мэдээлэлтэй байх боломж бүрдэнэ. Ховор амьтандаа анхаарахаас гадна элбэг амьтныг ч анхаарч, бололцоотой нөөцийг хэрхэн ашиглах талаар ухаан гаргах нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцмээр.
-Гадаадын анчин жуулчдад ан агнуулах талаар та ямар бодолтой байдаг вэ. Зарим нь эсэргүүцдэг тал бий?
-Гадаадын анчдаар агнуулах амьтны тоо цөөрсөөр байгаа нь байгаль хамгаалах үзэл баримтлал талаасаа зөв зүйтэй зүйл мэт боловч байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт, эдийн засгийн үр ашиг, орон нутгийн онцлогт нийцсэн спорт агнуур, аялал жуулчлалын нэг өвөрмөц бүтээгдэхүүний хөгжлийн хандлага талаасаа бол таатай зүйл биш. Гагцхүү энэ ажлын зохион байгуулалт оновчгүй байгаагаас бололцоотой нэг нөөцөө зохистой ашиглаж чадахгүйд хүрч байгаа таагүй зүйл. Зүй нь орон нутагт агнуурын эдэлбэр нутгаа оновчтой тогтоож, түүний хамгаалалт, ашиглалтыг орон нутгийн иргэд, аль эсвэл ашиглалт явуулдаг аялал жуулчлалын байгууллагын оролцоотой зохион байгуулж, үр шимийг нь тэд шууд хүртэх тогтолцоог бүрдүүлж чадаж байвал жилд 15 биш түүнээс хавьгүй олон угалз агнуулах нөөц ч манай улсад бий. Цөөхөн лицензийг мэдээлэлд ойр байдаг “монополь” эрхтэй цөөхөн аж ахуйн нэгж аваад аргаль угалзтай аль нэг сумын удирдлагатай гэрээ байгуулсан нэр хэмээж агналтаа явуулж байна. Орон нутгийн иргэд ан амьтнаа хамгаалсны үр шимийг хүртэхгүй байгаа тул аргаль угалзтай байх сонирхол буурна. Энэ нь байгаль хамгаалах бодлогод ихээхэн халтай хандлага.