
С.УЯНГА
“Гал үндэстэн”, “Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо”, “Монголын офицеруудын холбоо”, “Голомт-Цөмийн эсрэг хөдөлгөөн”, “Тэнгэрийн суут Монгол” зэрэг иргэний нийгмийн байгууллагуудаас Ц.Мөнхбаяр нарын таван хүнд оноосон 21.5 жилийн ялыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд үйлдлийн сэдэл, учир шалтгаан, учруулсан хор хохирол зэргийг үл харгалзан зандачлах зүйл ангиар оноосон ялын тогтоолыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд алагчлалгүйгээр хамгаалуулах эрхтэй”, Монгол Улсад оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх” зарчим болон бусад хуулийг зөрчиж байна хэмээн үзэж байгаа юм . Иргэний нийгмийн 35 байгууллага болон иргэдийн төлөөлөл ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нарыг хууль хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, хууль бусаар хуулийн төсөл өргөн барьсантай холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж хариуцлага тооцуулна гэсэн юм. Ц.Мөнхбаяр нарын талаар уурхайн компаниудаас хууль бусаар авсан гэх 67 сая төгрөгийн хэргийг хүчингүй болгож цагаатгасан нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн худал мэдээлэл санаатайгаар цацуулж байсан нь нотлогдсон гэлээ. Иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн үзэж байгаагаар МИ-8, Хадгаламж зээлийн хоршоо, Хонгор сум , долдугаар сарын 1-ний хэрэг зэрэг олон нийтийг хамарсан томоохон хэргүүдэд ямар хариуцлага тооцуулсан, хэдэн жилийн ял авсан нь тодорхойгүй байхад улс орон, иргэдэд ямар ч хохирол учруулаагүй таван хүнийг ийнхүү хэлсдүүлснийг эсэргүүцэж байгаа гэнэ. Шүүх хурал болсны маргааш Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан нь 21.5 жилийн шүүхийн тогтоолыг дээрээс захиалсан нь тодорхой болж байсан гэсэн юм. Мөн тэд Ц.Мөнхбаяр нарт оноосон ялыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Давж заалдах шатны шүүх хурлаар хууль бус шийдвэрээ эргэж харахгүй бол иргэний нийгмийн байгууллагууд, ард түмний төлөөлөл нэгдэн дараа дараагийн арга хэмжээг авна гэлээ. Төрийн бус байгууллагуудын төлөөлөл ард иргэдийн санал, гарын үсгийг цуглуулж байгаа бөгөөд дараагийн шүүх хурал дээр ард түмэн ялна гэдэгт итгэж байгаа гэв. Ц.Мөнхбаяр нарын таван хүнд ийм ял оноосноороо Шүүх, Цагдаа, Тагнуулын байгууллага өөрсдийгөө дампуурсан эсвэл эрх баригчдын нөлөөнд автсан гэдгээ нотоллоо гэж үзэж байгаа юм. Мөн цэвэр агаар, цэнгэг ус, эрүүл газрыг үр хойчдоо үлдээхийн төлөө тэмцэж улс төрчдийн золиос болж байгаа хүмүүсийн ард гэр бүл үр хүүхэд нь цусаар уйлж байгааг ч хэлж байлаа Хэвлэлийн хуралд Монголын ногоон намын төлөөллөөс ирж байр сууриа илэрхийлсэн юм. Тус намын төлөөлөл “Зориуд Цагаан сарын өмнө яаран ял оноож, цагаан сарын дараа хүмүүс мартана гэсэн зорилготойгоор ийм зүйл төлөвлөж байна. Ц.Мөнхбаярыг ялласнаараа бүх монголчуудыг яллаж байна” гэсэн юм. Тэд Ц.Мөнхбаяр нарын таван хүний хэргийг улстөржүүлэхгүй үнэн зөвөөр шийдэж өгөхийг Монгол Улсын ерөнхийлөгч, УИХ,Засгийн газраас шаардаж байгаа юм. Эх орон, газар нутгаа хамгаалсан нь ялтан болдог, эх орон газар нутгаа худалдсан нь саятан болдог жишиг тогтох ёсгүй гэсэн юм.
“Монголын дуу хоолой хөдөлгөөн”-ий тэргүүн Ш.Түвдэнбалжир:
Ц.МӨНХБАЯРЫН ЗЭВСЭГ БАРИХ ШАЛТГААНЫГ ЭРХ БАРИГЧИД БИЙ БОЛГОСОН
Ц.Мөнхбаярын зэвсэг барих шалтгааныг эрх баригчид буй болгосон. Төр долдугаар сарын 1-нд иргэдийнхээ өмнөөс гал нээж, улмаар хүмүүсийг тахир дутуу болгож айдаст автуулсан. Тиймээс иргэд үнэний төлөө тэмцэхдээ эд баялаг эрх мэдлийн төлөө яахаас ч буцахгүй болсон хүмүүсээс айж аргагүйн эрхэнд зэвсэг барьсан. Гэхдээ байлдааны бэлэн байдалд оруулаагүй буу байсан. Гранат тавьсан газраа өөрөө холбогдох байгууллагад хэлж өгсөн. Тиймээс эрүүгийн хэргийн тусгай ангийн хуулинд өөрөө сайн дураараа үйлдлээ холбогдох байгууллагад мэдэгдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заасан байдаг. Яагаад байгаль дэлхий, ирээдүй хойчийнхоо төлөө тэмцэж байгаа энгийн иргэнд цаазлахын дараах ял оноож байгааг ойлгохгүй байна.
“Цагаан хас” төрийн бус байгууллагын дэд тэргүүн н. Дарханбаяр:
БИДНИЙГ АЙЛГАНА ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ ГОРЬДСОНЫ ГАРЗ
Албан тушаалтнууд Ц.Мөнхбаяр нарын таван хүнд хүнд ял оноосноороо иргэний нийгмийн байгууллагуудыг айлгана гэж үзэж байгаа бол горьдсоны гарз, бид улам бүр тэмцэнэ. Ц.Мөнхбаяр нарын үйлдэл бол зүгээр сануулга байсан. Эх орноо зарж байгаа эрх мэдэлтнүүд ард түмнийг хооронд нь талцуулж байгааг зогсоох болно. Хэрвээ биднийг дахиад ийм байдлаар зогсоох гэж оролдвол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ.