Б.СОЛОНГО
Метр квадратынх нь үнэ хамгийн хямд хэмээн иргэдийн дунд багагүй хүлээлт үүсгэсэн “Буянт-Ухаа 1” хорооллын эхний ээлжийн 567 айлын орон сууц ашиглалтад орж өчигдөр нээлтээ хийлээ.
Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд барьж буй уг хороолол нь нийт 1764 айлын есөн давхар бүхий 28 барилгаас бүрдэж байгаа юм. Анх удаа Засгийн газрын санхүүжилт, захиалгаар үндэсний барилгын компаниуд нэгдэж томоохон бүтээн байгуулалтыг хийж чадсан нь энэхүү “Буянт-Ухаа 1” хороолол билээ.
Хан-Уул дүүргийн Нисэхийн дэнжид 3.5 га талбайг хамарсан тус хорооллыг бага, дунд орлоготой болон төрийн албан хаагч, залуу гэр бүлүүдэд зориулсан бөгөөд автомашины дулаан гараж, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, үйлчилгээний төвийг цогцоор нь шийдсэн байна.
Хорооллын шавыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тавьж, Засгийн газрын тэргүүн тууз хайчилснаас хойш өнөөдрийг хүртэл 200-гаад инженер, техникийн ажилтан, 2676 ажилчин ажиллаж, 28 барилгын угсралтыг бүрэн дуусгаж, 23 барилгад заслын ажил хийгдэж байгааг онцоллоо.
“Дельта Констракшн”, “БҮТИ”, “И Си Си”, “Улаанбаатар барилга”, “Эрэлт импекс” гэсэн үндэсний таван компанийн нэгдэл болох Үндэсний бүтээн байгуулалтын корпораци нь энэхүү хорооллын ерөнхий гүйцэтгэгч юм. Санхүүжилтийг саадгүй шийдэж чадвал манай үндэсний компаниуд ямар хурдан хугацаанд, өртөг багатай бүтээн байгуулалтыг хийж чаддагийг тодоор харууллаа гэж нээлтэд оролцогсод ам сайтай байсан юм. Нээлтээ хийсэн 567 айлын орон сууц нь нийт есөн барилгаас бүрдэж байгаа юм. Нээлтийн үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар орон сууцны дотоод зохион байгуулалт, өрөөнүүдийг үзэж сонирхлоо. “Буянт-Ухаа 1” хороололд 33.7, 39.4, 42.3 метр квадрат талбай бүхий нэг өрөө байр тус бүр 252 нийтдээ 756, 33, 49.7, 54.7 метр квадрат бүхий хоёр өрөө орон сууц тус бүр 252 нийтдээ 756, 66.8 метр квадрат талбай бүхий гурван өрөө байр 256 ширхэг байгаа юм байна. Өрөөний зохион байгуулалт тун боломжийн, зай томтой байгааг энэ үеэр онцолж байв. Тухайлбал, 33 метр квадрат талбайг хоёр өрөө байр болгосон нь боломжийн том, цэлгэр харагдаж байв. Түүнчлэн бага, дунд орлоготой, залуу гэр бүлүүдийг дэмжих зорилготойгоо нийцсэн бага квадраттай хэрнээ зай томтой орон сууцууд болсныг хэлж байсан юм.
МОНГОЛ АЖИЛЧИД, МОНГОЛ УДИРДЛАГУУД ЮУ ХИЙЖ ЧАДДАГИЙГ ХАРУУЛЛАА
Нээлтийн үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол гэдэг үгийг олон дахин хэлж байсан юм. Монгол залуусын гараар боссон энэхүү томоохон бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн хамтран ажиллаж болдогийг харууллаа хэмээн бахархаж байгаагаа илэрхийллээ. Тэрээр “Нэг жилийн өмнө буюу 2013 оны нэгдүгээр сарын 18-нд Эрдэнэбат захирал манай өрөөнд ирж Монголын барилгын салбарын нөхцөл байдал, хүчээ нийлүүлвэл боломжийн чанартай, боломжийн өртгөөр хурдан хугацаанд юу хийж чадахаа танилцуулж байлаа. Түүнээс хойш нэг жил болж байна. Манай үндэсний компаниуд нэгдэн Үндэсний бүтээн байгуулалтын корпораци байгуулж өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 18-нд юу ч байгаагүй энэ газар шав тавьж байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх богино хугацаанд манай таван компани юу хийж чаддагаа харуулсанд үнэхээр баяртай байна. Эрдэнэбат захиралд болон таван компанийн удирдлага, ажилтан, барилгачдадаа халуун баяр хүргэмээр байна” гэв. “Буянт-Ухаа” хороололд зориулж Засгийн газар, Барилга хот байгуулалтын яамнаас “Дэд бүтэц” төслийг хэрэгжүүлж 200 га талбайг хамарсан дэд бүтцийн шугам сүлжээ, цахилгаан, цэвэр, бохир ус, дулаан зэрэг найман төрлийн ажил хийжээ. Энэхүү ажил нь барилга цаг хугацаандаа ашиглалтад ороход мөн нөлөөлсөн гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан онцлов.
ҮЛДСЭН БАРИЛГУУД ИРЭХ ТАВДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО
Ашиглалтад орсон 567 айлын орон сууцанд Цагаан сарын дараагаас эхлэн иргэдийн өргөдлийг авч эхэлнэ гэж Төрийн орон сууцны корпорацийнхан хэлж байлаа. Нээлтийн үеэр метр.квадратын үнэ болон захиалгын талаар сонирхсон иргэд багагүй байсан юм. Одоогоор метр квадратын талбайн үнэ нь эцэслэн гараагүй бөгөөд Засгийн газар, ТОСК энэ асуудлыг эцэслэн шийдэж, олон нийтэд зарлах учиртай. Ямартаа ч зах зээлийн үнээс бага байна гэсэн амлалтыг өгөөд байсан билээ. Үлдсэн 19 барилга буюу 1197 айлын орон сууцыг ирэх тавдугаар сарын 23-нд ногоон байгууламж, зам талбай гээд иж бүрнээр нь ашиглалтад оруулж, хүлээлгэн өгнө гэдгээ Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат энэ үеэр амлалаа.