С.УЯНГА

Шүүхээс Ц.Мөнхбаяр нарын таван хүнд оноосон 21.6 жилийн ялыг төрийн бус байгууллагууд  эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Тэд үйлдлийн сэдэл, учир шалтгаан, учруулсан хор хохирол зэргийг үл харгалзан Зандалчлах зүйл ангиар оноосон ялын тогтоолыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд алагчлалгүйгээр хамгаалуулах эрхтэй”, МУ-д оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх” зарчим болон бусад хуулийг зөрчиж байна хэмээн үзэж байгаа юм . Иргэний нийгмийн 35 байгууллага болон  иргэдийн төлөөлөл ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нарыг хууль хэрэгжүүлэх зохион байгуулах үүргээ биелүүлээгүй, хууль бусаар хуулийн төсөл өргөн барьсантай холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж хариуцлага тооцуулна гэсэн юм. Монголын дуу хоолой хөдөлгөөний тэргүүн Ш.Түвдэнбалжир  “Ц.Мөнхбаярын зэвсэг барих шалтгааныг эрх баригчид буй болгосон. Төр долоон сарын 1-нд иргэдийнхээ өмнөөс гал нээж, улмаар хүмүүсийг тахир дутуу болгож хүмүүсийг айдаст автуулсан. Тиймээс иргэд үнэний төлөө тэмцэхдээ эд баялаг эрх мэдлийн төлөө яахаас ч буцахгүй болсон хүмүүсээс айж аргагүйн эрхэнд зэвсэг барьсан. Гэхдээ байлдааны бэлэн байдалд оруулаагүй буу байсан. Гранат тавьсан газраа өөрөө холбогдох байгууллагад хэлж өгсөн. Тиймээс эрүүгийн хэргийн тусгай ангийн хуулинд өөрөө сайн дураараа үйлдлээ холбогдох байгууллагад мэдэгдсэн  бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заасан байдаг. Яагаад байгаль дэлхий, ирээдүй хойчийнхоо төлөө тэмцэж байгаа энгийн иргэнд цаазлахын дараах ял оноож байгааг ойлгохгүй байна” гэв.

Ц.Мөнхбаяр нарын талаар уурхайн компаниудаас хууль бусаар авсан гэх 67 сая төгрөгийн хэргийг хүчингүй болгож цагаатгасан нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн худал мэдээлэл санаатайгаар цацуулж байсан нь нотлогдсон гэлээ. Иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн үзэж байгаагаар МИ-8, Хадгаламж зээлийн хоршоо, Хонгор сум , долоон сарын 1-ний хэрэг зэрэг олон нийтийг хамарсан томоохон хэргүүдэд ямар хариуцлага тооцуулсан, хэдэн жилийн ял авсан нь тодорхойгүй байхад улс орон  иргэдэд ямар ч хохирол учруулаагүй эл таван хүнийг ийнхүү хэлсдүүлж байгааг эсэргүүцэж байгаа гэнэ.  Шүүх хурал болсны маргааш Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулсан нь хууль бус байна. Ц.Мөнхбаяр нарт оноосон ялыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Давж заалдах шатны шүүх хурлаар хууль бус шийдвэрээ эргэж харахгүй бол иргэний нийгмийн байгууллагууд, ард түмний төлөөлөл, нэгдэн дараа дараагийн арга хэмжээг авна гэлээ. Тэд ард иргэдийн санал, гарын үсгийг цуглуулж байгаа бөгөөд дараагийн шүүх хурал дээр ард түмэн ялна гэдэгт итгэж байгаа гэв. Ц.Мөнхбаяр нарын таван хүнд Шүүх, Цагдаа, Тагнуулын байгууллага энэ шийдвэрийг гаргаснаараа өөрсдийгөө дампуурсан эсвэл эрх баригчдын нөлөөнд автсан гэдгээ нотоллоо гэж үзэж байгаа юм.  Мөн цэвэр агаар, цэнгэг ус, эрүүл газрыг үр хойчдоо үлдээхийн төлөө тэмцэж улс төрчдийн золиос болж байгаа хүмүүмийн ард гэр бүл үр хүүхэд нь цусаар уйлж байгааг ч хэлж байлаа. Цагаан хас төрийн бус байгууллагын дэд тэргүүн н. Дарханбаяр “Албан тушаалтнууд энэ үйлдлээрээ иргэний нийгмийн байгууллагуудыг айлгана гэж үзэж байгаа бол горьдсоны гарз, бид улам бүр тэмцэнэ. Ц.Мөнхбаяр нарын үйлдэл бол зүгээр сануулаг байсан. Эх орноо зарж байгаа албан тушаалтнууд ард түмнийг хооронд нь талцуулж байгааг зогсоох болно. Хэрвээ дахиад зогсоох гэж оролдвол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж жагсаал хийнэ” гэдгээ мэдэгдлээ. Монголын ногоон намын төлөөллөөс зориуд цагаан сарын өмнө яаран ял оноож, цагаан сарын дараа хүмүүс мартана гэсэн зорилготойгоор ийм зүйл төлөвлөж байна. Бүх монголчуудыг яллаж байна гэсэн юм.