
Г.ГАНЧИМЭГ, Э.СОЛОНГО
...Ёстой л ирж буй цаг шиг дулаахан сайхан өдөр Гачуурт тосгоныг зорилоо. Гачуурт тосгоноос 20 гаруй км зайтай Шар хоолойн фермийн хуучин сууринд бууриа зассан айлууд дунд М.Хөхөө агсных бий.
Түүний эхнэр, улсын аварга саальчин М.Зандан гуайтай уулзахаар зорьсон минь энэ. Сар шинийн босгон дээр тэднийхэн хөл хөөртэй байна. Хүүхдүүд, ач зээ нар нь цагаан сарын бууз банш, боов, түлээ түлшийг нь базааж өгөхөөр цугларчээ.
М.Хөхөө агсан одоогоос 40 гаруй жилийн өмнө хэдэн нөхдийн хамт улсын даалгавраар Шар хоолойн механикжуулсан фермийн суурийг тавихдаа энд өвөлжөөгөө төвхнүүлсэн юм байна. Анх цэцэг жимс алаглаж, эрвээхэй хөөцөлдсөн талд үлгэрийн юм шиг харагдах ганц байшинг барьжээ. Харин одоо өрхийн тэргүүний 1970-аад онд барьсан байшинд шинийн нэгний өглөө бүгдээрээ зэрэг ирвэл багталцахгүй болсон гэж байгаа. Ургийн модны үндэс нь тэнгэрт, мөчир нь газарт гэдэг энэ биз ээ.
М.Зандан гуай 80 насыг зооглосон гэхэд их л ануухан харагдана. Ач зээдээ бууз, банш өрж, элдэх мод ойртуулан, буузны гурил, махны орц тааруулахад санаа бодлоо нэмэрлээд огт зүгээр суухгүй юм. М.Зандан гуай оонын эвэр шиг хоёр охин, зургаан хүүтэй. Үр хүүхдүүд нь одоо бүгдээрээ олон хүүхэдтэй тул ач зээ өнөр өтгөн. Ач зээ, гуч дөчөө тоолж барахгүй будилчихдаг гэнэ.
Тэрээр “Зүгээр суугаагүй он жилүүдийнхээ ачаар одоо сайхан амьдарч байна” гэх. Цагаан сарын бэлтгэл базаахаар ирсэн хоёр охин, дөрвөн хүү, ач зээ нар дээр нь дахиад хоёр хүү нь эхнэр хүүхдүүдээ дагуулсаар орж ирлээ. Зандан гуай хүүхдүүдээ орж ирэхэд нүүрэндээ инээмсэглэл тодруулан угтав.
БҮТЭН ЖАРНЫ ӨМНӨХ ҮҮХ ТҮҮХИЙГ СӨХВӨЛ...
“Манай аав ээж малчин хүмүүс байлаа. Аавыг Бөөрийн Мягмар, ээжийг Маркины Люда гэдэг хүн байсан. Бид бага болохоор аав ээж ямар хүмүүс байсныг ойлгодог ч үгүй, мэддэг ч үгүй байж. Дээр үед аав ээжийнхээ нэрийг хэлдэггүй байлаа шүү дээ. Би Ховд аймгийн Булган сумын Булган гэдэг газар төрсөн. Биднийг төрөөгүй байхад манай аав ээж Алтай Чингэлд нутаглаж байсан юм билээ” хэмээн он цагийн тэртээх үүх түүхээсээ сөхөв. Ээжийнх нь олон хүүхэдтэй эмэгтэй дүү М.Дидель нь Алтай Чингэлд буюу хилийн цаана хоцорсон гэнэ. Алтай Чингэлд өвөлжиж байтал нэг их зуд болж, малгүй болчихжээ. Тэгээд наашаа нүүсэн байна. Аав ээжийгээ нүүж ирсэний дараа жил нь М.Зандан гуай гарчээ. Сүүлд хилийн наана, цаана хуваагдан үлдсэн төрөл садангийн хүмүүс хоорондоо хэл чимээ авалцсан гэнэ. Харин тэд чадаагүй аж.
М.Зандан гуай эхээс долуулаа. Дээрээ хоёр эгч, хоёр ахтай. Доороо эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Бүгдээрээ малчин байсан. Харин одоо хорвоогийн жамаар дөрвүүлээ үлджээ.
Мөн тэрээр арав ч хүрээгүй насанд нь тохиосон нэгэн үйл явдлыг тодхон санаж байна. Өвлийн хүйтнээр тэдний хот айл бууриа сэлгэн нүүжээ. Аав нь нэг удаа “Хонь ямар их хураагдаж байна вэ. Хасгууд ороод ирсэн юм биш байгаа” гэсэн байна. Орой нь яг ийм хэл чимээ ирээтхэж. Аав нь эхнэр хүүхдээ дээл хувцас, хөнжил гудастай нь ойролцоох уулын хадан агуйд нуужээ. Тэгээд өөрөө хадан дээр дурандаад суучихсан гэнэ. Тэр үед цагаан бүрээс гэж байсангүй. Хасгууд хил орчмын айлуудын эсгий дээврийг сөхөж, авдар савыг хагачаад хамаг юмыг нь тонож, мөнгөн тоногтой эмээлийг нь давхар тохчихоод малыг нь шуугиулан туудаг байжээ. Гэхдээ тухайн үед саахалтынх нь мал шөнө орой хотноосоо гарч өгөөгүй тул тэднийд ирж амжаагүй гэнэ. Энэ хооронд ойролцоох айлууддаа хэл чимээ өгч амжжээ. Нутгийн хурдан буутай хүнд хэл дуулгаснаар хий буу тавьж малыг нь арай чарай салгаж үлджээ. Тэгээд л хилийн ойролцоо байсан айлууд хасгуудаас хулжин нүүсэн юм байна. “Дээхнэ үед ч цаг ороо бусгаа амаргүй байсан шүү. Харин түүнээс хойш амгалан сайхан л амьдрал үзлээ” хэмээн дурсав.
Тэрээр нэг нутаг усны Монцогын Хөхөө гэдэг залуутай айл гэр болжээ. Айл гэр болоод хөдөө амьдарч байхад нь анхны нэгдэл байгуулагдсан байна. Залуу хос нэгдлийн мал хариулж, сааль сүү, үс ноосыг нь авч өгдөг байв. Тэр үед тэдний хийх ажлыг улсаас оноож өгдөг байжээ. Түүнийгээ л хийнэ. Сүүлд нь М.Хөхөө гуай Ховд аймагт бригадын даргын зургаан сарын курсэд яваад иржээ. Тэгээд дараа нь сумын төвд ажилласан байна. Тэр үед гар хөрөө, сүхээр “зэвсэгэн” нэгдэлд банз татдаг байжээ. Нэг удаа банзаа татаад иртэл долоон настай хүү нь хүнд өвджээ. Эмнэлэгт удсан ч үгүй. Хоёрхон хоноод өнгөрчихөв. Тархины менингит туссан гэдгийг нь бүр сүүлд мэдсэн юм билээ. Түүнээс хойш энэ гэрийнхэн санаа сэтгэлээр унаж, гутраад хоол ч хоолой давахаа больчихсон байна. Тэгээд бууриа сэлгэн Улаанбаатар хотод ирж суурьшжээ. Өвгөн нь махны нярав хийв. М.Зандан гуай эхэндээ хэдэн хүүхдээ харж байгаад дараа нь 61 дүгээр цэцэрлэгт ажиллажээ. Хоёр жил хэртэй ажиллаж байтал махны өр мөнгөтэй холбоотой хэрэг гарчээ. Тэдний гэрийнхэн “Иймэрхүү хэрэгт холбогдчих вий” гэж болгоомжлоод нутаг буцсан аж. Сумын төвдөө буцаж очоод гурван жил амьдарчээ. М.Зандан гуай ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байв. Тэгээд тэндээсээ саальчины илгээлт аваад 1972 онд дахин нийслэлд нүүн ирж энэ нутагтаа суурьшжээ.

УУГАН ОХИН НЬ ТРОЛЕЙБУСНЫ АНХНЫ ЖОЛООЧ
Хөхөөгийн Сүрэнжав долоон дүүгээ чирч өсгөсөн айлын ууган охин. Тэрээр өдгөө 60 настай. Ээжийгээ фермийн ажилд борви бохисхийх завгүй зүтгэж, улсын норм төлөвлөгөөг биелүүлэхээр үүрийн таван жингээр гарахад нь дүү нараа хувцаслаж, хоол, цайгаа хийж үлддэг байж. Үүнээс гадна гэр орноо цэвэрлэх, дүү нарынхаа хувцас хунарыг угаах, аав ээжийгээ өдөр, орой үнээгээ саагаад ирэхэд халуун хоол ундтай угтах гээд түүний ажил ар араасаа хөвөрнө. Аав ээж нь том охиноо сургууль соёлын мөр хөөлгөхөөр нэлээд зүтгэжээ. Тухайн үед хуруу дарам тоотой ирдэг их, дээд сургуулийн хуваарьт шалгалтад охиноо бэлтгэж өрсөлдүүлсэн байна. Гэвч тэр үеийн жишгээр ирсэн хэдэн хуваарь нь сайд, дарга нарын хүүхдийнх болсон аж. Хожим том охин нь Такси баазын жолооч болжээ. Х.Сүрэнжав тэндээсээ ОХУ руу тролейбусны курст явсан байна. Анхны 10 тролейбусны нэгийг барьж байсан эмэгтэй жолооч. Түүний том хүү Н.Эрдэнэ-Очир ээжийнхээ бага дүү Х.Одхүүтэй чацуу.
Хоёр дахь охин Х.Ноосгой барилгын инженер. 1983 онд Политехникийн дээд сургуулийг төгсчээ. Өмнө нь Хөдөө аж ахуйн барилгын зургийн институтэд 10 дугаар ангиа төгсчихөөд барилгын зургийн техникчээр ажиллаж байсан. Тэндээсээ Их сургуулийн хуваарь авчээ. Төгсөх жил нь сургуулийнх нь нэр өөрчлөгдсөн байна. Сургуулиа төгсчихөөд Хөдөө аж ахуйн барилгын зургийн институтидээ буцаж очин 18 жил ажиллажээ. Хараа нь муудаж, ажлаасаа гарч, одоо тэтгэвэртээ сууж байна. Хоёр хүүтэй. Нөхөр С.Бямба нь “Бодь даатгал” компанид жолооч хийдэг. 1981 онд төрсөн том хүү нь Б.Мөнхжаргал одоо АНУ-ын Вашингтон хотод консул хийж байгаа аж. Бага хүү Б.Мөнх-Эрдэнэ нь Германд сурч байгаа. Ирэх жил төгсч ирэх юм байна.
Охид нь ээжийгээ хажуудаа байлгах гээд чаддаггүй гэнэ. М.Зандан гуай хотод 4-5 хоноод л хөдөө гэр рүүгээ “зугтаачихна”. Бүр өнгөрсөн өвлийг хүртэл үнээгээ саасаар байжээ. Энэ албыг нь сая л арай гэж болиулсан аж. Гэхдээ малчин ахуйгаас нь бүр холдуулчихна гэвэл ёстой давахгүй даваа. Ижий нь “Хотод хэцүү байдаг юм. Гарч орж болохгүй. Харин энд их сайхан. Агаар нь цэвэр, айл амьтнаа танина. Хотод хөл гараа хөдөлгөх газар ч олдохгүй, халуунд даралт ихэснэ” гэлээ. Бүр ”Хужирт” –ын рашаан сувилалд явахдаа хүртэл нэг нүдний дуран өвөртөлчихнө. “Та наадахаараа яах нь вэ” гэхээр “Мал дурандахад сайхан байдаг юм” гэдэг гэнэ. Бүхий л насаараа мал дагасан учраас хэний ч малын хажуугаар зүгээр өнгөрч чаддаггүй. “Энэ нь ингэчихэж, тэр нь тэгчихэж, одоо ингэвэл зүгээр юм байна” гээд л чин сэтгэлээсээ туслахаар хичээнэ. Энэ үедээ өөрийгөө огт боддоггүй “гэм”-тэй. Мал арчилж тордохдоо их махруу гэнэ
.
ААВААСАА ЖАВТИЙ ХҮРТСЭН ЗАСАГ “НОЁН”
Том хүү Х.Цэдэнбал нь Казахстаны Алма-Аты хотод суралцаж барилгын кранист мэргэжилтэн болжээ. Харин одоо Баянзүрх дүүргийн XX хороонд Засаг даргаар томилогдоод ажиллаж байгаа. Ардчилсан намын жинхэнэ идэвхтэй гишүүн гэнэ. Аавтайгаа хоёр тал болоод “үзэлцдэг” байж. Х.Цэдэнбал үеийн залуустай нийлж, ардчиллын үнэ цэнэ, түүний гавьяаг бишрэн ярилцаж, хаа нэгтээгээс уншиж дуулснаа ферм дээр ёстой нэг ухуулан сурталчилж өгсөн байна. Энэ нь сүүл рүүгээ “сүрдүүлэг” болж ааваасаа банга хүртэх шалтгаан болжээ. “Ардчиллыг дэмж, үгүй бол та нарыг ажлаас чинь хална” гэж аавынхаа ажилчдад тулгасан гэж байгаа. Энэ нь аавынх нь уурыг ихэд хүргэжээ. Орой хүүгээ ирэхэд нь “Элдэв янзын зүйлээр мөрөөрөө ажлаа хийж байгаа хүмүүсийн толгойг эргүүллээ” гэж загнаад гэрээсээ хөөжээ. Үзэл бодлыг нь дэмжээгүй аавдаа шаралхсандаа тугалынхаа пүнзэнд хоносон гэж байгаа. Дүү нар нь “Та тэр үед юу бодож байсан бол. Их даарсан уу. Ардчиллынхаа ачаар одоо Гачуурт тосгоны захирагч болчихсон юм биш үү” хэмээн цаашлуулцгаана.
Хоёр дахь хүү Х.Цагаан нь жолооч. Архи, тамхи хэрэглэдэггүй. Багын л их дуугүй хүү байсан гэнэ. Х.Цагааны том охин Ц.Ариунзаяа нь саяхан боксоор “Сонсогчийн алдар” тэмцээний аварга болж, алтан медаль авчээ.
ТӨӨРӨГ ТАВИЛАН
Хөвгүүдийн гурав дахь нь Х.Жамсранжав. Багадаа байнга өвчинд ээрэгддэг их сул биетэй хүүхэд байж. Нэг удаа бие нь муудаж бүтэн сарын турш аав ээжийнхээ тэвэрт байжээ. Сүүлдээ тариа хийх ч газаргүй болчихоод арьсыг нь татаж байгаад тариа хийдэг болсон гэнэ. Турж эцэж, ядарсан есхөн сартай хүүг юм мэддэг нутгийн өндөр настай хүн “Би хүн болгож өгье” гээд авчээ. Өөрөө есөн хүүхэдтэй өвөө эдний нэг хүүг ийнхүү арав дахь хүүхдээ болгон өргөж авсан байна. Ах, эгч, дүү нар нь нутагтаа үлдсэн дүүгээ цэргийн албанд байхад нь эргэж очжээ. Хэдхэн сартай байхад нь айлд өргүүлсэн дүүгээ танихгүй байцгаажээ. Тухайн үед ч хальтхан уулзаад өнгөрч. Өргөж авсан аав нь удаагүй бурхан болсныг ч мэджээ. Өргөж авсан ээж нь их ухаантай хүн тул 1996 оны үед “Одоо энэ хүүхдийг ах дүү нартай нь ойр байлгахгүй бол болохгүй” хэмээн тусдаа гарч өрх тусгаарласан хүүгээ, эхнэр гурван хүүхэдтэй нь дагуулаад Гачууртад шилжин иржээ. Төрсөн аав нь Хангалын аман дахь өвөлжөөндөө хүүгээ төвхнүүлж өгсөн байна.
Дараагийн хүү Х.Намхай айлын найман хүүхдийн хамгийн эрх, эгдүүтэй нь. Багадаа хүмүүст “Хөхөө гуайн буржгар атаман” гэж өөрийгөө танилцуулдаг байж. Харин ээж нь Ламаа гэж өхөөрдөнө. Х.Намхай гурван хүүхдийнхээ отгоныг Х.Ноосгой эгчдээ өгнө гэж “ам гарчээ”. Тэгээд төрөнгүүт нь амласнаасаа буцчихаж. Нисэхийн гаальд ажилладаг Х.Намхай одоо хүртэл эгчдээ нэг хүний өртэй яваа гэнэ шүү.
Тав дахь хүү Х.Базарсад аав ээждээ хамгийн ойрхон байсан нь. Ах эгч нар нь ажил сургуулийн дөртэй болоод бүгд тусдаа гарахын цагт үндсэндээ малчин болох сонголтыг хийжээ. Тиймээс хожуу өрмийн мастерийн мэргэжил эзэмшсэн байна. Харин одоо “Мэйжик дриллинг” гэдэг уул уурхайн компанид ажиллаж байгаа. М.Хөхөө гуай хүргэн бэрүүдээ ихээхэн ам сайтай хүн байжээ. Ялангуяа, хүү Х.Базарсадынхаа гэргий Н.Гантуяадаа бол “амь”.
Хамгийн отгон нь Х.Одхүү. Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст ажиллаж байна. “Аав маань их ухаантай хүн байсан. Энд тэнд явахад газар усны нэр их зааж өгч, нүдлүүлнэ. Хүнд тус болж явахыг хүүхдүүддээ байнга захина. Өөрөө ч их олонтой хүн байсан. Аав ээжийнхээ сургаал захиасыг дааж явахыг хичээдэг” хэмээн тэрээр ярив. Х.Одхүү, Н.Эрдэнэ-Очир, Б.Мөнхжаргал нар тулгын гурван чулуу шиг хамтдаа өсчээ. Ээжүүд нь нэг нь оюутан, нөгөө нь ажилтай тул хоёр зээ хүү нь эмээгийнхээ мөөмийг хөхөж, өвөөгийнхөө гал дээр өссөн байна. Гурван хүү оровч гаравч хамтдаа өсч, эрийн цээнд хүрцгээжээ. М.Хөхөө гуайн хүүхдүүд дор бүрнээ амьдралаа зөвөөр аваад явчихаж байгаа юм байна гэх сэтгэгдэл төрж байлаа.
АРАВ ДАХЬ ХҮҮХЭД НЬ ЯПОН ОХИН БИЙ
Х.Ноосгойн арван жилийн найз С.Цэндсүрэн гэдэг бүсгүй бий. С.Цэндсүрэнг магтаж хэлэх үг найзад нь олддоггүй гэнэ. Өнөөдрийг хүртэл найзууд. Найзууд гэхээсээ илүү энэ айлын ес дэх хүүхэд нь болжээ. “Мандухай цэцэн хатан” киноны гол дүрд тоглохоор пробонд тэнцсэн ч найруулагч нь солигдсоноос өөр жүжигчин тоглосон аж. Зундаа эднийхээс холгүй бариулсан хувийн хаусдаа ирж зусдаг байна. Өөрийгөө шууд хаяад хүнд чин сэтгэлээсээ тусалдаг найз нь дүү нарынх нь бас нэг эгч нь юм. МУИС-д ажиллаж байгаад саяхан гавьяаныхаа амралтанд суусан тэрээр шавь нар, дүү нартаа “Та нар ажил хийхийг ял юм шиг ойлгоод байх шиг байна. Гэтэл энэ чинь аз жаргал шүү дээ” хэмээн сургадаг. Өөрөө ч юунд ч түүртэлгүйгээр ямар ч ажлыг амжуулдаг авьяастай юм байна.
Харин “дээлтэй төрсөн” арав дахь хүүхэд нь япон охин бий. Анх Монголд 1995 оны үед ирэхэд нь танилцжээ. Байгаль үзэж, хөдөөний амьдралтай танилцмаар байна гэхээр нь Гачууртад М.Хөхөө гуайн гадаа майхан барьж өгчээ. Түүнээс хойш тав, зургаан жил дараалан иржээ. М.Хөхөө гуайг монгол аав, М.Зандан гуайг монгол ээж гэнэ. Шихо охин одоог хүртэл ерөөсөө холбоо тасраагүй байна. И-майл, мессенжер, фэйсбүүкээр харилцдаг гэнэ. Одоо нөхөрт гарч, хүү, охинтой болсон. Их сайхан амьдарч байгаа аж. Монгол аав нь япон охинтойгоо ойлголцохын тулд анхандаа толь бичгээс салдаггүй байж. Харин дараа нь япон охин нь монгол хэлийг маш сайн сурчээ. Захиа, мессежийг ямар ч алдаагүй бичдэг гэнэ. Ярихдаа ч маш сайн. Монголд ирэхээрээ нөхөртэйгээ хамт хадланд явж, тогоо шанагыг нь барьж өгдөг ажээ. Монгол аавыгаа нас барахад япон заншлаар сэтгэлийн үгтэй захидал илгээжээ. Хүүхдүүд нь аавыгаа нутаглуулахдаа тэрхүү нулимстай захиаг нь уншиж өгчээ.
ШАР ХООЛОЙН ФЕРМИЙГ “ХӨХӨӨГИЙН ФЕРМ” ГЭХ БОЛЖЭЭ
Гачууртын сангийн аж ахуйн фермийн 30 гаруй айлыг удирдах үүргийг М.Хөхөө гуайд даалгажээ. Айлуудын хийх ажил, биелүүлэх төлөвлөгөө, үхэр, малаа бэлчээрлэх маршрут, норм төлөвлөгөөг давуулж амжуулах арга төлөвлөгөөг тэрээр гардан гүйцэтгэнэ. Гэрийн эзэн амжилт руу зөв чиглүүлж, удирдахдаа онцгой байсан бол гэрийн эзэгтэй ажлыг амжуулах, ахар хугацаанд ихийг хийх авхаалжтай байжээ. М.Зандан гуай өдөрт 20 гаруй үнээг гурван удаа саадаг байснаа хуучилсан юм. Өглөөний сааль үүрээр 04:00 цагт эхэлнэ. Өдөр дахин 12:00 цагт үнээндээ гардаг. Оройн сааль 18:00 цагт байжээ. Саалийн цагийн завсарт тугал, үнээнийхээ хашаа хороог цэвэрлэн, хэвтэр бууцыг нь сольж, өвс тэжээл, хивэг хоолыг нь тааруулсаар байгаад гэртээ орж, хүүхдүүдээ харах завдалгүй өдөр өнгөрөх бол энүүхэнд. Тав тухтай хэвтэр бууцтай, тааруулж найруулсан хивэг тэжээлтэй үнээ сүү их өгнө. Их сүү авах нь фермийн бүсгүйчүүлийн гол зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд цаг наргүй л зүтгэнэ. Ингэсний дүнд тэрээр жилд нэг үнээнээс 2500-3500 литр сүү сааж, фермийн аварга саальчин болжээ. Дараагийн амжилтад хүрэхийн тулд энэ амжилтаа гурван жил дараалан хадгална. Энэ даалгаврыг биелүүлж хотын аварга саальчин болох шалгуурт М.Зандан гуай тэнцжээ. Дахин гурван жилийн дараа тэрээр улсын аварга болох болзлыг мөн л хангасан байна. Ийнхүү ажил хөдөлмөрөөрөө манлайлан хошуулчилж байсан Шар хоолойн фермийг хүмүүс нэг л мэдэхэд “Хөхөөгийн ферм” гэж хөдөө хотгүй нэрийдэх болжээ. Дуудах нэрийг эцэг эх нь, дуурсах алдрыг өөрөө гэж л үүнийг хэлэх байх гэж бодогдов.
Хот, улсын аварга саальчны шагнал болох 300, 500, 1000 төгрөгөөр хүүхдүүддээ хувцас авахаар нэрнүүдийнх нь ард авах юмаа бичээд Улсын их дэлгүүр рүү алхаж байсан үе бол амьдралынх нь аз жаргалтай агшнуудын нэг. Улсын аварга саальчин М.Зандан гуай “Том охиндоо сарпанчик, бага охиндоо өнгө бүрийн тууз бас торгомсог материалтай ковтон цамц, хөвгүүддээ өмд, гутал, хүрэм, өвгөндөө бас бэлэг авна. 500-хан төгрөгөөр мөн ч их юм авдаг байж билээ” хэмээн хуучлав. Бууз чимхэж суусан бага охин Х.Ноосгой “Ээжийнхээ буянаар Гачууртын сангийн аж ахуйд хамгийн гоё цамц, өмд, гутлыг түрүүлж бид найм өмсдөг байлаа шүү дээ” хэмээн ээжээрээ бахархан ярьж сууна.
“Өвөл нь дарш хийж үүрнэ. Тэр л их хүнд ажил байсан даа. Өвөл гурван цагт босч үхрийн хашаанд очиж, гал түлнэ. Өглөөний жавар үргээсний дараа үнээгээ сааж эхэлнэ. Дарш сайн өгвөл азаар тугалаар нь ивэлгэхгүй. 20 гаруй үнээгээ дөнгөж сааж дуусав уу, үгүй юу сүүний машин ирнэ. Сүүгээ ачуулсны дараа гэртээ орж аяга унд уучихаад буцаж гарч даршаа үүрнэ. Өдөрт гурав саахаар өвлийн богино өдөр маш хурдан өнгөрнө. Өдрийн саамны цагаас өмнө хөлдүүсээ зайлуулж, хэвтрийг нь бэлдэнэ. Тэгээд л үдээс хойш шуудай, шуудайгаар нь борви бохисхийлгүй дарш үүрдэг байжээ. Даршаа их өндөр хийнэ. Уурхайчин шиг даршин доогуураа мөлхөж ороод гэсгэлэн байгааг нь гаргаж ирнэ. Одоо бодоход их аюултай шүү дээ. Цөөн хүүхэдтэй хүн ажлын бус цагаар аятайхан амраад байна. Надад бол тийм боломж хомс. Зарим үед хүүхдүүдээс халуурч бүлээрнэ. Ороож уйлна гээд амаргүй л байлаа” гэж М.Зандан гуай хуучлав.
Ийнхүү энэ өнөр өтгөн гэр бүл сар шинийн буузаа хуучны дурсамж, хүүхдүүдийнхээ багын хөгжилтэй явдал, тоглоом наргиан, инээд хөөрөөр хачирлан хийсээр үлдэв. Өнөөдрийн нар мөн ч гоё алтран жаргаж байна даа...