Э.ОРХОН
Та бидний бяцхан үрс эрүүл, аюулгүй, таатай орчинд хөгжих шинэ боломж бий болжээ. Энэ бол Хүүхдэд ээлтэй загвар цэцэрлэг. Япон улсын Засгийн газар, Японы хүүхдийг ивээх сангаас манай улсад “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” төслийг гурван жилийн турш амжилттай хэрэгжүүлж байна. Төсөл гурван жилийн хугацаанд 38 цэцэрлэгт хэрэгжсэний нэг нь Баянзүрх дүүргийн 22 дугаар цэцэрлэг юм. Төсөл хэрэгжсэнээс хойш тус цэцэрлэгт ямар өөрчлөлт гарсан талаар цэцэрлэгийн багш, ажилчид албаны хүмүүст танилцууллаа.
Тэд төслийн үйл ажиллагаатай танилцахаар ирсэн албаныханд таны хүүхэд ямар орчинд өснө ирээдүйд яг тийм хүн болно хэмээх жүжигчилсэн тоглолтыг үзүүлсэн юм. Нийслэлийн 400 гаруй цэцэрлэгт 32 мянга орчим хүүхэд авах боломжтой гэсэн судалгааг Нийслэлийн боловсролын газраас гаргасан байдаг. Харин өнөөдрийн байдлаар зуун хүүхэд байх ёстой цэцэрлэгт 170 хүүхэд сурч, хүмүүжиж байгаа нь хүүхдийн сурах орчны стандарт зөрчигдөж байгаа хэрэг аж. Гэтэл хүүхдийн эсэн мэнд торних, сурч хөгжих, нийгэмшихэд чухал үүрэг гүйцэтгэдэг газрын нэг нь цэцэрлэг. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрүүл, аюулгүй, сурч хөгжих таатай орчныг бүрдүүлсэн, халамж, хамгаалал, боловсролын чанартай үйлчилгээг цэцэрлэгт үзүүлдэг байх ёстой гэсэн үг. Тиймээс Япон Улсын Засгийн газар боловсролын салбарыг хамгийн чухал салбарын нэг хэмээн үзэж өнөөг хүртэл олон төрлийн тусламж дэмжлэг үзүүлж ирсэн. Харин хүүхдэд ээлтэй цэцэрлэг төслийн хүрээнд тус улсын Засгийн газраас нэг сая 367 мянга 229 ам.долларын санхүүжилтийг үзүүлсэн байна. “Багш нэг дор 50 хүүхдэд өдрийн турш хичээл зааж, хүмүүжүүлж, асран хамгаалах нь ахадсан ачаалал. Цаг наргүй ажилтай багш нар мэргэжлийн ур чадвараа хэрхэн дээшлүүлэх вэ. Эцэг эхийн дэмжлэггүй бол хэдэн багш цаг хүүхдийн хөгжилд хэдэн цаг зарцуулах бол. Тиймээс бид “багш болон хүүхдэд ээлтэй” цэцэрлэгийг бий болгох багш нарт туслахыг эрмэлзэн ажиллаж байна” хэмээн Японы хүүхдийг ивээх сангийн японы төслүүд хариуцсан менежер Такако Шибата ярьж байв.
Төсөлд нийслэлийн дөрвөн дүүргийн 58 цэцэрлэгийн 20.262 хүүхэд болон тэдний эцэг эх хамрагджээ. Мөн 610 багш, 542 туслах багш, 166 эмч, арга зүйч, эрхлэгч хамрагдаж байна. Эдгээр цэцэрлэгийн багш, ажилтнуудад хүмүүжлийн эерэг арга зүйг эзэмшүүлэх, эцэг эхийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зэрэг сургалтуудыг зохион байгуулсан гэв. Түүнчлэн хүүхдэд ээлтэй цэцэрлэгийн стратегийг боловсруулжээ.
Мөн төслийн хүрээнд зургаан цэцэрлэгийн 18 бүлгийн ариун цэврийг өрөөг засварлан сайжруулж хүүхдэд ээлтэй ариун цэврийн өрөөний загварыг бий болгосон байна. Амьдралын зөв дадал, хэвшлийг олж авах нь ариун цэврийн өрөөнөөс эхэлдэг гэнэ. Тиймээс хүүхдийн насны онцлог, нурууны өндөрт тааруулан суултуур, угаалтуур, тавиур зэргийг хийжээ. Ингэснээр тэднийг зөв дадалд сургаж, биеэ даасан, эрсдэлгүй, эрүүл, тохилог орчинг бий болгож байгаа хэмээн албаны хүмүүс хэлж байв.
Төсөлд хамрагдсан цэцэрлэгүүдийг 240 гаруй нэр төрлийн ном бүхий номын сангаар тохижуулжээ. “Номын сан бий болсноор хүүхдүүд аав, ээжтэйгээ хамт гэртээ ном уншиж, ярилцах боломжийг бүрдүүлсэн өглөө. Тиймээс аль болох хүүхэддээ ном, үлгэр уншиж өгч ярилцах зав гаргахыг хичээж байгаа” хэмээн эцэг эхчүүд ам сайтай байлаа. Энэ үеэр тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Цэвэлмаагаас цөөн асуултад хариулт авлаа.
Ц.Цэвэлмаа: БИД ХҮҮХДИЙН СЭТГЭЛЗҮЙН ОРЧИНД ТҮЛХҮҮ АНХААРСАН
-Хүүхдэд ээлтэй цэцэрлэг болохын тулд танайх ямар шалгуур хангасан бэ?
-Японы хүүхдийг ивэх сангийн ажилтнууд өөрсдөө цэцэрлэгүүдээр явж тухайн цэцэрлэг хандлагын байдлыг хардаг юм билээ. Тухайлбал, удирдах ажилтны багш нартай харьцах хандлага, багш хүүхэдтэйгээ яаж харилцаж байна. Хоорондоо хэр халуун дотно байж ямар уур амьсгал бүрдүүлж байгаа. Эцэг, эхийн оролцоо ямар байгаа зэргийг хөндлөнгөөс харж сонгодог юм билээ. Энэ байдалд манай цэцэрлэг нийцэж сонгогдсон. Тэгэхээр энэ бол манай хамт олны эвсэн чин сэтгэлээсээ ажилладаг хандлагыг сонгож авсан сонголт байх гэж бодож байна.
-Танай цэцэрлэгийн хувьд энэ төсөлд хамрагдсанаар хүүхдэд ээлтэй ямар орчныг бүрдүүлээд байна вэ?
-Хүүхдэд ээлтэй орчин гэхээр нийтээрээ материаллаг талыг бүрдүүлэх ёстой гэж ойлгодог. Тиймээс бид энэ нийтлэг хандлагыг өөрчилсөн. Материаллаг талаасаа илүү сэтгэл зүйн талыг нь илүү авч үзсэн. Хүн хэдий сайхан орчинд байлаа ч хайр халамж, халуун дотно харилцаа дутагдвал хүний хөгжилд муугаар нөлөөлдөг. Тиймээс бид сэтгэл зүйн орчинд түлхүү анхаарч эерэг үйл ажиллагааг зохион байгуулж нэвтрүүлснээрээ давуу.