Т.БАТСАЙХАН

Тусгай хамгаалалттай газар нутагт тулгамдаж буй асуудлын талаар Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Б.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Тусгай хамгаалалттай газар нутагт тулгамдаж буй асуудал юу байна вэ. Энэ талаар яриагаа эхлэе?

-Байгаль орчноо хамгаалах дээд хэлбэр бол газар нутгийг улсын хамгаалалтад авах юм. Байгаль орчин доройтож, байгалийн нөөц хомсдож байгаа энэ үед ирээдүйн ашиг сонирхлыг тооцсон, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан  эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгох асуудал чухал байна.  Байгалын баялаг ашиглалтын сөрөг үр дагавар, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь манайх шиг эмзэг экосистемтэй нутагт ихээхэн нөлөөлж өдрөөс өдөрт доройтуулж байна.  Энэ доройтлыг хүн бүхэн харж мэдэж байгаа.  Булаг,  шанд, гол горхи ширгэж, ан  амьтан, мод, ногоон байгууламж багасаж байгаад сэтгэл эмзэглэн сууна. Үүнд хүний үйл ажиллагаа ч бага биш хувиар  нөлөөлж байна.  Манай тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ нэмэгдэж байгаа ч тэдгээрийн менежмент, санхүүжилт хангалтгүй байгаа юм. Энэ нь одоогийн тулгамдаж буй асуудлын нэг юм.

-Тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн тулд яамны зүгээс ямар зорилт тавин ажиллаж байна вэ?

-Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг дэлхийн жишигт хүргэх, тогтвортой хөгжил ногоон эдийн засгийг түшиц нутгийн хэмжээнд хүргэхээр бодлогоо тодорхойллоо.  Тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемд тулгуурласан санхүүжилтийн механизмыг нэвтрүүлэх, холбогдох эрх зүйн орчноо сайжруулах ажлыг эхлүүлсэн. Хамгаалалтад авсан газрынхаа байгалийн баялаг, экосистемийн үнэ цэнийг  нарийвчлан тогтоох, нийгэмд үзүүлэх үйлчилгээний үнэлэмжийг зөв тооцох асуудал манайд дутагдалтай байгаа. Манайд зөвхөн Туул голын ашгийг тооцоолсон судалгаа байдаг. Үржил шимтэй бэлчээр, хадлан тэжээлийн талбай, байгалийн дагалт баялаг болох жимс, жимсгэнэ болон эмийн ургамал, эцэст нь нийслэлийн иргэдийн ундны ус зэрэг ашгийг тооцоолбол Туул гол бидэнд жилд 119 тэрбум төгрөгийн ашигтай байна гэж тогтоожээ. Энэ нь экосистемийн бидэнд үзүүлж байгаа үйлчилгээ, эдийн засгийн үр шим юм. Тиймээс цаашид энэ мэтээр олон газрын бидэнд үзүүлж буй эдийн засгийн үйлчилгээг тооцоолох хэрэгтэй байна.

-Саяхан тусгай хамгаалалттай газар нутагт мөрдөгдөх шинэ стандарт батлагдлаа. Энэ стандартын зорилго, шинэчлэл нь юу байв?

-Тусгай хамгаалалттай газар нутаг нь байгалийн үзэсгэлэнт, дахин давтагдашгүй, ховор ховордсон амьтан, ургамлын гол тархац нутаг, түүх соёлын дурсгалт газруудтай байдаг. Тэр ч утгаараа аялал жуулчлал, амралт зугаалгын цөм бүс болж, жуулчдын бааз, амралтын газруудын 80 гаруй хувь нь тусгай хамгаалалттай газар нутагт төвлөрч байна.  Зохистой төлөвлөлтгүй аялал жуулчлалын байр сууц, жуулчид, амрагчдын бөөгнөрөл мөн орон сууцны барилга байгууламж үүсч байгаагаас үүдэн хөрс талхлагдан, ус бохирдож, хог хаягдал ихэссэнээс байгалийн үзэсгэлэнт байдал, нөөцийг доройтуулж байгаа юм. Тиймээс аялал жуулчлалын байр сууц, үйлчилгээнд тавих хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулахад нь, нөгөө талаас бизнес эрхлэгчдэд ч гэсэн байгальд ээлтэйгээр үйл ажиллагаа явуулж, бизнесийн нэр хүндээ өсгөхөд нь байгаль орчны шалгуур үзүүлэлтийг тусгасан баримтлах стандарт зайлшгүй шаардлагатай болсон.

-Стандарт батлагдснаар ямар давуу талуудыг олгож байна?

-Манайд амралтын байр сууцтай холбоотой найман стандарт байгаа ч олон улсын хэмжээнд дагаж мөрддөг дэвшилтэт стандартуудыг тусгаагүй байна. Тэргүүлэх улс орнуудын хэмжээнд мөрдөгдөж буй барилга, байгууламжуудын стандартуудтай харьцуулж үзэхэд учир дутагдалтай зүйл олон. Байгаль орчин ногоон хөгжлийн яам өнгөрсөн онд “Тусгай хамгаалалттай газар нутагт эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих шаардлага” стандартыг боловсруулж батлууллаа.  Энэхүү стандарт нь байгаль орчинд хүлэмжийн хийг хамгийн багаар гаргах технологи болон материал ашигласнаар уур амьсгалын өөрчлөлтөд зохих хувь нэмэр оруулсан, усыг хэмнэлттэй ашиглах хэлбэрийг дэмжсэн. Мөн байгаль орчинд ээлтэй материал, бүтээгдэхүүн хэрэглэж, гарч буй хог хаягдал, саарал усыг байгаль орчинд хор нөлөөгүй болгох, ингэснээр байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах шалгуур үзүүлэлтүүдийг  тусгаснаараа шинэлэг юм. Уг стандартын 2014 оноос эхлүүлэн тусгай хамгаалалттай нутгуудад мөрдүүлж эхэлнэ.

-Тусгай хамгаалалттай газар нутагт ямар судалгаа хийж байна вэ. Тэдний экосистем ямар байдалтай байна? 

-Бидний тавьж буй бас нэг гол зорилт бол судалгаа, шинжилгээнд тулгуурласан хамгаалалтын менежмент нэвтрүүлэх. Бид өнөөдөр яг юуг хамгаалаад байна вэ, хамгаалж буй ан амьтан маань өсч байна уу, хорогдож байна уу, хамгаалж буй байгаль экосистем маань сэргээд байна уу, доройтож байна уу гэдгийг хамгаалалтын захиргаад маань эрдэмтэд, судлаачтай хамтран байнга тогтоож байх шаардлагатай. Тусгай хамгаалалттай газар нутгийн нөөц даацын үнэлгээнд суурилсан газар ашиглах, аялал жуулчлал хөгжүүлэх ажлыг ч эхлүүлсэн.

-Тусгай хамгаалалттай газар нутгаа ногоон хөгжлийн түшиц загвар болгон хөгжүүлэх хүрээнд хийх ажил, хэрэгжүүлэх хөтөлбөр юу вэ?

-Тусгай хамгаалалттай нутгийн шинэчлэлийн нэг гол агуулга нь  тусгай хамгаалалттай нутгийн орчны бүсийг “Эко бүс нутаг” хөтөлбөр боловсруулж, ногоон хөгжлийн түшиц-загвар нутаг болгон хөгжүүлэхэд оршиж байгаа. Хамгаалалттай газарт нөлөөлж буй гол дарамтыг бууруулах, хууль бус үйл ажиллагааг хязгаарлаж, зогсооход иргэд, иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, оролцоо чухал. Энэ хүрээнд бид Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд байгальд ээлтэй эдийн засгийн хөгжил явагдах “Ногоон хөгжлийн бүс” хөтөлбөр боловсруулж, үүнийг Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд амьдарч буй иргэдтэй хамтран боловсруулж хэрэгжүүлснээр энэ бүс нутаг  ногоон хөгжлийн түшиц, загвар нутаг болон хөгжинө.