
Э.ОРХОН
Сургалтын чанарыг дээшлүүлж, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж дэлхийн жишигт хүргэх Монгол Улсын боловсролын зорилтыг хэрэгжүүлэх үйл явцын өнөөгийн шатанд багш хүний гүйцэтгэх үүрэг хариуцлага урьд өмнөх ахмад үеийн багш нараас улам өндөрт тавигдах боллоо. Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэсэн ардын үг байдаг. Тэгвэл орчин цагийн багш хүний ухамсар, мэдлэг, ур чадвар, эв дүй, харилцааны техник, арга барилд дэвшил ахиц өдөр ирэх бүр нэмэгдсээр. Боловсролын шинэчлэлийн хүрээнд хүүхэд бүр нь хөгжсөн, эрдэм мэдлэгтэй Зөв монгол хүн болох ёстой. Тиймээс хүүхэд бүрийг хэрхэн яаж хөгжүүлэх талд багш, сурган хүмүүжүүлэгчид өөр өөрийн арга барилаар ажиллаж байна. Үүний нэг бол Улсын тэргүүний 24 дүгээр дунд сургуулийн хөгжмийн багш Д.Сугармаа юм. Тэрээр сургуулийнхаа хүүхдүүдэд найрал дуу, үндэсний хөгжим, ардын бүжгийг сургаж, хөгжүүлж яваа нэгэн. Д.Сугармаа багшийн дугуйлангийн хүүхдүүдтэй уулзахаар тус сургуулийг зорилоо. Хэдийгээр сурагчдын амралт эхэлчихсэн байгаа ч бүжигт дуртай, хайртай шавь нар нь багшийгаа ирэхээс өмнө цуглачихсан хүлээж байдаг гэнэ. Удахгүй болох багш нарын баярыг угтан дугуйлангийн сурагчид Төрийн шагналт, ардын жүжигчин, бүжиг дэглээч Ц.Сэвжидийн “Адуучин” бүжгийг бэлдэж байв. Тус сургуулийн найрал дуу, үндэсний хөгжим, ардын бүжгийн дугуйланд өнөөдрийн байдлаар 100 гаруй хүүхэд хичээллэж байна.
Ардын бүжгийн дугуйланд хүүхдүүд зургаан настайгаасаа эхлэн хамрагддаг. Хэсэг хугацааны дараа тухайн хүүхэд өөрийн хүссэн төрлөө сонгон хичээллэнэ. Тухайлбал, спорт, цэнгээнт, ардын бүжгийн аль нэгээр нь хичээллэдэг гэнэ. Д.Сугармаа багш дээрх дугуйланг хичээллүүлээд 20 орчим жил болж байгаа аж. Тэрээр “Би олон сайхан шавьтай. Хөгжим бүжгийн коллежид хэдэн шавь нар минь багшилдаг” хэмээн бахархан ярьж байсан юм. Мөн хавар бүр багш сурагчиддаа нэг жилийн хугацаанд дугуйлангийнхаа хүүхдүүдэд юу зааж сургаснаа тайлагнадаг байна. Тайлан тоглолтыг эцэг эхчүүд нь нулимс дуслуулан байж үздэг гэсэн. Учир нь хүүхдийнхээ хэрхэн хөгжиж, юу сурсныг тайлан тоглолтоос нь мэддэг байна.
“Урлаг, гоо сайхан гэдэг хүнийг төлөвшүүлэх нэг үндэс нь. Манай дугуйлангийн хүүхдүүд хоорондоо их эвсэг. Өөрөөр хэлбэл хүүхдүүд урлагаар дамжуулан уян зөөлөн, бусдыг хайрлах, гоо зүйн төлөвшил олж авах ач холбогдолтой” гэж Д.Сугармаа багш ярьж байв. Мөн сургуулийн удирдлага хамт олон нь урлагт элэгтэй, дэмжиж тусладаг учраас хүүхдүүд нь тэмцээн уралдаанд тогтмол түрүүлдэг гэсэн юм. Сургуулийн удирдлагын зүгээс өнгөрсөн жил орчин үеийн болон үндэсний хэд хэдэн хөгжим авч өгчээ. Тус дугуйлангийн хүүхдүүд Ц.Сэвжидийн дэглэсэн бүжгийг бүжиглэдгээрээ онцлог аж. Багш хичээл заахаас гадна ямар үүрэгтэй, хүүхдийг яаж хөгжүүлдэг вэ гэдгийг эцэг эхчүүдэд харуулахаар бэлдэж байгаа нь энэ.
Бага, дунд ангид хөгжмийн хичээл ордог байсан бол шинэчлэлийн хүрээнд урлагийн хичээл ордог болжээ. Ингэснээр хүүхдүүд дууны урлаг, бүжгийн урлаг, тэр дундаа сонгодог урлаг, тайз дэлгэцийн урлаг гэж юу болох талаар нарийн мэддэг болж байгаа гэнэ. Тэрээр “Авьяастай хүүхэд байдаг ч тэр бүр дугуйланд хамрагдаж чаддаггүй байсан. Харин одоо хүүхэд бүр хүссэн дугуйландаа хамрагдах боломжтой болсон тиймээс хүүхдээ хөгжүүлэх л үлдээд байна” гэсэн юм. Дугуйланд явж байгаа хүүхдийг эцэг, эх нь сайн дэмждэг байх нь чухал гэнэ. Тиймээс эцэг эхчүүдэд таны хүүхэд юу хийж чаддаг, юу сурсныг харуулахын тулд тайлан тоглолтоо тогтмол хийдэг байна. Бүжиг тэр дундаа ардын бүжиг маш их хөдөлмөр, тэвчээр шаарддаг учир хүүхдийн хүмүүжилд чухал гэдгийг тэрээр онцолж байлаа. Энэ үеэр тус дугуйлангийн сурагч Д.Жавхлангаас цөөн асуултад хариулт авсан юм.
Д.Жавхлан: БҮЖИГЛЭСНЭЭР БИ ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БОЛДОГ
-Миний дүү энэ дугуйланд яваад хэр удаж байна. Яагаад бүжгийн дугуйланд явах болов?
-Би энэ дугуйланд дөрөв дэх жилдээ явж байна. Бүжгийн дугуйланд явснаар биеийн эвсэлтэй болохоос гадна олон найз нөхөдтэй болно. Мөн тэмцээн уралдаанд тогтмол ордог нь надад таалагддаг.
-Танай гэрт бүжиглэдэг хүн байдаг уу?
-Манай эгч сургуулийнхаа бүжгийн хамтлагт явдаг.
-Урлаг хүнийг төлөвшүүлдэг гэж ярьдаг. Чиний хувьд энэ дугуйланд явснаар ямар төлөвшил олж авч байна вэ?
-Нүүр хагарах буюу олон хүнтэй харилцаж сурдаг. Тэмцээн уралдаанд тогтмол ордог учир олон хүмүүсийн өмнө сандрах асуудал гардаггүй. Мөн өөртөө итгэлтэй, бусдад өөрийгөө ойлгуулах чадвартай болсон.
-Ямар тэмцээнд орж байсан бэ. Авсан шагналаасаа дурдвал?
-Өнгөрсөн жил ардын бүжгээрээ тэмцээнд орж манай хамтлаг хоёр дугаар байрт орсон.
-Үеийн найзууд болон дүү нартаа хандаж юу хэлэх вэ?
-Бүжгийн дугуйланд яваарай. Ингэснээр та нар олон хүнтэй харьцахдаа сандрахгүй, өөртөө итгэлтэй болно. Мөн биеийн өсөлт сайжирч алхаа гишгээ цэгцтэй болдог.