
Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
Орчин үеийн хүн бүхэн гадаад хэл, компьютерийн мэдлэгтэй байх ёстой гэсэн бичигдээгүй хууль бидний дунд бий болжээ. Ажилд ороход, ямар нэг сургуульд элсэхэд англи хэлний анхан, дунд шатны мэдлэгтэй, албан ёсны гэрчилгээтэй байх гэсэн шаардлага тавьдаг болж. Тиймээс зарим хүн ажилд орж, анкет бөглөхийн тулд хэлний төвд ханддаг бол зарим нь үнэхээр хэл сурах хүсэлтэй байна. Өнөөдрийн байдлаар манайд гадаад хэлний 97 курс үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээллийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс авлаа. Энэ бол албан ёсны тоо. Харин сайн дураараа нэг байранд хэдэн ширээ сандал, самбар тавиад, мэргэжлийн багш эсэх нь мэдэгдэхгүй хүмүүс бидэнд гадаад хэл зааж байгаа нь бас цөөнгүй бий. Саяхны нэг албан бус судалгаагаар манай улсын 15 хүнд нэг гадаад хэлний курс, төв оногдож байгаа тоо гарчээ. Энэ нь гадаадын оронтой харьцуулахад харьцангуй их тоо юм. Гудамжинд англи хэлээр гурван сарын хугацаанд яриулж, бичүүлж сургана, богино хугацаанд TOEFL, IELTS-ын шалгалтаас 5.5-аас дээш оноо авахад бэлтгэнэ гэсэн зар хаа сайгүй байдаг. Энэ мэт сургалтын төв их байгаагийн хэрээр хүмүүс англиар ус цас шиг ярьдаг, хэлний мэдлэг сайтай байна уу гэхэд бас л учир дутагдалтай. Мэдээж Монголд 10-20 жилийн өмнө гадаад хэлний сургалт явуулж эхэлсэн төвүүдтэй ярих юмгүй. Мэргэжлийн боловсон хүчин, туршлага, мэдлэг, сургалтын орчин зэрэг стандартын дагуу ажиллаж байгаа нь үнэн. Сайны хажуугаар саар гэгчээр стандартын бус орчинд бараг л англи хэл гадарладаг хүмүүс гадаад хэл зааж байгаа нь цөөнгүй. Тиймээс бид энэ төвүүдэд хяналт, шалгалт, багш нарт нь шаардлага хэр тавьдаг талаар сонирхсон юм.
СУРГАЛТЫН ТӨВД ТАВИХ ХЯНАЛТ БАГА БАЙНА
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан гадаад хэлний сургалтын төвүүдэд хяналт, шалгалт тавьдаггүй юм байна. Учир нь улсын сургууль, цэцэрлэг шиг албан ёсны диплом, гэрчилгээтэй боловсрол олгодоггүй гэсэн үндэслэлээр шалгалт хийдэггүй аж. Харин хувь хүн тухайн сургалтын төвийн талаар гомдол гаргавал Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шалгадаг гэнэ. Гэхдээ би заасан хугацаанд нь сонгосон төвшнийхөө англи хэлийг сурч чадсангүй гэж өргөдөл гаргах иргэд тэр бүр байдаггүй аж. Тиймээс хүн бүхэн өнөө цагт гадаад хэл сурах юмсан, чөлөөтөй ярьж чаддаг болохсон гэсэн хүсэл дээр тулгуурлан бизнес хийж байгаа хэлний төвүүд олон болжээ. Хамгийн гол нь манайд мэргэжлийн багш, сургалтын хөтөлбөр, орчин зэрэгт шаардлага, хяналт тавьдаг тодорхой байгууллага байдаггүй байна. Тухайлбал, 1990-ээд оны үед гадаад хэлний төв байгуулах гэж байгаа хүмүүст их, дээд сургуулийн гадаад хэлний тэнхимийн багш нараар шалгуулж байж хөтөлбөрийг нь баталдаг байж. Харин одоо сургалтын төв ажиллуулах хүсэлтэй иргэн өргөдөл болон материалаа харъяа дүүргийнхээ боловсролын хэлтэст өгдөг. Боловсролын хэлтэс орчин нөхцөл, хөтөлбөрийг нь шалгаад зөвшөөрвөл тодорхойлолт гаргадаг байна. Ингээд тодохойлолтыг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв зөвшөөрөл олгодог аж. Хэлний төвд ажиллах багш нь бакалавр зэрэгтэй, мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан байх зэрэг олон шаардлага тавьдаг ч тэр бүр шаардлага хангадаггүй байна. Гадаад хэлний багштай сургалтад суухад өмнө нь барилгачин хийж байсан гадаад хүн самбарын өмнө хичээл заагаад зогсож байсан тохиолдол ч бий.
БНХАУ-Д БУЙ ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ НЬ ЦӨӨХӨН Ч, ЧАНАРТАЙ
Гадаад хэл сурах нь тухайн хүний 100 хувийн хичээл чармайлт гэдэг. Авхаалж, самбаатай, хэлний авъяастай хүмүүс зургаан сарын дотор англи хэл сурах тохиолдол бий. Гадаад хэл тэр дундаа англи хэл сурах нь тухайн хүний арга барилаас их шалтгаалдаг байна. Зарим хүн олон дахин хуулан бичлэг хийж, ойлгоход хялбархан үгтэй хүүхэлдэйн кино үзэх, дуу сонсох зэргээр суралцдаг. Харин зарим нь орчинд нь очиж сурахыг илүүд үздэг. Энэ арга нь хамгийн хурдан хэл сурах боломж юм. Гэвч төлбөрийн хувьд өндөр үнэтэй учир сонголтоо энд хийдэг. Богино хугацаанд англи хэлийг заана, ярьж сургана гэсэн зарын дагуу очвол ганцхан багштай, долоо хоногт хоёрхон удаа орох хөтөлбөртэй сургалтын курс, төв угтана. Өөрөөр хэлбэл, манайд ийм төрлийн сургалтын төвүүдэд тавих хяналт сул байна хэмээн мэргэжлийн хүмүүс үзэж байгаа. Манайд гадаад хэлний төвүүдийн мөрдөх нэгдсэн стандарт байдаггүй. Олон улсын стандартыг жишээ болгон хэрэглэж, хяналтыг сайжруулах хэрэгтэйг их, дээд сургуулийн гадаад хэлний мэргэжлийн багш нар хэлж байсан юм. Нэгдсэн стандарт, хяналтгүйгээс чанаргүй сургалтын төв иргэдэд үйлчилж байна. БНХАУ гэхэд тэрбум 360 сая хүн амтай ч улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургалтын төв нь 230 гаруй байдаг. Мөн Япон улс 130 сая орчим хүнтэй ч гадаад хэлний сургалтын төв нь 130 гаруй байх юм. БНХАУ-д хэлний төв байгуулахад амаргүй байдаг. Тиймээс монголд ирж хэлний төв байгуулсан талаар нэгэн сургалтын төвийн захирал ярьж байсан юм. Чанартай хэлний төв олон ч, чанаргүй бизнесийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаад нь хяналт хэрэгтэй.