
Б.УРАН
Монгол гуравдугаар сургуулийн багш, ажилтан, сурагчид ирэх хичээлийн жилд шинэ барилгадаа орно гэж найдаж байгаагаа хэлж байв. Гэвч тэд ирэх хичээлийн жилд өөр сургуулийн байранд үргэлжлүүлэн хичээллэх бололтой. Тус сургуулийн барилгын гүйцэтгэгч компани оны өмнөхөн тодорхой болжээ. “Алтан булаг трейд” компани тендерт шалгарч 960 хүүхдийн гурван давхар сургуулийн барилыг барихаар болсон байна. Өнгөрөгч намар Нийслэлийн боловсролын газраас ирэх хичээлийн жилд амжуулан барилгын ажлыг дуусгахыг гүйцэтгэгч компаниас шаардана гэж байлаа. Тэгвэл ирэх хичээлийн жил эхлэхэд барилгын зөвхөн торх нь л босч амжина гэдгийг “Алтан булаг трейд” компанийнхан хэлэв. Хуучин барилгыг нь нураах төсөв мөнгө нь шийдэгдэхгүй удсанаас болж энэ асуудал 2012 оноос хойш удааширсан. Хэдийгээр хөрөнгийг нь шийдэж хуучин барилгыг нь нураасан ч гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулах гэсээр байтал өвөл залгачихсан юм. Ирэх дөрөвдүгээр сараас газар шорооны ажил эхэлж, доогуур нь байгаа дулааны шугамыг зайлуулах ажлыг хийх гэнэ. Харин зургадугаар сараас барилгын ажил эхэлнэ гэж “Алтан булаг трейд” компаниас мэдээллээ. Ингээд спорт, урлагийн заал бүхий сургуулийн барилгыг 2015 оны хичээлийн жилд амжуулахаар ажиллана гэв. Гуравдугаар сургуулийнхан 2012 оны наймдугаар сард сургуулиа чөлөөлж өгсөн. Одоо тус сургуулийн 1416 хүүхэд 16 болон дөрөвдүгээр сургуульд хуваагдан гурван ээлжээр хичээллэж байна. Хоёр ээлжээр хичээллэдэг байсан бол гурав болж, хоёулаа суудаг байсан бол гурвуулаа суухаас эхлээд манай, танай сургуулийнхан гэж маргалдах гээд яриад байвал хэцүү асуудал олон байгааг багш, сурагчид хэлж байсан. Тиймээс барилгын асуудлыг хурдан шийдвэрлэж өгөхийг хүсч байсан билээ. Ямартаа ч тэд ирэх хичээлийн жилд энэ байдлаараа үргэлжлүүлэн суралцах бололтой.