
Ө.БАТХҮҮ
Амьдрал алаг эрээн, хорвоо хоёр туйлтай учир хүн бүр эдийн засгийн бүрэн эрх чөлөөтэй байх боломж үгүй юм. Гэхдээ аливаа улс орны, ялангуяа манайх шиг гурван сая ч хүрэхгүй ард түмэн ядуу гэж хэлэгдэхээргүй амьдрах боломж уг нь 80-90 хувь байх ёстой. Харамсалтай нь зөвхөн өөрийгөө боддог дарга, албан тушаалтнуудын балгаар, иргэд өөрсдийн хүлцэнгүй, залхуу зангийнхаа гайгаар өнөөг хүртэл монголчуудын олонхи нь жаахан тиймхэн амьдарч байна. Амьдралын энгийн хэрэгцээгээ хангаж дөнгөхөөргүй цалин авдаг ч, энгийн даруу аж төрж буй иргэдийн маань татварт төлсөн мөнгөөр зарим албан тушаалтнууд арай хэтэрхий тоглох юм. Ийм мэдээлэлд ч бид бараг дасч дөжирсөн бололтой. Өдгөө монгол хүний эрүүл мэнд ямар байгааг бид сайн мэднэ. Нийгмийн олон хүчин зүйлээс шалтгаалж эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгаа. Нэгэн жишээ, иргэн М-ийн бие гэнэт эрс муудсан тул тэрээр тархины нарийн мэргэжлийн оношлогоонд орох хэрэгтэй болжээ. Ийм оношлогоог манайд цөөн хэдэн эмнэлэгт хийдэг тул дараалал ихтэйгээс хүлээхээс аргагүй болж, эсвэл гадаадад очих хэрэгтэй гэжээ. Гадагш явах мөнгө байхгүй тул хүлээхээс өөр аргагүй. Харамсалтай нь түүний өвчин хүндэрсэн байсан тул нарийн шинжилгээ хийлгэх дарааллаа хүлээж чадалгүй хорвоог орхисон юм. Яг энэ үед дээрх нарийн шинжилгээг хийх 3.2 тэрбумын өртөгтэй аппарат хотын төвийн барьж буй байшин дотор тоос шороонд дарагдан хэвтэж байгаа гэдгийг талийгаач М болон ард түмэн мэдээгүй.
Шинэ он гарч Засгийн газрын ордны баруун талд дэлбэрэлт болсны дараа 3,2 тэрбум төгрөгөөр авсан оношлогооны аппаратын асуудал дэгдэв.Энэ тухай хэд хоног нэлээд шуугиан болсон ч тэгсхийгээд намжих төлөвтэй болчихлоо. Асуудлыг илүү ойлгомжтой болгохын тулд жаахан түүх сөхье.
Анх 2011 онд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт нарийн шинжилгээ, оношлогооны MRI болон СТ аппарат авахаар Хууль зүйн яам, тухайн үеийн сайд Ц.Нямдорж захиалга өгчээ. Энэхүү төхөөрөмжийг “Пролианс” компани 3.2 тэрбум төгрөгийн өртгөөр АНУ-ын “Generel Electric” компаниас нийлүүлэхээр гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу 2012 оны аравдугаар сард дээрх аппаратууд Улаанбаатарт ирэхэд УИХ-ын сонгуулийн дүнгээр Засгийн газар солигдож, Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжин очсоноос гадна Төрийн ордны баруун талд босч байсан Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийнх нь барилгын зориулалтыг Хууль зүйн яам албан контор болгох шийдвэр гаргах гэж байжээ. Аппаратуудыг дахин зөөвөрлөхөд тэрбум төгрөг болох учраас ямар ч байсан барьж байсан байшиндаа оруулаад орхисон байна. Үүнээс хойш байшин тойрсон хэрүүл эхэлж, нөгөө аппарат ч тоос шороондоо дарагдан хэвтсээр өнөөг хүрч буй аж. Х.Тэмүүжингийн шийдвэр гарч Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Батлан хамгаалах яамны мэдэлд шилжин Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэг нэртэй болжээ.Тэгэхээр энэ аппарат одоо автоматаар тус яамны хариуцах өмч болсон гэсэн үг. Харин Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ 3.2 тэрбумаас 5.2 тэрбум болтлоо зардал нь өсчихөөд байгаа аппаратаа авах уу, хаях уу гэдэг нь тодорхойгүй байна. Энэхүү аппарат хэвийн ажиллахын тулд байнгын цахилгааны эх үүсвэрт холбоотой байх ёстой байсан гэнэ.Гэтэл өнгөрсөн хугацаанд дээрх барилгын цахилгааныг 3-4 удаа таслаж байжээ. Жил гаруй тоосонд дарагдсан аппарат энэ сарын 8-нд дэлбэрсэнээр энэ бүхэн олны анхааралд орсон хэрэг.
Чухамдаа ийм л явдал болж. Өнгөрсөн хугацаанд нийлүүлэгч компанийнхан аппаратыг эргэж, тойрч байсан ч хариуцлагагүй албан тушаалтнууд хуруугаа ч хөдөлгөхгүй байсаар дэлбэлж авсан юмсанж. Аппаратын цаашдын хувь заяа сонирхохоор нийлүүлэгч “Пролианс” компанийн захирал Б.Түмэнцогттой холбогдлоо. Түүнээс цөөн асуултад хариу авав.
-Энэхүү аппаратуудын нийт үнэ нь хэд байсан юм бэ. Тээврийн зардал, суурьлуулах үнэ ороод ?
-3.2 тэрбум төгрөг.
-Одоо яах гэж байгаа бол. Аппаратыг засч, зөөвөрлөхөд хэдэн төгрөг болох вэ?
-Засварлахад нэг тэрбум, зөөвөрлөхөд нэг тэрбум нийлээд хоёр тэрбум болох байх.
-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг Батлан хамгаалах яамны харъяанд очсон юм байна. Тэгэхээр Батлан хамгаалах яам одоо энэ аппаратыг хариуцна гэсэн үг үү?
-Сайн мэдэхгүй. Тэд авах сонирхол бага юм шиг байна лээ. Миний сонссоноор Эрүүл мэндийн яамныхан авахаар хөөцөлдөж байгаа гэсэн. Улсынхаа аль нэг эмнэлэгт өгөх байлгүй.
Тэгэхээр одоо энэ аппаратыг ажилладаг болгоход бидний татварын мөнгөнөөс дахин хоёр тэрбум төгрөг гарахаар болжээ. Ингээд нийт зардал нь 5,2 тэрбум гэсэн үг. Аппаратыг засч, зөөхөд маш их үнэтэй. Яагаад гэвэл энэ бол зүгээр нэг аппарат биш нарийн оношлогооны аппарат учраас гадаадаас тусгай мэргэжилтнүүд ирж засч, зөөвөрлөх ажээ. Одоо жаахан тоо бодъё. Хэрэв албан тушаалтнууд анхнаасаа тооцоотой байж аппаратыг 2012 оны аравдугаар сард оруулж ирснээсээ хойш, бүр байг гэхэд 2013 оноос ашиглаж эхэлсэн бол гурван тэрбум төгрөг олж, зардлаа нөхөх байж. Гэтэл одоо гурван тэрбум дээрээ нэмж, хоёр тэрбум төгрөгийн алдагдалд орчихоод, хариуцах эзэнгүй сууна. Анх авсан 3.2, засварын 2, алдагдал гурван тэрбум гэдэг нийлээд 9.2 тэрбум. Энэ бол их мөнгө. 2014 оны төсвөөс харвал Дорноговь аймгийн Сайншандад 50 ортой төрөх эмнэлэг барихад 2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнээс энэ онд 433 саяыг нь санхүүжүүлнэ гэсэн байна. Гэтэл дөрвөн ч аймгийн төвд ийм төрөх эмнэлэг барих мөнгийг зүгээр л тоосонд даруулаад хэвтүүлж байж. Хөрөнгө мөнгө яамай гэхэд хэчнээн монгол хүн өвчнөө оношлуулж, яаралтай эмчилгээ авч чадалгүй хорвоог орхисныг хэлж мэдэхгүй.
Бид яг үнэндээ ийм л байна. Бидний сонгож байсан, сонгосон үе үеийн парламентын гишүүд, тэдний томилсон Засгийн газар, албан тушаалтнууд иргэдийнхээ татварын мөнгөөр ингэж туйлж, ард түмэн амьдралынхаа хатуу, хөтүүг сөрөн амьдарч байна. Энэ хэрэгт эзэн холбогдогч байхгүй. Яагаад гэвэл албан тушаалтнуудад хууль үйлчлэхгүй. Монгол Улсын иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалт зөвхөн энгийн ардад хамаатай. Дарга нар зургаан тэрбумаар тогловол шоронд орохгүй, ард түмэн 60 мянгыг хулгайлсан бол аль хэдийнэ торны цаана сууна. Албан тушаалтнуудад энэ аппарат огт хэрэггүй учраас ингэж хайнга хандсан байх. Тэд Сөүл юм уу, Токиод очиж эмнэлэгт үзүүлдэг тул Улаанбаатарын эмнэлэг оношлогооны аппараттай байна уу, үгүй юу сонин биш байх. Өвчиндөө шаналсан өчнөөн монгол хүн оношоо тогтоож чадахгүй шаналж сууна, харин 3,2 тэрбумаар авсан аппарат барилгын хогон дунд хөсөр хэвтэнэ.Хорвоо үнэхээр бөөрөнхий.