
Б.ЭНХЗАЯА, С.УЯНГА
Сэлэнгэ аймгийн Сайхан сум. Идэр есийн өдрүүд үргэлжилж буй ч Сайхан суманд өнтэй сайхан өвөл болж байна. Нутгийн ихэнх хэсгээр жигд нөмгөн цастай болохоор өвсний шарласан толгой их биеэрээ цухуйна. Намар авсан тарга тэвээр нь идэр есийн хүйтэнд огтхон ч буураагүй зүс алагласан хэд хэдэн азарга адуу цайвар тал дээгүүр тааваараа бэлчиж харагдана. Сайхан сумын Хуурай сайр гэх газрыг зорих замд тал нутгийн амгалан байдал цаг уурын сайхантай зохицож сар шинийн өдрүүдэд байгаль дэлхий бэлтгэн буй мэт. Энэ жил Сайхан сумын 480 малчин өрх 74 мянган эрдэнэт сүрэгтэйгээр шинэ сарыг угтаж байна. Бид энэ удаагийнхаа “Амьдралын тойрог”-ийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн малчин Б.Төмөрбаатарынхаас бэлтгэхээр замдаа гарсан нь энэ юм.
Сайхан сумаас анх удаа Улсын сайн малчин төрсөн баярт мэдээг төр засгаас саяхан дуулгажээ. Ингээд бид Сумын Засаг дарга Т.Энхтайван, Хөдөө аж ахуйн тасгийн дарга Л.Батчулуун нарын хүмүүстэй Улсын сайн малчин, нийтлэлийн маань баатар Б.Төмөрбаатарынхыг зорилоо. Сумаас 30 гаруй километр давхиад тэдний өвөлжөө угтав. Хоёр айлын хашааны зайтай өргөн том өвөлжөөг хамарлаж хашаалсны хажууд цэмцгэр цагаан байшин байна. Байшинг залгаа хоёр машин орчихоор гараш байх. Дэргэд нь бас жижигхэн байшин барьчихаж. Тэнд Б.Төмөрбаатарын туслах малчин эгчийнх нь амьдардаг гэнэ. Гэрээс зайдуухан түлшний модоо хурааж, трактор, тармуур, жижиг чиргүүл зэргийг эгнүүлэн тавьжээ. Байшингийн үүдэнд “Ланд-200” автомашин байх нь гэрийн эзнийх бололтой. 30 гаруй насны өндөр бор, биерхүү залуу биднийг угтсан нь Б.Төмөрбаатар. Улсын сайн малчин болсныг бодвол нас тогтсон хүн байх гэж таамаглаж явсан бодлыг минь өмд, цамцтай угтаж авсан Б.Төмөрбаатар үргээж орхисон юм. Нямбайлан барьсан цэмцгэр байшинд ортол хотын айлаас ч дутахгүй тохилог төрх угтав. Юуны түрүүнд өрөөг бүхэлд нь бүрсэн гоёмсог хивснүүд нүдэнд тусав. Телевизор, компьютер, хөгжим гээд байхгүй юм алга. Эхнэр, хоёр хүү нь ажлын өдрүүдэд сумын төвд байдаг учраас эзэнгүй байлаа. Б.Төмөрбаатар 18 аймгийг усжуулсан гавьяатан Т.Бэгзийн бага хүү. Түүний ээж О.Бадам-Ориг нэгэн цагт Ю.Цэдэнбал даргын дээлийг урлаж явсан үйлчин юмсанж.
ГАХАЙ, ТУУЛАЙ, ТАХИА, ЦАЦАГТ ХЯРУУЛ, ТАГТАА, БӨДӨН ШУВУУТАЙ ХАМТ
Малчид өглөө үүрээс үдшийн бүрэнхий болтол борви бохис хийлгүй ажилладаг дүр зураг энэ айлд харагдсангүй. Б.Төмөрбаатар өглөө эртлэн хонь, үхрээ бэлчээрт гаргана. Хонио дөрвөөс таван километрт бэлчээрлүүлдэг учраас эртхэн бэлчээрт гаргана. Бог мал, үхэр адууныхаа баас, шавхайг зөөж малынхаа хашаа саравчаа цэмцийтэл цэвэрлэнэ. Энэ жил 70 гаруй үхэр тугаллах гэнэ. Тэднийх гурван туслах малчинтай юм. Мал бэлчээрлэнгүүт гэрт байгаа хэдүүл бөөнөөрөө гарч малынхаа баасыг цэвэрлэчихнэ. Сэлэнгэчүүд атрын өлгий нутаг юм хойно эднийд өвс, тэжээл дутагдана гэж үгүй. Малын өвөлжөө нь дотроо олон зэрэглэлтэй юм. Хониных, үхрийнх гэж ялгана. Үхрээ сувай, төллөх гэж буй, тугал гээд тус тусад нь хашаална. Хониных ч ялгаагүй. Б.Төмөрбаатар туслах аж ахуйнд ихээхэн хорхойтой нэгэн аж. Учир нь тэдний өвөлжөөнд амьдралдаа тийм ч олон хараагүй сонин төрлийн амьтан бишгүй байлаа. Ялангуяа хөдөө талд малчны хотхонд энэ амьтдыг харсандаа олзуурхсаныг нуух юун. Өвөлжөөнд гахай үржүүлж, тахиа өндөглүүлж, цацагт хяруулаар өндөгөө даруулчихдаг авхаалжтай эр юмсанж. Тахиа, цацагт хяруул нь үхрийн тугалтай нь хамт амьдарчихна. Үүгээр ч зогсохгүй 40 орчим туулай тэнд байна. Бас гоёлын зориулалтаар 10 гаруй цагаан тагтааг ч тусгайлан тэжээж байгаа ажээ. Сонирхсонд нь хосоор нь 150 мянган төгрөгөөр зарчихдаг гэнэ. Тархины цусан хангамжийн үйл ажиллагаанд нэн тустай амьтан хэмээн бөдөн шувууг ээжийнхээ эрүүл мэндэд зориулж тэжээж эхэлсэн гэдгээ бидэнд ярилаа. Гахай нь үржээд 100 гаруй болсон удаатай гэнэ. Мөн хоёр хос цацагт хяруул нь амьд инкубатор болчихдог учир тахианыхаа өндгийг даруулдаг аж. Цацагт хяруул нэг удаадаа 25 өндөг дарж, 90 хоног хэвтдэг гэнэ. Б.Төмөрбаатарынх өглөө үхэр, хонио бэлчээрлүүлсний дараагаар туслах аж ахуйдаа анхаарна. Эдгээр амьтад нь өвлийн улиралд өдөрт гурван удаа хооллоно. Харин зуны улиралд хүний гар хардаггүй, байгалийн амьтдаар хооллож богинохон хугацаанд үрждэг ихээхэн ач тустай гэлээ. Чамгүй ашигтай аж ахуй болсныг ч дуулгав. Амьтад нь хоорондоо ижил дасал болж өвөлжөөг нь хэрэн хэсч холилдон гүйлдэнэ. Малчны хотонд хурга, тугал, тахиа, бөдөн, тэр ч байтугай туулай, цацагт хяруул зэрэгцэн гүйлдэхийг харах тун ч сонин юм билээ. Сайн малчин маань өндгөө багийн төвд аваачаад хүнсний зүйлээр сольчихдог гэв. Эдгээр амьтдаа зусланд гарахдаа, хаваржаандаа буухдаа ч аваад явдаг гэлээ.

АМЕРИК ХОНЬ ТӨЛӨГ БОЛОНГУУТ АШГАА ӨГДӨГ
Аав, ээж нь сэхээтэн хүмүүс байсан ч Б.Төмөрбаатар багаас малд дөртэй, сонирхолтой байсных 13 наснаасаа мал дээр гарчээ. Одоо тэрээр 37 настай. 24 жил мал малласан нь бага хугацаа биш ч 30 гарсан залуу хөдөө талд хэрэгцээтэй бүхнээ өөрийн гараар бүтээж чадсан нь содон. Түүний мал маллаж амьдарсан он жилүүдийн үр дүн нь орхон үүлдрийн хонийг цэврээр нь өсгөн үржүүлж буй явдал. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сангийн аж ахуйн үед энэ нутаг орхон үүлдрийн хониороо алдартай байв. Хивсний үйлдвэрийн түүхий эд болдог хамгийн нарийн ширхэгтэй ноос өгдөг орхон хонь зах зээлийн шуурганаар давхар устах аюулд өртсөн гэдэг. Энэ л үеэр ээжийгээ дагаж малд гарсан хүү орхон хонийг цэврээр нь өсгөж өдий зэрэгт хүрнэ гэдгээ хэрхэн мэдэх билээ. Орхон хонь мах, сүүний чиглэлээр хамгийн ашиг тустай. Нэг хонь нь 6.5 кг ноос өгдөг. Хамгийн нарийн ширхэгтэй ноос гардаг учир кг нь 2500 төгрөг. Ноосны нэмэгдэл кг тутамд 2000 төгрөг. Махны чиглэлээр ч ялгаагүй. Сайн эр хонь 104 кг татах үе ч бий. Ингээд бодохоор гурван хониноос авах ашгийг орхон үүлдрийн хоёр хониноос авчихдаг гэнэ. Тэрээр орхон хонийг цэврээр нь өсгөхийн тулд багагүй бэрхшээл туулснаа ярилаа. Хуц олдохгүй бол эрлийз болчих гээд, хуцаа айлын хотонд тавихаар алга болчихдог байж. Тэрээр малын тоонд биш чанарт нь ихээхэн анхаарна. Сүүлийн жилүүдэд америк үүлдрийн хонийг үржүүлж эхэлжээ. Одоогоор 250 гаруй эрлийз хонь байна. Америк үүлдрийн хонь хавар төллөөд намар гэхэд нас бие гүйцсэн хоньтой эн зэрэгцдэг байна. Өнгөрсөн жил сумынхаа эрдэм шинжилгээний төвтэй хамтран орхон, америк үүлдрийн хонинд зохиомол хээлтүүлэг хийжээ. Энэ хавар илүү сайхан төл гарна хэмээн хүлээж байна. Америк үүлдрийн хонь төллүүлэхэд арчилгаа их ордог гэнэ. Төл нь нүцгэн шахуу гардаг, амьдрах чадвар тааруу учраас малчид амархан шантардаг бололтой. Хамгийн гол нь хашаа дулаахан, өвс тэжээл сайн байх ёстой юм байна. Малчин залуугийн хувьд хашаа саравч сайн, бас орхон үүлдрийн хонийг төллүүлээд сурсан учраас одоо бол бэрхшээлгүй аж. Түүнийг аймгийн болон хаа холын ченжүүд андахгүй. Хотонд ирээд захын малыг нь голохгүйгээр авдаг ажээ. Малчин эр наймаа пүнлүүнд ихээхэн авхаалжтай бололтой.
ОРЧИН ҮЕИЙН ИТГЭЛТ БАЯН
Сумын Засаг дарга нийтлэлийн баатрыг маань “Хөдөлмөрийн үр шимээ бүрэн төгс хүртэж харуулж чадсан. Зөвхөн мал маллах биш зах зээлийн бүхий л өнцгийг овсгоотой ашигладаг. Орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуучууд Төмөрөөгөөс сурах юм их бий. Нэг үгээр хэлбэл орчин үеийн Итгэлт баян” хэмээн тодорхойлсон юм. Их зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романд наймаанд овсгоотой, хүний арга эвийг олчихдог, ажилсаг хүнийг Итгэлтээр төлөөлүүлдэг. Түүнтэй адилтгавал Б.Төмөрбаатар орчин үеийн Итгэлт баян яахын аргагүй мөн ажээ. Тэр өөрийн гараар өвөлжөөгөө тохижуулжээ. Бүгдийг нь зохион байгуулалттай, нягт нямбай цэмцгэр барьсан нь харваас илт. Дотор нь орсон хүний нүдний шил цантах нь өвөлжөө нь ямар дулаахан байгааг илтгэнэ. Өвөлжөөнийх нь дэргэд гарааш барьж, машин, трактороо засварлах бүхий л багаж хэрэгслүүдээ хотоос ойртуулчихаж. Гагнуур хийж гэрийнхээ ард махаа борцлох торон амбаар босгожээ. Зуны улиралд галын өрөө болгочихдог гэнэ.
Морин жилийн зуднаар үхрийнхээ тэн хагасыг алдаж байсан гашуун сургамж малчин залуугийн амьдралд бий. Гэвч эцэж цуцалгүй хөдөлмөрлөсний үр дүнд 140 гаруй үхэр, 1000 гаруй богтой болжээ. Малынхаа ашгаас гадна туслах аж ахуй үржүүлж багагүй ашиг олно. Ирэх жилээс ногоо тариалах бодолтойгоо дуулгасан. Б.Төмөрбаатар ах дүү долуулаа. Том эгч Б.Тунгалагтамирыг дэргэдээ авч гал тогоондоо туслуулна. Харин хүргэн ах нь н.Бат-Өлзий, туслах малчин Х.Баярсайхан нар малдаа анхаарна. Туслах малчдынхаа нийгмийн асуудлыг тэр мартахгүй. Эгч ах хоёртоо гэрийнхээ дэргэд байшин барьж өгчээ. Энэ тухай тэрээр ах эгч хоёроо дахин шинээр амьдруулж байна хэмээн наргих аж. Мөн цалинжуулахаас гадна нийгмийн даатгалыг нь төлдөг гэнэ. Б.Төмөрбаатар нутагтаа цөөнгүй хүнийг ажлын байраар хангахаас гадна малжуулсныг сумын Хөдөө аж ахуйн тасгийн дарга Л.Батчулуун хэлсэн юм.
“ХӨДӨӨД БҮХ ЗҮЙЛ БИЙ”
Өвлийн гурван сар малчдын амралтын улирал гэдэг. Үүнтэй Б.Төмөрбаатар санаа нэгдэх аж. Өглөө малаа бэлчээрлүүлж, баас өтгийг нь цэвэрлэчихвэл том ажлууд дууслаа гэсэн үг. Ингээд түүнд машин техникээ засварлах, зурагт радио үзэж сонсох цаг гарна. Харин дулааны улиралд малаа ноослоно, хонио хяргана, өтийг нь түүнэ. Тарилга, туулга, вакцинжуулалт гээд малчин эрийн ажлын оргил үе нь хавраас өрнөнө. Эдгээр ажлаа сайн хийсэн бол өвлийн гурван сардаа амарч тухлах, өөр зүйлд сатаарах хугацаа гардаг гэнэ. Түүнчлэн хуц ухнаа сайн арчилж хамгаалдаггүй, ялгалтад өгөхгүй алдвал өвөл нь ажлын улирал болж хувирдаг. Учир нь өвлөөс мал нь төллөөд эхэлчихдэг хэмээн туршлагаа хуваалцав. Мэдээж малчин хүн ч бас цаг нартай ажиллаж, гэр бүлдээ өөрийн сонирхсон зүйлдээ зав чөлөө гаргах нь зүйн хэрэг.
Сүүлийн жилүүдэд малчид бүлэг болж бэлчээр нутгаа адил тэгш хуваарилж, мал ахуйгаа хамтын хүчээр өсгөж үржүүлдэг болсон. Эднийх “Буянт сүрэг” бүлэгт хамаарна. Өнгөрсөн жил Мянганы сорилтын сантай хамтран харъяа газар нутагтаа худаг гаргаж, бэлчээрээ дахин сэргээх үйлд хамтран зүтгэжээ. Бэлчээр нутагтаа ихээхэн анхаардаг бололтой. Малын тоо цөөн байх тусам бэлчээрт ашигтай байдаг гэв. Б.Төмөрбаатарынх сүүлийн 10 гаруй жил Хуурай сайрд нутагшиж буй ажээ. Өмнө нь бэлчээр сэлгэн нутгаа хөндлөн гулд бууж нүүж байсан бол энэ нутаг нь ихээхэн өгөөжтэй байсан учир нь эндээ тогтсон байна. Ойрхон Орхон, Хараа гол бий. Хаваржаа нь ч ойрхон юм байна. Харин Хуурай сайр орчмоор хангайн амьтны гүйдэлтэй гэнэ. Малчин эр эцгээсээ өвлөсөн ангийн чадвараа гайхуулж хотондоо боохой ойртуулахаас хамгаалж чаддаг байна. Энэ жил боохойн гүйдэл ихсэж нутгийнхны малыг зүгээр байлгахгүй байгаа юм байна. Тэрээр “Чаддагаараа чонотойгоо ноцолдох юмдаа. Манай энд мэргэшсэн нэг бүдүүн “нөхөр” байгаа юм. Үүдэн хойморын зайнд л зөрөөд байдаг сурамгай “нөхөр”-тэй гурван жил хөөцөлдөөд бардаггүй” хэмээн хуучлав. Харин саяхан багагүй хөөцөлдөн байж унагаасан амьтныхаа арьсаар дах хийж өмсчээ. Ангийн тухай яриа түүнээс байн байн гарч, хэрхэн дарснаа хүүрнэх нь малчин эр хиймортойг илтгэнэ. Энэ нутагт оны өмнөхөн хүйтэрснийг эс тооцвол өнтэй сайхан өвөл болж байгаа аж. Хааяа наймаа хийх, машин техникийн эд зүйлс авах шаардлагаар хот чиглэнэ. Саяхан нийслэлд ирээд буцсанаа ихээхэн сонирхуулан ярив. Хөдөө нутгаас ирсэн хүн хотын зах руу оруут утаанд боогдож, толгойг нь ямар нэгэн юманд цохиулах шиг дүйнгэтэж эхэлсэн учир яаравчлан буцжээ. Замын түгжрэлийг ч онцлон толгой сэгсэрнэ. Жинхэнэ амьдрал хөдөө нутагт байдаг юм хэмээн хотын бидний дэргэд “баярхав”. Хөдөлмөрлөж чадвал элдэв уур бухимдалгүй тайван орчин хөдөө байна хэмээх нь малчин эр хэзээний энэ нутагтаа сэтгэлээ шингээжээ.
“37 ЖИЛ”-ИЙН ТОХИОЛДЛУУД
Отгон хүү нь нутаг усандаа нэрээ гаргаж улс даяар үлгэрлэн хөдөлмөрлөж буйг тэнгэрт буй аав нь харсан бол лавтайяа талархах байсан биз. Усны Т.Бэгз гэвэл монголчууд андахгүй. Тэрээр 21 аймгийг усжуулж явсан хүн юм. Түүний долоон хүүхдээс отгон нь Б.Төмөрбаатар. Ээж О.Бадам-Ориг хүүгээ олон жил мал маллах арга ухаанд сургажээ. Тэрээр нас өндөрт гарч төв бараадсан байна. Нийтлэлийн баатар маань 37-ныхоо жил дээр, Сайхан сум байгуулагдсан 37 жилийн зааг дээр нутгаасаа анх удаа Улсын сайн малчны болзлыг хангажээ. Эл сайхан тохиолыг эжий, аавынхаа буян хишиг, сайхан нутгийнх нь хийморь түшсэн гэдэгт итгэн талархаж буйгаа дуулгана лээ.
Б.Төмөрбаатарынхан хоёр хөөрхөн хүүтэй. Гэр бүлийн хүн нь төвд цэцэрлэгийн багшийн ажилтай учир ажлын өдрүүдэд гэртээ байдаггүй. Харин амралтын өдрүүдээр хүүхдүүдтэйгээ гэртээ ирнэ. Одоогийн малчид малаа техникээр хариулдаг болсон гэнэ лээ гэж өөрөөс нь үг унагахыг хүсэхэд тэрүүхэндээ бухимдаж монгол хүн малаа техникээр хариулна гэдэг утгагүй хэмээв. Б.Төмөрбаатар орчин үеийн техник хэрэгсэл бүгд байсан ч мориороо үхэр малдаа гарцгаана. Нэг хэсэг хурдан моринд шимтэж уядаг байснаа больж уналгын хэдэн морьтой үлджээ. Энэ нь юм юманд хүч үзэж, азаа сорьж явдгийг нь харуулах шиг. Түүний хөл хүрээгүй газар үгүй. Нэг мэдэхэд цэвэр үүлдрийн хонь, хуцаа ачаад нэг аймгийн үзэсгэлэн худалдаанд оролцчихно. Хойд, урд хоёр хилээр гараад наймаа хийж явсан үе ч бий гэнэ.
“ЗАГВАР АЖ АХУЙ БИЙ БОЛГОНО”
Б.Төмөрбаатарын өнгөрсөн 20 гаруй жилийн хөдөлмөр үр дүнгүй байсангүй. Тэр утга учиргүй мал өсгөх гэж яарсангүй. Чанарт голлохоос гадна ирээдүйд загвар аж ахуй бий болгох ирээдүйн чухал хүсэл эрмэлзэл сэтгэлдээ тээж явна. Зохиомол хээлтүүлгээр америк үүлдрийн хонийг гаргаад авчихсан. Ашгийг нь харчихсан болохоор цаашид илүү ихийг бүтээх сонирхол төржээ. Өөрийгөө дахин боловсруулах шаардлагатай хэмээн ярих малчин залуу “Зохиомол хээлтүүлгийг дагнан хийе. Загвар аж ахуй бий болгоё гэж боддог юм. Чанартай мал аж ахуйг бий болгохын тулд нутагтаа үржлийн талаас нь хээлтэгч, хээлтүүлэгч бэлдье. Болж өгвөл үрийг авч хөлдөөгөөд удмын санд нийлүүлэх боломжтой” гэлээ. Сургууль соёлоо орхин байж малд гарсан болохоор төв суурин бараадах дургүй бололтой. “Сүүлийн жилүүдэд залуу хүмүүс төв рүү шилжих сонирхолтой болсон. Гэхдээ бид нүүдлийн иргэншлээ гээгдүүлж болохгүй. Агаар, орчин сайхан хөдөө нутгаа орхих учиргүй” гэж нутгаа онцолно. Харин залуу малчдад өөрийн туршлагаа хуваалцана уу гэхэд, -Малчид бог малаас их шантрах юм. Өдөр бүр дагадаг гэж. Яс юман дээрээ бог шиг хэрэгтэй мал байхгүй. Хамгийн түрүүнд мөнгө болно, ашгаа өгнө” гэнэ.
“Мал дагавал ам тосдоно” гэсэн ардын зүйр цэцэн үг бий. Энэ удаагийн зочин Б.Төмөрбаатар малын үр шимийг хүртсэн шиг хүртэж “Амьдарч буй газраа нэрээ, мөрөө үлдээнэ” гэсэн зарчмаар амьдралын тойргоо зурж явна. Энэ хорвоод нэр төртэй амьдрахын тулд авьяас билэг, алдар хүндээр бус уйгагүй хөдөлмөрлөх чин сэтгэл байвал хаана ч нэртэй, мөртэй амьдардаг тохиол энэ буюу.