Т.БАТСАЙХАН

Улаанбаатарын гудамж дахь модод цаанаа л өнгө муутай харагдана. Тоос шороонд дарагдаад мөчир нь ху­гарч, хүнээр бол хөгжлийн бэрхшээлтэй болоод уджээ. Өдийд ногооноороо байдаг гацуур хүртэл гундуу. Тэднийг хайхарч хамгаалах хүн ч ховор.  Уг нь Москва, Лондон гээд дэлхийн томоохон хотууд өвөл нийслэлийнхээ ногоон байгууламжид хамгийн их санаа тавьдаг байх юм. Моддын ёзоорыг цасаар хучиж, мөчир дээр нь тогтсон тоос шороог арилган арчилдаг. Ногоон байгууламж  гэдэг хүн төрөлхтөнд хамгийн чухал зүйл гэдэгтэй бүгд санаа нийлж байна. Аливаа улсын нийслэлийн 90 хувь нь ногоон байгууламж байна гэсэн олон улсын стандарт ч гаргасан.  Гэтэл  Улаанбаатар хотын ердөө тавхан хувь нь ногоон байгууламж байдаг гэсэн харамсалтай тоо бий.  Хүчилтөрөгч ялгаруулж, нүүрс хүчлийн хийг шингээн агаар цэвэршүүлж, бохирдлыг бууруулдаг сайн талтай. Манайх шиг агаарын бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрсэн улсад хамгийн хэрэгтэй зүйл бол мод. Гэтэл бид тарьсан л бол боллоо гээд ургана уу, байна уу хамаагүй гэсэн сэтгэлээр хандсаар удлаа.  Цэнэг усалгаа хийх, тухайн жилдээ тарьсан модонд тулаас бэхлэх, эмзэг заримыг нь дулаан хучлага, цасаар хучих гээд хүйтний улиралд хийх ажил мундахгүй их. Гэвч их хотын маань гудамжинд ургасан модод аврал эрж байна.  Нэгэнтэй төсөв мөнгө гарздан тарьсан моддоо цаг үеийнх нь арчилгааг хийж сэтгэл гаргадаг байвал сайхан сан. Угаасаа утаа, униар, автозамын түгжрэл гээд бухимдах зүйл ихтэй нийслэлд мөнх ногоон гоёл өрөөтэй байвал ямар таатай вэ. Нийслэлийн томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдэд модод ямар байгаа талаар сонирхлоо. 

Үндэсний болон Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэнгийн модод “өнөтэй” өвөлжиж байна. Мэргэжлийн хүмүүс дөрвөн улирлын турш арчилж хамгаалдаг, утаа униар, дуу чимээнээс зайдуу болоод ч тэр үү тэндэхийн модод хамаагүй сайхан юм. Тэд аль хэдийнэ дулаан “хүрмээ” өмсөж, тулгуур модтой болжээ. Зулхай дээр гялгар шуудай давхарлан гацууруудаа нэг бүрчлэн ороож, мөчрийг нь нугалалгүйгээр баглажээ.  Улиас, моносны мөчрийг гол иштэй нь ойртуулан хумиад гадуур нь дулаан материалаар ороосон байв. Шилмүүст модны мөчир, найлзуур өвөл ч ногооноороо, навчтайгаа байдаг учраас нугалж болдоггүй аж. Харин навчит модод өвөл нүцгэрдэг тул хамгаалах технологи нь өөр аж. Ойгоос авчирсан модыг үржүүлгийн газрын тарьц шиг нүцгэн өвөлжүүлж болдоггүй тухай цэцэрлэгчид ярьж байв.  Ойд нэг дор олон мод шигүү ургадаг тул нэг нэгийгээ нөмөрлөн, баргийн хүйтэнд даарахгүй, шуурганд найгадаггүй. Тийм орчинд ургаж байсан зулзаган модыг нүцгэн газарт шилжүүлэн суулгахад хүнээр бол хатгаа авна. Тиймээс орчиндоо дасан зохицтол нь хүйтнээс хамгаалах шаардлагатай гэсэн.  Тэнд моддыг нь яг хүн шиг хайрлаж байна. Ямар сайндаа  цэцэр­лэгчид нь “Ойн модыг орон сууцанд амьдардаг хүнтэй адилтгаж болно. Тэр хүн гэр хороололд амархан дасах уу. Тиймээс ойгоос авчирсан модыг онцгой арчлах ёстой” хэмээж байхав.  Модоо эхлээд давуугаар ороож, холтсыг нь гэмтэхээс хамгаалсан байв.  Бас мөчирт нь тултал цас овоолох аж. Шинэхэн цасыг орсон даруйд нь ингэж модоо тойруулан овоолох нь хавар эрт нахиалах, хатаж гандахгүй байхад тустай. Үүнийгээ мэргэжилтнүүд цасалгаа гэж нэрлэдэг юм.  Харьцангуй зөөлөн уур амьсгалтай орнууд ч өвөл модоо ингэж хамгаалдаг. Бид хотынхоо агаарын бохирдлыг багахан ч гэсэн бууруулж байгаа моддоо үржүүлэхгүй юм аа гэхэд байгаа хэдийгээ  арчлаад “эрийн цээнд” хүргэх сэн.