Б.ТӨГС

Үндэсний өдөр тутмын шилдэг сонин гэсэн том нэрийг хариуцлагатайгаар үүрэлцэж яваа манай хамт олон 2014 онд танд хүрэх 300 гаруй дугаар сониныхоо ажилд ханцуй шамдан орлоо. Өглөө бүр уншигчдынхаа гарт шинэхэн талхтай зэрэгцэн очдог “Зууны мэдээ” сонины хамт олон улиран одсон 2013 оныхоо хөдөлмөр, амжилтыг дүгнэж шилдгүүдээ шинэ оны босгон дээр тодруулсан юм.

 

ШИЛДЭГ БИЧЛЭГИЙН ЭЗЭД

Өнгөрсөн онд сониндоо нийлүүлсэн онцлох нийтлэл, ярилцлага, сурвалжлагаараа манай шилдэг сэтгүүлчид тодорлоо. Tоймч Ч.Үл-Олдох “Бурхан Халдун уулыг онцгой бүс болгоё” цуврал нийтлэл, сурвалжлагаараа энэхүү хүндтэй шагналыг авлаа. Ч.Үл-Олдох нь шилдэгийн шилдэг бичлэгийн шагналыг тав дахь удаагаа хүртэж байгаа нь энэ. Түүний бичсэн, сурвалжилсан, хөндсөн олон асуудал төр засгийн чихэнд хүрч, тодорхой шийдвэр гаргуулж чадсаны сүүлийн жишээ нь “Бурхан Халдун уулыг онцгой бүс болгоё” юм. Засгийн газраас Бурхан Халдун уулыг Үндэсний бахархалт хайрхнаар зарласан нь түүний хөдөлмөр, бүтээлийн нэгэн үр дүн гэж хэлж болно. Үндэсний бахархалт хайрхнаа онцгой бүс болгох уриалгаа “Зууны мэдээ” орхилгүй үргэлжлүүлэн бичсээр байна. Зургийн аппаратаа мөрлөөд хаана ч хүрчихдэг манай Д.Цэрэннадмид ахыг салбарынхан нь андахгүй байх. Ямар ч сэтгүүлчээс дутахгүй хөнгөн шингэн Надиа ах маань Гэрэл зургийн, Орон нутгийн гэсэн хоёр албаны даргын үүргийг зэрэг гүйцэтгэдэг. “Хорьдугаар зууны зэрлэг хүнтэй уулзсан минь”, “Дотоод үйлдвэр”-ийн цолтон төрүүлсэн аймгийн наадам” нийтлэлээрээ ерөнхий эрхлэгчийн нэрэмжит шагналтнаар тодорлоо.

2013 оны шилдэг бичлэгийн дэд шагналтнаар Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн албаны дарга Б.Солонго, Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч Д.Болормаа нар тодорлоо. Манай Болороо хаана ч явсан зүгээр байдаггүй. Сайд дарга нарыг дагаж Дорнод аймагт очихдоо түймрээс амьд үлдсэн аврагч Болорсүхийнд зочлоод ирсэн, Монголын хамгийн намхан эмэгтэйг олоод ярилцчихсан. Шинэ оны босгон дээр дөрвөн ихэр хүүхэд анх удаа мэндэлснийг дуулангуутаа л эмнэлэг рүү жирийчихсэн. Тэр ийм л сэтгүүлч. Уншигчдадаа сонирхолтой, содон, халуун сэдэв бүхнийг түрүүлж хүргэхийг хүсдэг түүний хөдөлмөрч зан бусаддаа үлгэр дууриал болсоор байна. Хоёр хөөрхөн хүүгийнхээ хамт дэлгэцийн цэнхэр дэлгэцнээ мөнхөрсөн залуухан бүсгүй Тунгалагийг одоо ч та санаж байгаа байх. Өнгөрсөн хугацаанд хоёр хүүг нь яажшуухан амьдарч байгаа бол гэдгийг олон нийт  багагүй сонирхсон. Тэднийг уйгагүй хайж, хайсны эцэст олоод сурвалжлага хийж чадсан, түүгээрээ олон хүний хүлээлтийг биелүүлснээрээ сэтгүүлч Б.Солонго шилдэг бичлэгийн дэд шагналтан болсон юм. “Зууны мэдээ” сонины брэнд нүүр бол яах аргагүй эдийн засгийн нүүр. “Танай сонинд макро эдийн засгийг тун ч аятайхан биччихдэг Цогзолмаа гээд жижигхэн охин бий биз” гэсэн үгийг энд тэнд явахдаа олон сонсож байлаа. Манай Эдийн засгийн мэдээллийн албаны дарга Ж.Цогзолмаа “Хас банк ичиг ичиг”, “Лугийн голд хаягласан Токиогийн илгээмж”, “О.Чинбаяр:Уран зохиолын төлөө амьдралаа золих залуусыг олмоор байна” нийтлэлээрээ шилдэг бичлэгийн тусгай шагналтан болсон юм. Тэрээр эдийн засгийг энгийнээр, тэгсэн хэрнээ баримттай бичиж чаддаг нь манай сонины тавдугаар нүүрийг сонирхолтой бас мэдээлэлтэй болгодог юм.

“Зууны мэдээ” жил бүр залуу сэтгүүлчдээ урмаар тэтгэж, оны онцлох сэтгүүлчийг тодруулдаг. 2013 оны онцлох сэтгүүлч маань Б.Энхзаяа байлаа. Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн албанд дөнгөж нэг жил ажиллахдаа  залхуугүй, дайчин чанараараа бусдаасаа ялгарч,  төвөгтэй олон асуудлыг олон нийтэд ил болгосноороо тэрээр ийнхүү үнэлүүллээ. “Тендергүй тэрбумын ажлууд”, “УБЦТС компани хэрэглэгчдээ шулж байжээ” зэрэг цуврал нийтлэлээрээ нийгэмд бугшсан олон асуудлыг ил гаргаж болдог гэдгийг харуулсан хөдөлмөрч залуу сэтгүүлч юм.  Манай сонин зөвхөн нийслэл гэлтгүй аймаг бүрт тусгай сурвалжлагч ажиллуулж, эх орны өнцөг булан бүрээс шинэхэн мэдээллийг хүргэдэг билээ. Улирч буй 2013 оны орон нутгийн шилдэг сэтгүүлчээр Сэлэнгэ аймаг дахь “Зууны мэдээ”-ийн сурвалжлагч Д.Одонтунгалаг шалгарсан юм.

 

ШИЛДЭГ АРЫН АЛБАНЫХАН

Сонинд зөвхөн сэтгүүлчид байгаад болчихдог юм биш. Реклам сурталчилгаа, компьютер дизайн, хэвлэх үйлдвэр, санхүү, захиргаа гээд олон хүн өглөөнөөс орой болтол ажилласны үр дүнд 16-20 хуудастай сонин уншигч таны гарт очдог юм. Өнгөрсөн онд үр бүтээлтэй ажилласан шилдэг ажилтнуудаа ч “Зууны мэдээ” тодрууллаа. Сонинг машинаар зүйрлэвэл шатахууныг нь байнга дүүргэж байх хамгийн хүндхэн үүргийг зар, сурталчилгааны албаныхан хүлээдэг гэж манай сонины ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяр хэлсэн. Түүний хэлсэнчлэн уншигчдын гарт манай сониныг найдвартай, тасалдахгүй очиход гол үүрэг гүйцэтгэсэн шилдэг менежерээр Д.Мөнгөнтуяа тодорлоо. Манай сонины хамгийн эртэч дизайнер бол Д.Батбаатар. “Зууны мэдээ” сонины албан ёсны сайт болох zuuniimedee.mn-д мэдээлэл оруулах ажлыг давхар хариуцдаг болохоор ажил цуглахаас эртлэн ирдэг гэж хэлж болно. Тэрээр 2013 онд хамгийн мундаг нь байж шилдэг дизайнер болсон юм. Цалин, хөлс, татвар, даатгал гээд байнга мөнгөтэй харьцаж, тэр хэрээр багагүй стрессдэг санхүүгийн албанаас мөн л шилдэг ажилтан гарлаа. Сонины ажлын арын албыг найдвартайгаар олон жил гүйцэтгэсэн манай компанийн нярав Ц.Сувдаа оны шилдэг ажилтан боллоо. Сэтгүүлчид, реклам сурталчилгааныхан сониндоо материал нийлүүлж, компьютер дизайны албаныхан эвлүүлж янзлана гээд олон шат дамжлагыг дамжсаны дараа сонин маань хэвлэх үйлдвэрийнхэнд очно. Сониныхоо зургийг муухай гаргачихгүйн тулд хэвлэх үйлдвэрийнхэн хариуцлагатай үүргийг хүлээдэг. Ер нь сонин хийнэ гэдэг шат дамжлага бүртээ том хариуцлагыг биднээс шаарддаг юм. Хэвлэх үйлдвэрийн ажилтан Л.Батдорж манай шилдэг ажилтан боллоо.

Дашрамд дурьдахад Ч.Үл-Олдох эгч маань жил бүр шагналын хишиг хэмээн нэрэмжит шагналыг сонгосон сэтгүүлчиддээ өгдөг уламжлалтай. Олдох эгч энэ жилийн хишиг шагналаа сэтгүүлч Б.Энхзаяа, Д.Жавхлан нарт гардуулан өгсөн юм.

Ийнхүү манай хамт олон оны шилдгүүдээ тодруулж, ирж буй 2014 ондоо хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн, эрч хүчтэйгээр ханцуй шамлан орж байна. Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. Үг нисэн одно, цаас үлдэнэ.