Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Удаан хүлээсэн оюутны шинэ байр өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Өнөөдрийн байдлаар 1000 оюутны байрны “А” корпус оюутнуудаа хүлээн авч байна. Харин энэ долоо хоногт багтан “Б” корпус ашиглалтад орох юм. “Оюутны өргөө” цогцолбор буюу 1000 оюутны байрыг улсын хэмжээний жишиг дотуур байр болгох зорилготой ажиллаж байгаа талаар өмнө нь холбогдох албаныхан мэдээлж байсан. Ашиглалтанд орсон 1000 оюутны байрны “А” корпустай танилцлаа. “Оюутны өргөө” цогцолборын “А” корпус нь 450 оюутан хүлээн авах багтаамжтай аж. Одоогоор 200 гаруй оюутан шинэ байрандаа оржээ. Найман оюутны дунд нэг гал тогоо, халуун, хүйтэн устай ариун цэврийн өрөө ашиглах зохион байгуулалттайгаар барьсан нь хичээллэх, амьдрах орчинг бүрдүүлж чадсан хэмээн оюутнууд ам сайтай байв. Мөн оюутнууд дулаахан, цэвэрхэн, тохилог өрөөндөө сэтгэл хангалуун байгаа нь ч ил харагдсан юм. Нэг өрөөнд дөрвөн оюутан амьдрах ба тэдэнд хэрэгцээтэй бүх зүйл өрөөнд нь байлаа. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үүднээс хоёр давхар ор, хувцасны шүүгээ, ширээ сандал зэрэг тавилгыг эх орондоо захиалж хийлгэжээ. Мөн гал тогооны өрөөнд нь хөргөгч, хөлдөөгч, угаалтуур, ширээ сандал байрлуулсан байв. Энэ бүхэн орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнуудад олон талаараа давуу талтайг оюутнууд хэлж байсан юм.

Монгол оюутнуудаас гадна ӨМӨЗО, Филиппинээс ирсэн оюутнууд ч амьдарч байгаа аж. Манай оюутнуудын хувьд хагас жилийн 476 мянган төгрөг төлж байгаа бол гадаад оюутнууд сарын 200 мянган төгрөгийн төлбөртэй гэнэ. Оюутны байрны нэг давхарт номын сан, эрүүл мэндийн төв, дасгалын танхим, интернэт кафе зэрэг оюутанд хэрэгтэй бүх үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний газруудыг нээхээр төлөвлөж байгааг “Оюутны өргөө” цогцолборын ТУЗ-ийн гишүүүн Д.Оюунцэцэг ярьж байлаа. Өөрөөр хэлбэл манайд олон улсын стандартад нийцсэн анхны оюутны  хотхоны эхлэл тавигдсан гэж үзэж байгаа аж. 

Ингээд шинэхэн байрандаа тохьжиж буй оюутнуудын сэтгэгдлийг сонслоо.

 

МУБИС-ийн Физик технологийн сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан Б.Балжинням: ТОХИЛОГ БАЙРАНД АМЬДАРЧ БАЙГААДАА БАЯРТАЙ БАЙНА

-Шинэ тохилог оюутны байранд амьдарч байгаадаа баяртай байна. Оюутны байранд орохоор намар бүртгүүлсэн ч хугацаандаа ороогүй. Энэ хугацаанд өөр сургуулийн байранд амьдарч байсан. Бүх зүйл нь нийтийн байсан болохоор тухгүй, хүйтэн байсан. Харин энэ байр нь хотын төвд, дулаахан, тохилог байгаа нь сайхан санагдаж байна. Хувцасны шүүгээ, гал тогоо, угаалгын өрөө нь бэлэн учир хувцас, хичээлийн хэрэгслээ авчирсан. Төлбөрийн хувьд хагас жилийн 476 мянган төгрөг төлсөн.

 

ӨМӨЗО-оос ирж ЭМШУИС-д суралцаж буй оюутан Т.Туяа: АВТОБУСНЫ МӨНГӨӨ ХЭМНЭЖ БАЙГАА

-Манай улсад байдаг оюутны байртай харьцуулбал тохилог юм. Оюутны байр маань ойрхон болохоор сургууль руугаа алхаад ордог. Тийм болохоор би автобусны мөнгөө хэмнэж байгаа. ӨМӨЗО-д байдаг оюутны байрны төлбөр нь хямд боловч тохилог байж чаддагүй. Харин энэ оюутны байр нь хичээл хийхэд тохилог, гал тогоо, угаалгын өрөө нь тусдаа учир тухтай байна. Оюутны ийм сайхан байранд амьдарч байгаа болохоор хичээлдээ сайн сурна гэж бодож байгаа.

 

“Сити” дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутан Б.Амгаланбаатар: ХОЛООС ХИЧЭЭЛДЭЭ ИРЭХЭД ХЭЦҮҮ БАЙСАН

-Би Ховд аймгаас ирж суралцаж байгаа. Оюутны байранд орохоосоо өмнө Баянхошуунд айлд амьдардаг байсан. Өвөл холоос сургуульдаа ирж, очиход хэцүү байсан. Оюутны шинэ байранд ороод дулаахан бас бүх зүйлдээ ойрхон болохоор сайхан байна. Би  ангийнхаа найзуудтай хамт амьдарч байгаа. Тиймээс мэдэхгүй зүйлээ бие биеэсээ асууж байгаад хичээлээ хийхэд амар болсон.