Р.ОЮУН

“Сити” дээд сургууль дээд боловсролын солилцооны “Эрасмус Мундус” тэтгэлэгт хөтөлбөрийг хэ­рэг­жүүлэх гэж байна. Хөтөлбөр нь тэтгэлэгт солилцоо, эрдмийн хамтын ажиллагаагаар дамжуулан дээд бо­ловс­ролын чанарыг сайжруулах зо­рил­готой аж. Тус сургууль БНСУ-ын тэргүүлэх их сургуулиуд болох Чон­жугийн их сургуультай солилцооны хөтөлбөр, Сеокённы их сургуультай гэрээ байгуулж ирэх оны есдүгээр сараас эхлэн гоо сайхан, хувцас дизайн, архитектур интерьер дизайны чиглэлээр 4+0 хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. “Сити” сургууль төдийгүй манай улсын их, дээд сургуулиудад суралцагч, төгсөгчид Румын, Польш, Франц, Португал, Итали, Герман, Голландын түнш их сургуулиудад бүрэн тэтгэлэгтэй дээд боловсролын бүх шатны солилцоонд хамрагдах буюу суралцан зэрэг авах боломжтой боллоо. Тэтгэлэгт хөтөлбөрийн талаар “Сити” дээд сургуулийн гадаад харилцааны албаны дарга, ЕММА-гийн зохицуулагч Д.Баттуяагаас зарим зүйлийг тодрууллаа.  

-4+0 хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа гэсэн. Энэ хөтөлбөрийнхөө талаар товч тайлбарлахгүй юу?

-4+0 хөтөлбөр нь дөрвөн жил Монголд суралцах хугацаанд Солонгосын тухайн их сургуулийн багш нар ирж хичээл заахаас гадна дөрвөн жил суралцаад төгсөхдөө хоёр сургуулийн дипломтой төгсөх юм.

-Энэ тэтгэлэгт хөтөлбөрт оюутны тоо заасан байгаа юу?

-Солонгосын солилцооны хөтөлбөр маань тэтгэлэгт хөтөлбөр биш. Манай сургуульд бүртгэлтэй оюутнуудад зориулсан тэдний ур чадварыг дээш­лүүлсэн, олон улсын төвшинд хүрсэн эрдэм мэдлэг олгох зорилгоор хэрэгжүүлж байгаа. Мэдээж бүртгэлийг онлайнаар хийж байгаа. Бүртгүүлэхийг хүсэгчдэд хязгаар заагаагүй. Тодорхой хүмүүсийн квот өгсөн. Яг одоо докторын бүрэн тэтгэлэгтэй 36 сарын хөтөлбөрийн бүртгэл эхэлсэн байгаа. Сонирхсон хүмүүс бүртгүүлэх боломжтой. Тэнцсэн тохиолдолд гарах бүх зардлыг Европын холбооноос дааж байгаа.

-Хаана яаж бүртгүүлэх вэ?

-Хөтөлбөрийн нэгдүгээр ээлж буюу 2014-2015 оны хичээлийн жилд эхлэх 36 сарын хугацаатай докторын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэлсэн байгаа. Энэ сарын 31-нийг хүртэл цахим хэлбэрээр emma2014.ateneo.net хаягаар явагдана.