
С.УЯНГА
Газар хөдлөлтийн хамгаалалтаараа үлгэр жишээ болсон орон бол Япон. 1995 онд Токиод газар хөдөлж 300 мянган хүн нас барж, 300 мянга гаруй хүн аюулаас аврагдсан мэдээ байдаг. Амьд үлдэгсдийн 77 хувийг иргэд, 23 хувийг аврагчид аварчээ. Японд гэнэтийн аюулын үед иргэдээ нүүлгэх цэцэрлэгт хүрээлэн байдаг. Тэнд дулаан орон байр, хоол ундны агуулах, эмнэлгийн багаж хэрэгсэл гээд бүх зүйл бий. Мөн гамшгийн үед яах ёстой талаарх сургалтыг тогтмол явуулдаг аж. Харин манай улс болзошгүй аюулын өмнө ямар бэлтгэлтэй байгаа бол. Муу амласан хэрэг биш шүү. Бидэнд ийм аюул тохиолдвол бэлтгэл хэр байгааг сурвалжилсан юм.
Ардчилсан хувьсгалын дараахан Яармагийн дэнжийг гамшиг тохиолдсон үед майхан хороолол босгох зориулалтаар нөөцөлсөн байж. Харин одоо тэр газарт хэдийнэ барилга бариад эхэлчихсэн. Энэ тухай Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтнээс лавлахад нийслэлийн дахин төлөвлөлтөөр Яармагийн дэнжийг суурьшлын бүс болгочихсон гэнэ. Таван жилийн өмнө үерийн аман дээр буусан 2800 айлыг Биокомбинатаас Шувуун фабрик явах замд мөн Налайхын зам дагуух нөөцөлсөн газруудад байрлуулж байсан “туршлага” бий гэнэ. Тухайн үед тус газруудын дэд бүтцийг нь шийдэж автобус явдаг болгосон ч удалгүй айлууд ганц нэгээрээ буцаж нүүсээр эргээд үерийн аман дээрээ иржээ. 2007 оны Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар онцгой үед болон гамшиг тохиолдсон үед иргэдийг цуглуулахаар төвийн зургаан дүүрэгт 47 цэгийг баталжээ. Баянгол дүүрэгт зургаа, Чингэлтэйд 11, Сүхбаатар дүүрэгт 12, Сонгинохайрханд тав, Баянзүрх дүүрэгт найм, Хан-Уул дүүрэгт таван цэгийг иргэдийг түр байршуулах зориулалтаар нөөцөлсөн юм байна. Гэтэл жил ирэх тусам энэ газруудын зай талбай хумигдаж хувь хүн, албан байгууллагууд өмчлөх болсныг албаны хүмүүс хэлж байна. Үйлчилгээний газрууд, зам талбайгаа өргөтгөх нэрийдлээр нөөцийн газраас хумсалсаар байгаа гэнэ. Хотын аль болох чөлөөтэй газар буюу тухайлбал, Сүхбаатар дүүргийн иргэд Чингисийн талбайд, Чингэлтэй дүүргийн иргэд Ялалтын талбайд газар хөдөлсөн үед цугларах ёстой аж. Найман баллаас дээш буюу хүчтэй газар хөдлөлт, ямар нэг халдварт өвчин, үер усны аюулын үед иргэдийг зайлшгүй нийслэлээс гаргах шаардлагатай. Энэ тохиолдолд иргэдийг суурьшуулахаар захирамж гаргаж нөөцөлсөн газар байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хэрэв тийм газар байдаг бол цаасан дээр төлөвлөгөө хэлбэрээр л байгаа байх гэж албаныхан хэллээ. Нийслэлийн онцгой байдлын газраас Чингэлтэй дүүргийнхэн Чингэлтэйн зуслан, Сонгинохайрхан дүүргийнхэн Эмээлт, 22-ын товчоо руу зэрэг хотоос гадагш нүүлгэн шилжүүлэлт хийх чиглэл гаргаж өгсөн ч тэр нь батлагдаагүй, тушаал шийдвэр нь гараагүй он дамжсаар байгаа ажээ. Социализмын үед Улаанбаатар хотыг 250 мянган хүнтэй байхад шаардлагатай үед иргэдийн арван хувийг хоргодох байранд далдлах зарчимтай байж.
Хотод хэд, хэдэн хорогдох байр байсныг өмч хувьчлалаар хүмүүст тарааж өгөөд дуусгажээ. Өнөөдөр манай улсад ард түмний арван хувь нь байтугай Төрийн өндөрлөг, Засгийн газрын гишүүд нь шаардлагатай үед байрлах хоргодох байр байдаггүй юм байна. Мөн социализмын үед яаралтай нөхцөлд аврах нисдэг тэрэгнүүдийг гадаадын орнуудын адил байшингийн дээвэр дээр буулгадаг байжээ. Тэр үед Засгийн газрын ордон, нэгдүгээр эмнэлгийн дээр буулгадаг байж. Харин одоо баригдаж байгаа барилгуудын дээвэр дээр нисдэг тэрэг буулгах байтугай бага баллын газар хөдлөлтөд тэсэхгүйг холбогдох хүмүүс хэлж байна. Уг нь 2010 онд Ерөнхийлөгч 100 мянган хүнийг нэг дор хооллох хүнсний агуулах болон нийслэлээс гадна майхан хороолол босгох газар нөөцлөх зэрэг гамшгийн үед хэрэг болох бүхий л арга хэмжээ авахад бэлдэх үүрэг өгсөн боловч одоог хүртэл төсөвт мөнгө нь суулгүй байсаар сураг тасарчээ. Өнөөдөр манай улс хэлж ирдэггүй хийсч ирдэг аюул ослын өмнө иймэрхүү л байдалтай байна.