
Р.ОЮУН,
Э.ОРХОНСҮРЭН
“Айхавтар гар чангатай ах дүү хоёр байлаа
Адлаж хүмүүс тэднийг харамчийнхан гэдэг байлаа
Сансар эмгэдийн бэлийг хонь нь бүрхэж
Сарваа цуцахын хөндийгөөр адуу нь багтаж ядаж
Үе дамжсан баян харамчийнхны хот айл
Үүл мэт нэвсийцгээн аж төрдөг байлаа...” гэж Төрийн шагналт Д.Цоодол “Харамчийнхан” дуульдаа бичсэн байдаг. Их найрагчийг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урив. Түүний хүүхэд нас хөдөө өнгөрсөн бөгөөд 1976 онд Намын дээд сургууль төгсч 1970 оноос уран бүтээлээ эхэлсэн байна. Тэрээр 1982 онд “Тогоруун цуваа” номоороо Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, 1996 онд “Нутгийн зургаан өнгө”, “Он жил” ном, “Тэнэг”, “Харамчийнхан” дуулиараа төрийн шагнал, 2005 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2009 онд Ардын уран зохиолч цол хүртжээ.
ТОГЛОХ ЗАВГҮЙ ХҮҮХЭД НАС
Хүүхэд нас бол хүүхэд л нас байдаг. Тэрээр бусад хүүхдийн адил тоглож наадах, сахилгагүйтэх зав байсангүй. Хэзээний томоотой, ноомой хүүхэд байж. “Хол ойр явж янз бүрийн зан сурч дүрсгүйтэх зав олдсонгүй” хэмээн ярьсан юм. Гүйцэд уншиж сураагүй нэгдүгээр ангийн дүүдээ ах нь Алтан загасны үлгэрийг дэвтрийн цаасан дээр бичиж ирснээр номын амтанд оржээ.
Хөх мөнгөн тэнгэрийн хөвөө хязгаар нутаг
Хөрст алтан дэлхийн эрэг ирмэг газарт
Эмгэн, өвгөн хоёр айл болон амьдарч аж төрөн суужээ гэж уншчихаад өвгөн, эмгэний дүрийг дотроо ургуулан бодсоор сатаарах цаг түүнд гарсангүй. Тэр үед Ч.Чимэд гуайн орчуулсан “Отелло” жүжгийг Цог сэтгүүлд тавьсан байхыг олж уншжээ. Тэр үеийн есөн настай хүүхэд “Отелло”-г уншаад ойлгодог юм байхдаа гэж хэлэх хүмүүс байж. Гэсэн ч зохиолд гарч байгаа Отелло, Дездемон, Яго, Касиогийн дүрийн ялгаа, сайн мууг ойлгож байсан санагддаг хэмээн Д.Цоодол гуай ярьж байв. Ингэж л өөрийнхөө хэмжээгээр шүүж, утга зохиолын амтанд орж байсан гэнэ. Тиймээс ч малчин, математикч болно гэж бодож байгаагүй.
Тэр үеийн хүүхдүүд малчин л байсан. Эхлээд хурга хариулна. Үүний дараа хурганы, хонины, адуу мал буцаадаг, гүү барьсан цагт гүү хураадаг, унага татдаг хүүхэд гэж явсаар байгаад жаахан томроод ирэхээрээ адуунд морддог байсан талаараа дурсан ярьж байлаа. Энэ нь хүнийг хүн болгох их сайхан систем байжээ. Энэ бүхэн түүнд их тус болсон байх. Ариун сайхан орчинд өсч торнихдоо муу муухай зүйл үзээгүй азтай хүн гэж бахархаж байлаа. Түүний хувьд найр наадам, дуу хуур гэдэг хүнийг хүн болгодог хүмүүжлийн нэг хэлбэр байж. Ээжийн бүүвэй сонсч өссөн хүн найр наадамд сайхан уянгалаг дуу эгшиглүүлнэ. Тийм орчинд өссөн хүн яаж муу муухай зүйл сонсч, хийх билээ. Унага янцгаах, хурга майлах сайхан. Хавар хонио тойглоно. Үнээгээ хөөвлөнө. Заримдаа ингэ нь ботгоо голоход хөөсөлнө дөө. Энэ үед хүн битгий хэл мал уяраад ботгоо голж байсан ингэ нулимс туслуулдаг. Энэ бол хүнийг их зөөлөн сэтгэлтэй болгож, амьдралыг таниулж, ерөнцийг ухааруулдаг байна.
“Эх нутаг” шүлгээ тавдугаар ангид байхдаа хэвлүүлж байжээ. Үүнээс өмнө 3-4 дүгээр ангидаа “Пионерийн үнэн” болон аймгийн сонинд шүлгээ явуулдаг байсан ч нэг нь ч гараагүй байна. Харин мэдээ нь хааяа гардаг байсан. Багш нар их гярхай хүмүүс байдаг юм билээ. Шавиа хэн болохыг хардаг байсан юм болов уу. Түүнийг хоёрдугаар ангид байхад нь Давдай багш нь шинэ жилээр алиалагч болгож цаасаар дуран, малгай хийж өгчээ. Түүний дурангаар дурандаж хэлэх үгийг нь багш нар нь бэлдэж өгнө. Тухайлбал, “Монголын энгэрт малаараа хороо барьсан айл хэнийх вэ. Энэ чинь Чойжамц гуайнх шив дээ” гэнэ. Одоо бодоход тэр айл нь манай аавын төрсөн дүүгийнх байсан. Тухайн үед хоёрдугаар ангийн хүүхэд юугаа мэдэх вэ дээ. Багш нарын бичиж өгөөд цээжил гэсэн үгийг л хэлж байгаа нь тэр хэмээн хүүхэд насныхаа гэнэн томоогүй насыг дурссан юм. Мөн Н.Гомбодоогийн
Алтай пиво руу гүйдэг нь
Архичин болохын цондон
Араншин муутай явдаг нь
Агсан болохын цондон...гэсэн дөрвөн мөр шүлгийг уншиж хоёр ширхэг алим, хэдэн чихэр авчихаад нэг алимыг нь идчихсэн аж. Гэтэл “Би чинь хоёр дүүтэй. Хоёуланг нь аваачиж өгдөг байж” хэмээн амаа барьж байсан. Тэгээд маргааш нь хажуу айлынх нь хүн эмээлтэй хөтөлгөө морьтой ирэхэд нь ганц алим, хэдэн чихрээ аваад очиход ээж минь их баярлаж байсан. Ингээд хоёр дүүтэйгээ хувааж идэхэд түүн шиг гоё амттай зүйл байгаагүй.
Бүрэн сум хэзээнээсээ адуу сайтай. Социализмын үед Бүрэн сум гурван түмэн адууны баяр хийнэ гэсэн яриа гарч байсан. Гурван түмэн адуу гэдэг нь 30 мянган адуутай гэсэн үг. Эрдэнэдалай сум адуу, хониороо улсад нэгдүгээрт, харин Бүрэн сум хоёрдугаарт ордог байжээ. Эндээс л шүлэг бичих санаа төрж байсан гэдэг. Тухайн үед тусгай сургууль гэж байсангүй. Бүрэн сум дөрвөн бага сургуультай. Бага сургуульд байрны хүүхэд байж. Тэрээр долдугаар ангиа төгсөөд сургуулиасаа гарчээ. Энэ хугацаанд дотуур байранд олон аавын хүүхдүүдтэй танилцаж, гэр орноосоо хол өлсч, ядрахыг мэдэрсэн гэдэг.

АВТОМЕХАНИКИЙН АНГИА АЧИГЧААР СОЛЬСОН НЬ
Цоодол гуай ганц ахтай байжээ. Түүнийг тавдугаар анги төгсдөг жил ах нь өөд болж өөртөө буруу захирамж өгөхөд нь нөлөөлсөн аж. Учир нь түүнд “Ах чинь өвчнөөр үгүй болчихлоо. Аав, ижийдээ чи л тус болох хүн” гэж хэн ч хэлээгүй байна. Тэрээр дотроо “За ах минь байхгүй болчихлоо. Би айлын том. Тиймээс ажил хийнэ. Тэгээд зохиолч болно” гэж бодоод долдугаар ангиа төгсөөд сургуулиасаа гарчээ. Долдугаар анги төгссөн, 16 настай хүүхдэд ямар ажил олдох вэ дээ. Гэхдээ л хот орж Политехникумын автомеханикийн ангийг авахад хүүхдүүд “Чи ямар гоё анги авсан юм бэ” гэж. Тэгэхэд нь “Энэ бол миний явдал биш ээ” гэжээ. Нөгөө л нэгдүгээр ангид утга зохиолд дуртай болоод тэр рүүгээ хандсан болохоор барагтай бол ийш, тийшээ ханддаггүй юм байна. 1961 оны есдүгээр сарын 1-нд Политехникумын сургууль дээр очоод эхний өдөр, эхний цаг дээр хожим гавьяат багш болсон Пүрэвхүү захирал дээр ороод “Би танай сургуульд сурахгүй. Гэрчилгээгээ авмаар байна. Миний зам өөр” гэхэд “Юу ярьж байгаа хүүхэд вэ энэ чинь. Хамгийн сайхан анги шүү дээ. Аав, ээж чинь зөвшөөрөх юм уу” гэхэд нь “Өө, аав, ээж мэдэхгүй” хэмээн зүтгэхэд “За хүү минь чи хоёр хоног сайн бод. Манай сургуулийн автомеханикийн ангийг ямар анги вэ гэдгийг хүмүүсээс асуу” гэжээ. Яагаад гэвэл тэрээр шүлэг бичиж, зохиолч болно. Зохиолч болохын тулд юм бичдэг болох ёстой. Мөн хар бор ажил хийж аав, ээждээ нэмэр болж хоёр дүүгээ өсгөхөд нь заавал туслах ёстой хэмээн боджээ. Түүнийг үгүй гээд байхаар нөгөө захирал хүн дуудаад гэрчилгээг нь өгсөн аж. 16 настай хүүхдийг хэн, хаана юу хийлгэх вэ дээ. Гэсэн ч МУИС-ийн хөшөөтэй байрны цаана Аж үйлдвэрийн дэлгүүрт ээжийнх нь дүү ачаа бараа зөөгчөөр оруулж өгсөн байна. Түүнтэй хамт хоёр өвгөн хамт ачаа, бараа зөөнө. Дээр нь өвөл болж байсан болохоор арван дугуйтаар Налайхаас нүүрс зөөнө. Заримдаа хүн дутахаар манаанд хүртэл гардаг байжээ. Нэг шог гараан дээр манаачийн буу сумгүй эсвэл замаггүй байдаг тухай гардаг шүү дээ. Энэ чинь яг л байсан шүү. Би бууны сум гэдгийг ерөөсөө үзээгүй. Тэр бүү хэл замгийг нь хаячихаад авч байсан удаатай. Би айж, ичдэггүй байсан. Орой нь хаалгаа түгжчихээд унтаад өгдөг байлаа. Дэлгүүрээс ийм тийм юм алдлаа гэсэн зүйл гардаггүй. Хоёр, гурван сар ингэж явсан. 1961 оны арванхоёрдугаар сарын 25-нд дэлгүүрт шалгалт ирээд “Намайг насанд хүрээгүй хүүхэд байна” гээд ажлаас халчихсан. Энэ тухай хэнд ч хэлэх вэ дээ хэмээн богино хугацаанд ямар ажил хийж байсан талаараа хуучилсан юм. Тухайн үед аав, ээж хоёр нь хүнээр “Сургуульд ороогүй хойно миний хүү яваад ир” гэж хэлүүлдэг байжээ. Тэднийх хэдэн адуу, малтай байсан болохоор тэрийгээ хариулаад амар байг гэж бодсон байх. 16 настай амьтныг чинь таньж мэдэхгүй газар юу идэж, юугаа хийж яваа бол гэж санаа зовж байсан. Тиймээс ажлаас халагдангуутаа унаа олоод Бүрэнгийн хэдэн хүнтэй явж байгаад Айдсын даваан дээр онхолдож дөрвөн дугуй нь дээшээ харсан ч 14 хүн бүгд эсэн мэнд гарсан ч олон хоног зүүдлэгдсэн гэсэн. Тэр үед бичиг боловсролтой хүн ховор байж. Долдугаар анги төгссөн, том биетэй хүүхдээр нэгдлийн тоо бүртгэгч хийлгэж арваад хүний хувийн хэргийг хадгалж, сарын 154 төгрөгийн цалин авна. Захиргаанд ганц хоёр сар ажиллаж байгаад аймаг орж залуучуудын эвлэлийн ажлыг хамгийн багаас нь хийж байгаад нөгөө шүлгэндээ үнэнч явлаа. 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулж ногоон хавтастай том зузаан “Монголын шилдэг яруу найраг” номыг хаана ч очсон уншдаг байсан нь түүний ганц өмч байв.
“АНХДУГААР ТАВАН ЖИЛ” СОНИНЫ СУРВАЛЖЛАГЧ БОЛОВ
Түүнийг аварсан зүйл бол гадаад, дотоодын зохиолчдын номууд. Долдугаар анги төгсчихөөд дараа нь аймагтаа “Анхдугаар таван жил” сонины сурвалжлагч болжээ. Энэ хооронд сурвалжлагч болох бэлтгэлээ, анхны яруу найргийн түүврээ Явуу багшид үзүүлж, “Нутгийн долоон өнгө” гэсэн ном гаргахад магтаж, хүмүүс их сайн хүлээж авсан гэнэ. Тэрээр энэ тухай “Шүлгээ бичээд явж байтал аймгийн удирдлага надаар аймгийн сурвалжлагч хийлгэсэн. Тэгж байгаад хүн сургууль төгсөөд үр дүнгээ үзээд дараагийнхаа боловсролоо дээшлүүлэх юм бодож байх насанд би дээд сургуульд сэтгүүлчийн ангид орсон. Монгол Улсын их сургуулийн сэтгүүлчийн анги гэж байсан. Гэтэл сүүлдээ элсэлт авахаа больчихсон. Тэнд элсэлт авах байх гэж бодож, хөдөөгийн сонины хэдэн сэтгүүлч чагнаад байлаа. Түүний нэг нь Цоодол гуай байв. Гэтэл элсэлт авахаа больчихсон. Бараг 10 орчим жил сэтгүүлч бэлтгээгүй. Өнөөдөр бол сэтгүүлчид нь багтахгүй байна. Тэр үед мэргэжлийн сэтгүүлч олдохгүй сүйд болж байсан. Яг тэр үед Намын дээд сургууль дээр сэтгүүлчийн анги нээгээд, 1972 онд элсэлт авсан. Би Төв аймгийн “Анхдугаар таван жил” сониноос, Монголын үндэсний телевизийн дарга байсан Д.Жаргал гэдэг хүн радиогоос, Ш.Ренцэн гэдэг миний найз Баянхонгорын “Лениний зам” гэдэг сониноос ирж байлаа. Тэнд би дөрвөн жил суралцаж, сэтгүүлч мэргэжил эзэмшсэн. Тэгэхэд Намын дээд сургуулийн сэтгүүлчийн ангид Ломоносовын их сургуулийн сэтгүүлчийн ангийн программыг Москвагийн намын дээд сургуулийн программтай нийлүүлж хийсэн программаар бидэнд хичээл заасан гэж байгаа. Алах эд байгаа биз. Тэр сургуулиа төгсөөд би дарга болох шахсан. Намын төв хорооны суртлын хэлтэст хэвлэл хариуцсан ажилтан гэсэн албан тушаалд ирсэн юм. Тэндээ таван жил болоод хойно очиж яруу найргийн семинарт хоёр жил суугаад дараа нь Зохиолчдын хороондоо очсон доо. Тэнд 7-8 жил яруу найргийн зөвлөлийн эрхлэгчийн ажил хийж байсан. Тэгж байгаад “Ардын эрх” сонинд ирж байлаа. Хоёр албатай байсан. Нэг албыг нь би хариуцаж байлаа. Төрөл бүрийн л юм бичиж байсан. Ер нь явж явж намайг энэ амьдрал руу оруулж өгсөн гол юм нь анхны шүлгийн ном. Тэрээр уран бүтээлдээ гол төлөв төрсөн нутаг усаа магтана. “Миний бичээд, бичээд дуусдаггүй сэдэв бол Бүрэн минь юм” хэмээн найрагч маань ярив. Мөн нутаг усныхаа сонин содон хүмүүсийг зохиолынхоо гол баатраар дүрсэлдэг байна.
1970 онд анхны номоо гаргахад Багшийн дээдийн багш, доктор, төрийн шагналт, ардын багш Д.Цэнд гуай түүний анхны номыг үзээд судалгааны өгүүллэг бичиж магтсан нь урам, өгсөн аж. 1966 онд Явуухулан багштайгаа танилцжээ. Ш.Сүрэнжав ажлаар явж байхдаа Явуу багшийг дагуулж ирсэн юм.
Ш.Сүрэнжав өмнө нь аймгаар явж байхдаа намайг таньдаг болсон. Тэгээд энд ийм хүн байдаг гээд манайд дагуулж ирэхэд нь би шүлгээ сонсгоход “Энэний шүлэг ямар ч байж магадгүй. Миний бодоход гол ясандаа ярьдаг” гэсэн хачин юм ярьсан. Одоо бодоход монгол хэл нь гайгүй бас нэг авьяастай, үг элбэгтэй ийм нэг хархүү гэсэн байлгүй. Тухайн үед аймагт үдэшлэг болох гэж байсан болохоор би хоёрхон шүлэг уншиж өгсөн. Энэ үеэр Явуу, Цэдэндорж, Ширчинсүрэн, Лхамсүрэн, Дашдооров, Сүрэнжав гэсэн хүмүүс ирсэн. Эднийг хараад би эхлээд их баярлаж хөөрч байснаа сүүлд нь бараг айсан. Яагаад гэвэл Ширчинсүрэнгийн цав цагаан ботинк, костюмтай, алтан хүрээтэй болохоос бус цагаан чулуун шилтэй, тас хар үстэй, жаахан дультраа ч гэсэн гоё шүлэг уншсан. Явуу багш гоё алаг нүдтэй, их сайхан хүн байсан. Тэднийг хараад өөрийнхөө байж байгаа, ганц өрөө хүйтэн байрандаа бараг гуниглаж байсан. Тэгэхэд л Явуу багш“Чи авьяастай юм байна. Би Цог сэтгүүлийн нарийн бичгийн дарга хийдэг. Чи надтай уулзаарай” гэж хэлсэн нь 1966 оны зургадугаар сарын 17” хэмээн хүүрнэв.
Хэдий 21 настай ч хэрсүү хархүү байж. Тэрээр Явуу багш дээрээ 1968 оны хавар очжээ. Тэгээд шүлгээ уншихад багш нь түүний 11 шүлгийг “Цог” сэтгүүлд хэвлүүлснээр яруу найрагтай хувь заяагаа холбожээ.
ОНГОД ЭЗНЭЭ ДУУРАЙДАГ
Зохиолч, яруу найрагч нарт онгод гэж байдаг. Гэхдээ аливаа онгод эзнээ дуурайсан байдаг. Хүний онгод оргилсон, дэвсэн үед байдаг байх. Би өөрөө тийм биш болохоор миний онгод бас над шиг байх хэмээн ярьж байсан. Гэхдээ түүнд онгод ирдэг гэнэ. Үнэндээ уйлаад гуйсан ч онгод байхгүй бол юм бичиж чадахгүй. Нээрээ л нэг мэдэх нь ээ юм бичмээр санагддаг. Энэ бол зөвхөн яруу найрагт бус үргэлжилсэн үгийн зохиолд ч байна. Тэр бүү хэл сэтгүүлзүйн бүтээлээ хийхэд сэтгэл ивэлж эвээ олох гэж байдаг. Сахлын машины залгуурыг залгачихсан юм шиг бэлэн байдалд ч байдаг аж. Түүний хувьд янз бүрийн үед орж ирдэг байна. Тухайлбал, сэтгэл хөгжиж баярласан, сайхан үед. Үгүй дээ л тэнгэр сайхан үед. Болжмор хугжийчихаад өвөлжөөний хөлөөр нэг жаахан боргоцой шиг юм гүйлдээд байхаасаа илүү хүүхэд шиг баярлаад жиргэж байх үед бичиж байсан. “Үүлнээс зүүсэн хонх адил болжморын жиргээн дундаас өглөө ирлээ” гэж нээрээ л тэнгэрээс зүүгдсэн юм шиг баярлаж байгаа энэ үе надад арай ойр байдаг юм болов уу. Гэхдээ хүн хүний онгод өөр гэнэ. Цоодол гуай П.Бадарч гуайгаас “Хөөрхий” гэдэг дуулиа яаж бичив гэхэд нь “Үгүй мөн хачин юм шүү. Аавыг нас барсны дараа магнайд нь хүрэхэд мөс шиг, цагаан чулуу шиг байсан. Тэр үед л энэ дуулийн анхны санаа орж ирсэн“ гэжээ. Тэгэхээр уй гашуутай үед ч гэсэн онгод ирдэг байж таарах нь. П.Бадарчид “Адуу” гэж шүлэг байдаг. Түүнийгээ цэргийн амралтад амарч байхад нь хуучин монголоор их гоё бичдэг эмэгтэй байж гэнэ. Түүнийг нь харсан чинь яг нэг зөргөөр уснаас гарч яваа адуу шиг харагдсан гэж байгаа юм. Түүнээс анх санаа нь төрсөн гэж байсан. Тэгэхээр хэвийн үед өглөөний сайхан нар мандсан тэр агшинд онгод бас ирдэг хэрэг. Хүмүүс ярьдаг даа “Н.Нямдоржийн шүлгүүд номноос их төрдөг” гэж. Ном уншиж байгаад тухайн номны мөрнүүдийн хоорондоос төрж байгаа юм шиг байдаг. Соёлтой гоё яруу найрагч шүү дээ.
“Цалгих долгио таслаагүй өргөн оны урсгал
Цагийн уртад замхараагүй өнө холын дурдатгал
Хашин хээрийн хатирсан хайртны харгуй
Хаврын эхээр дэлгэрсэн хавтын цэнхэр яргуй” гэж. Хулхайсан Н.Нямдоржоос яаж ийм гоё шүлэг гардаг байна аа гэхээр гоё бичдэг яруу найрагч.
Онцын хөөрхөн хүүхэн гэдэг зүрхний хулгайч юм
Олон эрсийн тулалдах сэтгэлийн тулааны талбар юм
Энгүй сайхан түүнд зуун зүрх тэмүүлж
Эцэст нь 99 нь шархалдаг... гэж сурлагадаа гавихгүй, үсийг нь хусчихсан түнжин толгойтой, дуу цөөтэй, бүтэлгүй хүү Биндэрийн арван жилийн есдүгээр ангид байхдаа энэ шүлгийг бичсэн байгаа юм. Тэгэхээр тэр уянга, онгод гэдэг байдаг байна. П.Пүрэвсүрэнгээс “Таны онгод хэзээ ирдэг вэ” гэхэд “Би өвөл голдуу зохиолоо бичдэг. Зохиолчид хавар, намар ихэвчлэн бичдэг гэдэг. Надад тийм зүйл байхгүй. Өвөл л бичдэг” гэж хэлсэн юм. Яагаад заавал өвөл гэж асуухад “Гарах гэхээр дулаан хувцас байхгүй учраас тэр” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр янз бүрийн сонин агшинд онгод нь орж ирдэг байх нь. Зөвхөн сонсох төдий бичих юмсан гэх гялбаа бий болдог байна. Хүмүүс бүтээлээ бичихдээ амьдрал судална гэдэг. Түүний хувьд сэтгэлдээ уран зохиолын ямар нэг санаа олж байж бичнэ. Хамгийн анхны үргэлжилсэн үгийн зохиол нь “Шар тэмээний нутаг”, “Хонины боол”, “Хөеө” болон энэ жил хэвлүүлсэн “Нулимс холоос харагдахгүй” гэх зохиол юм. Нулимс холоос харагдана гэж радиогоор ярьж байсан. Хүний зовлон гэдэг ил байдаг эд биш. Хүн зовлонгоо гоожуулаад явж байдаг амьтан биш. Сэтгэл байвал бүхнийг ялна гэдэг. Тэрээр орос хэлийг одоо ч гэсэн сурч байгаа гэсэн юм. Антон Чехов, Расул Гамзатов, Омар Хайям, Акутагава Рюнеску, Андрей Платонов, Константин Паустовский, Ги Де Мопассаны “Сураггүй бологсод” зэрэг уран бүтээлчдийн өгүүллэг тууж, зохиолыг орчуулсан нэгэн.
ААВЫН БАХАРХАЛ ОХИДУУД НЬ
Бүрэнгийнхэн ялангуяа түүний төрж өссөн хонхор Талын булагийнхан юу байдгаа орсон гарсанд өгнө. Цоодол гуайн ээж Дэнсмаа олонтойгоо эвтэй найртай, шуналгүй нутгийн олон сайхан ижий нарын нэг байжээ. Ижийгээ 90 настай байхад тэрээр 60-тай цагаан сараар золгож байлаа. Харин түүний ажаа /аав/ хотод яасан ч тогтохгүй Бүрэнгээ л гэдэг байв. Цоодол гуай өндөр Ваанчигийнхны удам. Түүний удамд бас таван сэнж Лүндэг гэж хүн байсан гэнэ. Учир нь тоорцог малгайн сампинг зориуд урт хийхээр дугуй сэнж гардаг. Тиймээс урт гар, хөлтэй хүн морин дээр мордоход өвдөг, гар нь нугараад зайтай харагдана. Ингэж таван сэнж гэдэг хоч авчээ.
Цоодол гуай 1962 оны наймдугаар сарын 24-нд эхнэр А.Цэвэлмаатайгаа танилцаж гал голомтоо бадраажээ. Түүний гэргий Цэвэлмаа гуай насаараа бага ангийн багш хийсэн гавьяатай. Хайр гэдэг хүнд нухацтай бодох агшинг хэзээ ч өгдөггүй. Тэрээр анх эхнэрээ хараад “Миний хань болох хүн мөн гэж бодсон” гэв. Тэднийх гурван охин. Нэг хүүтэй байсан ч багадаа эндсэн байна. Олон ач, зээтэй болохсон гэж их боддог ч санаанд хүртэл нь олон болсонгүй гэнэ. Монголын үрс маш олон болтугай гэж ерөөж байлаа. Одоо тэднийх таван ач, зээтэй. Том охиныг нь Тэмүүлэн гэдэг. Герман, орос хэлний орчуулагч. Дундах нь Хулан. Яруу найрагч гэдгээр нь хүмүүс андахгүй сайн мэднэ. Харин хамгийн бага охиныг нь Оюун гэдэг. Тэрээр япон хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Найрагч маань “Миний охид сайхан боловсрол эзэмшсэн” хэмээн бахарахсан юм. Түүнээс ач, зээ нараас нь шүлэг оролддог хүн байгаа эсэхийг асуухад “Байхгүй. Хулан бид хоёр байхад хангалттай” гэсэн юм.