
Т.БАТСАЙХАН
Ойн салбарынхан өчигдөр Төрийн ордонд чууллаа. Тэд ойн талаар баримталж буй төрийн бодлого, ойн цэвэрлэгээ, арчилгааны ач холбогдол, уур амьсгалын өөрчлөлт болон тооллогын асуудлаар ярилцсан юм. Байгаль орчин ногоон хөгжлийн яам энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж, хөдөө орон нутгийн ойн нөхөрлөлийн төлөөлөл болон албаны хүмүүс оролцов. Яамны зүгээс төрөөс баримтлах ойн бодлогын баримт бичгийг боловсруулан удахгүй УИХ-д өргөн барих гэж буй аж. Тиймээс бүх төвшний хүмүүсийнхээ санал бодлыг сонсон тусгах зорилгоор чуулган зохион байгуулжээ. БОНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга “Дэлхийн дулаарал, хуурайшил явагдаж байгаа энэ үед ойн түймэр гарах хөнөөлт шавьж олшрох болсон нь манай орны ойг хомсдолд оруулах хүчин зүйл болж байна. Тиймээс байгалийн тэнцвэрт байдлыг хадгалж, ойгоо хамгаалан авч үлдэхийн төлөө өнөөдөр олон ажлыг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна” хэмээсэн. Хэлэлцүүлгийн эхний асуудал нь ойн цэвэрлэгээ байсан юм. Манай орны ойн сангийн нөөцийн 76.3 хувийг болц гүйцсэн, хөгширсөн ой эзэлдэг бөгөөд энэ нь гал түймэрт өртөх хортон шавьжны үүр уурхай болох зэрэг муу нөлөөтэй. Тиймээс ой залуужин, тэлэхэд цэвэрлэгээ чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв. Харин БОНХ-ийн сайдын зөвлөх, доктор Ц.Адьяасүрэн үүний эсрэг саналтай байгаагаа илэрхийлсэн. Тэрээр “Хөгшин модод унаж байгальдаа шингэн алга болох учиртай. Үүнийг зөөж, ойн цэвэрлэгээ нэрээр мөнгө олж болохгүй. Манай орны ихэнх газар цөлжиж байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Үүнтэй холбоотой байж мэднэ” хэмээв. Чуулганд оролцогсод энэ асуудлаар нэлээд удаан хэлэлцсэн. Бид ШУА-ийн доктор З.Цогтоос ойн цэвэрлэгээ хэрэгтэй эсэх талаар тодрууллаа. Тэрээр “Аливаа зүйл шинжлэх ухаанд тулгуурлан хөгжих учиртай. Ой бол нөхөн сэргээгддэг баялаг. Ойг цэвэрлэснээр устаж үгүй болно, муудна, алга болно гэж үгүй. Харин ч залуу мод нь ургаж бие гүйцэн сайхан болно. Гэхдээ цэвэрлэгээг эдийн засаг талаас авч үзэхээс илүү мэргэжлийн хүмүүсээр хийлгэх хэрэгтэй” хэмээлээ. Чуулганд оролцогсод ч ойн цэвэрлэгээ чухал гэдэгтэй санал нэг байв. Харин бид ойгоо хэрхэн цэвэрлэж, сайхан болгох талаар гарц хайх хэрэгтэйг хүн бүхэн хэлж байсан. Цэвэрлэгээ хийгээгүйн улмаас 5.8 их наяд төгрөг байгальдаа шингэн алга болдог талаар судалгаа гарчээ.
Тиймээс БОНХЯ-наас 2014 онд цэвэрлэгээний хөтөлбөрийг орон даяар эхлүүлж буйгаа зарлалаа. Манай улсад хатсан унасан, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн мод нийт ойн сангийн 16 хувийг эзэлж байгаа юм. Одоогоор ойн цэвэрлэгээг хамгийн сайн хийж байгаа нөхөрлөл нь Дархан-Уул аймгийн Хонгор сумынх гэнэ. Тэнд одоогоор 25 нөхөрлөл цэвэрлэгээ хийж байгаа аж. Сүүлийн гурван жил түймэр гараагүй нь нөхөрлөлийн ажлын үр дүнг харуулж байгаа гэлээ.
Цэвэрлэсний дараа ой мод тэлж ургаж байгааг судалгаагаар тогтоожээ. Гарсан хөгшин мод, унанги нь түлш болохын зэрэгцээ, хавтангийн үйлдвэрт нийлүүлж, тэр ч бүү хэл дизель түлш үйлдвэрлэх түүхий эд болдог байна. Ийнхүү бид ирэх онд ойгоо цэвэрлэхээр боллоо. Чуулганаар хэлэлцсэн дараагийн нэг асуудал бол ойн тооллого.Монгол Улсын нийт газар нутгийн найм гаруйхан хувь нь ойгоор бүрхэгдсэн байдаг аж. Өнгөрсөн хугацаанд ойг тоолж байгаагүй юм байна.
Мөн хэрхэн тоолох, үр дүн нь ямар байх талаар хэлэлцлээ. Ойг олон улсын стандартын дагуу тоолох бөгөөд ойн нүүрстөрөгчийн шингээх чадавхийг гаргаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр олон улсын байгууллагатай хамтран ажиллах боломжтой болох юм байна. Өмнө нь манайх ойгоо тоолж байгаагүй болохоор төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж чаддаггүй байсан гэнэ. Үүнээс гадна таримал ойг улс нөхөн худалдаж авах боломжийг ч судалж эхэлжээ. Одоогоор худалдаж авах тариф нь өндөр биш ч бага багаар нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Ингэснээр 2000 оноос хойш тарьсан модыг улсад худалдах боломж бүрдэж байгаа гэлээ. Ийнхүү Монголын өнцөг булан бүрээс ирсэн ойн мэргэжилтнүүд санал бодлоо хэлэлцэн төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловруулан УИХ-д өргөн барихаар боллоо.