
Үндэсний мэдээллийн төвд
Д.Гэрэлцэцэг
“Нарантуул” худалдааны төвийн удирдлагууд гадна талбайдаа жимс, жимсгэнэ зардаг иргэдийг худалдаа хийхийг хоригложээ. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд, хөлдөөсөн, муудсан жимс зарж байна гэсэн шалтгаанаар 79 лангууг нураасан байна. Иргэдэд худалдаа хийхийг хориглосон ямар ч сануулга, хуудсыг өмнө нь өгөөгүй аж. Иймд сүүлийн ес хоног худалдаа хийгээгүй иргэд захын удирдлагуудад нөхцөл байдлаа учирласан ч хүлээж аваагүй байна. “Нарантуул” худалдааны төвийн таван хаалганы орчимд 140 гаруй иргэн жимс, жимсгэний худалдаа эрхэлсээр 15 жил болжээ. Тэд өвлийн улиралд нэрс, чацаргана зардаг бол зундаа “Барс” худалдааны төвөөс жимсээ авчирч борлуулна. Жимсээ зарахын тулд тэд “Нарантуул” захын лабораторит сард хоёр удаа шинжилгээ хийлгэдэг учир муудсан жимс зарах үндэслэлгүй гэдгээ ч тайлбарлаж байсан. Мөн гадаа талбай ашигласны төлбөр 39.500 төгрөгийг сар бүр түрээсэнд өгнө. Захын захиргаа гадаа ажилладаг хүмүүстэйгээ өнгөрсөн зунаас бичгээр гэрээ хийсэн ч дээрх түрээслэгчдийг орхисон байна. Учир нь захын удирдлагууд хууль эрхзүйн хувьд тэдний худалдааг зогсоох эрхтэй хэмээн үзэж байгаа аж. Ажилгүй, орлогогүй болсон иргэд УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Хөдөлмөрийн яам, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийнн хурал, Түрээслэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Г.Уянга нарт хандан ажлын байрны асуудлыг тав хоногийн дотор шийдэж өгөхийг хүслээ.