
Г.ГАНЧИМЭГ
“Би холбооны салбарт 50 жил ажилласан. Үүнийхээ 15 жилд нь Холбооны яамны сайдаар ажиллажээ. Энэ чинь ганцхан миний сайных биш. Холбоочин хүмүүс туйлын тусч улс байдаг. Холыг ойртуулж, хоёрыг холбодог хүмүүс чинь холбоочид шүү дээ. Тиймээс би өөрийнхөө тухай биш ахмад холбоочдынхоо тухай л яримаар байна” гэсээр намайг угтсан эрхэм бол Д.Готов гуай.
Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул тэрбээр бүхэл бүтэн ном болохоор арвин баялаг намтартай хүн юм. Манай сонины “Амьдралын тойрог” буланд амьдралаа заавал ярьдаг хэмээн учирлахад гэр бүлээ товчхон танилцуулж байна.
Түүний хань С.Норолхоо багш хүн байжээ. Завхан аймгийн Яруу сумын уугуул. Нийслэлийн V болон XXII дугаар сургуульд багшилж байсан. Хожим нь Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн нарийн бичгийн даргын албыг хашиж байжээ. Ижий нь өнгөрсөн жил бурхан болсноос хойш том охин нь аавдаа хань болон хамт амьдарч байгаа гэнэ.
Д.Готов гуай “Манайх хоёр охин, нэг хүүтэй. Миний хүү Г.Тамир “Энержи ресурс”-ийн борлуулалтын захирал хийж байна. Том охин Г.Оюунчимэг хангамжийн байгууллагад ажиллаж байгаад саяхан тэтгэвэртээ гарсан. Бага охин Г.Оюунтуяа тогооч. Зочид буудал, зоогийн газарт ажилладаг” гэхэд Г.Оюунчимэг эгч ярианд оролцож “Үгүй ээ, аав миний том хүүг “өмчилчихөөд” байгаа юм гэж тайлбарлаад гадагшаа гарав. Гар дээрээ өсгөсөн галын зээгээ “миний хүү” гэж танилцуулжээ. Бага охин нь будаатай хуурга хийж өгчихөөд чимээгүйхэн шиг бас гараад явчихав. Хүүхдүүд рүүгээ яарсан бололтой. Гэр нь ойрхон гэнэ. М.Номин-Эрдэнэ өвөөдөө туслан зургийн цомог дөхүүлсээр үлдлээ. Дөрвөн зээ, хоёр зээнцэртэй Д.Готов гуайнх ХII хороололд буюу олны ярьж заншсанаар Сансарын тунелийн урд талын хуучны таван давхар байруудын нэгэнд даруухан амьдардаг юм байна. Зээ, зээнцрүүд нь бүгдээрээ гадаад, дотоодод өөрийн гэсэн мэргэжил боловсрол эзэмшицгээжээ. Багачууд нь цэцэрлэг, сургуульдаа.
ААВЫГАА АЛДСАН 1941 ОН
Тэднийхэн Эрх Лувсан да ламынхан гэж том хот айл байжээ. Өөрөөр хэлбэл, Готов сайдын аав Дах мээрэнгийн өвөө нь лам хүн байж. Дах мээрэнгийнх нэлээд олон хүүхэд төрүүлсэн ч эндсээр байгаад гурван хүүтэй үлджээ. Хамгийн том нь Готов гуай гэнэ. Бага насандаа бусад малчин айлын хүүхдүүдийн адил хурга, тугалаа хөл нүцгэн хариулна. Тэрээр Онгон сумын бага сургуулийн монгол бичгийн бүлгэмийг л төгссөн хүү байлаа.
Дах мээрэн хэдэн малынхаа буянаар амьдрахын зэрэгцээ мод, бургасаар гэрийн унь, хана, хаалга хийж ах дүүсээ тэжээдэг байж. Эх орны дайн эхэлдэг жил буюу 1941 онд аавынх нь бие чилээрхүү байжээ. Тиймээс ууган хүү нь авга ахынхаа хамт Хэнтийн Биндэр рүү мод, бургас цагаалахаар явжээ. Харамсалтай нь, эргээд ирэхэд аав нь бурхан болсон байлаа.
Ээж, хоёр дүүтэйгээ өнчин хоцорсон Д.Готов нэлээд хүнд хүчир амьдралыг туулжээ. Айлсаж байсан ах дүү нар нь төрөл саднаа түшээд ийш тийш тарсан байна. Тус суманд ойрхон Байшинтын 07 дугаар дивиз гээд том цэргийн анги байжээ. Хүү ээжтэйгээ зөвлөөд тийшээ нүүхээр шийдэж. Ингээд Онгон сумаас буурь сэлгэсэн тэд Байшинтын дивизэд ажил хийхээр болжээ. Цэргийн халуун усны газарт ээж нь угаагч хийж, цэргүүдийн хувцас угааж индүүддэг болов.
ГАВЬЯАТЫН ДАЛЛАГАТАЙ ХОЛБООЧНЫ ГАРАА
Тэнд мөн энгийн холбооны салбартай байжээ. Аймагтайгаа, урагшаа Дарьганга, Баяндэлгэр сумтай ярьчихна. Дөрөв, тавхан хүнтэй Холбооны эрхлэгч нь Жамъянданзан гэж буянтай сайхан хүн байж. Энд 15 настай хүүг эхлээд галчаар ажилд авчээ. Ээжтэйгээ хоёулаа нийлээд 140 төгрөгийн цалинтай тул амьжиргаа нь подхийгээд явчихаж. Хоёр дүүгээ ч сургуульд оруулсан байна. Тэгээд “Ажилд сайн” гэдэг магтаал сонсон монтёр болж тушаал дэвшжээ.
1945 онд Холбооны сургуульд хүүхэд элсүүлэхээр хотоос М.Чимэддорж гэдэг хүн очсон байна. Жамъянданзан гуай “Чи яваач. Сургуульд суувал юм сурах хүүхэд” гэж зөвлөжээ. Ингээд Д.Готов хүү Улаанбаатарыг зорин Холбооны техникумд сурчээ. Ганц, хоёр насаар ах байсан учир ангийн дарга болж, амжилттай ч сурсан байна. 1949 онд сургуулиа төгсөөд Улаанхуарангийн I нэвтрүүлэх радио станцад техникч хийж байгаад 1954 онд ЗХУ-д Холбооны дээд сургуульд явжээ. Сургуулиа төгсч ирээд зөвлөлтийн нөхөдтэй хамтран Хонхорын радио станцыг барьж байгуулсан түүхтэй гэж байгаа.
Дараа нь Засгийн газрын холбоог барьж байгуулахад оролцсон нь одоогийн төрийн холбооны үндсийг тавьсан юм. 1962 онд СнЗ-ийн тээвэр, холбоо эрхэлсэн референтээр ажиллажээ. Гавьяат холбоочин Д.Готов өдгөө “Ингэхдээ СнЗ-ийн дарга байсан Ю.Цэдэнбал, I орлогч Д.Моломжамц, орлогч дарга Б.Дүгэрсүрэн, НТХ-ны нарийн бичгийн дарга Л.Цэнд нарын олон хүнтэй гар нийлэн ажилласан. Тээвэр, холбоог хөгжүүлэх асуудал боловсруулан төлөвлөн ажиллаж байлаа” хэмээн дурсан сууна.
1964 онд Тээвэр, холбооны яамны орлогч сайдаар томилогджээ. Тэр үед “Холбооны салбар нэлээд хоцрогдсон, тээврийн байгууллагын хавсарга болсон, хөгжил муутай байсан. Гар залгууртай телефон утастай, аймгуудтайгаа ээлжилж ярьдаг, телевиз бараа сураггүй, радио станцын сонсгол муухан шиг, кабель шугам гэхээр юм байхгүй, телефон, цахилгааны шугам нь дандаа агаараар буюу мод ургуулчихсан юм шиг л байсан. Тэр бүгдийг газар доогуур хийх гээд бөөн ажил өрнөсөн” гэнэ. Ингээд Д.Готов гуай инженерүүдтэйгээ зөвлөж ярилцан БНМАУ-ын Холбооны яамыг тусад нь байгуулах санаачлага гаргажээ.
Тэр үед Холбооны яам байгуулна гэдэг маш их бэрхшээлтэй байсан аж. Хөрөнгө мөнгөний хомсдол, инженер техникийн ажилтны дутагдал, техник төхөөрөмжийн хомсдол гээд маш хүнд байсан үе. Шинээр яам байгуулах байтугаа заримыг нь бөөгнүүлэн нэгтгэж байж.
Д.Готов СнЗ-д референтээр ажиллаж байсан учир дарга, удирдлагуудаа сайн таньдаг. Тиймээс тэдэнтэй байнга уулзан, ажлаа танилцуулж, ойлгуулсны үндсэн дээр БНМАУ-ын Холбооны яамыг 1965 онд байгуулсан байна. Энэ байгууллагыг санаачилсаных ч юм уу, ер нь СнЗ-д ажиллаж байсных ч юм уу тус яамны сайдаар Д.Готов гуайг томилжээ. Энэ нь ч алдаагүй юм билээ.
Тэрээр МҮОНРТ-ийн шавыг тавьж, 1980-аад оны сүүл гэхэд манай орны бүх сум суурин газрын 1200 баг бригад утсан болон радио холбоотой болжээ. ЗХУ-тай төдийгүй олон улсын бусад байгууллагатай нягт хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь идэвх санаачлагатай оролцогчдын нэг болов. 1963 онд Дэлхийн шуудан холбооны гишүүн, 1964 онд Олон улсын цахилгаан холбооны байгууллагад гишүүнээр элсчээ.
Холбооны яамны мэргэжилтнүүд орос хэлтэй, сайд нь Зөвлөлтийн Холбооны яамны сайд Н.Псурцев, орлогч сайд, газрын дарга нар, холбооны байгууллагуудтай нь “зузаан” байсны ачаар ойр дотно харилцаатай болсон гэнэ. Тиймээс ч 1974 онд Л.Брежнев даргын айлчлалын үеэр 1900 км радио релейн шугам, таван том их хүчний радио нэвтрүүлэх станцыг ЗХУ-ын хүч хөрөнгөөр барьж байгуулах зорилгоор 60 сая рублийн буцалтгүй тусламж олгож байжээ. Энэ нь тухайн үеийн ханшаар 500 сая төгрөг байсан нь нам, төрийн удирдлагуудын анхаарлыг ихэд татсан ажил болж байсан гэдэг. Холбооны яамны сайдаар 1979 он хүртэл ажиллахдаа хийсэн бүтээснийг нь энд багтаахад зай талбай хүрэлцэхгүй нь ойлгомжтой.
Харин одоо Монголын нийт хүн амын 90 гаруй хувь нь гар утас барьдаг. Хөдөө, орон нутгийн бараг бүх айл холбоо бариад байж чаддаг болжээ. 70 хувь нь интернэт ашиглаж байна. Телевиз, радиогийн суваг олноороо нэмэгдлээ. Тийм учраас мэдээлэл технологийн салбар их хурдацтай хөгжиж байгаа.
Гавьяат холбоочин Д.Готов “Одоо манай улс сансарт өөрийн гэсэн холбооны хиймэл дагуул хөөргөх гэж байгаа. Үүнийг чинь мэддэг, чаддаг хүнийг урьдчилж бэлддэг ёстой. Бэлдэж байх шиг байна. Мөн холбоонд шинжлэх ухааныг нэлээд нэвтрүүлэх учиртай. Хуучин манайд Холбооны үйлдвэрлэл шинжилгээний институт гэж их эрдэм шинжилгээний ажил хийдэг байгууллага байлаа. Харамсалтай нь устаж үгүй болсон. Үүнийг залуучууд хойшид бодох хэрэгтэй. Мэдээлэл, технологийн салбарт иргэний нийгмийн дуу хоолой очихгүй байх шиг байна. Нэлээд хаалттай байх шиг байна. Тийм учраас ахмад болон залуу үеийн холбоочдынхоо үгийг сайн сонсоосой. Холбоочдын эвлэлийн үгийг ч сайн сонсч байвал мэдээлэл, технологийн салбар цаашид улам хөгжих болно” гэдэг үгийг дайв.

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД БОЛСОН НЬ
Нэг л өдөр Д.Готов гуайг БНМАУ-аас ЗХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилж, 1984 он хүртэл ажиллажээ. Элчин сайдаар ажиллаж байх үед нь Монгол Зөвлөлтийн харилцаа, хамтын ажиллагаа оргил үедээ байж. Тэр үеэс л эхэлж түлш, эрчим хүчний үйлдвэрлэл, барилга, орон сууцны асуудал, хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийг хөгжүүлэхэд ЗХУ-ын тусламж асар их байсан гэдэг. Тээвэр, холбоо, нийтийн ахуйн үйлчилгээний газруудыг хөгжүүлэхээр асар том программтай ажиллаж байжээ. Зөвлөлт-Монголын Засгийн газар хоорондын комисс гэж байсан. Энэ комиссын хурал жил бүхэн болдог. Монголыг хөгжүүлэх бодлогыг энэ хурлаар тодорхойлдог байж. Эдгээр он жилүүдэд 1966 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн Монгол-Зөвлөлтийн хоорондын гэрээ жинхэнэ утгаараа хэрэгжиж байжээ. Энэ нь БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа, харилцан туслах гэрээ гэж их том гэрээ байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ гэрээ Монголыг хөгжүүлэх гэрээ байсан. Энэ гэрээнд Л.Брежнев, Ю.Цэдэнбал дарга нар гарын үсэг зуржээ.
Түүнийг Элчин сайдаар ажиллаж байх үед XXII олимп Москвад болжээ. Манай гурван тамирчин мөнгө, хүрэл медаль авч байсныг уншигчид санаж байгаа байх. Мөн ЗХУ-ын КН-ын XXVI их хурал болсон. Энэ XXVI их хурал бас чиг ардчилал, зах зээл рүү салхи оруулсан болов уу гэж тэрээр санадаг гэнэ. Яагаад гэвэл, тэр үед М.С.Горбачев бол Улс төрийн товчоонд орж байсан. Тэрээр Хөдөө аж ахуй эрхэлсэн нарийн бичгийн даргаар сонгогдсон. Дараа нь манай XVIII их хуралд намынхаа төлөөлөгчийг дагалдан ирж байжээ.
XXVI их хуралд Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, С.Жалан-Аажав, тэр дөрөв намын төлөөлөгчөөр оролцож байжээ. Мөн тэр жил нь манай улсын соёлын өдөр Москвад болсон аж. “Большой театр”-т манайхан тогложээ. Энэхүү соёлын өдөрт зориулсан тоглолтыг М.С.Горбачев ирж үзээд “Танай энэ тоглолт үнэхээр сайхан боллоо. Ямар сайхан жүжигчид вэ. Хэлийг нь мэдэхгүй ч хөдөлгөөнөөр нь ойлгож байна” гэж ярьж байжээ. Ингээд тэд их сайхан танилцсан юм байна.
М.С.Горбачев дараа нь Монголд ирэх үеэрээ Ю.Цэдэнбал дарга болоод Улс төрийн товчооныхонтой уулзсан байна. Тэр үед их сонин зүйл ярьж байсан гэх. Тухайлбал, зах зээл рүү шилжих асуудал, фермерийн аж ахуйн тухай, малын үүлдэр, угсааг сайжруулах арга зам гэх мэтээр их чөлөөтэй ярьж байжээ. Мөн барууны зарим оронд айлчилна гэж байсан аж. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн шинэчлэл гэгчийг хийх ёстой гэсэн үзэл цухалзаж байжээ. XVIII Их хуралд Моломжамц, Д.Готов гуай хоёр М.С.Горбачевыг дагалдан Эрдэнэтэд очсон байдаг. Гэтэл М.С.Горбачев хөтөлбөрийн дагуу биш өөрийнхөө сонирхсон газруудаар орж үзээд байжээ. Тэгэхэд Эрдэнэтэд 10 хүн дэлгүүрт дугаарлаж зогслоо гэхэд тав нь монгол, тав нь орос байдаг байж. Цэцэрлэгт ороход 20 хүүхдийн 10 нь орос, 10 нь монгол байсан аж.
СЭТГЭЛД ТОДХОН МӨЧҮҮД
Түүнийг хойд хөршид Элчин байх үед буюу 1981 онд В.Жанебиков, Ж.Гүррагчаа нар сансарт ниссэн. Хүний амьдралд тэр болгон тохиохгүй бас л нэг сонин дурсамж. Оддын хотхонд М.Ганзориг, Ж.Гүррагчаа нартай хамтарч ажиллах, тэдэнд анхаарал халамж тавих, тэдэнтэй холбогдсон материалыг төв рүү дамжуулах энэ бүх үйл ажиллагааг зөвхөн Элчин сайд, нууцын асуудал эрхэлсэн хүмүүс, хэвлэлийн атташе нар хариуцдаг байжээ. Тэднийг сансарт нисэхэд нь бэлтгэх, гаргаж өгөх, эх дэлхийдээ эсэн мэнд бууж, Москвад хүрэлцэн ирэхэд нь угтан авч, хурал цуглаан зохион байгуулах, Зөвлөлт-Монголын найрамдлын цуглаан зохион байгуулах зэрэг бүх үйл явдалд Элчин сайдын хувьд идэвхтэй ажиллаж байжээ.
Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, В.Жанибеков нарыг сансарт аялаад буцаж ирсний дараа Элчин сайдын яаман дээр томоохон хүлээн авалт хийжээ. Тэр үед зээ хүү Г.Тамир нь дөрөвхөн настай байв. ЗХУ-ын хоёр удаагийн баатар, сансрын нисгэгч В.Жанибеков түүнийг өхөөрдөн өргөж, зургаа татуулжээ. Сонирхолтой нь Монгол-Зөвлөлтийн хамтарсан нислэгийн 25 жилийн ойн арга хэмжээний үеэр манай улсад айлчилж байсан В.Жанибеков Ж.Гүррагчаагийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах үед Г.Тамир Тамгын газарт ажиллаж таарчээ. Сансрын нисгэгчидтэй уулзан 25 жилийн өмнө авахуулсан зургаа харуулж, дахиад дурсамж зураг татуулсныг хувь заяаны учрал гэж энэ гэр бүлийнхэн бэлгэшээдэг байна.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Готов “Би нэр төртэй олон хүмүүстэй уулзаж байлаа. Москвад ирсэн дэлхийн томоохон коммунист намын удирдлагууд, социалист орны төрийн тэргүүнүүдтэй уулздаг байлаа. Л.И.Брежнев, А.Н.Косыгон, А.А.Громыко, Б.Ельцин, М.С.Горбачев зэрэг олон нэр төртэй хүнтэй уулзаж явсандаа бахархдаг” гэв. Тэрээр 1984 онд Москвад ажиллах хугацаагаа дуусгаад эх орондоо эргэн иржээ.
Эх орондоо ирснийхээ дараа Материал техникийн хангамжийн улсын хорооны даргын албыг хашиж байв. Дараа нь Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны I орлогч сайдаар томилогдон ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.
Тэтгэвэртээ гарчихаад зүгээр суусангүй. Далайн орнуудтай хамтарч ажиллах Монголын нийгэмлэгийг байгуулжээ. П.Жасрай агсны санаачилгаар ийм “үүрэгтэй” болсон гэдэг. Энэ нь манай улстай дипломат харилцаагүй орнуудтай харилцдаг байгууллага юм. Тухайлбал, Тайваньтай харилцдаг байгууллагыг толгойлж, одоо ч 23 дахь жилдээ ажилласаар байна. Өөрөөр хэлбэл, Монгол-Тайваньтай холбоотой бүх үйл ажиллагаа энэ эрхэмтэй холбоотой гэсэн үг.
БИД ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙГ ИХ Л ЗҮДЭРГЭЭТЭЙ ТУУЛЖ БАЙНА
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдтай уулзсаных цөөн хэдэн асуулт тавьж, санал бодлыг нь хуваалцлаа.
-Малайзад манай хоёр ч иргэн амиа алдлаа. Цаана нь өчнөөн олон хүн сурч, ажиллаж байгаа. Гэтэл Монгол Улс итгэмжлэх жуух бичгээ барьдаггүй нь ямар учиртай юм бол. Та үүнийг дипломатч хүнийхээ хувьд юу гэж харж байна вэ?
-Гадаадад суугаа Элчин сайдын яамд, Консулын газар иргэндээ анхаарал, халамж тавих ёстой. Тиймээс энэхүү асуудлыг төртэй л холбож үзэхээс өөр аргагүй байх. Бас дэндүү задгайрах аюултай гэдэг нь энэ хоёр тохиолдлоос харагдаж байна. Ер нь энэ цөөхөн монголчууд маань мөнгө олж, ядуурлаас гарч, амьдралаа өөд татах гэж яваад зарим нь амиа алдаж, бас зарим нь буруудаж энд тэнд шоронд байдаг юм байна. Үүнд зүрх шимширч суудаг. Энэ талаар манай төр, засгийн зүгээс анхаарах ёстой гэж бодож байна.
-Тэгээд бас болоогүй, “16 нас хүрээгүй гурван монгол охин авчир” гэж талийгаачийг дарамталсан байгаа юм. Энэ мэтчилэнгээр асуудал эвгүй тийшээгээ л яваад байх юм?
-Харин тийм. Үнэхээр аймшигтай. Тийм учраас Гадаад харилцааны яам гадаадад байгаа Элчин сайдын яам, Консулын газар хүнтэйгээ л ажиллах хэрэгтэй юм. Нөгөөтэйгүүр, Консулын газар байхгүй орнуудад манай иргэд чөлөөтэй зорчиж болж байна уу, үгүй юу гэдгийг бодолцох ёстой шүү.
-Монголын залуучууд амьдрал хайж, харийн нутагт хар ажил хийж байгаад хэн буруутай юм бэ. Монголоор дүүрэн дипломтой ажилгүйчүүд. Ажил хийлээ ч үйлчлэгчтэй адилхан зиндаанд цалинжиж байна шүү дээ. Дээд боловсрол эзэмшээд ямар ч үнэ цэнэ алга байна шүү дээ?
-Шилжилтийн үеийн хүндрэлийн асуудал юм л даа. Бидэнд тохиолдож байгаа нэг том хүндрэл гэж ойлгож байгаа. Зах зээлд шилжингүүтээ хүн бүгдэд гадаад паспорт олгоё, чөлөөтэй гадаадад зорчиж болно гэсэн шүү дээ. Хүний эрхийн асуудал хэдий ч цаг нь болоогүй, төлөвшөөгүй байгаа өнөөгийн нөхцөлд хамаагүй гадаад паспорт өгч чөлөөтэй давхиулаад байж болох байсан уу, үгүй юу гэдгийг одоо л бодож байна. Өөрөөр хэлбэл, одоо л сэтгэлд орж байна л даа. Төрийн бодлого ч цөөхөн хүнээ үнэхээр анхаарахгүй байна. Урьдаар хүнээ анхаарч, хүмүүжүүлж, боловсруулж, хүн болгож байж бусад хөгжил рүүгээ орох ёстой шүү дээ.
-Бүхэл бүтэн 20 жил шилжилт ярилаа шүү дээ. Одоо дуусах хугацаа нь болоогүй юм уу. Гэтэл өнөөдөр дараагийнх нь үе бас л амьдрал хайж гадаад руу гарах тухай л ярьж байна.
-Нэг ухаантай хүн “Шилжилтийн үед амьдарч байгаа хүмүүс хамгийн зүдэргээтэй, азгүй улс” гэж хэлсэн байдаг. Бид үнэхээр энэ 20 жилийг үнэхээр их зүдэргээ, ядаргаатай үдлээ шүү дээ. Үүцээ ханзлая гээд гадаад, дотоодын хүмүүс нүүрс, зэс, алт, мөнгөө ч гаргаж үзлээ. Бас л сайн болохгүй байх шиг байна. Шинэчлэлийн Засгийн газраас энэ бүх зүйлдээ өртөг шингээгээд дотооддоо үйлдвэрлэж, боловсруулаад гадагшаа гаргая гэдэг бодлогыг явуулж эхэлж байна. Энэ нь зөв гэж би хувьдаа дэмждэг. Манай энэ шилжилт дуусахгүй байгаа шалтгаан нь хууль, эрхзүйгүй байдалтай нэлээд холбоотой. Энэ олон нам байсхийгээд л нэг нь нөгөөгөө үгүйсгээд, хуулиа сольж өөрчлөөд байхаар чинь гадаадын хөрөнгө оруулалт зогсчихож байна. Гадаадын хөрөнгө оруулалт зогслоо гэхэд үндэсний цөөнх болсон хөрөнгө чинээтэй хүмүүс энэ улсыг чинь хөгжүүлж чадахгүй. Тийм учраас хууль, эрхзүйгээ баталгаатай болгох хэрэгтэй. Монгол Улс ажиллах хүч маш цөөхөн. Ерөөсөө сая хүрэхгүй шүү дээ. Үлдсэн 1.7 сая хүнээ тэжээдэг гол хүч нь энэ. Хэчнээн автомат машин, техник, тоног төхөөрөмж оруулж ирээд түүнийг заавал хүний оролцоотойгоор л ажиллуулна шүү дээ. Гэтэл 300 мянган залуучууд гадаадад байдаг. Ахиухан цалин өгье гэхээр хөрөнгө мөнгө нь хомсдолтой байдаг. Энд үлдсэн нь хүүхэдтэй, жирэмсэн эмэгтэйчүүд голдуу байна. Ажиллах хүч үнэхээр дутагдаж байна. Тиймээс гадаадын ажиллах хүчийг маш болгоомжтой, хаанаас оруулж ирэх вэ гэдгээ нухацтай бодох хэрэгтэй. Бид өөрсдөө л эх орноо хөгжүүлэхээс биш гадаадынхан хөгжүүлэхгүй шүү дээ.
-Хөгжүүлэх нь байтугай сүүлийн үед манай гадаад өр, зээлийн асуудал замбараагүй болж байх шиг байна.
-Бид яахав, хөгшин настай улс. Нэг мэдэхэд л яваад өгнө. Үр хүүхдүүд маань хэдэн тэрбум ам.долларын өрөөс яаж гарах вэ. Төгрөгт шилжүүлбэл хэчнээн их наяд билээ. Үүнийг юугаараа, яаж төлөх болж байна вэ гэдгийг мэдэхгүй байна. Зарим манай улстөрч “Болно” гээд л аваад байх юм. Хуучин ЗХУ-тай адилхан “Танай өрийн 98 хувийг цайруулна. Чи хоёрхон хувийг нь төлөөрэй” гэж хэлэхгүй шүү дээ. Харгис капитализмийн нийгэмд хүнд юм өгсөн бол эргүүлээд зээлээ ч, хүүгээ ч авна шүү дээ. Үүнийг их бодох хэрэгтэй. Алсыг сайн бодож байж гадаадаас ирэх мөнгийг авахгүй бол Засгийн газар улсаа барьцаалж байгаад бонд нэрийн дор асар их өрөнд орж байгаад ганц би биш ахмадууд үнэхээр их сэтгэл түгшиж байгаа. Нөгөө нэг зүйл нь ахмадууд бид Монголын ард түмэн хоорондоо намаараа талцан хуваагдаж байгаад сэтгэл зовж байна. Хуваагдмал байдалтай байх нь хаана хаанаа ямар хүнд, хэцүү байгааг одоо ойлгож л байгаа шүү дээ.